Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр Х.Батсүрэн
Шийдвэрийн огноо 2022.11.28
Шийдвэрийн дугаар 001/ХТ2022/0074
Хэргийн индекс 128/2021/0888/З
Маргааны төрөл Төрийн алба
Хуулийн зүйл, заалт Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.05.10, дугаар: 363
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.08.04, дугаар: 543
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар: 001/ХТ2022/0074
Улаанбаатар хот


 

Ц.Б-ын  нэхэмжлэлтэй,

 Төрийн албаны зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   М.Батсуурь

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                  П.Соёл-Эрдэнэ

   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 474 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Ц.Б , түүний өмгөөлөгч Э.М (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Д.А нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэлийн шаардлага:

 

1. Ц.Б-аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Биеийн тамир, спортын улсын хорооны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Ц.Б-ыг нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хэргийн нөхцөл байдал:

 

          2. Биеийн тамир, спортын Улсын хорооны даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/209 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөл рүү тус хорооны жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны (10) захиалгыг хүргүүлсэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд сул орон тоог нөхөх тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, Л.Н  93.4 оноо, Ц.Б  нь 49.8 оноо авч эрэмбэлэгдсэн байна.

2.1. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор: Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Л.Н-ийг томилуулахаар нэр дэвшүүлж, нэр дэвшигч Л.Н-ийг Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг Биеийн тамир, спортын Улсын хорооны даргад санал болгожээ. Дээрх нэр дэвшүүлж, санал болгосон тогтоолоо Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/302 дугаар албан бичгээр Биеийн тамир, спортын Улсын хороонд (цаашид “Хороо” гэх ) хүргүүлжээ.

2.2. Л.Н-оос 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр огноолон (гар бичмэлээр) Хороонд хаягласан “... Татварын ерөнхий газраас зарласан сул орон тоон дээр томилогдох болсон тул Биеийн тамир, спортын улсын хорооноос зарласан орон тоон дээр онооны дарааллын дагуу дараагийн хүнийг томилохыг зөвшөөрч байна” гэсэн агуулгатай бичиг хэрэгт авагджээ.

          2.3. Хорооны газрын даргаас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/96 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 34 дүгээр тогтоолоор нэр дэвшигч Л.Н нь өөр албан тушаалд томилогдох болсон тул Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас татгалзсан өргөдлийг ирүүлсэн талаар, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Ц.Б-ыг тус албан тушаалд томилуулах саналаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

          2.4. Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан бичгийн хариуд, танайхаас ирүүлсэн сул орон тооны захиалгын дагуу тусгай шалгалтад оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан Л.Н-ийг Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн. Хорооны ...Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоо зохих журмын дагуу нөхөгдөөгүй байх тул дахин захиалгаа ирүүлэх зөвлөмжийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02/851 дүгээр албан бичгээр Хороонд хүргүүлжээ.

          2.5 Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 34 дүгээр тогтоолыг Ц.Б  эс зөвшөөрч гомдол гаргахад, Зөвлөлийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/686 дугаар албан бичгээр “... Төрийн албан хаагчийн нөөцөөс жинхэнэ төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч иргэн нь дээрх хууль, журамд заасан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог нөхөх дараалалд заасан тухайн  байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид олгогдсон давуу эрхийг эдлэх боломжгүй” талаарх хариу өгсөн байна.

          2.6. Ц.Б-аас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж санал болгуулах гомдлыг гаргахад, тус Зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/1674 дүгээр албан бичгээр ... Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.4-т зааснаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөвхөн удирдах албан тушаалд нэр дэвшигчээс хуульд заасан үндэслэлээр татгалзах эрх зүйн зохицуулалттай. Уг Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь гүйцэтгэх албан тушаалд хамаарах бөгөөд Л.Н-ийг томилох эрх бүхий албан тушаалтан тухайн албан тушаалд томилохоос хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй тул Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.4-т заасан зохицуулалт хамаарахгүй. Сул орон тоонд зохих журмын дагуу томилогдоогүй Ц.Б ыг чөлөөлж, сонгон шалгаруулалт явуулах захиалгаа ирүүлэх талаар Хороонд хүргүүлж, мөн бичгийн хувийг Ц.Б-д хүргүүлсэн байна.

3. Нэхэмжлэгчээс “... Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.4-т заасныг үндэслэлгүйгээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дээрх журмын дагуу онооны дарааллаар томилогдох боломжтой байтал нэр дэвшүүлж томилохоос татгалзсан нь хууль бус, Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-т заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тухайн албан тушаалд томилоход асуудалгүй, уг хуулийн заалтыг үндэслэн томилох нь зүйтэй ... ” гэж тайлбарлан маргасан.

3.1. Хариуцагчаас “...2019 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч албан тушаалд томилогдохоос татгалзсан тохиолдолд дахин шинээр сонгон шалгаруулалт зарладаг, Хуулийн ахлах мэргэжилтний сул орон тоо нь гүйцэтгэх албан тушаалд хамаарна, тусгай шалгалтын нөөц гэж байхгүй, журмын 7.3-т зааснаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно, татгалзсан үндэслэлийг Төрийн албаны зөвлөлд 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой, мөн журмын 7.4-т нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол салбар зөвлөлд тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ гэсэн зохицуулалт байдаг. 7.4-д зааснаар удирдах гэсэн үг байхгүй байсан бол онооны дарааллаар тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх боломжтой болно, гэхдээ гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд уг 7.4-д зааснаар онооны дарааллаар нэр дэвшүүлэх боломжгүй, гүйцэтгэх болон туслах албан  тушаалд журмын 7.4 дэх заалтыг баримтлах боломжгүй, төрийн албаны тусгай шалгалтад тэнцэх болон босго оноо гэж байхгүй, хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлдэг, өндөр оноо авч байж тухайн албан тушаалд дэвших боломжтой, Ц.Б нь онооны дарааллаар 2-т орсон, 1-т орсон Л.Н-ийг нэр дэвшүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн 34 дүгээр тогтоол гарсан, нэр дэвшигч өөрөө татгалзсан нь хуульд заасан үндэслэлээр татгалзах гэх үндэслэлд хамаарахгүй, нэр дэвшигч өөрөө татгалзсан учир сул орон тоо нөхөгдөөгүй дахин зарлах учиртай, 2-т онооны дарааллаар орсон буюу тусгай шалгалтын нөөцөд орсон гэж үзэн томилох боломжгүй, хуулийн ахлах мэргэжилтний орон тоо сул хэвээр байгаа тул захиалгаа ирүүлээд тухайн албан тушаал дээр нэхэмжлэгчээс дахин шалгалт өгөх боломжтой байгаа ... гэж шүүхэд тайлбар гаргажээ.

3.2. Гуравдагч этгээдээс “... Миний татгалзсан орон тоон дээр өөр журмын дагуу дараагийн хүн нь томилогдох боломжтой бөгөөд миний эрх ашиг хөндөгдөх зүйлгүй гэж үзэж байна. Тухайн шүүх хуралд оролцох шаардлагагүй бөгөөд намайг байхгүйд шүүх хурлыг хийхэд татгалзах зүйлгүй болно” гэж шүүхэд тайлбар гаргасан байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ыг Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг хариуцагч Төрийн албаны зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой хэргийг 2022 оны  10 дугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 474 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Д.А нараас шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргасан байна.

7.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.2. Давж заалдах шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтын дагуу төрийн албаны тусгай шалгалт өгсөн Л.Н, Ц.Б  нарын хэн аль нь уг албан тушаалын нөөцөд байгаа иргэн гэж үзэхээр байна” гэж дүгнэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохын өмнө төрийн албаны ерөнхий шалгалт өгч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж, улмаар төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгч, Зөвлөл болон Салбар зөвлөлөөс тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг албан тушаалд томилох хууль, эрх зүйн зохицуулалттай.

7.3. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7.2 дахь заалтад “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн иргэдийн хувьд нөөцөд бүртгэгдэх бөгөөд харин төрийн албаны тусгай шалгалт (тухайн албан тушаалын) өгсөн иргэдийн хувьд нөөцөд байх тухай хууль, эрх зүйн ойлголт байхгүй болно.

7.4. Нэхэмжлэгч Ц.Б нь Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт өгч, онооны дүнгээр 2 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд нэхэмжлэгч уг асуудалтай маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг болно.

7.5. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан.

7.6. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг баталж, уг журмын 7.3 дахь заалтад “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ”, 7.4 дэх заалтад “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ” гэж тус тус заасан.

7.7. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй бол Төрийн албаны зөвлөл болон Салбар зөвлөл шалгалтын онооны дарааллыг баримтлан өөр хүнийг удирдах албан тушаалд нэр дэвшүүлэхээр байна.

7.8. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.” гэж заасан. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт”-ыг баталсан бөгөөд уг жагсаалтад Засгийн газрын агентлагийн ахлах мэргэжилтэн нь гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэлийн ангилал, ТЗ-7 зэрэглэлд хамаарч байгаа болно. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам тогтоосон захиргааны хэм хэмжээний актаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно, нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ гэсэн зохицуулалтыг журамлахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нийцүүлэн баталж, дагаж мөрдөж байгаа болно.

