“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр М.Батсуурь
Шийдвэрийн огноо 2024.02.08
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/0018
Хэргийн индекс 128/2022/0844/З
Маргааны төрөл Татвар
Хуулийн зүйл, заалт
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.01.09, дугаар: 128/ШШ2023/0038
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.05.17, дугаар: 221/МА2023/0323
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар: 001/ХТ2024/0018
Улаанбаатар хот


 

 

 

“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын

ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын

татварын улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                    Х.Батсүрэн

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                           М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0038 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0323 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Б.О, О.Т, Ж.Э, хариуцагч Ц.А, Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “... татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21**** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай”

2.Хэргийн нөхцөл байдал: Татварын улсын байцаагч Ц.А, Н.Х нараас “Б” ХК-ийн 2016-2019 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, тус татвар улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21**** дугаар нөхөн ногдуулалтын актаар 61,539,044,588.16 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.4, 11.19.1.2., Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 182,414,365.45 төгрөгийн нөхөн татвар, 11,684,423,893.06 төгрөгийн торгууль, 6,307,180,471.92 төгрөгийн алданги, нийт 18,174,018,730.43 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

2.1.Татвар төлөгч “Б” ХК-аас дээрх нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2019 оны/-ийн 4 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.2.13, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1, 1.2, 2, 4, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.10, 48 дугаар зүйлийн 48.9, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21**** дугаар нөхөн ногдуулалтын актаар 61,539,044,588.16 төгрөгийн зөрчилд ногдуулсан 182,414,365.45 төгрөгийн нөхөн татвар, 11,684,423,893.06 төгрөгийн торгууль, 6,307,180,471.92 төгрөгийн алданги, нийт 18,174,018,730.43 төгрөгийн төлбөрөөс 103,129,090.91 төгрөгийн зөрчилд ногдох залруулсан 10,312,909.09 төгрөгийн нөхөн татварын төлбөр, хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 6,949,288,173.23 төгрөгийн торгууль, 393,833,581.02 төгрөгийн алданги, нийт 7,353,434,663.34 төгрөгийн төлбөрийг бууруулж, 61,435,915,497.25 төгрөгийн зөрчилд ногдох 172,101,456.36 төгрөгийн нөхөн татвар, 4,735,135,719.83 төгрөгийн торгууль, 5,913,346,890.90 төгрөгийн алданги, нийт 10,820,584,067.09 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр өөрчлөлт оруулсан байна.

2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ (агуулгаар нь товчлон тусгав) “... татварын улсын байцаагчид орлого олсон гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан акт тогтоосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй, энэхүү нүүрсний үнийн зөрүүг татварын улсын байцаагч нарын тодорхойлсноор 2013-2014 онд хийсэн нүүрс борлуулсны орлогод нөхөн олгож байгаа орлого гэж үзвэл Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан;

-“Б” ХК нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 77 дугаар тогтоолын ... дагуу “Э” ХХК-аас 900,411,120.0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 231,886,380.0 төгрөгийн бараа материалын бүртгэл орлогод буюу ДТ ҮХХ орлого 900,411,120.0 төгрөг, ДТ бараа материал худалдан авалт 231,886,380.0 төгрөг, КТ өглөг 1,132,297,500.0 төгрөгийн бичилтээр нягтлан бодох бүртгэлдээ бүртгэсэн бөгөөд ДТ 1,132,297,500.0 төгрөг, КТ үйл ажиллагааны бус орлого 1,132,297,500.0 төгрөг гэсэн бичилтээр ашгаа өсгөсөн нягтлан бодох бүртгэлийн бичилтийг хийсэн;

-Нүүрсний үнийн зөрүү болох 1,132,297,500.0 төгрөг нь нүүрс борлуулсны орлого биш; “Э” ХХК-аас шүүхийн шийдвэрээр “Б” ХК-д олгогдож байгаа нөхөн олговор, шилжиж ирсэн бараа материал, үндсэн хөрөнгө шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдэж ирээгүй;  мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шилжиж ирсэн тул худалдан авалтын тайланд хасалтаар тайлагнаагүй, “Э” ХХК нь “Б” ХК-д хөрөнгө, бараа материалыг шилжүүлсэн тул тус компанийн борлуулалтын орлого, гэвч тус компани нь нягтлан бодох бүртгэлдээ бараа материал, үндсэн хөрөнгийг нэмэгдүүлж орлогод авсныг татварын улсын байцаагч акт тогтоохдоо “Б” ХК-ийн борлуулалтын орлого гэж акт тогтоосон нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого мөн үү биш үү гэдгийг тодорхойлоогүй;

-Орлогын талаар зөрүүтэй ойлголттой байгаа, “Э” ХХК-аас олгосон нөхөн олговрын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого гэж тооцсон нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, борлуулалтын орлого нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого тодорхойлогдохгүй, хуульд нийцэхгүй байгаа бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг зөрчөөгүй, Татварын ерөнхий хуулийн 73.2.1, 74.1 дэх заалтыг үндэслэн ногдуулсан 102,936,136.36 төгрөгийн нөхөн татвар, 21,296,171.80 төгрөгийн алданги, 30,880,840.91 төгрөгийн торгууль нийт 155,113,149.07 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү;

-Татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын актаар татвар, алданги, торгууль ногдуулсан нь 2 дахин татвар ногдуулсан, авлага үүсгэж бичсэн нь программын журналын бичилтээс батлагдаж байхад татварын нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо падаан бичигдээгүй байна гэсэн үндэслэлээр акт тогтоосон нь Нягтлан бодох бүртгэлийн болон татварын хуульд нийцэхгүй;

-Маргаан таслах зөвлөлөөс татварыг давхардуулан ногдуулсан байна гэсэн үндэслэлээр нөхөн татварыг хүчингүй болгож, алданги торгуулийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй;

-“Э Т” ХХК-д хариуцлага тооцох биш худалдан авалт хийсэн манай компанийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй, 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар хариуцлага тооцож, хууль буруу хэрэглэсэн;

-Татварын улсын байцаагч нь ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд нөхөн ногдуулалтын актаар хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1-д заасныг үндэслэн алданги тооцох байтал 11,629,699,583.42 төгрөгийн торгууль ногдуулж, эрх зүйн байдлыг дордуулсан;

-Мөн алданги, торгууль ногдуулахдаа ямар хуулийн заалтаар торгууль, алданги ногдуулсан нь тогтоох хэсэгт дурдаагүй, нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт хариуцлага тооцсон заалтаар торгууль, алданги тооцох хуульд заасан үндэслэл байхгүй;

-2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлээр алданги ногдуулах байтал торгууль, алданги ногдуулж эрх зүйн байдлыг дордуулж, хууль буруу хэрэглэж Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчсөн;

-Татварын алба нь хяналт шалгалт хийхдээ шүүхэд шилжсэн, хуульд заасан арга хэмжээ авсан байхад дахин хяналт шалгалтын актаар ихээхэн хэмжээний торгууль, алданги ногдуулсан нь татварыг хуулийн хугацаанд төлөөгүй нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй;

-Иймд татварыг хуулийн хугацаанд төлөөгүй үндэслэлээр татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 6,273,481,502.96 төгрөгийн алданги, 11,629,699,583,42 төгрөгийн торгууль нийт 17,903,181,086.38 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэж тодорхойлон маргасан.

2.3.Хариуцагч нараас “... Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолд нүүрсний үнийн зөрүү болох 1,132,297,500.00 төгрөгийн хохирлыг “Э” ХХК-ийн удирдлагуудаас хувь тэнцүүлэн гаргуулж “Б” ХК-д төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна; “Э” ХХК нь дээрх төлбөрийг төлж барагдуулахдаа хөдлөх хөрөнгө буюу 13,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 2-* УНГ улсын дугаартай Т.Crown маркийн суудлын автомашин, 18,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 1-* УНГ улсын дугаартай Т.Harrier маркийн автомашин, 246,565,200.00 төгрөгийн үнийн дүнтэй Экскаватор /CLG925D/, 98,626,080.00 төгрөгийн үнийн дүнтэй Авто ачигч /ZL50CN/, 507,219,840.00 төгрөгийн үнийн дүнтэй Шигшүүр /ангилан ялгагч/ Keestrack Novum, 17,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 66-28 УНЦ улсын дугаартай T.Hiace маркийн ачааны автомашин, зэрэг нийт 900,411,120.00 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлж, 231,886,380.00 төгрөгийн үнийн дүнтэй ЭКГ 8и экскаваторын гуя /хос/ нийт 1,132,297,500.00 төгрөгийн эд хөрөнгө шилжүүлснийг “Б” ХК нь дээрх хөрөнгүүдийг үндсэн хөрөнгийн орлогод бүртгэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйл заалтын дагуу тус тайланд борлуулалтын орлогоор тайлагнаагүй байсан; “Б” ХК нь 2019 онд “У” ХНН-д нийт 31553 тн нүүрсийг 1,135,779,500.00 төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татваргүй борлуулсан нь борлуулалтын дэлгэрэнгүй тайлангийн 5*************** тоот дансанд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан, дээрх борлуулалтын орлогоос өртгийн албан татварын тайланд 444,126,300.00 төгрөгийг тайлагнаж, зөрүү 691,653,200.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй байгаа нь 2019 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогын зөрүүнээс харагдаж байна, дээрх орлогын зөрүүг тус компанийн ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээгээс тодруулахад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цахим шуудангаар “У” ХНН нь нэмэгдүүлсэн үнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд манай компанийн 2019 оны 10, 11, 12 сард худалдан борлуулсан нүүрсний үнэ болох 691,653,200.00 төгрөгийн борлуулалтын тооцоог хүлээн зөвшөөрөхгүй, борлуулсан нүүрсний тооцоог нийлж чадахгүй байгаа тул “Б” ХК нь борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 691.6 сая төгрөгийн борлуулалт дутуу тайлагнасан гэх тайлбар ирүүлсэн зэргээс нотлогдож байсан тул борлуулсан нүүрсний орлого болох 691,653,200.00 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй байсанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж хариуцлага тооцсон;

-Нөхөн ногдуулалтын актын “татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны илэрсэн зөрчил” хэсгийн 2, 3, 4-д тайлангаар ногдуулсан албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 21 дүгээр зүйлийн 21.4, 16.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасныг тус тус үндэслэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцлага тооцсон;

-Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1143/6*** дүгээр албан бичгийн хавсралтад дурдагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Б” ХК-д борлуулалт хийсэн гэх “Э Т” ХХК байсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын хий бичилттэй падаан үйлдсэн байж болзошгүй талаар хэрэг бүртгэлийн 200200545 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгаж байсан. “Б” ХК нь дээрх компаниас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дээрх компаниас 61 тн 300 литр дизелийн түлш худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан ба 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын буцаалт хэсэгт залруулж тайлагнаагүй байсан ...” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргажээ.  

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21**** дугаар нөхөн ногдуулалтын актын “Б” ХК-аар төлүүлэхээр тогтоосон нийт төлбөрөөс хий бичилттэй падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд ногдуулсан 10,312,909.09 төгрөгийн нөхөн татвар, 3,093,872.73 төгрөгийн торгууль, 2,062,581.82 төгрөгийн алданги нийт 15,469,363.64 төгрөгийн төлбөрийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…нөхөн ногдуулалтын…” гэснээс хойшхыг “актаар ногдуулсан 691.653.200.0 төгрөгийн зөрчилд 69.165.320 төгрөгийн нөхөн татвар, 20.749.596 төгрөгийн торгууль, 10.340.215,34 төгрөгийн алданги, нийт 100.255.131,34 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, уг дүнгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т-ын давж заалдах гомдлыг зарим хэсгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-ийн давж заалдах гомдлыг тус тус хангажээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ц.А, Н.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Хариуцагч Ц.А, Н.Х нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0323 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:

6.1.“... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2023/0323 дугаар магадлалын хянавал хэсгийн 1.1-д “Шийдвэрийн үндэслэл хэсгийн 13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хэнд борлуулсан эсэхээс үл хамаарч Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнах ёстой, “У” ХНН нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй эсэх нь татвар ногдох зүйлийг өөрчлөхгүй...” гэж дүгнэн актаар ногдуулсан 691,653,200.00 төгрөгийн зөрчилд 69,165,320.00 төгрөгийн нөхөн татвар, 20,749,596.00 төгрөгийн торгууль, 10,340,215.34 төгрөгийн алданги, нийт 100,255,131.34 төгрөгийн төлбөр ногдуулсныг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ...үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэнгүй.

6.2.Учир нь 2019 оны 10-12 сард “У” ХНН-д борлуулсан 19,042.4 тн нүүрсний орлого болох 691,653,200.00 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын өглөгийн журналд тусгасан болохыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн, түүнчлэн 2019 оны 08 дугаар сарын 01-с эхлэн худалдан борлуулах нүүрсний үнийг тн тутамд 2000 төгрөгөөр нэмэгдүүлснийг тус нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан тухайн үед худалдсан нүүрсний 691,65320.00 төгрөгийн НӨАТ-гүй борлуулалт, төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 760,818,520.00 төгрөгийн борлуулалтыг авлага үүсгэн бичсэн нь программын журналын бичилтээр нотлогдохоос гадна 2020 онд “У” ХНН-д НӨАТ-ын падаан бичсэн нь е-баримт сайтад тусгагджээ.

