“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХК-д холбогдох

Шүүгчийн нэр Н.Баярмаа
Шийдвэрийн огноо 2024.05.28
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/00116
Хэргийн индекс 181/2023/02376/И
Маргааны төрөл None
Хуулийн зүйл, заалт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1
Шийдвэрлэсэн байдал

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.11.17, дугаар: 181/ШШ2023/03649
Анхан шатны шүүх Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.03.01, дугаар: 210/МА2024/00420
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00116
Улаанбаатар хот


 

 

 

                                                               

                                                    “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                             иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03649 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00420 дугаар магадлалтай,

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ХХБ” ХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 293,553,140 төгрөгийг холбогдох татварын дансанд “И” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

“ХХБ” ХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ХХК-аас хариуцагч “ХХБ” ХК-д холбогдуулан “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээний үүргийн гүйцэтгэлд “ХХБ” ХК-ийг “И” ХХК-аас 14,677,657,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авсан оффисын барилгад ногдох 2 хувийн татвар болох 293,553,140 төгрөгийн татварыг холбогдох татварын дансанд “И” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрчээ.

 

2. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2024/00031 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ”ХХБ” ХК-ийг 293,553,140/хоёр зуун ерэн гурван сая таван зуун тавин гурван мянга нэг зуун дөч/ төгрөгийн татварыг холбогдох татварын дансанд ”И” ХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00420 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03649 дугаартай шийдвэрийн “Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХК-д 14,677,657,000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авсан оффисын барилгад ногдох 2 хувийн татвар болох 293,553,140 төгрөгийг холбогдох татварын дансанд нэхэмжлэгч “И” ХК-ийн нэрээр төлөхийг даалгасугай гэж, “Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХК-аас 1,625,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “ХХБ” ХК-ийн төлөөлөгч О.Орхон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “И” ХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдаа, хөгжлийн банканд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00420 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүү гаргасан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтад заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж, илт хууль бус шийдвэр гаргасан тухайд: Магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 5.3-т Талуудын харилцан санал солилцсон баримт бичиг, нэгдсэн санал, гэрээний зорилго зэргийг харгалзан тэдгээрийн байгуулсан гэрээний 1.1.3 дахь заалтын агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлах нь зүйтэй.” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.” гэж заасан.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198.6 дахь хэсгийг хэрэглэж, тайлбарлахаас өмнө 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжтой эсэхийг дүгнээгүй, түүнд тайлбар хийлгүйгээр 198.6 дахь хэсгийн дагуу гэрээг тайлбарлаж шийдвэрлэсэн нь хуулийн хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Хэрэв гэрээг тайлбарлахад зөвхөн нэг талын албан бичгийг давуу байдлаар ашигладаг байсан бол хуульд үүнийг “харгалзан үзнэ” гэх бус харин “тодорхойлно” гэсэн утгаар томъёолох байсан.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно, 198.4-т хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, аливаа хүсэл зоригийн илэрхийлэл болоод гэрээний нөхцөлийг тайлбарлахад үгийн шууд утга буюу нэг бүрчилсэн үг хэллэгийн харилцан уялдаа холбоо, тухайн гэрээний агуулга, гэрээнд системчилж тусгасан байдал, гэрээний бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгыг тус тус анхаарч үзэх ёстой.

Хэрэв давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг зөв хэрэглэн гэрээг тайлбарласан бол ХХБ, “И” ХХК болон “Г Б” ХХКнарын хооронд 2022.01.17-ны өдөр байгуулсан ТDВМ/68/2022 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлийг яагаад байгуулах болсон, гэрээ байгуулах үндэслэл, шалтгаан, үүссэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэх ёстой байсан. Тодруулбал, ХХБ, “И” ХХК болон “Г Б” ХХКнарын хооронд 2022.01.17-ны өдөр байгуулсан ТDВМ/68/2022 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл (цаашид “Нэмэлт нөхцөл” гэх) нь талуудын хооронд 2018.12.17-ны өдөр байгуулсан ББГ18/18, ББГ18/19 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх багц гэрээ (цаашид “Үндсэн гэрээ” гэх)-нүүдийг үндэслэн байгуулсан нэмэлт гэрээ ба Үндсэн гэрээний 1.2-т Хөрөнгүүдийг Төлбөр авагчийн өмчлөлд зээлийн төпбөрт тооцон шилжүүлэх харилцаанд гарах татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ, бусад зардал, эрсдэлийг Төлбөр төлөгч бүрэн хариуцна.” гэж заасны дагуу болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөх үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг болохыг; “Г Б” ХХК-иас Худалдаа, хөгжлийн банканд ирүүлсэн 2021.09.06-ны өдрийн 21/10 тоот албан бичиг нь ‘зөвхөн нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг агуулсан Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах санал гаргасан болохыг; Худалдаа, хөгжлийн банкнаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2021.10.05-ны өдрийн 5/8500 тоот албан бичиг нь гэрээ байгуулах саналаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тухай Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6 дахь хэсэгт заасны дагуу ‘гэрээ байгуулах шинэ санал гаргасан болохыг харгалзах байжээ.