7.9. Маргаж буй албан тушаал болох Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтний албан тушаал Төрийн албаны тухай хууль тогтоомжид зааснаар удирдах биш гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлэх боломжгүй тул Ц.Б дахин сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноог авах шаардлагатай.

7.10. Давж заалдах шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчим алдагдсан” гэж дүгнэсэн тухайд төрийн албаны удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалд Монгол Улсын иргэн бүр төрийн албаны ерөнхий болон тусгай /тухайн албан тушаалын/ шалгалт өгч, зохих журмын дагуу томилогдох, Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд зааснаар тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлахгүй, давуу байдал олгохгүй, эрх тэгш байна гэж ойлгоно. Түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл, өөрийгөө хөгжүүлж сурч боловсрох, амралт эдлэх зэрэг нь төрийн албаны стандартад нийцсэн, албан хаагчдад тэгш, хүртээмжтэй байхыг ойлгоно. Нэхэмжлэгч Ц.Б албан тушаалд тавигдах болзол, шаардлага хангасан хэдий ч төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д хамгийн өндөр оноог авснаар нэр дэвшүүлэх зохицуулалттай, өндөр оноог аваагүй бол нэр дэвшүүлэх боломжгүй юм.

7.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай ... холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага болох Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч Ц.Б-ын  эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар болон уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн бодит эрх хэрхэн зөрчигдөж байгааг давж заалдах шатны шүүх дүгнээгүй болно.

7.12. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг ... хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ”, 25.7.5.а дахь заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн бол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн тул хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

7.13. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          8. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэг. Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Ц.Б-ыг нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд (цаашид “Зөвлөл” гэх) даалгах шаардлагын тухайд:

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, …” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай.

 

11. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно гэж, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.3-т  удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болохоор, 7.4-т нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөлөөс тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэхээр тус тус заасан.

12. Тухайн тохиолдолд, хариуцагчаас Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тоо нь гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх бөгөөд хариуцагчаас журмын удирдах албан тушаалтныг томилохоос хуульд заасан үндэслэлээр татгалзсан тохиолдолд онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэх боломжтой ... сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч албан тушаалд томилогдохоос татгалзсан тохиолдолд дахин шинээр сонгон шалгаруулалт зарлана, сул орон тоог нөхөгдөөгүй” гэж үзэн нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв.

13. Учир нь, төрийн албан хаагчийн тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад 2 хүн оролцож, хамгийн өндөр оноо авсан этгээд нь өөрөө тус сул орон тоонд томилогдохоос татгалзсан, талууд маргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.4-т заасныг адилтган хэрэглэж, сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан дараагийн нэр дэвшигчийг дэвшүүлэх боломжтой.

14. Хэдийгээр хамгийн өндөр оноо авсан этгээдийн хувьд түрүүлж томилогдох хуулийн зохицуулалттай боловч тэрээр өөрөө томилогдохоос татгалзсанаар дараагийн нэр дэвшигчийг нөхөн дэвшүүлэх шийдвэр гаргах нь дээрх хууль, журамд нийцэх тул нэхэмжлэгчийн даалгах шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.

Хоёр. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэжтус тус гэж зааснаар нэхэмжлэл гаргаж буй этгээдээс захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ тодорхойлж, хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэлээ гаргах; мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар эрх нь зөрчигдсөнийг тогтоож хүчингүй болгохоор тус тус заасан.

16. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт) 7.2-т зааснаар Зөвлөл нь ... шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх үүргээ хэрэгжүүлж ... Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд хамгийн өндөр оноо авсан Л.Н-ийг дэвшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

17. Зөвлөлийн 2021 оны 34 дүгээр тогтоол нь хамгийн өндөр оноо авсан этгээдэд чиглэсэн, түүнийг сул орон тоонд санал болгон томилогдох эрхийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан шийдвэр бөгөөд шалгалтын оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгдсэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үр дагаврыг үүсгээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх аливаа байдлаар сэргэх учиртай; энэ тохиолдолд гуравдагч этгээдийг сул орон тоонд томилуулахаар санал болгосон тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн сэргэх эрх тогтоогдохгүй. Иймд, дээрх тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 363 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Ц.Б-ыг нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгаж”, үлдэх “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                             Ц.ЦОГТ

                                                             Х.БАТСҮРЭН