6.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулах бөгөөд “Б” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэг тн нүүрсний суурь үнийг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж, 33,500 төгрөгөөр, агуулах /цэг/-аар борлуулах нэг тн нүүрсний үнийг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 32,500 тус тус тогтоосны дагуу мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр “У” ХНН-тэй байгуулсан ХХГ/19/2*** дугаар Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний үнийг нэмэгдүүлсэн боловч тус нийгэмлэгээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16/*** дүгээр албан бичгээр “...дээрх гэрээний 2.1.3, 2.1,4-д зааснаар төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй байхад үнэ нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул У-ын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа нүүрсний үнийг гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд хуучин хэвээр мөрдөхийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэнээр “борлуулалтад НӨАТ-ын баримт шивэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 76 вагон буюу 4974,8 тн 11 дүгээр сарын 31-ний байдлаар 5108,7 тн, 12 дугаар сарын 31-ний байдлаар 137 вагон буюу 8958,9 тн, нийт 19.042,4 тн нүүрсний борлуулалтын НӨАТ-гүй дүн 691,653.200 төгрөг, үүнээс НӨАТ 69,165.32 төгрөг, нийт 760,818.320 төгрөгийг борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайланд, мөн уг дүнгээр өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд тус тус тайлагнасан байх тул үүнийг зөрчилд тооцож нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Өөрөөр хэлбэл “У” ХНН-д 2019 оны 10-12 сард борлуулсан нүүрсний орлого болох 691,653,200 төгрөгийг огт тайлагнаагүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангав” гэж дүгнэсэн байна.

6.4.Харин “Б” ХК нь дээрх нүүрсний борлуулалтын 691,653,200.00 төгрөгийн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, татвар төлөгчийн санхүүгийн даймонд программын “Борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайлан”-д тус тус борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрсөн нь нотлогдож байна. Тиймээс энэхүү нүүрсний борлуулалтын орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүй байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.3-т заасан заалтуудыг зөрчиж, нүүрсний борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан.

6.5.Гэтэл шүүхийн магадлалд “2019 онд “У” ХНН-д НӨАТ-ын падаан бичсэн нь е-баримт сайтад тусгагджээ” гэсэн боловч Татварын удирдлагын нэгдсэн системийн оффис и-баримт системд “Б” ХК нь 2019 оны 10, 11, 12-р саруудад “У” ХНН-д нүүрс борлуулсныг нотлох баримт болох “У” ХНН татвар төлөгчийн дугаараар төлбөрийн баримт үүсгээгүй байна.

6.6.Дээрх нүүрс борлуулалтын орлогын зөрүүг тус компанийн ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээгээс тодруулахад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цахим шуудангаар “У” ХНН нь нэмэгдүүлсэн үнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд манай компанийн 2019 оны 10, 11, 12 сард худалдан борлуулсан нүүрсний үнэ болох 691,653,200.00 төгрөгийн борлуулалтын тооцоог хүлээн зөвшөөрөхгүй, борлуулсан нүүрсний тооцоог нийлж чадахгүй байгаа тул “Б” ХК нь борлуулалтын НӨАТ-ын баримт шивэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас 2019 оны НӨАТ-ын тайланд 691.6 сая төгрөгийн борлуулалт дутуу тайлагнасан гэх тайлбар ирүүлсэн зэргээс нотлогдож байсан тул борлуулсан нүүрсний орлого болох 691,653,200.00 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй байсанд НӨАТ ногдуулж , хариуцлага тооцсон болно.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ээс гомдлын шаардлагаа “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0323 дугаар бүхий шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 100,255,131.34 төгрөгийн төлбөрийг хасаж үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлалаас “Э” ХХК-д холбогдох 155,113,149.07 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах, АМНАТ, НӨАТ, ААНОАТ-ыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 4,680,411,410.19 төгрөгийн торгууль, 5,879,647,921.94 төгрөгийн алданги нийт 10,560,059,332.13 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай” гэж тодорхойлон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.4-т заасан заалтыг үндэслэн дараах хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:

7.1.Нэг.Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж үзэж нөхөн ногдуулалтын акт гаргасан агуулгын хүрээнд: 2016 онд борлуулсан нүүрсний үнийн зөрүү (Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн  шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолоор нотлогдсон) 1,029,361,363.60 төгрөгийн нүүрсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд Зөрчлийн тухай хуулийн 11.19.1, 11.19.4, 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73.2.1, 74.1 дэх заалтыг 172,101,456.36 төгрөгийн нөхөн татвар, 31,636,387.14 төгрөгийн алданги, 51,630,436.91 төгрөгийн торгууль нийт 255,368,280.41 төгрөгийн төлбөр ногдуулсан.

7.1.1.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 11-д “Шүүгдэгч Л.Г, Н.Д нараас 1,132,297,500.0 /Нэг тэрбум нэг зуун гучин хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж ‘‘Б” ХК-д олгох” гэж тогтоосон бөгөөд шүүхийн тогтоолын дагуу “Э” ХХК-аас 900,411,120.0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 231,886,380.0 төгрөгийн бараа материалын бүртгэлд орлогод авч, нягтлан бодох бүртгэлдээ тусгасан. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалт мөн эсэх талаар тодруулах буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан нийт орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно гэсэн ойлголт буруу гэдгийг тодруулж, тайлбарлуулах нь хууль хэрэглээнд онцгой ач холбогдолтой болно. Татварын хууль бүр татвар төлөх үүрэг хүлээсэн этгээд нь хэн юм бэ?, татвар ногдох зүйл нь юунд вэ?, татварын суурь нь юунаас татвар авах вэ?, татварын ачааллыг багасгах зүйл нь ямар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх вэ?, хувь хэмжээ нь ямар байх вэ?, тайлагнах хугацаа нь хэзээ вэ?, татварт хамруулах, төлөх, тайлагнахдаа хаана вэ?, ногдуулалт, төлөх зохион байгуулалт яаж вэ? гэсэн хүрээнд татварын хуулиуд боловсруулагддаг бөгөөд энэхүү асуултууд нь татвар ногдуулалтын агуулгыг бүхэлд нь илэрхийлдэг.

7.1.2.Иймд “Б” ХК нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,029,361,363.60 төгрөгийн үнэ бүхий шилжүүлэн авсан эд хөрөнгөд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

7.1.2.1.Учир нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолыг үндэслэн 2013-2014 оны хооронд үүссэн нүүрсний үнийн дүнгийн зөрүү буюу төрд учирсан хохирлыг шүүгдэгч Л.Г, Н.Д нараас 1,132,297,500.0 /Нэг тэрбум нэг зуун гучин хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Б” ХК-д олгох” гэж шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгч “Б” ХК-д “Э” XXК-аас 1,029,361,363.60 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлсэн.

7.1.2.2.Эрүүгийн хуулийн тайлбарт “Хохирол гэдэг нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд “нөхөн төлөгдөх” шинжтэй байна. Хохирол нь тооцож , хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил, үр дагаврын шалтгаант холбоо ойрхон бөгөөд хүчтэй байх гэсэн шинжүүдтэй байна. Хохирол нь эдийн буюу мөнгөөр хэмжигдэх, эдийн бус буюу мөнгөөр хэмжигдэхгүй гэсэн 2 төрөлтэй байна” гэж тайлбарласан.

