“ДШБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ж, Ж.Б нарт холбогдох иргэний хэрэг

Шүүгчийн нэр П.Золзаяа
Шийдвэрийн огноо 2023.06.06
Шийдвэрийн дугаар 001/ХТ2023/00108
Хэргийн индекс 135/2022/01947/И
Маргааны төрөл Иргэний хуулиар
Хуулийн зүйл, заалт ИХШХШтХ 176.2.5
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.01.11, дугаар: 62
Анхан шатны шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.03.14, дугаар: 209/МА2023/00022
Давж заалдах шатны шүүх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар: 001/ХТ2023/00108
Улаанбаатар хот


"ДШБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2023/00022 дугаар магадлалтай,

 

“ДШБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Ж, Ж.Б нарт холбогдох

 

Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, Дархан-Уул аймаг, .. сум .. баг .. хороолол, .. байр .. тоот ...  м.кв ... өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзяаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “ДБ” ХХК нь Б.Ж, Ж.Бнарт холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, .. аймаг, .. сум .. баг .. хороолол, .. байр .. тоот ...  м.кв ... өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж авах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ДШБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ж, Ж.Бнарт холбогдох хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, .. аймаг, .. сум .. баг .. хороолол, .. байр .. тоот ...  м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ДШБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2023/00022 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна.Хэргийн үйл баримтын талаар товч дурдвал: “ДШБ” ХХК нь энэ хэргийн хариуцагч Ж.Бтой бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний гуйлтаар .. аймаг, .. сум ..-р баг, ..-р хороолол, ..-р байрны .. тоот .. м.кв талбай бүхий .. өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Б.Жын нэр дээр гаргаж “Захиалгаар орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г Б.Жтай байгуулж Улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхийн тулд Б.Ж нь уг орон сууцны үнийг бүрэн төлсөн гэсэн албан тоот хийж өгч Ж.Бод уг орон сууцыг банканд зээлийн барьцаанд тавих боломж олгож өгсөн байдаг. Ж.Бнь зээлийг төлж дууссаны дараа орон сууцны өмчлөх эрхийг “ДШБ” ХХК-д шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Талууд худалдах худалдан авах гэрээг өөрсдийн хүсэл зоригоор байгуулаагүй болох нь дээрх гэрээг байгуулсны дараа худалдан авагч Б.Ж нь уг орон сууцны үнэнд нэг ч төгрөг төлөөгүй уг орон сууцыг бодит байдлаар хүлээн аваагүй бөгөөд уг орон сууцыг “ДШБ” ХХК-нь оффисийн журмаар ашиглаж байсан байдаг.Түүгээр ч барахгүй 2014.06 дугаар сард С.З гэдэг этгээдэд уг орон сууцыг бартераар худалдаж С.З нь уг орон сууцанд 2022.08 дугаар сар хүртэл 8 жилийн хугацаанд хэрэглээний төлбөрөө төлж амьдарч байсан байдаг.Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт: “...нэхэмжлэгч 56.1.2, 56.1.3-т заасан хэлцэл гэдгээ тодорхойлсон атлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хэрэгт авагдсан “ДБ” ХХК-ийн 2014.04.14-ний өдрийн ... дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай албан бичигт “Б.Ж нь Дархан-Уул аймгийн .. сумын .. баг, .. хорооллын .. байрны .. тоот .. м.кв .. өрөө орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Жын нэр дээр олгож өгнө үү” гэснээс үзвэл хариуцагч Б.Ж нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн байна” гэж дүгнэж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 253.1 дэх заалтыг баримталсан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Учир нь нэхэмжлэгч талаас Б.Жын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд дээр дурдсан .. тоот албан бичгийг Улсын бүртгэлийн албанд хүргүүлсэн гэж, хариуцагч Б.Жнь орон сууцны үнийг хоорондын тооцоогоор бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагч тал болох Б.Ж нь маргааны зүйл болж буй орон сууцны үнийг төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байсан.

Гэтэл хариуцагч Б.Ж нь худалдан авсан гэх орон сууцны үнийг төлсөн ямар ч баримт гаргаж өгөөгүй байхад анхан болон дав заалдах шатны шүүх “талуудын хооронд захиалгаар орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээний дагуу худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдагч тал буюу “ДШБ” ХХК нь гэрээнд заасан орон сууц барих үүргээ, худалдан авагч тал буюу Б.Ж нь гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ тус тус биелүүлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн хангагдсан байх тул энэхүү гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.25-ны өдрийн 001/ШХТ2023/00622 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонхи үзэв.

