Д.Т-д холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр М.Пүрэвсүрэн
Шийдвэрийн огноо 2023.03.09
Шийдвэрийн дугаар 47
Хэргийн индекс 188/2022/0974/Э
Маргааны төрөл
Хуулийн зүйл, заалт 10.6-1
Шийдвэрлэсэн байдал

Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.09.28, дугаар: 1208
Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.12.08, дугаар: 1168
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар: 47
Улаанбаатар хот


 

 

Д.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д, М.О, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1208 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1168 дугаар магадлалтай, Д.Т-д холбогдох 2208000000655 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Д.Т

 

Шүүгдэгч Д.Т  нь 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 77 дугаар гудамжны 5 тоот Н.Н-ийн гэрт согтуурсан үедээ Б.М-той маргалдаж, толгойнд нь архины шилээр цохиж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагадэдлүүлж, цагдан хоригдсон 179 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц  хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаас өөр дүгнэлт хийсэн. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг үндэслэлгүй.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1059, 450 дугаартай дүгнэлтүүд, гэрч Нийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Т  нь амь хохирогчийг санаатай алсан нөхцөл байдал тогтоогдож байна.

3. М-ын амь насыг хохироосон үйлдэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Цус алдсан нь ерөнхий цус багадалт үүсгэж осголт түргэн явагдах нөхцөлийг бүрдүүлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Мөн давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд асуудалтай нөхцөл байдал байгааг магадлалдаа тодорхой зааж байгаа ч Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин хэлэлцүүлэхээр буцаах, зарим нэг хуулийн заалт хүчин төгөлдөр байхад түүнийг хэрэглэхгүй гомдлыг хүлээн авсан атлаа зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсноор эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурор болон шүүхэд буцааж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1208 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө 03 цагийн үед гэмт хэрэг гарч, 07 цаг өнгөрч байхад анхны дуудлага, мэдээллийг хүлээн авч хохирогч эмнэлэгт хүргэгдсэн боловч 11 цагийн үед нас барсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг осгосон, харин цохигдсон хэсэгт хөнгөн гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.О хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлт тухайн үйл баримтыг хангалттай нотолсон. Ганц гэрчийн мэдүүлгээр хэргийн субьектив шинжийг тогтоох боломжгүй. Тухайн гэрчийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөр байдлаар мэдүүлдэг. Давж заалдах шатны шүүх гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэлж,  “...гэмт хэргийн субьектив байдлыг хангалттай нотолж байна, шүүгдэгч Д.Т ийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хангаж байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрчийн зөрүүтэй мэдүүлгийн тухайд “...намайг архи аягалаад өг гэж хэлсэн. Архиа уучхаад дахиад зодсон...” гэдэг. Гэтэл архины шилээр цохиод хагалчихсан байхад архи аягалах боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т  нь амь хохирогчийг санаатай алсан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн атал шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол тогтоолыг хүчингүй болгох үүрэг болгосон хэм хэмжээг биелүүлээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гэмт хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг тус тус зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Т өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Д.Т  нь 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 77 дугаар гудамжны 5 тоот, Н.Н-ийн гэрт согтуурсан үедээ Б.М-той маргалдаж, толгойнд нь архины шилээр цохисны улмаас зүүн чамархай хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл учруулсан, хохирогч Б.М цусаа гоожуулсан байдалтай зугтах оролдлого хоёр ч удаа хийсэн боловч тохиолдол бүрт шүүгдэгч Д.Т  араас нь хөөн барьж авч гэрт оруулан зодохын зэрэгцээ, “... газарт хэвт, маргааш өглөө үхээгүй байвал өөрөөр нь цусыг нь цэвэрлүүлнэ ...” гэх зэргээр үг яриагаараа дарамт үзүүлэн, энэ бүхний эцэст хохирогч Б.М дунд зэргийн согтолттой, толгойн хуйхны язарсан шархнаас цус урссан байдалтай гарч зугтаж яваад ерөнхий цус багадалтад орж нам хэмийн осголтоор нас барсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй тогтоожээ.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Т ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан хэмжээний ял оногдуулжээ.

 

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг магадлан хянахдаа шүүгдэгчийн хохирогчид халдах үеийн сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгыг нотлох баримтад тулгуурлан хууль зүйн шалгуур, шинжээр задлан шинжлэх замаар болсон хэргийн үйл баримт, зүйлчлэлийг тогтоох байтал гэмт үйлдлийн эцэст хохирогч амь насаа алдсан нь шүүгдэгчийн хүсэл, зорилго байсан гэж үзэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн байна.

 

Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр юм. Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсч үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /шууд бус санаатай/ шинжтэй байдаг бол болгоомжгүй гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдлыг зүйлчлэлд гол шалгуур болгон авч үздэг.

 

Шүүгдэгч Д.Т  нь хохирогчийн толгойн тус газарт архины шилээр цохиж хуйхны язарсан шарх бүхий гэмтэл учруулсны зэрэгцээ үргэлжлүүлэн зодох, үг яриагаар айдас, түгшүүрт автуулсны улмаас хохирогчийг тухайн газраас зугтаж гарахад хүргэсэн ба уг шархнаас гарсан цус алдалт нь дунд зэргийн согтолттой хавсарч ерөнхий цус багадалтад оруулж осголтоор нас барах шалтгаан болжээ.

 

Шүүгдэгч Д.Т  нь хохирогчийн амь насыг хохироох санаа агуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч түүнд зодуулж толгойдоо авсан шархнаас цус алдсан, мөн дунд зэргийн согтолтын байдалтай хаврын улиралд, шөнийн цагаар гарч зугтахад хүргэсэн үйлдлийнх нь улмаас хохирогчийн амь насанд аюул учрах эрсдэлийг мэдэх боломжтой байхад хайхрахгүй орхисон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн атлаа хэвээр үлдээж, агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр гаргажээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц-гийн хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор хяналтын шатны шүүхээс тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1168 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1208 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

                                           ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН