Шүүгчийн нэр | М.Батсуурь |
Шийдвэрийн огноо | 2024.02.19 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2024/0022 |
Хэргийн индекс | 128/2023/0357/З |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт/зөрчил |
Хуулийн зүйл, заалт | Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт |
Шийдвэрлэсэн байдал | Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2023.06.13, дугаар: 128/ШШ2023/0522 |
Анхан шатны шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2023.11.28, дугаар: 221/МА2023/0701 |
Давж заалдах шатны шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
Т.Ө-ны гомдолтой, Санхүүгийн
зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион
байгуулалтын газрын хянан шалгагчид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0522 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2023/0701 дүгээр магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гомдлоор, гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагч М.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: “... улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”
2.Хэргийн нөхцөл байдал: Санхүүгийн зохицуулах хорооны ... хянан шалгагч М.Т нь “П л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Д.С нарын гаргасан гомдлын дагуу Т.Ө болон “П л” ХХК-ийн харилцан тохиролцож байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/** дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой асуудлыг шалгаад Т.Ө-ы үйлдсэн гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж, гүйцэтгэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 4000 нэгж буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.1.Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “... тус шийтгэлийн хуудаст тусгасны дагуу зөрчил бүхий гэрээ нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/** дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байх бөгөөд хуульд заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, ... “П л” ХХК нь гэрээг өөрөө ам.доллароор байгуулах саналыг тавьж, дараа нь төлбөр тооцоогоо ам.доллар болон төгрөгөөр хувааж гүйцэтгэсэн, ... “төлбөр тооцоо гүйцэтгэх” гэдэг нь төлбөр төлөх үйлдэл бөгөөд худалдсан тал төлбөр тооцоо гүйцэтгээгүй тул уг зөрчлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж тодорхойлон маргасан.
2.2.Хариуцагчаас “... холбогдох бусад баримтуудын хүрээнд Т.Ө нь үл хөдлөх хөрөнгийн үнийг гадаад валютаар тогтоосон тул хуульд заасны дагуу хариуцлага ногдуулсан, ... талууд гэрээг хуулийн хүрээнд буюу Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хуультай нийцүүлэн байгуулах үүрэгтэй, ... зөрчил нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байгаа нь хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн холбогдогчоос авсан мэдүүлэг, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрч Д.Н-ээс авсан мэдүүлэг зэргээр сүүлийн тооцоог 2022 оны 09 дүгээр сард хийсэн болох нь тогтоогдож байна, ... тухайн тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалт болох Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж буй бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ хамаарах бөгөөд түүний дотор гэрээ байгуулах, төлбөрийг хүлээн авах ч мөн адил хамаарна ...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас “... Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. а/“Илэрхийлэх” ба “Төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн 2 тусдаа үйлдлийг нэгтгэж тайлбарласан тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдлын нэг үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4-т дурдсанаар “сүүлийн тооцоог 2022 оны 09 дүгээр сард хийсэн болох нь тогтоогдож байна” гэсэн. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих” зөрчил нь “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх болон түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэсэн 2 тусдаа үйлдэл бүхий 2 зөрчил болохыг анхааралгүй, нэг ойлголт мэтээр нэгтгэж хэрэглэсэн.
6.2.Гомдол гаргагчийн хүсэлтийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн нэр томьёоны утга агуулга, үзэл санааг тодруулах үүднээс уг зөрчлийн уг үндэс болсон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль /2009/-ийн төслийн хувийн хэргийг Улсын Их Хурлын Тамгын газраас нотлох баримтаар гаргуулсан. Ингээд 2 дугаар хавтаст хэргийн 212 дугаар тал дахь тус хуулийн төслийн үзэл баримтлалын сүүлийн догол мөрт дурдсанаас үзвэл Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэсэн заалт тухайн үед хэрэгжиж байсан боловч тус заалтын хэрэгжилтэд хяналт тавих, мэдэгдэл хүргүүлэх, хариуцлага тооцох тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай тул уг харилцааг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулах шаардлагатай гэсэн үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд байсан “мөнгөн төлбөрийн үүргийг” гэснийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулахдаа “төлбөр тооцоо гүйцэтгэх” гэж томьёолсон гэж ойлгогдож байна.
6.3.Иргэний хуулийн тус заалт нь 16 дугаар бүлэг болох “Үүрэг гүйцэтгэх” гэсэн бүлэгт хамааралтай зохицуулалт. Иймд талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний мөнгөн төлбөрийг үүрэг гүйцэтгэж байгаа тал нь худалдагч болох Т.Ө бус, харин худалдан авагч болох “П л” ХХК юм. Тиймээс ч уг хуулийн этгээдийн төлбөр тооцоо гүйцэтгэсэн гэх зөрчилд шийтгэл ногдуулсан байдаг. /2-р хавтаст хэргийн 18-р тал/ Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэгдүгээрт худалдагчийг “мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн” мэтээр, хоёрдугаарт талуудын хооронд нэгэнт хийгдэж дууссан төлбөрийн талаар “Тооцоо нийлсэн акт” гэх санхүүгийн баримт үйлдсэнийг “төлбөр тооцоо гүйцэтгэсэн зөрчил” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн зүгээс “илэрхийлэх” болон “төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн 2 зөрчлийг Т.Ө давхар үйлдсэн эсвэл нэг үйлдэл мэтээр хольж тайлбарлан хэрэглэж, шийтгэлийн хуудаст тусгасныг анхаараагүй.
6.4.Гомдол гаргагчийн үзэж байгаагаар Т.Ө нь гэрээний үнийн дүнг “ам.доллар” гэж зөвшөөрч гарын үсэг зурсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлээгүй” гэсэн зөрчилд хамаарч болох юм. Өөрөөр хэлбэл, үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэдэг нь гэрээний зүйлийн “үнэ тогтоох” үйлдэл бөгөөд энэ нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулснаар нэгэнт төгссөн зөрчил юм. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан гэж үзэж байна.
6.5.б/“Төлбөр тооцоог гүйцэтгэх” гэдэг төлбөр төлөгч нэг талын үүргийг “Төлбөрийг хүлээн авсан талд” хамаатуулж тайлбарласан тухайд: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д дурдсанаар Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт нь “төлбөрийг хүлээн авах” ч мөн адил хамаарна гэсэн. Гэвч худалдан авагч тал нь төлбөрийг дансаар төлсөн бол худалдагч нь өөрөө оролцолгүйгээр “төлбөрийг хүлээн авах” гэдэг зөрчил үйлдсэн болж таарахаар байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд харшилж байна гэж үзэж байна.
6.6.Мөн бодит байдал дээр гэрээний үнийг ам.доллароор илэрхийлсэн боловч, худалдан авагч нь төлбөрийг гүйцэтгэхдээ заримыг нь төгрөгөөр, зарим хэсгийг нь ам.доллароор гүйцэтгэсэн байдаг. Иймд хэрэв худалдан авагч хүсвэл төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд үүнд худалдагч Т.Ө оролцоогүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, гомдлыг хүлээн авч хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
7.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8.“П л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Д.С нараас Санхүүгийн зохицуулах хороонд хандан Т.Ө, “П л” ХХК-ийн харилцан тохиролцож байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/** дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой гомдол гаргасныг шалгаад, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т “гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн” нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0**** дугаар шийтгэлийн хуудсаар “П л” ХХК (худалдан авагч тал)-ийг 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр; мөн өдрийн 0014029 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Т.Ө (худалдагч тал)-ыг 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулсан байна.
9.“П л” ХХК шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол шүүхэд гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор гомдлын шаардлагыг хангаж, холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.
10.Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхив.
11.Нэг.Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй ...;” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын агуулгыг тодруулахын тулд суурь материаллаг хуулийн үзэл баримтлал, зорилготой уялдуулан авч үзэх шаардлагатай.
11.1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасны дагуу уг зөрчлийн шинжийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтын дагуу тодорхойлохоор байх ба уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэжээ.
11.2.Уг хууль батлагдахын өмнө өргөн барьсан төслийн үзэл баримтлалыг авч үзвэл, “Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага” хэсэгт: “Гадаад валютаар зээл авсан бизнес эрхлэгчид өөрийн үйл ажиллагааг ханшийн эрсдэлээс хамгаалах үүднээс эцсийн хэрэглэгчид буюу ард иргэд, харилцагчдад ханшийн эрсдэлийг үүрүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ам.доллароор үнэлэн, төлбөр тооцоог ч ам.доллароор гүйцэтгүүлэх болсон”[1] гэж”; “Гурав. Төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал” хэсэгт: “3.Хууль зүйн үр дагавар: Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэн, хуулийн этгээдээс явуулж буй бараа, ажил үйлчилгээ болон төлбөр тооцоонд холбогдох үнийн дүнг зөвхөн төгрөгөөр илэрхийлэх, түүгээр тооцох эрх зүйн үр дагавар бий болно”[2] гэж хуулийг санаачлагч хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, хууль батлагдсанаар үүсэх хууль зүйн үр дагаврыг тодорхойлжээ.
11.3.Хуулийн төслийг хэлэлцэх явцад төсөл санаачлагчийн үзэл баримтлалыг илтгэгч гишүүнээс “... байрныхаа үнийг ч доллароор илэрхийлээд, бараа үйлчилгээнийхээ үнийг ч тэдэн доллар, автомашины үнийг ярихад жилийн тэдэн доллароор авна гэж ярьж байгаа болохоос биш төгрөгөөр илэрхийлж ярихгүй байна ... дэлхийн бүх улсууд үндэстнийхээ мөнгөн тэмдэгтээр зарж, сурталчилдаг, илэрхийлдэг ... арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагаас бусад энэ байгууллагууд л зөвхөн валютын хадгаламж, валюттай холбоотой ажил үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч байгаа. Тэрнээс бусад орон сууцны компани доллароор үйлчилгээ хийхгүй ... Ерөөсөө бүх бараа ажил үйлчилгээний үнэд Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний валютаар илэрхийлнэ гэж байгаа ...”[3] гэх байдлаар тодруулан тайлбарлажээ.
11.4.Дээрхээс дүгнэхэд, хууль тогтоогч үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг эрсдэлээс хамгаалах зорилгоор аливаа бараа, үйлчилгээний үнийг гадаад валют, тооцооны нэгжээр тогтоож, илэрхийлэх, сурталчлах, төлбөр тооцоо гүйцэтгэхийг хориглосон агуулгыг хуульд тусгасан бөгөөд энэ нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг хэрэглэгч гэхээсээ бараа, үйлчилгээний үнийг тогтоож, нийтэд хандан илэрхийлж, сурталчилдаг худалдагч, үйлчлэгч талд хамааралтай, эсрэгээр ханшийн эрсдэлийг эцсийн хэрэглэгч болох худалдан авагч, хэрэглэгч талд үүрүүлэхээс сэргийлэх зорилгоор батлагджээ.
11.5.Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэгч буюу үйлчлүүлэгч, худалдан авагч талд хамааруулах нь хууль тогтоогчийн үзэл баримтлал, хуулийн зорилгод нийцэхгүй, энэ талаар мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 156 дугаар тогтоолд “... “А” ХК нь гадаад валютаар бондын үнийг тогтоож, түүнийгээ сурталчилж, нэр бүхий иргэдэд худалдсан зөрчил гаргасандаа буруутгагдаж, хариуцлага хүлээж байгаа, харин тухайн бүтээгдэхүүнийг нь худалдан авсан иргэдийг шийтгэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй ...”[4] гэж дүгнэсэн бол мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 99 дүгээр тогтоолд “... тодорхой этгээдүүдийн хоорондын тохиолдлын шинжтэй хувийн харилцаанд бус, нийтэд хандаж байнгын нийтлэг үйлчилгээ, бараа санал болгож буй этгээдийн хувьд хэрэгжих агуулгатай, энэ утгаараа нийтийн эрх зүйн харилцаанд оролцогчдод хамаарна. Тодруулбал, Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр нийтэд чиглэн нийтлэг үйл ажиллагаа явуулж буй этгээдийг гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, түүнийгээ нийтэд илэрхийлж, төлбөр тооцоо гүйцэтгэх, түүнийг зарлан сурталчлахыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар хориглосон бөгөөд энэ нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсэх харилцаа ... Энэ тохиолдолд, гомдол гаргагч компани нь худалдан авагчийн хувьд иргэнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийг “доллар болон төлбөр”-өөр гүйцэтгэх нөхцөлөөр харилцан зөвшөөрч байгуулсан, гэрээний үүргийн дагуу төлбөрөө гадаад валютаар төлсөн үйлдлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд хандаж барааны үнийг гадаад валютаар тогтоосон, илэрхийлсэн, сурталчилсны улмаар төлбөр гүйцэтгэсэн гэх Зөрчлийн (нийтийн) эрх зүйд хамаарах хориглосон үйл ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ...”[5] хэмээн тодорхой тайлбарлажээ.
11.6.Энэ үүднээс байрны үнийг ам.доллароор тогтоосон, илэрхийлсэн, улмаар гүйцэтгүүлсэн борлуулагч талд хариуцлага тооцсон шийтгэлийн хуудас хуульд нийцсэн, давж заалдах шатны шүүхийн “... аливаа бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх үүрэгтэй, тухайн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ийн үнэ 4000 ам.доллар, нийт үнэ 2,029,840.00 ам.доллар гэж илэрхийлсэн, ... үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгч буюу худалдан авагчид хамаарахаас худалдагчид хамаарахгүй гэж үзэхээргүй байна ...” гэсэн дүгнэлт зөв; гомдол гаргагчийн “... мөнгөн төлбөрийг үүрэг гүйцэтгэж байгаа тал нь худалдагч болох Т.Ө бус, харин худалдан авагч болох “П л” ХХК юм, ... “Төлбөр тооцоог гүйцэтгэх” гэдэг төлбөр төлөгч нэг талын үүргийг төлбөрийг хүлээн авсан талд хамаатуулж тайлбарласан ...” гэх агуулгаар гаргасан гомдлын үндэслэл үгүйсгэгдэнэ.
11.7.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан, Зөрчлийн тухай хууль энэхүү харилцаанд нарийвчилсан хууль байх тул Иргэний хуульд заасан (хувийн эрх зүйд хамаарах) “үүрэг гүйцэтгэх” тухай ойлголтын агуулгаар (нийтийн эрх зүйд хамаарах) хуулийг тайлбарлах боломжгүй юм.
11.8.Анхан шатны шүүх “... Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, 217.2-т “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж тус тус заасан хэдий ч тухайн тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалт болох Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх ...” хэмээн хууль хэрэглээний талаар зөв дүгнэжээ.
11.9.Тиймээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Иргэний хуульд байсан “мөнгөн төлбөрийн үүргийг” гэснийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулахдаа “төлбөр тооцоо гүйцэтгэх” гэж томьёолсон гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн тус заалт нь 16 дугаар бүлэг болох “Үүрэг гүйцэтгэх” гэсэн бүлэгт хамааралтай зохицуулалт ...” гэх агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдол няцаагдана.
12.Хоёр.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гээд мөн зүйлийн 1.2-т “энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 6 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж зааснаар уг зөрчилд хамаатуулан шалгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй, улмаар хуульд заасан хариуцлага оногдуулахгүй юм.
12.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүхүүдийн дүгнэсэнчлэн иргэн Т.Ө болон “П л” ХХК хооронд байгуулсан, **** дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, **** гудамж, * дүгээр байрны * давхар, * тоот байрыг худалдах 01/** дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан боловч төлбөр төлөх, хүлээн авах үүрэг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон болох нь тогтоогджээ.
12.2.Тодруулбал, хэдийгээр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан боловч уг гэрээгээр төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцон, эцсийн төлбөр тооцоог 2022 оны 9 дүгээр сард хийсэн бөгөөд мөн оны 10 дугаар сарын 31-нд гэрээг дуусгавар болгосон байна.
12.3.Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”; 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж зааснаар зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд, харин зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцохоор байна.
12.4.Гомдол гаргагчийн хувьд, анх гэрээ байгуулахад байрны үнийг ам.доллароор илэрхийлж, гэрээ байгуулсны зэрэгцээ гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл гадаад валютаар төлбөрийг гүйцэтгүүлэх хүсэл зориг хэвээр хадгалагдаж байсан энэ тохиолдолд “гэрээ байгуулснаар илэрхийлсэн зөрчил төгссөн” гэж үзэх боломжгүй, үлдэгдэл төлбөрийг төлж, гэрээг дуусгавар болох хүртэл уг зөрчил үргэлжилсэн гэж үзнэ.
12.5.Тиймээс шүүхүүдийн “хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй” талаар дүгнэлт хуульд нийцсэн тул “... бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх болон түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэсэн 2 тусдаа үйлдэл бүхий 2 зөрчил болохыг анхааралгүй, нэг ойлголт мэтээр нэгтгэж хэрэглэсэн ... үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэдэг нь гэрээний зүйлийн “үнэ тогтоох” үйлдэл бөгөөд энэ нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулснаар нэгэнт төгссөн зөрчил юм. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан ...” гэх гомдол үндэслэлгүй.
13.Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0522 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2023/0701 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагч Т.Ө-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ
[1] II хавтаст хэргийн 210 дахь тал
[2] II хавтаст хэргийн 214 дэх тал
[3] II хавтаст хэргийн 222-225 дахь тал. УИХ-ын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 42-46 дахь тал
[4] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаар тогтоолын 5 дахь тал
[5] Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 7 дахь тал