 

8. Нэхэмжлэгч “ДБ” ХХК нь хариуцагч Б.Ж, Ж.Бнарт холбогдуулан 2014.04.14-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...Ж.Бтой бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүнд туслах зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр түүний хэлснээр Б.Жын нэр дээр түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан... Ж.Бтой бид утсаар холбогдож гэрчилгээгээ авах тухай ярихад Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавьсан байгаа чөлөөлүүлэнгүүт өгнө гэх байдлаар явсаар байсан. Энэ хугацаанд бид 2014 онд орон сууцыг иргэн С.Зд ажлын хөлсөд тооцон өгсөн бөгөөд уг байрыг эзэмшиж байсан, гэтэл Б гэх хүн С.Зд холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаснаар Б.Ж нь тэр хүнд орон сууцыг худалдсаныг мэдсэн, Б.Ж нь орон сууцны үнийг огт төлөөгүй, түүний нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлэхийн тулд төлбөрөө төлсөн гэсэн албан бичиг өгсөн болохоос бодит байдалд ямар ч төлбөр төлөөгүй, өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нь хуурамч, ЧУгэдэг компанитай манайх ямар нэгэн тооцоо огт байхгүй...” гэж тодорхойлжээ.

 

9. Хариуцагч Б.Ж нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “ДБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Атэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдан авсан, орон сууц барьцаанд байсан учраас эзэмшлийг энэ хугацаанд нь шаардаагүй, өөрийнхөө эд хөрөнгийг яаж захиран зарцуулах нь өмчлөгчийн эрх учраас 2022.03.25-ны өдөр Б.Б гэх хүнд уг орон сууцыг худалдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, хариуцагч Ж.Бнь “...би 2014 онд “ДБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, тухайн үед гүйцэтгэх захирлаар Д.А гэдэг хүн ажиллаж байсан, ...би худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, энэхүү нэхэмжлэлд хамтран хариуцагч биш болно гэсэн үндэслэлээр тус тус маргаж, мэтгэлцсэн байна.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ ““...ДБ” ХХК болон Б.Ж нар 2014.04.14-ний өдөр гэрээ байгуулан .. аймаг, ... сум, ... зочид буудлын зүүн талд хаягт орших орон сууцны .. хороолол хотхоны ... айлын орон сууцны .. блок .. м.кв .. өрөө /.. давхарт/ орон сууцыг худалдах, худалдан авахаар тохирсон, “ДБ” ХХК-ийн 2014.04.14-ний өдрийн .. дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай албан бичигт Б.Ж нь .. аймгийн .. сумын .. багийн .. хорооллын .. байрны .. тоот .. м.кв .. өрөө орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Жын нэр дээр олгож өгнө үү гэснээс үзвэл хариуцагч Б.Ж үүргээ биелүүлсэн /хх-35/, улмаар дээрх орон сууцны өмчлөх эрх Б.Жын нэр дээр шилжсэн, “ДБ” ХХК нь гэрээнд заасан орон сууц барих үүргээ, нөгөө тал буюу Б.Ж төлбөр төлөх үүргээ тус тус биелүүлсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хангагдсан байх тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь энэхүү маргаантай асуудлыг 2022.10.27-ны өдөр буюу 8 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нь хэлцлийг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан хэлцэл гэдгийг баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшиж байсан С.Зийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй, ...“ДБ” ХХК-ийн захирал Б.М нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан атлаа төлөөлж С.Зтэй гэрээ байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ.

 

11. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, адил шийдвэр гаргасан боловч маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй нь хуулийг хэрэглэх боломжгүйд хүргэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

 

12. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, “ДБ” ХХК болон Б.Ж нарын хооронд 2014.04.14-ний өдөр худалдах-худалдан авах бичгээр байгуулагдсан гэрээ, “ДБ” ХХК-ийн 2014.04.14-ний өдрийн .. дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай албан бичигт Б.Ж нь .. аймгийн .. сумын .. багийн .. хорооллын .. байрны .. тоот .. м.кв .. өрөө орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Жын нэр дээр олгож өгнө үү гэсэн агуулга тусгагдсан, 2014.04.18-ны өдөр орон сууцны өмчлөх эрх Б.Жын нэр дээр шилжсэн боловч орон сууцыг иргэн С.З 2014 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаад зохигчийн тайлбарласнаар 2022 онд шүүхийн шийдвэрээр орон сууцыг чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

 

13. Шүүх материаллаг, эсхүл процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хууль ёсны бус гэж үзнэ. Харин хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, маргааны зүйлийн талаар талууд мэтгэлцэж чадаагүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болоогүй гэж үздэг.

 

13.1. Нэхэмжлэгч нь Ж.Бтой бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу туслах зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр түүний хэлснээр Б.Жын нэр дээр түр хугацаанд шилжүүлсэн өгсөн байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байхад хариуцагч Ж.Бнь гэрээ байгуулаагүй, надад хамаагүй гэснээс өөр тайлбар, баримт гаргаагүйгээс гадна хариуцагч Б.Ж нь орон сууцны үнийг төлсөн эсэхийг хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдсон гэж үзэх эсэх асуудал тодорхой бус байх тул хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, залруулах боломжгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд хоёр шатны шүүх “ДБ” ХХК болон Б.Ж нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн боловч нэхэмжлэгч нь Ж.Бтой харилцан тохирч түүнд туслах зорилгоор түүний заасан этгээд Б.Жын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж маргаж байгаа тул энэ нөхцөл байдлыг тодруулж чухам хэний хооронд гэрээ байгуулагдсан үйл баримтыг тогтоох нь ач холбогдолтой байсан. Өөрөөр хэлбэл “ДБ” ХХК болон Ж.Б нарын хооронд, эсвэл “ДБ” ХХК болон Б.Ж нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэх нь зайлшгүй хийх эрх зүйн дүгнэлт байжээ.

