М.М-д холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр М.Пүрэвсүрэн
Шийдвэрийн огноо 2024.04.10
Шийдвэрийн дугаар 2024/ХШТ/51
Хэргийн индекс 105/2023/1134/Э
Маргааны төрөл Хүнийг алах
Хуулийн зүйл, заалт 10.1.1
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол, магадлалыг хүчингүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.10.17, дугаар: 1291
Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.01.18, дугаар: 106
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар: 2024/ХШТ/51
Улаанбаатар хот


М.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1291 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаар магадлалтай, М.М-д холбогдох 2306000000312 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.М,

Шүүгдэгч М.М нь 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй зочид буудлын 13 тоот өрөөнд Д.Г-той маргалдах явцдаа түлхэж хана мөргүүлсний улмаас гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 258 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.М нь гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-аас 12,340,920 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т олгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.М-ыг гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг анхаарч үзээгүй. Үүнд:

1.Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ “... 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл, ... амь хохирогч нь дээрх гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хүртэл босож суух, алхах, ухамсарт ухаан бүүдгэр байдалтай байна. Тэгэхээр идэвхтэй үйлдэл хийх боломжтой” гэж /Хэргийн 1 дүгээр хавтасны 68-70/, шүүхийн хэлэлцүүлэгт “... нас барснаас 24 цагийн дотор үүссэн” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсний аль нэгийг авахдаа нөгөөг  нь үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заалгүй, хоёр зөрүүтэй мэдүүлгийг бүхэлд нь нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Мөн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 цаг 35 минутаас 23 цагт нас бараад 08-10 цаг орчим болсон байна” гэж дүгнэсэн тул 12-14 цагийн хооронд амь хохирогч нас барсан гэж үзэхээр байна. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлснээр хохирогч нас барахаас 24 цагийн өмнө үүссэн гэмтэл гэж үзвэл хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байх боломжтой байхад шүүх үүнийг огт анхаарч үзэлгүй орхигдуулсан.

2.Гэрч С.А-гийн “М.М ... Д.Г-ийг хүчтэй хойш нь түлхсэн чинь оронд тээглэж хойшоо унахдаа дагз хэсгээрээ хүчтэй хана мөргөсөн” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт “... амь хохирогчоос хөмсөгний шархыг өөрөөс нь асуухад зодоон хийсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүд, амь хохирогч Д.Г-ийн цогцост задлан шинжилгээ хийсэн “талийгаачид ... дух, зүүн хацар, баруун тохой, зүүн шуу, баруун ташаа, бүсэлхий нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирсан” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Гэрч С.А-гийн мэдүүлснээр хохирогч М.М нь хана мөргөсөн, мөн хэрэг гарахаас өмнө бусадтай зодоон хийсэн байхад хохирогчид учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг хэн учруулсан болохыг огт шалгаагүй.

3.Гэрч С.А-гийн “... бид хоёрыг гарахад дээгүүрээ цээж нүцгэн, дотуур өмдтэй оронд үлдсэн” гэж мэдүүлсэн /Хэргийн 1 дүгээр хавтасны 129-130/ бол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд талийгаач нь гутал, хувцастай байдаг. /Хэргийн 1 дүгээр хавтасны 3-8/ Гэрч Б, С.А, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгээс үзэхэд талийгаач хөмсөгний шархнаас болж нас барсан байх магадлалтай. Хэрэв буудалд маргаан, зодоон болсон бол ресейпшн мэдэх боломжтой байжээ.

Шүүх эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн гэрч С.А болон шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгийг үндэслэн, ноцтой зөрүүтэй хэргийн үйл баримтыг хэрхэн, яаж үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б.Тэнгис өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.М-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчид зориуд, хүсэж хохирол учруулсан, шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан үр дагавар бий болсон нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчид хяналтын шатны шүүхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй гэж маргадаг боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоосон үйл баримтаар шүүгдэгчийг цагаатгах, гэм буруугүй болохыг нотолсон баримт байхгүйг дурдах нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.М.М-д холбогдох эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулснаас тогтоол, магадлал нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.Прокуророос М.М-ыг 2023 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө “Э” нэртэй зочид буудлын 13 тоот өрөөнд Д.Г-той маргалдах явцдаа түлхэж хана мөргүүлсний улмаас гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох явцдаа мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц эсэхийг хянан үзэх үүрэгтэй.

Хүнийг алах гэмт хэргийн хувьд зайлшгүй нотолбол зохих байдал нь гэм буруугийн хэлбэр, үйлдэл, эс үйлдэхүй болон хохирлын хоорондох шалтгаант холбоог тогтоох явдал юм.

Гэрч С.А-гийн “... М хоёр гараараа Г-ийг хойш нь түлхсэн чинь оронд тээглэж хойшоо унахдаа дагз хэсгээр маш хүчтэй хана мөргөсөн ...” гэсэн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 125-131 дэх тал/, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... би орны наад талд цагаан өнгийн хуванцар сандал дээр суусан гэснийг 8 гэж, Г орны хөл хэсэгт буюу баруун талд суусан гэснийг 7 гэж, сэжигтэн М.М ... зэрэгцэж суусан гэснийг 3 гэж тус тус дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв ... 45 см өндөртэй, 203 см урттай, 154 см өргөнтэй ор байсныг тэмдэглэв. Орноос баруун талын хана хүртэл 18 см зайтай байв. М амь хохирогч Г-той маргалдаж байгаад босоод ирэхээр нь хойш түлхсэн чинь оронд тээглэж хойш савж унахдаа зурагтны доод хэсгийн ханыг хүчтэй мөргөсөн ...” гэсэн тэмдэглэл /Хэргийн 1 дүгээр хавтасны 14 дэх тал/, шинжээчийн 477, 252 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ.

Шинжээч  эмч Ц.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд “... дагзны зүүн доод хуйханд 4х6 см хүрэн улаан өнгийн цус хуралттай, дагзны төвгөрөөс суурийн дунд хонхор руу үргэлжилсэн 10 см шугаман хугаралтай ... Хуйхны цус хурсан хэсэгт хүч үйлчилнэ ...” гэж гэмтэл учирсан байдлыг тайлбарлан мэдүүлжээ.

Гэтэл нотлох баримтуудыг харьцуулж үзвэл зочид буудлын өрөөнд байрлах орноос хохирогчийн мөргөсөн гэх хана хүртэл 18 см зайтай байх бөгөөд энэ орон зайд хохирогчийг хүчтэй түлхэхэд оронд тээглэн дагзны зүүн доод хэсгээр хана мөргөж амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан гэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “... хохирогчийг түлхэж хана мөргүүлсэн ...” гэсэн гэрчийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар батлах, эсхүл үгүйсгэх байдлаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож, талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчжээ.

Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтасны 121-124 дүгээр тал/-д тусгагдсан М.М нэг удаа, С.А хоёр удаа өшиглөж байгаа үйл баримт нь тухайн хэрэгт хамааралтай эсэхийг шалгаагүй, нэмэлт шинжилгээний 252 тоот дүгнэлтээр тогтоогдсон дух, зүүн хацар, баруун тохой, зүүн шуу, баруун ташаа, бүсэлхий нурууны зулгаралт гэмтлүүд нь хэзээ, хаана, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоогоогүй зэргээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн байна.

Нэгтгэн дүгнэвэл М.М-д холбогдох хэрэгт нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

4.Сэтгэцийн шинжилгээ хийх явцад М.М “... Манай хоёр муудалцсан, би ор руу түлхсэн ...” гэж ярьсан нь шинжээчийн 272 тоот дүгнэлтэд тусгагдсан ба шүүхээс дүгнэлтийн энэ хэсгийг хэргийн үйл баримтыг тогтоох нотолгооны эх сурвалж болгон ашигласан нь хуульд нийцэхгүй.

Сэтгэцийн шинжилгээ нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоох зорилго бүхий шинжилгээний онцгой төрөл бөгөөд сэтгэцийн үзлэгийн явцад тодорхой асуумжийн дагуу шинжлүүлэгчийн ярьсан зүйл нь зөвхөн тухайн шинжилгээний үр дүнд ач холбогдолтойд тооцогдохоос бус шинжлүүлж буй хүнд өөрт нь холбогдох  эрүүгийн хэргийн үйл баримт, гэм бурууг тогтоох нотолгоо байх боломжгүй. 

Учир нь, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийн хууль ёсны байдал нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг баталгаатай эдлүүлснээр хангагдах бөгөөд сэтгэцийн шинжилгээний үзлэгийн явцад энэхүү эрхээ эдлэх боломжгүй нөхцөлд ярьсан зүйлийг түүний эсрэг нотлох баримтаар ашиглах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэж тус тус заасан яллагдагч, шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчихөд хүргэнэ.

Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон сэтгэцийн шинжилгээний 272 тоот дүгнэлтийн шинжлүүлэгчээс хэргийн талаар ярьсан хэсгийг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

5.Хэргийн бодит байдлыг тогтооход гарсан эргэлзээг арилгах зорилгоор мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулах, зөвтгүүлэх, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулсны эцэст гэм буруугийн талаар шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломж, нөхцөл бүрдэх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгохоор тогтов.

Хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ...”-ыг хүссэн агуулга бүхий гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1291 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч М.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

    М.ПҮРЭВСҮРЭН

    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

    Ч.ХОСБАЯР