Ийнхүү гэрээ байгуулах шинэ саналын 2 дахь хэсэгт “Дээр дурдсан гэрээнүүдийн дагуу барьцааны эд хөрөнгө, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг банк хариуцан эд хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхийг шилжүүлэн авах" гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хэдийн банк руу шилжсэн байсан тул түүний татварын асуудлыг оролцуулахгүйгээр, Нэмэлт нөхцөлийн 1.1.3 дахь заалтаар зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлэх харилцаанд үүсэх татварыг банк хариуцахаар тохиролцсон болохыг тус тус зөв дүгнэх байсан.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс зөв үнэлэлт, дүгнэлт хийж дүгнэсэн ба маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхэд төлөх татварын харилцаанд хамаарч, тус татвар төлөх үүрэг нь нэхэмжлэгчид хамаарах болохыг тус тус зөв дүгнэсэн.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж буй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох 2 (хоёр) хувийн татварыг хариуцан төлөх үүрэгтэй ба зээлийн өр төлбөрт тооцон өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2018.12.21-ний өдөр шилжүүлснээс хойш 5 жилийн дараа нэхэмжлэгчийн төлөх ёстой татварыг хариуцагчаар төлүүлэхийг нэхэмжилж буй нь ямар ч үндэслэлгүй байна. Банкнаас нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичигт тусгагдсан ‘... эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах зардлыг ...’ гэдгийг үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний татварыг ойлгоно гэж тайлбарлах нь нэхэмжлэгчийн татвар төлөх хуулиар хүлээсэн үүргийг үндэслэлгүйгээр хариуцагчид даалгуулж байгаа нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн зорилт, албан татварын агуулга, зарчим буюу орлого олж буй этгээд татвар төлөх зарчимтай нийцэхгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 198.1-198.5-д заасан журмын дагуу гэрээг тайлбарлахгүйгээр, гэрээний бусад нөхцөл, гэрээний зорилгыг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн татвар төлөхөөс зайлсхийх сонирхлыг харгалзан үзэж, шууд хамааралгүй Иргэний хуулийн 198.6-г хэрэглэж гэрээг тайлбарласан нь илтэд буруу байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсгийг үндэслэж, гэрээг тайлбарлахдаа талуудын өмнө солилцсон баримт бичгийг харгалзан үзэх бус “гэрээ байгуулах анхны санал”-ыг урьтал болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж, талуудын хүсэл зоригийг адил тэгш харгалзан үзэхгүй хариуцагчийн эрх ашгийг ноцтой хохироож байна.

4.2. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй тухайд

Магадлалын хянавал хэсгийн 5.4-т “... Хэргийн баримтаар ... холбоотой харилцаанд гарах зардлыг банк хариуцан төлөхөөр санал нэгдсэн болох нь тогтоогдсон.” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан боловч, магадлалаар өгсөн үнэлэлт, дүгнэлт нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг харгалзан үзсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн судлаж, дүгнээгүй.

Нэхэмжлэгч нь “ХХБ” ХК, “И” ХХК болон “Г Б” ХХК нарын хооронд 2022.01.17-ны өдөр байгуулсан ТDВМ/68/2022 тоот Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлийн 1.1.3-т заалтын дагуу хариуцагчаас үл хөдлөх хөрөнгө шилжүүлсний татварыг нэхэмжилсэн. Тус нэмэлт нөхцөлийн 1.1.3-т “Нэмэлт гэрээний 1.1.1-1.1.2- д заасан үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбогдон гарах зардал, төлбөр, үүссэн өр, татвар, хураамжийг Төлбөр авагч бүрэн хариуцна.” гэж заасан. Тодруулбал, дээрх зохицуулалтын дагуу “ХХБ” ХК нь дараах зардлуудыг хариуцахаар төлбөр төлөгч нартай тохиролцсон байна. Үүнд: Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, газар эзэмших эрхтэй холбогдох өмнө үүссэн өр буюу газрын төлбөр, газар эзэмших эрх шилжүүлэхэд төлөх татвар, хураамж буюу газрын дуудлага худалдааны анхны үнийн зардал.

Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалт, газар эзэмших эрхийг шилжүүлж авахтай татвар, зардлуудыг банк хариуцаж төлж, газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, нэмэлт нөхцөлийн 1.1.3 дахь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар дээрх үүргээ биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Түүнчлэн Нэмэлт нөхцөлийн 1.1.1, 1.1.2-т зааснаар Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлийн Ү-2201.....дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, ..................... тоот хаягт байрлах Оффисын барилгын ашиглалтыг шилжүүлэн өгөх; “И” ХК-ийн эзэмшилд буй Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороонд байрлах 00032.... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1830/0027 дугаар бүхий 3600 м.кв газрыг “Худалдаа, хөгжлийн банк”-ны нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон.

Өөрөөр хэлбэл, Нэмэлт нөхцөл гэрээг байгуулах үед 1.1.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2018.12.21-ны өдөр банкны өмчлөлд шилжүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтыг шилжүүлэхэд татварын асуудал байхгүй, харин газар эзэмших эрхийг банкны эзэмшилд шилжүүлээгүй байсан тул газар эзэмших эрхийг шилжүүлэх харилцаанд үүсэх татварыг 1.1.3-т заасны дагуу зохицуулна гэж ойлгоно. Мөн шүүхээс нэмэлт нөхцөлийн 1.2-т “Энэ Нэмэлт гэрээгээр тухайлан зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын Иргэний хуулъ, талуудын хооронд тохиролцсон бусад нөхцөлийн аль тохирох заалтыг үндэслэх замаар хэрэгжүүлнэ гэж заасныг гэрээг тайлбарлахад харгалзан үзэх ёстой байсан.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын хууль тогтоомжоор үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтыг шилжүүлж авахад татвар төлөх үүрэг хэнд ч үүсэхгүй бөгөөд харин уг үл хөдлөх хөрөнгийг ашиглаж орлого олсон тохиолдолд татвар төлөх үүрэг орлого олж буй этгээдэд үүсэх нь тодорхой. Дээрх агуулгын хүрээнд, Гранд байшин” ХХК-ийн 2021/09/06-ны өдрийн 21/10 тоот албан бичиг нь зөвхөн нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд түүнийг гэрээг тайлбарлах эхлэл болохоос бус түүгээр хязгаарлаж гэрээг тайлбарлах нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой хохироож буй явдал билээ.

Иймд, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн субъектив хүслийг урьтал болгож, түүний хүсэл зоригийн илэрхийлэлд хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчээр нийцүүлж, гэрээг тайлбарлаж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 210/МА2024/00420 тоот магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.17-ны өдрийн 181/ШШ2023/03649 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00540 дүгээр тогтоолоор хариуцагч “ХХБ” ХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагч “ХХБ” ХК-ийн төлөөлөгч О.Оы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

 

7. Нэхэмжлэгч “И” ХХК хариуцагч  “ХХБ” ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 293,553,140 төгрөгийг холбогдох татварын дансанд “И” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...”Г Б” ХКнь “ХХБ” ХК-тай 2014.05.28-ны өдөр ЗГ9101/140528 тоот зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБГ9101/140528 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, “И” ХХК-ийн өмчлөлийн Ү-2201.....дугаартай, 4500 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1830/0027 дугаартай, 3600м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан. 2022.01.17-ны өдөр “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээг “И” ХХК, “Г Б” ХХК, “ХХБ” ХК нар байгуулж, гэрээний дагуу “И” ХХК өөрийн эд хөрөнгөө шилжүүлэн өгч, эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бүх татвар, төлбөр хураамжийг “ХХБ” ХК төлөхөөр гэрээгээр тохиролцсон боловч шилжүүлэн авсан эд хөрөнгийн улсад төлөх 2 хувийн татварыг төлөөгүйгээс балансаас хасах боломжгүй болсон.” гэж тайлбарласан. 

 

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...“Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээний  1.1.3 дахь заалтаар зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлэх үед үүссэн татварын асуудлыг хэн хариуцах талаар зохицуулсан буюу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх үед үүсэх татварыг тус нэмэлт нөхцлөөр, харин үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үеийн татварын асуудлыг өмнө байгуулсан бусад гэрээгээр зохицуулахаар тохиролцсон.  “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээний 1.2-т төлбөр авагчийн өмчлөлд тооцон шилжүүлэх харилцаанд гарах татвар хураамж, газрын төлбөр,  бусад зардал эрсдлийг төлбөр төлөгч бүрэн хариуцахаар заасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2009 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-т тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь татвар төлөгч байна гэж заасан. “И” ХХК нь хуульд зааснаар албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж бөгөөд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн төлбөрт тооцон шилжүүлж байгаа үйлдэл нь зээлийн төлбөрт тооцуулсан хэмжээгээр нэхэмжлэгчийг орлого олсон гэж үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх үед төлөгдөх татварыг нэхэмжлэгч “И” ХХК хариуцахаар байна.” гэж мэтгэлцсэн.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... 2022.01.17-ны өдрийн TDBM/68/2022 дугаартай “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-т заасан Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг  илэрхийлсэн тул нэрлэгдээгүй гэрээ гэж үзнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг “ХХБ” ХК-ийн өмчлөлд шилжүүлж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох 2 хувийн татварыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй. Гэрээний 1.1.3-т  үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлогод ногдох татварын талаар заагаагүй харин ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой зардал, төлбөр, өрийн тухай заажээ.  2021.10.05-ны өдрийн №5/8500 албан бичгийн 2-т зардлын тухай заасан боловч татварын талаар мөн тусгаагүй тул 293,553,140 төгрөгийн татварыг холбогдох татварын дансанд “И” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах үндэслэлгүй... ” гэж дүгнэсэн байна.

 

10. Давж заалдах шатны шүүх шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 2 хувийн татвар болох 293,553,140 төгрөгийг холбогдох татварын дансанд нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Магадлалд “...гэрээний төлбөрт төлөгдөх зарим өр төлбөрт “И” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг тооцож авсан талаар талууд маргаагүй ба харин гэрээний 1.1.3 дахь заалтын талаар маргаж байна. Анхан шатны шүүх дээрх заалтыг тайлбарлахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  тухай хуулийн 10.1, 10.1.1, 20 дугаар зүйлийн 20.2.2, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Талуудын харилцан санал солилцсон баримт бичиг, нэгдсэн санал, гэрээний зорилго зэргийг харгалзан тэдгээрийн байгуулсан гэрээний 1.1.3 дахь заалтын агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасны дагуу тайлбарлах нь зүйтэй. 2014 оны зээлийн гэрээний үүрэгт барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхтэй холбоотой зардлыг “ХХБ” ХК хариуцан төлөхөөр санал нэгдсэн болох нь тогтоогдож байна. Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2022.01.17-ны өдрийн TDBM/68/2022 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчимд нийцсэн байна. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “ХХБ” ХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасны дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул шилжүүлэн авсан барилгад ногдох 2 хувийн татвар болох 293,553,140 төгрөгийг холбогдох татварын дансанд “И” ХХК-ийн нэрээр төлөхийг даалгаж шийдвэрлэнэ. ...” гэж дүгнэсэн.

 

 11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоосон боловч хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон гэрээний заалт, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөрүүтэй тайдбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг бүрдүүлжээ.

 

12. Талуудын хооронд зээлдэгч “Г Б” ХХК-ийн 2014.05.28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч буюу тус зээлийн гэрээний үүргийн барьцаалуулагч тал болох “И” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө, газар эзэмших эрхээр хэрхэн хангахтай холбоотой маргаан үүссэн талаар хоёр шатны шүүх адил дүгнэсэн. Зохигчийн хооронд шүүхийн бус журмаар байгуулсан 2022.01.17-ны өдрийн “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөл” гэрээний 1.1.3 дахь заалтыг хэрхэн тайлбарлах нь тус маргааны зүйл болжээ.

 

13. “Г Б” ХХК ба Худалдаа хөгжлийн банк ХК /тухайн үеийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрээр ХХК байсан/-тай 2014.05.18-ны өдөр болон 2016.06.15-ны өдрүүдэд тус тус зээлийн гэрээ байгуулсан байх ба зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гэрээг зээлийн үүрэг тус бүрээр байгуулжээ. Зээлдэгч “Г Б” ХХКзээлийн үүргийн зөрчил гаргасны улмаас зээлдүүлэгч “ХХБ” ХК 2018.12.17-ны өдөр тус хэргийн нэхэмжлэгч “И” ХХК-тай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, 14,677,657,000 төгрөгтэй тэнцэх зээлийн гэрээний үүрэгт тооцон “И” ХХК-ийн өмчлөлийн Ү-2201.....дугаартай албан байгууллагын зориулалттай 4500 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авахаар тохирсон байна. Энэ талаар хоёр шатны шүүх адил дүгнэсэн, зохигч маргаагүй.

 

14. Дээр дурдсан Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ /2018.12.17/-ний Талуудын эрх, үүрэг гэх 3 дугаар хэсгийн 3.1-т төлбөр төлөгчийн эрх үүргийг жагсаан зохицуулсан байх ба гэрээний удиртгал хэсэгт зааснаар “И” ХХК-ийг “төлбөр төлөгч” гэж нэрлэхээр тогтсон байна. Улмаар гэрээний төлбөр төлөгчийн эрх үүрэг хэсэгт буюу 3.1.4-т “…Хөрөнгөтэй холбоотой төлбөр, татвар хураамж, хуримтлагдсан бусад төлбөрийг барагдуулах, эдгээрийн улмаас Хөрөнгө бүрэн буюу хэсэгчлэн шилжээгүйтэй холбоотой үүсэх үр дагаврыг бүрэн хариуцна.” гэж заасан байна. Энэ үүрэг нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг “ХХБ” ХК-ийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой татвар хураамжийг, тэр дундаа талуудын маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын 2 хувийн татвар төлөх үүргийг төлбөр төлөгч гэх “И” ХХК хариуцах агуулгыг илэрхийлж байгаа тухайд зохигч маргаагүй.

15. Түүнчлэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө 2018 онд “ХХБ” ХК-ийн өмчлөлд шилжин улсын бүртгэлд бүртгэгдсэн, өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүссэн тухайд талууд адил агуулга бүхий тайлбар гаргаж байна. Гэвч ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих үед Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5 /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 онд батлагдсан хууль/-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсын орлогын 2 хувийн татварыг төлөөгүй байх ба зохигчийн хэн аль нь ийнхүү татвар төлөлгүй өмчлөх эрх шилжсэн шалтгааны талаар тодорхой тайлбар өгч чадахгүй байна.

 

16.  Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “ХХБ” ХК-д шилжсэн боловч хөрөнгийн бодит эзэмшлийг өмчлөгчөөс өөр этгээд буюу нэхэмжлэгч тал хэрэгжүүлж байсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй бөгөөд энэ нь “ХХБ” ХК-аас өгсөн зөвшөөрөлд үндэслэсэн гэж үзэхээр байна. Улмаар талууд 2022.01.17-ны өдөр “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ”-нд нэмэлт оруулсан байх ба тус гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бодит эзэмшлийг “ХХБ” ХК-д шилжүүлэх талаар тохирчээ. Үүний зэрэгцээ тус нэмэлт нөхцлийн гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж тооцож дуусгавар болгосон 14,677,657,000 төгрөгт багтаагүй “Г Б” ХХК-ийн зээлийн бусад өр төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирсон “И” ХХК-ийн газар эзэмших эрх, “Г Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг “ХХБ” ХК-д тус тус өгөх үүргийг зохицуулжээ.  

 

Тодруулбал, 2022.01.17-ны өдрийн нэмэлт гэрээний 1.1.1 дэх хэсгээр “ХХБ” ХК-ийн өмчлөлийн Ү-2201.....дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бодит эзэмшлийг банкинд шилжүүлэх[1], 1.1.2 дахь хэсгээр газар эзэмших хоёр эрхийг “ХХБ” ХК-д шилжүүлэх талаар тохирсон байна. Улмаар гэрээний 1.1.3-т үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил ба үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хязгаарлагдмал эрх (газар эзэмших эрх)-ийг нэгээс нөгөөд шилжүүлэх үед үүсэх зардлын хуваарилалтыг тусгасан гэж үзэхээр байна. Гэрээний 1.1.3-т “Нэмэлт гэрээний 1.1.1-1.1.2-т заасан үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбогдон гарах зардал, төлбөр, үүссэн өр, татвар, хураамжийг Төлбөр авагч бүрэн хариуцна.” гэж  заасан. Тус томьёоллоос үзвэл энэ гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө болох албан байгууллагын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201.....дугаартай хөрөнгийн гагцхүү эзэмшил, ашиглалтыг шилжүүлэх тохиролцоо хийгдсэн байх ба уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2018 онд нэгэнт банкинд шилжүүлсэн байснаас гэрээний заалтыг ийнхүү томьёолсон гэж үзэхээр байна.  Гэрээний 1.1.3-т заасан “… барилга байгууламжийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлэхтэй холбоотой татвар”, эсхүл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан “үүссэн өр” гэх ойлголтод Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д заасан борлуулалтын орлогын 2 хувийн татвар хамаарахгүй.

 

Иймд зохигчийн хооронд энэ талаар нарийвчлан тохирсон 2018.12.17-ны өдрийн “Зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг хэвээр үйлчилнэ.

 

17. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийг хангахдаа 2022.01.17-ны өдрийн нэмэлт гэрээний зүйл, талуудын тохиролцооны мөн чанар, “Г Б” ХХК-ийн 2021.09.06-ны өдрийн албан бичигт дурдсан санал, түүнд хариу өгсөн 2021.10.05-ны өдрийн албан бичиг дэх “ХХБ” ХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлаж чадаагүйгээс магадлал үндэслэл муутай болжээ.

 

Тодруулбал, “Г Б” ХХК-ийн дээр дурдсан албан бичигт “Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан барьцааны эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд гарах бүх татвар, хураамж, газрын төлбөр, дуудлага худалдааны үнэ болон бусад зардлыг банк бүрэн хариуцан эд хөрөнгийг шилжүүлэн авах,” гэж санал хүргүүлсэн байх боловч үүний хариуд “ХХБ” ХК-аас ирүүлсэн албан бичигт “Дээр дурдсан гэрээнүүдийн дагуу барьцааны эд хөрөнгө, эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой гарах зардлыг банк хариуцан эд хөрөнгийн ашиглалт, эзэмших эрхийг шилжүүлэн авах” гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл, “Г Б” ХХК-ийн саналд банкнаас өгсөн хариунаас үзвэл газар эзэмших эрх (энэ нь Газрын тухай хуулиар тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх юм), үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлэн авахтай холбоотой зардлыг банк хариуцахыг зөвшөөрсөн гэх агуулгатай байх ба үл хөдлөх эд хөрөнгө болох байшин, барилгын эзэмшил ашиглалтыг шилжүүлэхэд дээр дурдсан маргааны зүйл болох “борлуулалтын орлогын 2 хувийн татвар” хамаарахгүй. Энэ талаарх зохигчийн хүсэл зоригийг тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

18. Зохигч талуудын хэн аль нь бизнесийн хариилцаанд тогтмол оролцогч мэргэшсэн аж ахуй эрхлэгчид байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний зохицуулалтын агуулга, үр дагаврыг мэргэжлийн үүднээс ойлгон хэрэглэх боломжтой арилжаа эрхлэгч этгээд гэж үзэх нь зүйтэй.

 

19. Эдгээр үндэслэлээр хариуцагч “ХХБ” ХК-ийн төлөөлөгч О.Оы гаргасан давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах ажиллагааг хийгээгүй гэх гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00420 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03649 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “ХХБ” ХК-аас 2024.04.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,625,715.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

 

                   ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

 

                                                                                             Н.БАТЧИМЭГ

    

                                                                                           Н.БАЯРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэдийгээр гэрээнд “үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтыг шилжүүлэх” гэх томьёоллыг тусгасан байх боловч үл хөдлөх эд хөрөнгийг үндсэн зориулалтын дагуу урт хугацаанд бодитой ашиглаж байгаа үед хөрөнгийн эзэмшлийг давхар шилжүүлэх үр дагавар үүсэх нь гарцаагүй бөгөөд энэ үүднээс үл хөдлөх эд хөрөнгийг удаан хугацаагаар ашиглах боломжийг өмчлөгчид буцаах тухай талуудын хүсэл зоригийг “эзэмшлийг шилжүүлэх” гэж тайлбарлавал зохино.