  7.1.2.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн гэжээ. Энэхүү хуулийн заалтад зааснаар “бараа, ажил, үйлчилгээ борлуулсан” гэсэн урьдчилсан нөхцөл хангагдаж байж, нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахаар байна. Иймд “Б” ХК-д шүүхийн шийдвэрээр “Э” ХХК-аас олгогдож байгаа нөхөн олговорт борлуулсан гэж үзэж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

7.1.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Бараа, ажил үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гэж албан татвар төлөгч болон суутган төлөгчийг ялгаатайгаар хуульчилсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын /2006 оны/ хуулиар борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж төлдөг байсан бол 2016 оноос мөрдөгдөж байгаа хуулиар суутган авч төсөвт төлөхөөр хуульчлагдсан.

7.1.3.1.Өөрөөр хэлбэл “Э” ХХК-аас “Б” ХК-д нүүрсний үнийн зөрүү гэж 1,132,297,500.0 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа материалыг шүүхийн шийдвэрээр гаргуулж өгч байгаа нь “Э” ХХК-ийн борлуулалтын орлого болохоос “Б” ХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлого биш, харин манай компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч тул “Э” ХХК нь нүүрсний үнийн зөрүүд өгч байгаа 900,411,120.0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 231,886,380.0 төгрөгийн бараа материалыг шүүхийн шийдвэрээр тус компанид шилжүүлсэн орлогодоо ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг харин худалдан авалтаар тайлагнах байсан боловч энэхүү шилжиж ирсэн бараа материал, үндсэн хөрөнгө шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдэж ирээгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шилжиж ирсэн тул худалдан авалтын тайланд хасалтаар тайлагнаагүй болно.

7.1.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг” гэж заасны дагуу “Э” ХХК нь “Б” ХК-д хөрөнгө, бараа материалыг шилжүүлсэн тул тус компанийн борлуулалтын орлого юм.

7.1.4.1.Гэвч тус компани нь нягтлан бодох бүртгэлдээ бараа материал, үндсэн хөрөнгийг нэмэгдүүлж орлогод авсныг татварын улсын байцаагч акт тогтоохдоо “Б” ХК-ийн борлуулалтын орлого гэж акт тогтоосон нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого мөн үү биш үү гэдгийг тодорхойлоогүй, орлогын талаар зөрүүтэй ойлголттой байгаа бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалтыг зөрчөөгүй болно.

7.1.5.Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан хохирол нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно: 8.1.9.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасан байх тул “Б” ХК нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 11-д “Шүүгдэгч Л.Г, Н.Д нараас 1,132,297,500.0 /Нэг тэрбум нэг зуун гучин хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Б” ХК-д олгох” гэж тогтоосон бөгөөд шүүхийн тогтоолын дагуу “Э” ХХК-аас 900,411,120.0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 231,886,380.0 төгрөгийн бараа материалын бүртгэлд орлогод буюу ДТ ҮХХ орлого 900,411,120.0 төгрөг, ДТ Бараа материал худалдан авалт 231,886,380.0 төгрөг, КТ Өглөг 1,132,297,500.0 төгрөгийн бичилтээр нягтлан бодох бүртгэлдээ бүртгэсэн бөгөөд ДТ 1,132,297,500.0 төгрөг, КТ Үйл ажиллагааны бус орлого 1,132,297,500.0 төгрөг гэсэн бичилтээр ашгаа өсгөсөн нягтлан бодох бүртгэлийн бичилтийг хийсэн болно.

7.1.5.1.Гэтэл татварын улсын байцаагчид нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь зөрүүтэй тайлагнасан тул шүүхийн шийдвэрээр олгогдож байгаа нөхөн олговорт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь буруу байна. Татварын албанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн нийт борлуулалт дүнгийн хувьд тохирох ёстой гэсэн ойлголт нэлээдгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалт нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалтын зөрүүгээр татвар ногдуулах нь практик ихээхэн байгаа бөгөөд татвар болгон тусгайлсан зорилготой, татвар төлөгч, татвар ногдох зүйл, татвар ногдуулах хугацаа, татварын суурь, тайлагнах хугацаа, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөөр ялгаатай юм.

7.1.5.2.Иймд “Б” ХК-д шүүхийн тогтоолын дагуу “Э” ХХК-аас 1,132,297,500.0 төгрөгийн хохирол шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс шилжиж ирснийг тайлан балансдаа хөрөнгөөр бүртгэж авсан нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэл буюу татварын ногдуулах суурь болохгүй юм.

7.1.6.Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:”, 15.3.2”т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасан. Гэтэл татварын алба нь хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 2 янзаар тоолж байна. Үүнд: 1.Нэмэгдсэн өртгийн албан татварын 12 сарын тайлан дараа оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тайлагнах ёстой бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулахдаа дараа оны 1 дүгээр сарын 10-аас тоолж байна. 2.Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэж торгууль, алданги ногдуулахдаа сарын бүрийн 10-аас эхлэн тоолж, торгууль алданги ногдуулж, хуулийг ялгаатай хэрэглэж байна.

7.1.7.Өөрөөр хэлбэл Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолоор “Э” ХХК-аас “Б” ХК-д нүүрсний үнийн зөрүүгийн хохирол гэж 1,132,297,500.0 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа материал 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжиж ирсэн бөгөөд нөхөн олговрын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 23-аас, эсхүл шилжиж ирсэн огнооноос тоолсон тохиолдолд 2020 оны 7 дугаар сарын 29-д дууссан бөгөөд татварын улсын байцаагч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нөхөн ногдуулалтын актаар татварыг нөхөн ногдуулж байгаа хуульд нийцэхгүй, Татварын алба болон Маргаан таслах зөвлөл, шүүх нь хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр тоолж байгааг дурдах нь зүйтэй байна.

7.1.7.1.Иймд шүүхийн шийдвэрээр “Э” ХХК-аас олгосон нөхөн олговрын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого гэж тооцсон нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, борлуулалтын орлого биш, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлого гэж тодорхойлогдохгүй, хуульд нийцэхгүй байгаа бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байх тул Татварын ерөнхий хуулийн 73.2.1, 74.1 дэх заалтыг үндэслэн ногдуулсан 102,936,136.36 төгрөгийн нөхөн татвар, 21,296,171.80 төгрөгийн алданги, 30,880,840.91 төгрөгийн торгууль, нийт 155,113,149.07 төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.

7.2.Хоёр.Татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлийн хүрээнд: Татварын алба, Маргаан таслах зөвлөл, шүүх нь татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд торгууль, алданги тооцохдоо хуулийг зөрүүтэй хэрэглэж байна. Үүнд: Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно:”, мөн зүйлийн 73.2-т “Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно: 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор” гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль тогтоох байгууллага нь тайлагнаад төлөх ёстой өрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги ногдуулахаар, харин татвар ногдох зүйлийг нуусан, бууруулсан, тайлагнаагүй бол нөхөн татварыг төлүүлж торгууль ногдуулахаар ялгамжтай хуульчилсан байна.

7.2.1.Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлээр алданги ногдуулах байтал торгууль, алданги ногдуулж эрх зүйн байдлыг дордуулж, хууль буруу хэрэглэж, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд “Б” ХК-ийн 2016-2019 онд АМНАТ, НӨАТ, ААНОАТ-ын өрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр ногдуулсан 11,629,699,583.42 төгрөгийн торгуулийг хүчингүй болгох нь хуульд нийцэж байна.

7.2.2.Татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчлийн сууриа буруу тодорхойлж байна. Энэ тухай гомдол гаргасан боловч Маргаан таслах зөвлөл болон шүүх нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд мөн хуулийг зөрүүтэй хэрэглэж байна. Үүнд: Шалгалтаар 2017-2019 онд 1,527,812,368.02 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж 247,579,132.91 төгрөгийн алданги, 152,781,236.80 төгрөгийн торгууль, нийт 400,360,369.71 төгрөгийн хариуцлага тооцсон.

7.2.2.1.Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актаар 1,527,812,368.02 төгрөгийн татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэсэн нь зөрчлийн дүн бөгөөд 527,576,804.69 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2017, 2018, 2019 онд хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй байхад 247,579,132.91 төгрөгийн алданги, 152,781,236.80 төгрөгийн торгууль, нийт 400,360,369.71 төгрөгийн хариуцлага буюу төлөөгүй татварын 46.9%-ийн алданги, 28.9%-ийн торгууль ногдуулж, төлөх үүргээ биелүүлээгүй төлөө 75.8%-ийн хариуцлага ногдуулсан. Өөрөөр хэлбэл татвараа төлнө гээд шударгаар тайлагнасныхаа төлөө төлөх татвараасаа илүү хариуцлага үүрч байгаа нь татварын төлөгдөхүйц байх, тэгш шударга зарчим алдагдахад хүрэх магадлалтай. Учир татвар төлөгч татвараас шударгаар төлөхөөр тайлагнахгүйгээр нуусан дараа нь хяналт шалгалтаар илрүүлсэн тохиолдолд хамгийн ихдээ 50%-ийн торгууль ногдуулахаар хуульд заажээ. Иймд гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч “Б” ХК-ийн 2016-2019 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татварын улсын байцаагч нарын 21**** дугаар нөхөн ногдуулалтын актаар 61,539,044,588.16 төгрөгийн зөрчилд 182,414,365.45 төгрөгийн нөхөн татвар, 11,684,423,893.06 төгрөгийн торгууль, 6,307,180,471.92 төгрөгийн алданги нийт 18,174,018,730.43 төгрөгийн төлбөр ногдуулсан; нэхэмжлэгчийн гомдлын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 10,312,909.09 төгрөгийн нөхөн татвар, 6,949,288,173.23 төгрөгийн торгууль, 393,833,581.02 төгрөгийн алданги, нийт 7,353,434,663.34 төгрөгийн төлбөрийг бууруулж, 61,435,915,497.25 төгрөгийн зөрчилд ногдох 172,101,456.36 төгрөгийн нөхөн татвар, 4,735,135,719.83 төгрөгийн торгууль, 5,913,346,890.90 төгрөгийн алданги, нийт 10,820,584,067.09 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актад өөрчлөлт оруулсан; нэхэмжлэгчээс үлдэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

10.Нэг.Маргаан бүхий актаар “нефтийн бүтээгдэхүүн борлуулах тусгай зөвшөөрөлгүй, түлш худалдан борлуулдаггүй “Э Т” ХХК-аас НӨАТ-ын хий бичилттэй падаанаар нийт 61,300 литр түлш худалдан авсан мэтээр татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан” гэж үзэж, 10,312,909.09 төгрөгийн нөхөн татвар, 3,093,872.73 төгрөгийн торгууль, 2,062,581.82 төгрөгийн алданги, нийт 15,469,363.64 төгрөгийн төлбөр тогтоосон нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон өөрчилсөн; уг асуудлаар талуудаас гомдол гараагүй учир хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

11.Хоёр.“Э” ХХК-аас 1,029,361,363.60 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө шилжүүлэн авсанд НӨАТ ногдуулсан тухайд:

11.1.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолын дагуу ““Нүүрс хөтөлбөр”-ийн хүрээнд 2013-2014 онд 150,973 тн нүүрсийг худалдан борлуулсан үнийн зөрүү 150,973*7,500=1,132,297,500.0 төгрөгийн хохирлыг “Б” ХК-д шүүгдэгч Л.Г, Н.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Б” ХК-д олгох” гэж тогтоосон; шүүхийн шийдвэрийн дагуу “Э ХХК”-аас 900,411,120.0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 231,886,380.0 төгрөгийн буюу нийт 132,297,500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Б” ХК-д шилжүүлснийг үндсэн эд хөрөнгөд бүртгэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан ба энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй.

11.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” гээд 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.10-т “төлбөр тооцоо хийх” гэж бэлэн ба бэлэн бусаар төлбөр тооцоо хийхийг;” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:” гээд 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус зааснаар борлуулсан бүх төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бөгөөд төлбөрийг бэлэн болон бэлэн бусын аль ч хэлбэрээр хийсэн бараа борлуулсанд тооцогдохоор байна.

11.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор “Б” ХК-аас 150,973 тонн нүүрс бусдад борлуулахдаа тонн тутамд 7,500 төгрөгөөр хямд борлуулсан тул үнийн зөрүү 1,132,297,500.0 төгрөгийг хохиролд тооцон “Б” ХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу эд хөрөнгө шилжүүлэн авч байгаа нь тухайн хөрөнгийг шилжүүлж буй “Э ХХК”-ийн борлуулалтын орлого биш, харин нэхэмжлэгчийн борлуулсан барааны  үлдэгдэл төлбөрийг бэлэн бус хэлбэрээр барагдуулсан гэж үзэхээр байна.  

11.4.Мөн тухайн үед хүчин төгөлдөр байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:” 8.1.9-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, хохирлын нөхөн төлбөрийн орлого;” гэж; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:” гээд 7.2.4-т “өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;”, 7.2.13-т “бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү, торгууль, алданги авах;” гэж бусдаас авах өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах болон бусдын буруутай үйл ажиллагааны улмаас авч буй хүү, торгууль, алданги зэрэг нь бараа борлуулсны орлоготой адилтгаж үзэх талаар заасны зэрэгцээ уг хуулийн 13 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх барааг тодорхойлохдоо хууль тогтоогч шууд нэрлэн заагаагүй учир дээрх борлуулалтын орлого нь чөлөөлөгдөхгүй, энэ утгаараа борлуулсан бараа гэж үзсэн хариуцагчийн актын холбогдох хэсэг хууль зөрчөөгүй.

11.5.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актыг тодорхойлон заасан бөгөөд “захиргааны актын илэрхий алдаа гэдэг нь дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх”[1]-ыг захиргааны эрх зүйн онол, практикт ойлгодог; энэ тохиолдолд маргаан бүхий акт энэ шинжийг агуулсан гэж үзэх боломжгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ямар үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж буй талаараа тодорхой тайлбар гаргаагүй учир “... хуульд заасан албан татвар ногдуулах орлогод хамаарахгүй хохирлын төлбөрт татвар ногдуулж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх хууль, ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байхад хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргасан илт хууль бус захиргааны акт болно ...” гэх хяналтын гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

11.6.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ““Э” ХХК нь “Б” ХК-д хөрөнгө, бараа материалыг шилжүүлсэн тул тус компанийн борлуулалтын орлого ... “Б” ХК-д “Э” ХХК-аас 1,029,361,363.60 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө нь борлуулалтын орлого бус гэмт хэргийн улмаас учирсан байсан хохирол ...” гэх агуулгаар гаргасан хяналтын гомдол үндэслэлгүй; анхан шатны шүүхийн “... “Б” ХК-ийн олох ёстой байсан нүүрсний борлуулалтын орлогыг буцаан олгосон ... нэхэмжлэгч “Б” ХК нь нүүрсний борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй ...” гэсэн дүгнэлт хуульд нийцжээ.

11.7.Нөгөө талаас Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно:” гээд 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;” гэж; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж тус тус заажээ.

11.8.Тодруулбал, хуульд заасны дагуу бараа борлуулсан бол ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор төлж, тайлангаа татварын албанд тушаах бөгөөд ийнхүү сараар тайлан гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар тусгайлан журамлажээ.    

11.9.Хэдийгээр дурдсан 1,029,361,363.60 төгрөгийн орлого нь 2012-2014 оны хооронд хийгдсэн нүүрсний борлуулалтын төлбөр тооцооноос үүссэн зөрүү байх боловч цаг хугацааны хувьд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар тогтоолоор тогтоогдож, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар 2016 оны 07 дугаар сарын 29-нд шилжин ирж бүртгэгдсэнээр мөн оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор татвар ногдуулж төлөх үүрэг үүссэн; хөөн хэлэлцэх хугацааны тухайд дараа он буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс тоолоход акт хөөн хэлэлцэх хугацаандаа байна.

11.10.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тоног төхөөрөмж, бараа материал 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжиж ирсэн бөгөөд нөхөн олговрын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 23-наас, эсхүл шилжиж ирсэн огнооноос тоолсон тохиолдолд 2020 оны 07 дугаар сарын 29-нд дууссан бөгөөд татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нөхөн ногдуулалтын актаар татварыг нөхөн ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй ...” гэх гомдол няцаагдаж байна.     

11.11.Давж заалдах шатны шүүх энэ талаар “... нэхэмжлэгчийн нягтлан бодох бүртгэлийн Үндсэн хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй тайланд шүүхийн тогтоолын дагуу “Э” ХХК-аас гаргуулан авсан 3 тээврийн хэрэгслийг 2005-02 тоот дансанд 48.0 сая төгрөгөөр, 3 төрлийн машин механизм, хүчний машиныг 2004-02 тоот дансанд 852,411,120 төгрөгөөр, сэлбэгийг материалын товчоо тайлангийн 1602-03 тоот дансанд 231,886,380 төгрөгөөр тус тус бүртгэн орлогод авсан байх тул эдгээр орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу тооцно, ... 2016 оны орлогоор бүртгэсэн дээрх барааны хувьд ... татварын хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хуульд заасан 4 жилийн хугацаа дуусаагүй байна ...” хэмээн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

11.12.Харин анхан шатны шүүх шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно” гэж заасныг анхаараагүй буюу энэхүү асуудлаар дүгнэлт хийхдээ Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 11 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу (хөөн хэлэлцэх хугацаа материаллаг гэхээсээ процессын эрх зүйд хамаарах учир буцаан хэрэглэх тухай ойлголт байхгүй)[2] боловч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэлд нөлөөлөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй.

11.13.Тиймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв байна.

12.Гурав.Нэмэгдсэн өртгийн албан татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

12.1.Маргаан бүхий актаар:

  • 2016 онд 3,629,376,763.80 төгрөгийн, 2017 онд 9,273,369,147.00 төгрөгийн, 2018 онд 13,944,754,054.61 төгрөгийн, 2019 онд 20,244,705,269.70 төгрөгийн, нийт 47,092,205,235.11 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчилд 10,367,429,713.53 төгрөгийн торгууль, 5,043,052,585.95 төгрөгийн алданги, нийт 15,410,482,299.48 төгрөгийн төлбөр;  
  • 2016 онд 1,206,225,668.30 төгрөгийн, 2017 онд 2,026,539,053.72 төгрөгийн, 2018 онд 3,266,753,524.62 төгрөгийн, 2019 онд 4,595,368,083.85 төгрөгийн, нийт  11,094,883,330.49 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчилд 1,109,488,633.09 төгрөгийн торгууль, 982,849,784.10 төгрөгийн алданги, нийт 2,092,338,417.19 төгрөгийн төлбөр тус тус ногдуулжээ.

12.2.Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор:

-Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 10,367,429,713.53 төгрөгийн торгуулиас 6,457,919,497.91 төгрөг; 5,043,052,585.95 төгрөгийн алдангиас 26,713,678.56 төгрөг;

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 1,109,488,633.09 төгрөгийн торгуулиас 491,368,675.32 төгрөг; 982,849,784.10 төгрөгийн алдангиас 367,119,902.46 төгрөгийг тус тус хасчээ.   

12.3.Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж,

12.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:” гээд 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;” гэж,

12.5.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө” гэж тус тус заажээ.

12.6.Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь тухайн жилд худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны болон түүнийг борлуулсны орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд тайлагнаж төлөх үүрэгтэй.

12.7.Мөн Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно:” гээд 73.1.1-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар;” гэж, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:” гээд 84.1.3.-т “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч уг татварыг төсөвт төлөөгүй” гэж заажээ.

12.8.Гэхдээ Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэж болохыг хууль тогтоогч тусгайлан журамлажээ.

12.9.Иймд Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19.1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасныг  үндэслэн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Маргаан таслах зөвлөлөөс торгууль, алдангийн хэмжээнд өөрчлөлт оруулж, төлөх төлбөрийг бууруулж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдсан; энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул “... 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлээр алданги ногдуулах байтал торгууль, алданги ногдуулж эрх зүйн байдлыг дордуулж, хууль буруу хэрэглэж, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчсөн байна ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

12.10.Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги ногдуулах”, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол торгууль ногдуулах” талаар хуульд заахдаа алданги, торгуулийг “хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй буюу төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан” гэж агуулгын хувьд нэг зөрчилд торгууль, алданги аль аль нь ногдуулж болохоор зохицуулсан, өөрөөр хэлбэл, нэг зөрчилд торгууль, алданги давхар ногдуулахгүй байх талаар хууль тогтоогч тусгайлан журамлаагүй (өмнө Татварын ерөнхий (2008 оны) хуулийн дагуу давхар хэрэглэж байсан) байх тул зөвхөн “аль нэгийг нь оногдуулна” гэж тайлбарлах боломжгүй, “... хууль тогтоох байгууллага нь тайлагнаад төлөх ёстой өрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги ногдуулахаар, харин татвар ногдох зүйлийг нуусан, бууруулсан, тайлагнаагүй бол нөхөн татварыг төлүүлж торгууль ногдуулахаар ялгамжтай хуульчилсан ...” гэх хяналтын гомдол үгүйсгэгдэнэ.

13.Дөрөв.2019 онд “У” ХНН-д худалдан борлуулсан нүүрсний орлогыг дутуу тайлагнасан гэх тухайд: 

13.1.Актаар нэхэмжлэгчийг 2019 оны 10, 11, 12 дугаар сард “У” ХНН-т худалдан борлуулсан нүүрсний 691,653,200.00 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд 69,165,320.0 төгрөгийн нөхөн татвар, 20,749,596.0 төгрөгийн торгууль, 11,049,159.87 төгрөгийн алданги, нийт 100,964,075.87 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

13.2.Нэхэмжлэгчээс “... нийт 760,818,520.0 төгрөгийн борлуулалт буюу авлага үүсгэж бичсэн нь программын журналын бичилтээс батлагдаж байхад татварын нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо падаан бичигдээгүй байна гэсэн үндэслэлээр акт тогтоосон нягтлан бодох бүртгэл болон татварын хуульд нийцэхгүй ... борлуулалтыг нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тулгаж шалгаагүй падаан бичээгүй гэж зөвхөн 2019 оны 10, 11, 12 дугаар сарын борлуулалтад акт тогтоосон нь үндэслэлгүй байх бөгөөд 2020 онд Уд падаан бичигдсэн нь е-баримт сайтаас нотлогдож байна ...” гэж; хариуцагч нараас “... “Б” ХК нь 2019 онд “У” ХНН-д нийт 31553 тн нүүрсийг 1,135,779,500.00 төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татваргүй борлуулсан нь борлуулалтын дэлгэрэнгүй тайлангийн 5*************** тоот дансанд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайланд тайлагнасан байна. Дээрх борлуулалтын орлогоос өртгийн албан татварын тайланд 444,126,300.00 төгрөгийг тайлагнаж, зөрүү 691,653,200.00 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй байгаа нь 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тайлан болон нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогын зөрүүнээс харагдаж байна” гэж тус тус маргажээ.

13.3.Анхан шатны шүүх “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хэнд борлуулсан эсэхээс үл хамаарч Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнах ёстой. “У” ХНН нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй эсэх нь татвар ногдуулах зүйлийг өөрчлөхгүй тул энэ үндэслэлээр маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргах үндэслэлгүй ...” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

13.4.Харин давж заалдах шатны шүүх “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 76 вагон буюу 4974,8 тн, 11 дүгээр сарын 31-ний байдлаар 5108,7 тн, 12 дугаар сарын 31-ний байдлаар 137 вагон буюу 8958.9 тн, нийт 19,042.4 тн нүүрсний борлуулалтын НӨАТ-гүй дүн 691,653,200 төгрөг, үүнээс НӨАТ 69,165,320 төгрөг, нийт 760,818,520 төгрөгийг борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайланд, мөн уг дүнгээр өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд тус тус тайлагнасан ...” хэмээн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

14.Хяналтын шатны шүүх дараахь үндэслэлээр маргаан бүхий Нөхөн ногдуулалтын актын энэ хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

14.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:” гээд 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:” гээд 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө;” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн сард борлуулсан нүүрсний орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор шилжүүлж, холбогдох тайланг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй.

14.2.Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “Б” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэг тн нүүрсний суурь үнийг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж, 33500 төгрөгөөр, агуулах /цэг/-аар борлуулах нэг тн нүүрсний үнийг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 32500 төгрөгөөр тус тус тогтоосны дагуу мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр “У” ХНН-тэй байгуулсан ХХГ/19/**** дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нийлүүлсэн нүүрсний үнийг нэмэгдүүлсэн боловч тус нийгэмлэгээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16/79 дүгээр албан бичгээр “…дээрх гэрээний 2.1.3, 2.1.4-д зааснаар төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй байхад үнэ нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул У****-ын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа нүүрсний үнийг гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд хуучин хэвээр мөрдөхийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэнээр борлуулалтад НӨАТ-ын баримт шивэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

14.3.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 76 вагон буюу 4974,8 тн, 11 дүгээр сарын 31-ний байдлаар 5108,7 тн, 12 дугаар сарын 31-ний байдлаар 137 вагон буюу 8958,9 тн, нийт 19.042,4 тн нүүрсний борлуулалтын НӨАТ-гүй дүн 691,653,200 төгрөг, үүнээс НӨАТ 69,165,320 төгрөг, нийт 760,818,520 төгрөгийг борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайланд, мөн уг дүнгээр өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд тус тус тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын өглөгийн журналд тусгасан бөгөөд хариуцагч нараас энэ талаар маргаагүй.

14.4.Дээрхээс үзэхэд, тухайн борлуулсан нүүрсний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохыг хүлээн зөвшөөрч, өглөгийн тайланд тусгасан боловч нэхэмжлэгчээс өөрөөс нь шууд хамаарахгүй шалтгаанаар буюу төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй гэх үндэслэлээр худалдан авагч тал нэмэгдүүлсэн үнийг хүлээн зөвшөөрөөгүй, энэ үндэслэлээр НӨАТ-ын падаан бичигдэх боломжгүй болсон (ялангуяа борлуулсан болон худалдан авалт хийсэн энэ хоёр аж ахуйн нэгжийн хувьд борлуулах болон худалдан авах үнийн зохицуулалтыг төрөөс тогтоодог) энэ тохиолдолд нэхэмжлэгчийг борлуулсан нүүрсний орлогод НӨАТ бүрэн ногдуулж, тайлагнаагүй гэж шууд буруутгах боломжгүй байна.

14.5.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч талаас “... 2020 онд “У” ХНН-д НӨАТ-ын падаан бичсэн нь е-баримт сайтад тусгагдсан ...” гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаж мэтгэлцээгүй, өөрөөр хэлбэл, нөхөн ногдуулалтын акт үйлдэгдэхээс өмнө дурдсан зөрчил арилсан байж болзошгүй бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин нягталж, шийдвэр гаргах хүртэл хугацаагаар энэ хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй.

15.Тав.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

15.1.Актаар 2017 онд 474,470,889.44 төгрөг, 2018 онд 525,764,673.9 төгрөг, 2019 онд 527,576,804.70 төгрөг, нийт 1,527,812,368.02 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж үзэж, 247,579,132.91 төгрөгийн алданги, 152,781,236.80 төгрөгийн торгууль, нийт 400,360,369.71 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

15.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасны дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг сар бүрийн 25-ны дотор төлж, улирал, жилээр холбогдох тайланг гаргаж өгөх үүрэгтэй; нэхэмжлэгчийн хувьд уг татварыг төлөөгүй хугацаа хожимдуулснаа хүлээн зөвшөөрч байх боловч “... 527,576,804.60 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа төсөвт төлөөгүй байхад 247,579,132.91 төгрөгийн алданги, 152,781,236.80 төгрөгийн торгууль, нийт 400,360,369.71 төгрөгийн хариуцлага буюу төлөөгүй татварын 46.9%-ийн алданги, 28.9%-ийн торгууль ногдуулж, төлөх үүргээ биелүүлээгүй, төлөх үүргээ биелүүлээгүй төлөө. 75.8%-ийн хариуцлага ногдуулсан ...” гэх үндэслэлээр маргаж байна.

15.3.Нөхөн ногдуулалтын актын хавсралт дахь “хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо 2017-2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар” гэх хүснэгтээс үзэхэд: 2017 онд 474,470,889.44 төгрөгийн төлбөл зохих татварын дүн гэж тодорхойлсон бөгөөд үүнд тухайн жилийн дөрөв дүгээр улирлын байдлаар төлөөгүй 51,293,784 төгрөгийг нэмж, 2018 онд 525,764,673.9 төгрөгийн төлбөл зохих татварын дүнг тодорхойлсон; 2019 оны хувьд өмнөх оны үлдэгдэл дээр 1,812,130.80 төгрөгийг нэмж, 527,576,804.70 төгрөг гэж тус тус тодорхойлж, тухай оны нийт дүн тус бүрт торгууль, алданги тооцож, нийт 400,360,369.71 төгрөгийн хариуцлага ногдуулжээ[3].

15.4.Өмнө дурдсанчлан, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Татварын ерөнхий /2006 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол …хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

15.5.Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгыг үзвэл, тооцох алданги болон торгуулийн хэмжээ нь нөхөн төлөх татварын хэмжээний 20 болон 10 хувиас хэтрэх ёсгүй, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд, өмнөх өр дээр дараа оны үлдэгдлийг нэмэх байдлаар тооцоход төлөх татвар буюу зөрчлийн нийт дүн нь  527,576,804.70 төгрөг гэж үзэхээр байхад хариуцагч нар зөрчлийн дүнг нийт 1,527,812,368.02 гэж тодорхойлж, үүнд  400,360,369.71 (нөхөн татварын 75.8%) төгрөгийн хариуцлага ногдуулсан нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцэхгүй байна.         

15.6.Тодруулбал, татварын байцаагч нар хариуцлага ногдуулах татварын дүнг тодорхойлохдоо өмнөх жилийн үлдэгдэл дээр дараа жилийн үлдэгдлийг нэмж, эцсийн зөрчил гэж үзэх татварын нийлбэр дүнг тодорхойлолгүй, харин өмнөх жилийн торгууль, алданги ногдуулсан дүн дээр дараа жилийн үлдэгдлийг нийлүүлэн тусдаа зөрчил мэт үзэж, тухайн нийлүүлсэн дүнд дахин торгууль, алданги ногдуулсан нь хуулийн энэхүү заалтыг зөрчжээ.

15.7.Үүний үр дүнд 2017 оны 474,470,889.44 төгрөгийн зөрчилд гурван удаа, 2018 оны 51,293,784 төгрөгийн зөрчилд хоёр удаа тус хариуцлага ногдуулсан нь “нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem)”[4] эрх зүйн шударга ёсны зарчимд нийцэхгүй болжээ.

15.8.Гэтэл шүүхүүд зөрчлийн суурь дүнг анхаараагүй байхын зэрэгцээ давж заалдах шатны шүүх “...  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 3 жил дараалан 360 хоног хоцроосон хоног тутамд 0.1 хувиар тооцож 152,781,236.80 төгрөгийн торгууль ногдуулсан нь хугацаанд нь төлөгдөөгүй 1,527,812,368.02 төгрөгийн татварын 10 хувиас хэтрэхгүй ...  247,579,132.91 төгрөгийн алданги ногдуулсан нь төлөх татварын 14.9-17.5 хувь байгаа талаар Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд тодорхой дүгнэсэн, өөрөөр хэлбэл ... Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг энэ тохиолдолд татварын улсын байцаагчид хэрэглэснийг нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

15.9.Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “... 527,576,804.69 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2017, 2018, 2019 онд хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй байхад 247,579,132.91 төгрөгийн алданги, 152,781,236.80 төгрөгийн торгууль, нийт 400,360,369.71 төгрөгийн хариуцлага буюу төлөөгүй татварын 46.9%-ийн алданги, 28.9%-ийн торгууль ногдуулж, төлөх үүргээ биелүүлээгүй төлөө 75.8%-ийн хариуцлага ногдуулсан. Өөрөөр хэлбэл, татвараа төлнө гээд шударгаар тайлагнасныхаа төлөө төлөх татвараасаа илүү хариуцлага үүрч байгаа нь татварын төлөгдөхүйц байх, тэгш шударга зарчим алдагдахад хүрэх магадлалтай ...” гэх хэсгийг хүлээн авахаар байна.

15.10.Гэхдээ шүүх тухайн зөрчилд ногдуулах торгууль, алдангийн хэмжээг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнөөс нөхөн ногдуулах эрхгүй, өөрөөр хэлбэл, зөрчлийн дүнг зөв тодорхойлж, тохирсон хариуцлага ногдуулах нь хуулиар татварын улсын байцаагч нарын эрх хэмжээ бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс мөн хэтэрчээ.

16.Иймд, эдгээр үндэслэлээр нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0323 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий /2008 оны/-хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21**** дугаартай Нөхөн ногдуулалтын актын 69,165,320.0 төгрөгийн нөхөн татвар, 173,530,832.8 төгрөгийн торгууль, 258,628,291.8 төгрөгийн алданги, нийт 501,324,444.58 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж;

2.Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Нөхөн ногдуулалтын актын дурдсан хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Д.МӨНХТУЯА

      ШҮҮГЧИД                                              Х.БАТСҮРЭН

                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                     Ц.ЦОГТ

                                                                     М.БАТСУУРЬ

 

 

 

[1] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн (судалгааны хэрэглээний) тайлбар., УБ., 2017 он, 216 дахь тал

[2] Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоол. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар. 3-4 дэх тал

[3] I хавтаст хэргийн 78-80 дахь тал

[4] Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Нэмэлт протоколын 14 дүгээр зүйлийн 7, Human Rights - Ministry of Foreign Affairs of Mongolia (mfa.gov.mn), Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт агуулгаар туссан.