 

13.2. Хариуцагч Б.Ж нь гэрээ байгуулах өдөр орон сууцны үнэ 84,636,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбар гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр хоорондын тооцооны дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж “ЧУ” ХХК-ийн 2014.04.02-ны өдрийн 02 тоот албан бичгийг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх уг баримтыг үнэлээгүй талаар шийдвэртээ тусгасан, ийнхүү үнэлээгүй үндэслэл нь тодорхой бус, харин “ДБ” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2014.04.14-ний өдрийн .. тоот албан бичигт “...Б.Ж нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан...” гэх баримтыг үндэслэж, хариуцагч Б.Жыг үүргээ биелүүлсэн гэх дүгнэлтийг хийсэн. Гэвч нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийн тулд уг баримтыг бичиж өгсөн, хариуцагч Б.Ж нь орон сууцны үнийг огт төлөөгүй гэж маргасан бөгөөд энэ маргаанд хариуцагч Б.Ж орон сууцны үнийг төлсөн эсэх асуудал ач холбогдолтой, уг үйл баримтын талаар зохигч бүрэн мэтгэлцээгүй байдал тогтоогдож байна.

 

“ЧУ” ХХК-ийн “Иргэн Б.Ж нь 85 сая төгрөгийн үнэ бүхий салбар төмөр замын рейлс төмрүүд, түүний дагалдах хэрэгсэл болох ивүүр, хавчаар, хадаас болон дэр мод зэргийг үйлдвэрийн талбайн нөхцөлөөр нийлүүлсэн бөгөөд, төлбөрийг бартер хэлбэрээр тооцож барагдуулахаар хариуцан тохиролцсон. Иймд танай компанид манай тоосгоны үйлдвэрээс нийлүүлсэн өнгөт болон цагаан тоосгоны авлагаас суутган тооцож, иргэн Б.Жд дээрх үнийн дүнтэй тэнцэхүйц орон сууцыг түүнтэй гэрээ байгуулан олгож хоорондын тооцоонд тусгана уу” гэх агуулгатай тодорхойлолт гэсэн албан бичгийг хариуцагч Б.Ж шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн, уг баримтыг шүүх хүлээн авсан атлаа үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтын тухайд  “...“ЧУ” ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй...” гэсэн тайлбараас өөр баримт хэрэгт байхгүй учир хариуцагч Б.Ж нь орон сууцны үнийг хоорондын тооцоогоор төлсөн эсэхийг дүгнэх боломжгүй, уг үйл баримт тодорхой бус үлджээ. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болоогүй баримтыг мөн зааж, шалтгааныг тайлбарлах учиртай.

 

13.3. Түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах явдал тул шилжүүлсэн гэх орон сууц нь хариуцагч Б.Жд байхгүй, Б гэх хүний өмчлөлд шилжсэн баримт байхад шүүх эрх зүйн үр дагаврыг тодруулах нь хууль хэрэглээний асуудал бөгөөд шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нөгөө талаар Б өмчлөх эрхийг олж авахдаа Б.Жын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэл буруу ташаа болохыг мэдэх боломжтой эсхүл мэдсэн эсэх нь ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах нэхэмжлэлээ дэмжиж байгаа, хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх нөхцөлд нэхэмжлэгчээс эдгээр нөхцөл байдлыг тодруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ. Маргаж буй орон сууцны өмчлөгч нь Б байгаа тохиолдолд энэ маргаан нь түүний хууль ёсны эрх ашгийг хөндөх эсэхийг зохигч өөрсдөө илэрхийлээгүй ч энэ талаар шүүх тодруулах  нь ач холбогдолтой байсан.

 

13.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд шүүх үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын хүрээнд дүгнэх учиртай бөгөөд маргааны зүйлд хамаарахгүй асуудлаар буюу “...“ДБ” ХХК-ийн захирал Б.М нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх ба С.Зтэй гэрээ байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан боловч зохигч мэтгэлцэж, маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтоогоогүй тохиолдолд эрх зүйн маргааныг зохицуулсан материаллаг хуулийн хэм хэмжээг оновчтой хэрэглэх боломжгүй байна.

 

Иймд хяналтын шатны шүүх маргааны үйл баримтыг шууд дүгнэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж, хэргийн нөхцөл байдлыг тогтоосны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 209/МА2023/00022 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                           Н.БАЯРМАА

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                       Д.ЦОЛМОН

 

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД