Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх сахилгын хэрэг

Шүүгчийн нэр Б.Цогт
Шийдвэрийн огноо 2022.11.14
Шийдвэрийн дугаар 001/сххт2002/0002
Хэргийн индекс
Маргааны төрөл Огцруулах
Хуулийн зүйл, заалт 37.1.2, 37.1.3, 1.3-1, 2.3-1
Шийдвэрлэсэн байдал

хяналтын тогтоолыг хэвээр үлдээх;

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.01.08, дугаар:
Анхан шатны шүүх Сахилгын хороо
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.01.08, дугаар:
Давж заалдах шатны шүүх Сахилгын хороо

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар: 001/сххт2002/0002
Улаанбаатар хот


 

Шүүгч З.Б, Д.О,

Х.И нарт холбогдох

сахилгын хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч:                                                  Г.Банзрагч

Танхимын тэргүүн:                                     Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                                        Б.Батцэрэн

                                                                        Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                                              Б.Цогт

 

Нарийн бичгийн дарга:  Ч.Уранбилэг

 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр хяналтын тогтоолтой,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.И, З.Б, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О нарт холбогдох сахилгын хэргийг, хэргийн оролцогч З.Б, Х.И, Д.О болон түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан сахилгын хэргийн хяналтын тогтоолд холбогдох шүүгчээс гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалаар: Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.И, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О нарт “шүүгчийн албан тушаалаас огцруулах” сахилгын шийтгэл, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б-т “зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” сахилгын шийтгэл тус тус сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

2. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр хяналтын тогтоолоор ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б, Х.И, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О нарын гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр “Шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

3. Сахилгын хэргийн оролцогч Д.О болон түүний өмгөөлөгч Д.Батсүх нар Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо:

3.1. Шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлбэр, дарааллыг Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан.

3.2. Шинээр байгуулагдсан Монгол Улсын шүүхийн сахилгын хороо шүүгч Х.И, З.Б, Д.О нарт холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа дараах байдлаар хуулиар тогтоосон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, энэхүү зөрчлийн улмаас тэдгээр шүүгч хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн.

3.3.Энэхүү сахилгын хэрэгт урьд үйл ажиллагаа явуулж байсан Монгол Улсын шүүхийн ёс зүйн хороо /цаашид “Шүүхийн ёс зүйн хороо” гэнэ/ тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хэрэг үүсгэж, сахилгын хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нийт гишүүдийн хуралдаанаар хянан хэлэлцсэн ба тус хуралдаанаас гарсан 68 дугаар магадлалыг холбогдогч шүүгч нар эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

3.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шүүгч нарын гаргасан гомдлын дагуу тус сахилгын хэргийг хянан шийдвэрлээд Шүүхийн ёс зүйн хорооны дээрх магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус хороонд буцааж шийдвэрлэсэн.

3.5. Иймээс энэ сахилгын хэргийн тухайд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан “өргөдөл, мэдээлэл хүлээн авах” ажиллагаа нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль /цаашид “Дагаж мөрдөх журмын тухай хууль” гэнэ/-ийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу шинээр байгуулагдсан Сахилгын хороонд шилжин ирсэн.

3.6. Дагаж мөрдөх журмын тухай хуульд тус хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлж байгаа сахилгын хэргийг ямар журмаар хэрхэн шилжүүлэх болон Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын хэрэг үүсгэсэн хэрэгт Сахилгын хороо шинээр сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг тодорхой хуульчлаагүй боловч эдгээр ажиллагааг хэрхэн яаж явуулсан талаарх баримтыг албажуулж, шилжүүлэн авсан сахилгын хэрэг бүрд хавсаргах нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт Сахилгын хороо “өргөдөл, мэдээлэл хүлээн авах” ажиллагааг хэрхэн явуулж, баталгаажуулах шаардлагад нийцэх юм.

3.7. Хэдийгээр энэ хэргийн тухайд дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Сахилгын хороонд шилжин ирж байгаа хэрэг боловч энэ нь дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу бүртгэж, баталгаажуулах ажиллагааг явуулахгүй байх үндэслэл болохгүй юм.

3.8. Сахилгын хороо албан ёсоор бүртгэж, баталгаажуулаагүй өргөдөл, гомдол /Сахилгын хэрэг/-ыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсгийг зөрчсөн.       

3.9. Сахилгын хороо өргөдөл, мэдээллийг хүлээн авсныг баталгаажуулснаар Шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.4 дэх хэсэгт заасан журмын дагуу “илтгэгч гишүүн”-д хуваарилснаар мөн хуулийн 101.1 дэх хэсэгт заасан сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах эрх зүйн үндэслэл бүрдэх атал энэ ажиллагааг зохих журмын дагуу хийгдээгүйгээс Шүүхийн тухай хуулийн 102.1.1, 102.1.4-т заасан оролцогчийн эрхүүд зөрчигдөхөд хүргэсэн.

3.10. Шилжин ирсэн сахилгын хэргийг бүртгэж, баталгаажуулах ажиллагаа хийгдсэнээр дараагийн ажиллагаа буюу сахилгын хэргийг “илтгэгч гишүүн”-д хуваарилах эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

3.11. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 103 дугаар зүйлийн 103.4 дэх хэсэгт “Өргөдөл, мэдээллийг хүлээн авсан даруй энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар Сахилгын хорооны гишүүд /цаашид “илтгэгч гишүүн” гэх/-д хуваарилна гэж, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт “Сахилгын хорооны зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, 96.2.5 дахь заалтад “сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг энэ хуулийн 19.3, 19.4-д заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн баталж, нээлттэй байлгах” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана”, 19.3.1-д “шүүх хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруй хуваарилалтыг хийх, Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй хамгаалалттай байх, хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх гэж тус тус өргөдөл, гомдол”-ыг Сахилгын хорооны гишүүнд хуваарилах журмыг тодорхой хуульчилсан.

3.12. Өмгөөлөгч Д.Батсүх миний бие хэргийн материалтай танилцах явцад тухайн хэргийг Сахилгын хорооны гишүүн Б.Сугарт ямар байдлаар хэрхэн хуваарилсан талаарх баримт авагдаагүй байсан. Сахилгын хорооны хуралдааны эхэнд энэ зөрчлийг арилгуулах талаар хүсэлт гаргасан боловч, бүрэлдэхүүн “... хэргийг хуралдаанаар хэлэлцэж нотлох баримт шинжлэн судлаагүй тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбар хийж хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

3.13. Хуралдааны явцад энэ нөхцөл байдлыг тодорхойлох баримт хэрэгт байгаа эсэхийг тусгайлан шинжлэн судлуулсан ба энэ талаарх баримт хэрэгт байгаагүй, зөвхөн илтэгч гишүүн амаар тайлбарлаад л өнгөрсөн.

3.14. Тэрээр тайлбарлахдаа “хуульд заасан журмын дагуу санамсаргүй, хүний нөлөөнөөс ангид байдлаар гишүүд сугалсан, надад хоёр хэрэг сугалагдсаны нэг нь шүүгч З.Б, Х.И, Д.О нарт холбогдох сахилгын хэрэг байсан” гэсэн нь сахилгын хэргийг Б.Сугар гишүүнд хуваарилах ажиллагаа Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг болон мөн хэсгийн 19.3.1-д заалтад нийцээгүй болохыг нотолсон.

3.15. Дээр дурдсан журам, зарчмын дагуу сахилгын хэргийг хуваарилсан гишүүнийг “илтгэгч гишүүн” гэх бөгөөд илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх, сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулах” эрхтэй байхаар хуульд тодорхой заасан байна.

3.16. Түүнчлэн сахилгын хэрэг гишүүнд хуваарилагдсанаар тухайн гишүүнд өргөдөл, гомдол хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжийг бүрдүүлснээр тэд тухайн гишүүнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжийг сахилгын хороо бүрдүүлсэн байх ёстой.

3.17. Сахилгын хороо зохих журмын дагуу хэргийг хуваарилаагүй илтгэгч гишүүн /Б.Сугар/-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүний явуулсан шалгах ажиллагаа, үйлдсэн дүгнэлтийг үндэслэн сахилгын хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 112 дугаар зүйлийн 112.1.5-д “... эсхүл нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаана” гэснийг зөрчсөн.

3.18. Хэрэг хуульд заасан журмын дагуу хуваарилагдаагүй илтгэгч гишүүний явуулсан ажиллагаа бүхэлдээ хууль бус гэж үзэх тул түүний явуулсан ажиллагаагаар Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасан оролцогчдын эрхийг хангасан гэж үзэх үндэслэлгүй юм.

3.19. Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлж байсан Шүүхийн ёс зүйн хороо энэ хэргийн оролцогч шүүгч нарт холбогдуулан “...” болон “...” ТББ-ын гаргасан гомдлын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус хорооны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн байдаг.

3.20. Энэхүү үүсгэсэн сахилгын хэргийн хүрээнд Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанд иргэн О.С-гийн гаргасан гомдолд холбогдуулан холбогдогч шүүгч нарт сахилгын хэрэг үүсгээгүй, тус гомдлыг тэдэнд гардуулан өгч тайлбар аваагүй байсан.

3.21. Энэ талаар Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалд зөрчилд холбогдсон шүүгч нарын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 485 дугаар магадлалын “Хянавал” хэсэгт дурдсан 2 дахь үндэслэлд тодорхой тайлбарласан байдаг.

3.22. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс сахилгын хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Шүүхийн ёс зүйн хороонд буцааснаас хойш тус хороо болон шинээр байгуулагдсан Сахилгын хорооноос иргэн О.С-гийн гаргасан өргөдөл, мэдээлэл /гомдолд/ сахилгын хэрэг үүсгэх эсэх асуудлыг огт шийдвэрлээгүй, ийм баримт хэрэгт байхгүй болно.           

3.23. Гэтэл илтгэгч гишүүн “дүгнэлт”-ийнхээ 3.2-т “Иргэн О.С- 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монголын Хуульчдын холбооны Ёс зүйн хороонд анх гомдлоо гаргасныг Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн хороо 2021 оны 03 дугаар сарын 12-ны 1/50 тоот албан бичгээр тус гомдлыг Шүүхийн ёс зүйн хороонд шилжүүлснийг 2021 оны 03 дугаар 12-ны өдөр хүлээн авчээ. Уг гомдол нь тус хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг дурдаж, шалгуулж хариуцлага тооцохыг хүсжээ гэж ойлгогдохоор байна” гэж дүгнэсэн атлаа энэ өргөдөл, мэдээлэлд холбогдуулан сахилгын хэрэг үүсгээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсгийн “Илтгэгч гишүүн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай захирамж гаргана” гэснийг зөрчсөн.

3.24. Илтгэгч гишүүн тухайн өргөдөл, мэдээлэлтэй холбоотой асуудлаар сахилгын хэрэг үүсгээгүй атлаа иргэн О.С-гийн гомдлыг холбогдогч шүүгч нарт гардуулж, тайлбар авах ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийн “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа дараах шалгах ажиллагааг явуулна, 105.2.1-д “сахилгын хэрэг үүсгэсэн захирамж, тогтоол гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор уг захирамж, тогтоолыг өргөдөл, мэдээллийн хуулбарын хамт холбогдох шүүгчид гардуулж, эсхүл энэ хуулийн 112.6, 112.7-д заасан журмаар хүргүүлж, энэ тухай баримтжуулах” гэсэнд нийцээгүй.

3.25. Зүй нь илтгэгч гишүүн иргэн О.С-гийн өргөдөл, мэдээлэлтэй холбогдуулан сахилгын хэрэг үүсгэх захирамж гаргаж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт заасан журмын дагуу өмнө үүссэн сахилгын хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх захирамж гаргах эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай байсан.

3.26. Хэргийг шийдвэрлэсэн бүрэлдэхүүн “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсан”, “... шинэ хуулийн дагуу сахилгын хэрэг үүсгэх ёстой байсан гэх агуулгаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй” хэмээн хэрэгт цугларсан нотлох баримтад нийцээгүй, тодорхой хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн илтгэгч гишүүний зөрчлийг арилгах ажиллагаа хийлгээгүй нь хуульд нийцээгүй.

3.27. Дээрх үндэслэлүүд нь Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.4-д заасан “Сахилгын хорооны гишүүний гаргасан захирамж, Сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрвөл энэ хуульд заасны дагуу гомдол гаргах” оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.

3.28. Шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй асуудлын талаар Холбогдогч шүүгч нарын зүгээс тэдэнд холбогдуулан нэр бүхий иргэн хуулийн этгээд гаргасан гомдолд үйл баримт, нэн ялангуяа тэднийг буруутгах үндэслэл болсон олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгийг хэн, ямар зорилгоор хаанаас олж цацсан, уг нотлох баримт хууль ёсны нотлох баримт мөн эсэх асуудлыг шалгуулах хүсэлтийг байнга гаргаж ирсэн.

3.29. Энэ нөхцөл байдлыг тодруулах нь энэхүү сахилгын хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой бөгөөд энэ талаар шүүгч нарын гаргасан гомдлын дагуу энэхүү сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 485 дугаар магадлалд тодорхой дурдаж, энэхүү сахилгын хэргийн хүрээнд хийгдвэл зохих найман ажиллагааг зааж өгсөн.

3.30. Илтгэгч гишүүн дүгнэлтдээ “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 485 дугаар магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт тодорхой найман зөрчлийг дурдаж, зөрчилд тооцсон тэдгээр нөхцөл байдлыг шалган тогтоож, нэг бүрчлэн үнэлэлт дүгнэлт өгч сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ёстой гэсний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж магадлалд дурдсан нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн тодруулсан болно” гэснийг хэрэг шийдвэрлэсэн бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тухайлбал:

3.31. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...” ТББ-ын гомдлын тухайд “гаргасан гомдол нь хэрэгт байхгүй, шүүгч нарт танилцуулагдаагүй”, “тус байгууллагын гомдлыг “...” НҮТББ-ын гомдолтой нэгтгэн шийдвэрлэсэнтэй холбоотой ямар нэгэн баримт авагдаагүй” байхад шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулсан нь Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 1.1-д нийцээгүй гэж дүгнэсэн.

3.32. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан энэ зөрчлийн талаар илтгэгч гишүүн “...” НҮТББ-аас шүүх хуралдаанд гаргасан бид Ерөнхийлөгчийн тамгын газар гомдол гаргахад Шүүхийн ёс зүйн хороо руу шилжүүлсэн. Үүний дараа нэгтгэж шийдвэрлэсэн гэсэн байх боловч сахилгын хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус хороонд шилжүүлсэн гомдол сахилгын хэрэгт авагдаагүй байх тул энэ хэргийн гомдол /өргөдөл, мэдээлэл/ гаргагчид уг НҮТББ-ыг тооцох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна” хэмээн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн.

3.33. Шүүхийн ёс зүйн хороо энэ хэргийн оролцогч шүүгч нарт холбогдуулан “...” НҮТББ болон “...” НҮТББ-уудын гаргасан гомдлын дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн байдаг.

3.34. Илтгэгч гишүүн дээр дурдсан дүгнэлтийнхээ хүрээнд энэхүү алдааг засаж, “...” НҮТББ-ын гаргасан гомдлыг энэ хэргээс тусгаарлан, үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гаргах ёстой атал энэ ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэл болохгүй.

3.35. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хоёр дахь зөрчил нь иргэн О.С-гийн гаргасан гомдол /өргөдөл, мэдээлэл/-тэй холбоотой асуудал байсан ба Сахилгын хороо энэ зөрчлийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй талаар энэхүү гомдлын 1.3 дахь хэсэгт дэлгэрэнгүй дурдсан.

3.36. Холбогдогч шүүгч нарын нотлох баримт хууль ёсны эсэх асуудлыг шалгуулах асуудлаар гаргасан удаа дараагийн тайлбар, гомдлын талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын найм дахь үндэслэлд заасан.

3.37. Шүүхийн ёс зүйн хороо болон Сахилгын хороо удаа дараагийн шийдвэртээ олон нийтийн сүлжээгээр цацагдсан ... хотхоны ... дугаар байрны - тоот орон сууцны байрлаж буй орцны хонгилын болон лифтний 2021 оны 01 дүгээр сарын 20-21-ний хоорондох хугацааны камерын бичлэгийг нотлох баримтаар үнэлж, холбогдогч шүүгч нарыг буруутгадаг.

3.38. Тухайн бичлэгийг хэн, ямар зорилгоор олон нийтийн сүлжээгээр цацсан асуудлыг шалгаж тогтоох нь энэхүү сахилгын хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Холбогдогч шүүгч нарын зүгээс бичлэгийг олон нийтийн сүлжээгээр цацсан нэр бүхий шүүгч нарын хараат бус байдалд нөлөөлөх гэсэн тодорхой зорилготой, хууль бус үйлдэл байсан гэж маргаж байгаа.

3.39. Гэтэл Сахилгын хороо “... дээрх дүрс бичлэгийг хуульд заасан үндэслэл зөрчиж үйлдэгдсэн гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтан санал, дүгнэлт, шийдвэр гаргаагүй, талуудын маргаж байгаа зүйл нь бичлэг бүс харин тухайн бичлэг дээрх сүлжээ, цахим орчинд тавигдаж, мэдээлэгдэн цацагдсан өдрөөс хойш энэ үйл явдал нийтэд илэрхий тодорхой болсон гэх зэргээр хэт явцуу байдлаар тайлбарлан энэ үйл баримтыг шалгахаас зайлсхийж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан “амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх” эрхийн хүрээнд нотлох баримт шалгуулах тухай оролцогчийн эрхийг зөрчсөн, илтэд хууль бус үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байгаа.

3.40. Шүүгч Д.О-ыг буруутгаж байгаа дээрх бичлэг нийтэд цацагдсан нь тухайн бичлэгийг хэн, ямар зорилгоор олон нийтийн сүлжээгээр цацсан асуудлыг шалгуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3.41. Сахилгын хэрэг шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн.

3.42. Сахилгын хороо шүүгч Д.О-ыг сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй.

3.43. Анхны хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан бөгөөд Д.О миний бие тус хуралдаанд очсон ба шүүгч Х.И-ийн шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр тухайн өдрийн хуралдаан хойшилсон.

3.44. Ингээд хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдуулахаар хойшилсон ба маргааш өдөр нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний бие эвгүй гишгэж унасны улмаас хөлийн шөрмөсний гэмтэл сэдэрч, нэмж гэмтэл авсан. Ингээд яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс “Асралт мед” эмнэлэгт хэвтэн эмчилгээ, хагалгаа хийлгэхээр болсон тул би тухайн өдрийн хуралдаанд очиж чадаагүй. Энэ талаарх баримтыг сахилгын хороонд хүргүүлсэн ба тус хорооны ажилтан миний хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэг дээр биечлэн ирж шалгасан.

3.45. Энэ өдрийн хуралдаан нь өмгөөлөгч Д.Батсүх хэргийн материалтай танилцах хүсэлт гарснаар хойшлогдсон байсан.

3.46. Д.О 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баруун өвдөгний тасарсан шөрмөсийг залгуулах, зүүн хөлийн сарвуунд ургацаг авхуулах хагалгаа хийлгэж, явах боломжгүй байсан тул 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд хүрэлцэн очиж биечлэн оролцох боломжгүй байсан тул хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч Сахилгын хорооноос цахимаар хуралдаанд оролцох шаардлага тавьсан.

3.47. Өмнөх хоёр удаа /Шүүхийн ёс зүйн хорооны болон Сахилгын хороо/-ны хуралдаанд цахимаар оролцох явцад хүмүүсийн ярьж байгаа яриа ойлгогдохгүй байх, зарим тохиолдолд сүлжээний доголдлоос шалтгаалан тасалдах зэргээр тайлбар хийх, асуултад хариулт өгөх зэрэгт хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байсан тул би хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан.

3.48. Түүнчлэн эмнэлэгт нэг өрөөнд олон хүнтэй хамт хэвтэн эмчлүүлж байснаас шалтгаалж, чанга ярих, хувийн болон албаны нууцлалыг хангах боломжгүй, өөрийн болон ажил хэргийн нэр хүндийг алдагдуулахгүй байх шаардлагаар хуралдаанд бүрэн хэмжээгээр оролцож, өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй байсан.

3.49. Дээрх нөхцөл байдлын улмаас Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-т заасан “хуралдаанд биечлэн оролцох эрх” маань зөрчигдсөн.

3.50. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 110 дугаар зүйлийн 110.4 дэх хэсэгт хуралдааны товыг Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр заасан байхад 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны товыг хуралдаан болохоос нэг хоногийн өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.О миний биед утсаар мэдэгдсэн.

3.51. Сахилгын хэрэг шийдвэрлэх хуралдааны товыг Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдээгүйгээс Д.О-ын хувьд хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдөхөд хүргэсэн бас нэгэн нөхцөл болсон.

3.52. Шүүхийн ёс зүйн хороогоор хэрэг хянан шийдвэрлэгдэж эхэлсэн үеэс хойш Д.О миний биед сахилгын хэргийн материалыг нэг ч удаа танилцуулаагүй.

3.53. Урьд нь 2021 оны 5 дугаар 21-ний хуралдаан дээр хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаж байсан боловч энэ хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Миний хувьд орон нутагт ажилладаг учир ирж хэргийн материалтай танилцах боломжгүй байсан.

3.54. Нэгдүгээрт ажлын ачаалал ихтэйгээс шалтгаалж тэндээс Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх боломжгүй байсан, хоёрдугаарт Засгийн газар болон орон нутгийн захиргаанаас удаа дараа хатуу хорио тогтоож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан.

3.55. Энэ талаар хуралдаанд тодорхой тайлбарласан боловч миний хүсэлтийг хангахаас татгалзаж хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхийг зөрчсөн.

3.56. Дээр дурдсан үндэслэлүүдийг хүлээн авч Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлал, тус хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дахин шалгуулахаар Шүүхийн сахилгын хороонд буцааж өгөхийг хүсье” гэжээ.

 

4. Мөн хэргийн оролцогч Х.И Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо:

4.1. Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11-д “Сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж, тогтоол гаргаснаас хойш илтгэгч гишүүн 30 хоногийн дотор дараах дүгнэлт, саналын аль нэгийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан байна.

4.2. Гэтэл Шүүхийн сахилгын хороон нь Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-д “Ажлын алба Сахилгын хорооны хуралдааны товыг бүрэлдэхүүний гишүүдэд мэдэгдэж, хуралдаан болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 105 дугаар зүйлийн 105.11-д заасан “захирамжийг холбогдох баримтын хамт хүргүүлнэ” гэж зааснаар сахилгын хэргийн оролцогч нарт уг захирамжийг болон холбогдох баримтыг хүргүүлээгүй.

4.3. Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-д заасан хэргийн оролцогчдын эрхийг эдлүүлээгүй тухайд.

4.4. Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд 102.1-д “Сахилгын хэргийн оролцогч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах эрхтэй”, 102.1.1-д “өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж сахилгын хэргийн оролцогчдын эрхийг хуулиар тогтоосон байна.

4.5. Гэтэл иргэн О.С-гийн гомдлоор 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн атлаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгчид гомдлыг гардуулан өгсөн.

4.6. Иргэн О.С-гийн гомдлыг гардуулаагүй гэх үйл баримтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалаар тогтоосноос үзвэл Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасныг зөрчжээ. Зүй нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бүхий хууль нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуульд заасан ажиллагааг явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.

4.7. Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.5-д “Сахилгын хорооны хуралдаанд сахилгын хэргийн оролцогч оролцож болно. Сахилгын хэргийн оролцогч хуралдаан болохоос өмнө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлтээ бичгээр болон цахимаар ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулж болох бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх хугацаа сахилгын хэрэг үүсгэснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй байна” гэж заасныг мөн Шүүхийн сахилгын хороо зөрчсөн.

4.8. Тодруулбал, анх “...” ТББ, иргэн О.С- нарын өргөдлөөр нэр бүхий гурван шүүгч нарт 2021 оны 03 дугаар сарын 22-ний өдөр сахилгын хэрэг үүсгэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 485 дугаар магадлалаар сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн ёс зүйн хороонд буцаасан. Гэтэл сахилгын хэрэг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үүсгэсэн бол 2021 оны 06 сарын 22-ны өдрөөс өмнө хянан шийдвэрлэгдэж дуусахаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан шийдвэрлэгдэж дуусахаар байжээ.

4.9. Тиймээс Шүүхийн сахилгын хороо нь “сахилгын хэрэг үүсгэснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй байна” гэж хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлэн хэргийг хянан шийдвэрлэжээ.

4.10. Өөрөөр хэлбэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.5-д “хэргийг хянан шийдвэрлэх хугацаа сахилгын хэрэг үүсгэснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй байна” гэж сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хуулиар тогтоож, хууль тогтоогч баталсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон гэж үзэхээр байна.

4.11. “...” ТББ-ын дарга Л.О-аас “2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий шүүгч албан тушаалтнууд архидан согтуурч, биеэ үнэлэгч авч хууль зөрчиж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Доорх нэр бүхий хэсэг хүмүүс цуглан, олон биеэ үнэлэгчдийг дуудаж архидан согтуурч хууль зөрчсөн байна” гэж шаардлага бүхий гомдлыг гаргасан.

4.12. Иргэн О.С- нь “Миний бие шүүгч Х.И, З.Б, Д.О нартай холбоотой бичлэгийг 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан байсныг үзсэн бөгөөд эдгээр ёс зүйгүй үйлдэл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон хуульчийн ёс зүйд үйл нийцэх хууль бус үйлдэл байх тул эдгээр нэр бүхий шүүгчдэд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасныг шүүхийн сахилгын хороо хүлээн авч, ТББ болон иргэний гомдолд заасан үндэслэлээр 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн билээ.

4.13. Харин Монгол Улсын Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар хяналтын тогтоолоор “Өргөдөлд дурдсан “шүүгч нар гэмт хэрэг үйлдсэн, биеэ үнэлэгч авсан янхандсан” гэх гомдол Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх чиг үүрэгт хамааралгүй тул эрх бүхий байгууллагад хандах эрхтэй гэж дүгнэх нь үндэслэлтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зааснаар Шүүхийн сахилгын хороо нь өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримт нь шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх зөрчилд хамаарах эсэх хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тус хорооны хянан шалгах чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарахгүй юм” гэж дүгнэн “...” ТББ, иргэн О.С- нарын өргөдлийн үндэслэлийг хүлээн аваагүй байна.

4.14. Дээрх байдлаар гомдол гаргагч нарын гомдлыг үгүйсгэсэн атлаа “Шүүгч Д.О, Х.И, З.Б нарт холбогдуулан өргөдөлд дурдсан үйл баримт болох өмгөөлөгч Д.Б болон нэг эмэгтэйтэй хамт цахилгаан шатанд шүүгч Д.О, Х.И нар байсан болох нь олон нийтэд илэрхий болсон. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “... нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хэрэгт авагдсан дүрс бичлэг дэх үйл баримтуудыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд магадлалын “дүрс бичлэг дэх үйл баримтуудыг үндэслэл болгон үнэлсэн нь хууль зөрчөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй. Мөн “... нотлох баримтыг хууль хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй, үүнийг харгалзан үзээгүй” гэх шүүгч Х.И нарыг гомдол үндэслэлгүй байна” гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

4.15. Өөрөөр хэлбэл, Шүүхийн сахилгын хороо нь гомдол гаргагч “...” ТББ, иргэн О.С- нарын өргөдлийн үндэслэлийг хүлээн аваагүй гэх боловч гомдолд холбогдох нотлох баримтыг үнэлж, хэрэг маргааны шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-д “сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Сахилгын хэргийн оролцогч өргөдөл, мэдээлэлтэй холбоотой нотлох баримттай хуралдаан товлохоос өмнө танилцах эрхтэй” гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нотлогдож байна.

4.16. Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.1-д “... сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”, 106 дугаар зүйлийн 106.1-д “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй”, 106.5-д “Сахилгын хэргийн оролцогч, өргөдөл, мэдээлэл гаргагч, илтгэгч гишүүн хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно. Энэ хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 106.6-д “Сахилгын хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ”, 106.10-д “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй”, 106.11-д “Сахилгын хэргийн оролцогчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна” гэж зааснаар илтгэгч гишүүн нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулаагүй, хуралдааны даргалагч болон гишүүд хууль заасан ажиллагааг илтгэгч гишүүн явуулаагүй байхад нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй.

4.17. Нэгэнт “...” ТББ, иргэн О.С- нарын өргөдөлд дурдсан үндэслэлийг Сахилгын хорооны чиг үүрэгт хамааралгүй гэсэн атлаа нэр бүхий шүүгч нар шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, хуулиар хориглосон ямар ёс зүйн зөрчил гаргасныг Шүүхийн Сахилгын хороо нотлоогүй зөвхөн олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан орцны болон цахилгаан шатны бичлэг дээрх үйл явцыг бичлэг дээр тайлбарласан тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь Сахилгын хороо хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

4.18. Нэр бүхий шүүгч нарыг буруутгаж буй нотлох баримтаар үнэлсэн олон нийтэд цацагдсан орцны болон цахилгаан шатны бичлэгийн тайлбарыг үнэн бодит тайлбар мөн эсэх, тухайн орц, цахилгаан шатны бичлэг дээр гаргасан шүүгч нарын үйлдэл нь ямар зохисгүй үйлдэл болох тэрхүү үйлдэл нь нийтийн болон шүүгчийн ёс зүйн ямар хэм хэмжээг зөрчиж байгаа тогтоож, дүгнэлт хийгээгүй.

4.19. Тиймээс зөвхөн олон нийтийн сүлжээгээр шүүгч нарын бичлэг цацагдсан нь “шүүгч нь хувийн амьдралдаа болон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг байнга хүндэтгэн дээдэлж, өөрөө үлгэр жишээ байх ёстой. Олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх бөгөөд нэг шүүгчийн хувийн зан үйл шүүхийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөдөг болохыг Банглорын зарчмуудаар тодорхойлж өгсөн байдаг” дүгнэж байгаа нь өөрөө хууль бус бөгөөд шүүгчийн хараат бус байдалд, шүүгчид хувийн өс хонзонгийн сэдлээр ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллээр, цахим сүлжээгээр нөлөөлж, дарамталж болох ойлголтыг олон нийтэд төрүүлж, шүүх эрх мэдлийн нөлөөллийг алдагдуулж байгаа хэрэг юм.

4.20. Зүй нь “бичлэг хийсэн нь Эрүүгийн хууль зөрчсөн, шүүгчийн халдашгүй байдал, хувийн нууцын тухай зэрэг холбогдох хуулийг зөрчсөн талаарх шүүгч нарын тайлбарыг Шүүхийн сахилгын хороо хянан шалгах чиг үүрэг хуулиар олгогдоогүй” гэж үзэж байгаа бол тэрхүү үйл баримтыг тогтоолгохоор гаргасан шүүгч З.Б, Х.И нарын Улсын Ерөнхий прокурорт гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг эцэслэн шийдвэрлэсний дараа буюу Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.6.4-д “холбогдох шүүгчид үүсгэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө сахилгын хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасны дагуу сахилгын хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

4.21. Тиймээс “шүүгч З.Б, Х.И нарыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “...” хотхоны ... дугаар байрны ... тоотод очиж найз Б-той уулзаж, гэмт хэрэг үйлдсэн, бие үнэлэгч авсан янхандсан, архидан согтуурсан” гэх үйлдлийн талаар Сахилгын хороо дүгнэлт өгөх эрх хэмжээгүй гэдгээ өөрөө дүгнэж, тэрхүү үйл баримтаар шүүгч нарыг буруутган хариуцлага хүлээлгээгүй.

4.22. Харин шүүгч нар “Коронавируст халдвар”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу хөл хорины хязгаарлалтын үед, ажлын өдөр, ажлын цагаар олноор цуглан, шүүхийн өндөр нэр хүндэд ноцтой хохирол учруулсан төдийгүй шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл гэж ойлгогдохоор байна” гэсэн үндэслэлээр шүүгч нарыг буруутган шийтгэл ногдуулжээ.

4.23. Хэрэв дээрх байдлаар “Коронавируст халдвар”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийг зөрчсөн гэж шүүгч нарыг буруутгаж байгаа бол уг хуулийн ямар зүйл заалтыг ямар хэмжээгээр зөрсөн нь огцруулах, цалингийн хувь хасах шийтгэл ногдуулах үндэслэл болж байгаа. Мөн ажлын өдөр, ажлын цагаар олноор цугларсан гэх үйл баримтыг ямар нотлох баримтаар нотолсон зэргээр нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зөвхөн нийтэд цацагдсан бичлэгийг нотолгооны хэрэгсэл болгосон хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

4.24. Нотлох баримтаар үнэлсэн орцны бичлэг дээр “олноор цугларсан” баримт байхгүй, харин цахилгаан шатанд бөөнөөрөө орж зорчиж байгаа нь “Коронавируст халдвар”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг шууд зөрчсөн зөрчил гэж үзвэл хувь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна.

4.25. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл Шүүхийн сахилгын хороо шинээр байгуулагдаад шинэ шүүхийн тухай хуулиар уг асуудлыг шийдвэрлээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 3 “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.”, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэснийг,

4.26. Мөн Монгол Улсын Олон Улсын гэрээ, Хүний эрхийн түгээмэл тунхаглал:

2 дугаар зүйл “Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой”,

7 дугаар зүйл “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй”,

8 дугаар зүйл “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй”

11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй”,

12 дугаар зүйл “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэснийг,

4.27. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт:

14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”,

15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ”

17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно” гэснийг тус тус зөрсөн гэж үзэж байна.

4.28. Мөн Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолын тодорхойлох 9 болон 11 дүгээр хуудсанд /Д.Б/ гэж байхгүй хүний нэрийг дурдаж бичсэнээс гадна ТОГТООХ хэсэгт /Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй/ гэж огт болоогүй өдрийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна. Энэ нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй байна.

4.29. Жич: Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын “Тогтоох нь” хэсэгт Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр “шүүгчийн сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээсүгэй” гэжээ. Гэтэл холбогдогч шүүгч нар нь Сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 04 дүгээр магадлалыг хүчингүй эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа.

4.30. Холбогдох шүүгч нартай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан дээрх үйл баримт нь шүүхийн байгууллагын талаар буруу ойлголт төрүүлсэн үйлдэл нь гаргасан шүүгч Х.И би маш их харамсаж байгаа. Тиймээс надад ногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Тиймээс сахилгын хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

5. Мөн хэргийн оролцогч З.Б Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо:

5.1. Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11-д “Сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж, тогтоол гаргаснаас хойш илтгэгч гишүүн 30 хоногийн дотор дараах дүгнэлт, саналын аль нэгийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан байна.

5.2. Гэтэл Шүүхийн сахилгын хороон нь Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-д “Ажлын алба Сахилгын хорооны хуралдааны товыг бүрэлдэхүүний гишүүдэд мэдэгдэж, хуралдаан болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 105.11-д заасан захирамжийг холбогдох баримтын хамт хүргүүлнэ” гэж зааснаар сахилгын хэргийн оролцогч нарт уг захирамжийг болон холбогдох баримтыг хүргүүлээгүй.

5.3. Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд 102.1-д “Сахилгын хэргийн оролцогч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах эрхтэй”, 102.1.1-д “өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах замаар бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх гэж сахилгын хэргийн оролцогчдын эрхийг хуулиар тогтоосон байна.

5.4. Гэтэл иргэн О.С-гийн гомдлоор 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн атлаа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгчид гомдлыг гардуулан өгсөн.

5.5. Иргэн О.С-гийн гомдлыг гардуулаагүй гэх үйл баримтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалаар тогтоосноос үзвэл Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасныг зөрчжээ. Зүй нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бүхий хуулийн нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуульд заасан ажиллагааг явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.

5.6. Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.5-д “Сахилгын хорооны хуралдаанд сахилгын хэргийн оролцогч оролцож болно. Сахилгын хэргийн оролцогч хуралдаан болохоос өмнө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй тухай хүсэлтээ бичгээр болон цахимаар ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулж болох бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх хугацаа сахилгын хэрэг үүсгэснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй байна” гэж заасныг мөн Шүүхийн сахилгын хороо зөрсөн.

5.7. Тодруулбал, анх “...” ТББ, иргэн О.С- нарын өргөдлөөр нэр бүхий гурван шүүгч нарт 2021 оны 03 дугаар сарын 22-ний өдөр сахилгын хэрэг үүсгэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 485 дугаар магадлалаар сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн ёс зүйн хороонд буцаасан. Гэтэл сахилгын хэрэг 2021 оны 03 дугаар арын 22-ны өдөр үүсгэсэн бол 2021 оны 06 сарын 22-ны өдрөөс өмнө хянан шийдвэрлэгдэж дуусахаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан шийдвэрлэгдэж дуусахаар байжээ.

5.8. Тиймээс Шүүхийн сахилгын хороо нь “сахилгын хэрэг үүсгэснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй байна” гэж хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлэн хэргийг хянан шийдвэрлэжээ.

5.9. Өөрөөр хэлбэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.5-д “хэргийг хянан шийдвэрлэх хугацаа сахилгын хэрэг үүсгэснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй байна” гэж сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хуулиар тогтоож, хууль тогтоогч баталсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон гэж үзэхээр байна.

5.10. “...” ТББ-ын дарга   “2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий шүүгч албан тушаалтнууд архидан согтуурч, биеэ үнэлэгч авч хууль зөрчиж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан доорх нэр бүхий хэсэг хүмүүс цуглан, олон бие үнэлэгчдийг дуудаж архидан согтуурч хууль зөрчсөн байна” гэж 4 шаардлага бүхий гомдлыг гаргасан.

5.11. Иргэн О.С- нь “миний бие шүүгч Х.И, З.Б, Д.О нартай холбоотой бичлэгийг 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан байсныг үзсэн бөгөөд эдгээр ёс зүйгүй үйлдэл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон хуульчийн ёс зүйд үл нийцэх хууль бус үйлдэл байх тул эдгээр нэр бүхий шүүгчдэд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасныг шүүхийн сахилгын хороо хүлээн авч, ТББ болон иргэний гомдолд заасан үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн билээ.

5.12. Харин Монгол Улсын Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар хяналтын тогтоолоор “Өргөдөлд дурдсан "шүүгч нар гэмт хэрэг үйлдсэн биеэ үнэлэгч авсан янхандсан” гэх гомдол Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх чиг үүрэгт хамааралгүй тул эрх бүхий байгууллагад хандах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зааснаар Шүүхийн сахилгын хороо нь өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримт нь шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх зөрчилд хамаарах эсэх хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тус хорооны хянан шалгах чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарахгүй юм” гэж дүгнэн “...” ТББ, иргэн О.С- нарын өргөдлийн үндэслэлийг хүлээн аваагүй байна

5.13. Дээрх байдлаар гомдол гаргагч нарын гомдлыг үгүйсгэсэн атлаа “Шүүгч Д.О, Х.И, З.Б нарт холбогдуулан өргөдөлд дурдсан үйл баримт болох өмгөөлөгч Д.Б- болон нэг эмэгтэйтэй хамт цахилгаан шатанд шүүгч Д.О, Х.И нар байсан болох нь олон нийтэд илэрхий болсон. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “... нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хэрэгт авагдсан дүрс бичлэг дэх үйл баримтуудыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд магадлалын “дүрс бичлэг дэх үйл баримтуудыг үндэслэл болгон үнэлсэн нь хууль зөрчөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй. Мөн “... нотлох баримтыг хууль хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй үүнийг харгалзан үзээгүй” гэх шүүгч Х.И нарын гомдол үндэслэлгүй байна гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

5.14. Өөрөөр хэлбэл, Шүүхийн сахилгын хороо нь гомдол гаргагч “...” ТББ, иргэн О.С- нарын өргөдлийн үндэслэлийг хүлээн аваагүй гэх боловч гомдолд холбогдох нотлох баримтыг үнэлж, хэрэг маргааны шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-д “сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч орчуулагч хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Сахилгын хэргийн оролцогч өргөдөл, мэдээлэлтэй холбоотой нотлох баримттай хуралдаан товлохоос өмнө танилцах эрхтэй” гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нотлогдож байна.

5.15. Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.1-д “сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”, 106 дугаар зүйлийн 106.1-д “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй”, 106.5-д “Сахилгын хэргийн оролцогч өргөдөл, мэдээлэл гаргагч, илтгэгч гишүүн хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно. Энэ хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 106.6-д “Сахилгын хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ”, 106.10-д “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй”, 106.11-д “Сахилгын хэргийн оролцогчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна” гэж зааснаар илтгэгч гишүүн нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулаагүй хуралдааны даргалагч болон гишүүд хууль заасан ажиллагааг илтгэгч гишүүн явуулаагүй байхад нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй.

5.16. Нэгэнт “...” ТББ, иргэн О.С- нарын өргөдөлд дурдсан үндэслэлийг Сахилгын хорооны чиг үүрэгт хамааралгүй гэсэн атлаа нэр бүхий шүүгч нар шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ хуулиар хориглосон ямар ёс зүйн зөрчил гаргасныг Шүүхийн Сахилгын хороо нотлоогүй зөвхөн олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан орцны болон цахилгаан шатны бичлэг дээрх үйл явцыг бичлэг дээр тайлбарласан тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь Сахилгын хороо хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

5.17. Нэр бүхий шүүгч нарыг буруутгаж буй нотлох баримтаар үнэлсэн олон нийтэд цацагдсан орцны болон цахилгаан шатны бичлэгийн тайлбарыг үнэн бодит тайлбар мөн эсэх, тухайн орц, цахилгаан шатны бичлэг дээр гаргасан шүүгч нарын үйлдэл нь ямар зохисгүй үйлдэл болох тэрхүү үйлдэл нь нийтийн болон шүүгчийн ёс зүйн ямар хэм хэмжээг зөрчиж байгаа тогтоож, дүгнэлт хийгээгүй.

5.18. Тиймээс зөвхөн олон нийгмийн сүлжээгээр шүүгч нарын бичлэг цацагдсан нь “шүүгч нь хуулийн амьдралдаа болон албаны бичиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг байнга хүндэтгэн дээдэлж, өөрөө үлгэр жишээ байх ёстой. Олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх бөгөөд нэг шүүгчийн хувийн зан үйл шүүхийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөлдөг болохыг Банглорын зарчмуудаар тодорхойлж өгсөн байдаг” дүгнэж байгаа нь өөрөө хууль бус бөгөөд шүүгчийн хараат бус байдалд, шүүгчид хувийн өс хонзонгийн сэдлээр ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллээр, цахим сүлжээгээр нөлөөлж, дарамталж болох ойлголтыг олон нийтэд төрүүлж, шүүх эрх мэдлийн нөлөөллийг алдагдуулж байгаа хэрэг юм.

5.19. Зүй нь “бичлэг хийсэн нь Эрүүгийн хууль зөрчсөн, шүүгчийн халдашгүй байдал, хувийн нууцын тухай зэрэг холбогдох хуулийг зөрчсөн талаарх шүүгч нарын тайлбарыг Шүүхийн сахилгын хороо хянан шалгах чиг үүрэг хуулиар олгогдоогүй” гэж үзэж байгаа бол тэрхүү үйл баримтыг тогтоолгохоор гаргасан шүүгч 3.Б, X.И нарын Улсын Ерөнхий прокурорт гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг эцэслэн шийдвэрлэсний дараа буюу Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.6.4-д “холбогдох шүүгчид үүсгэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө сахилгын хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" гэж заасны дагуу сахилгын хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

5.20. Тиймээс шүүгч З.Б, Х.И нарыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “...” хотхоны ... дугаар байрны ... тоотод очиж найз Б-той уулзаж гэмт хэрэг үйлдсэн, биеэ үнэлэгч авсан, янхандсан, архидан согтуурсан” гэх үйлдлийн талаар Сахилгын хороо дүгнэлт өгөх эрх хэмжээгүй гэдгээ өөрөө дүгнэж, тэрхүү үйл баримтаар шүүгч нарыг буруутган хариуцлага хүлээлгээгүй.

5.21. Харин шүүгч нар “Коронавируст халдвар”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу хөл хорины хязгаарлалтын үед, ажлын өдөр, ажлын цагаар олноор цуглан, шүүхийн өндөр нэр хүндэд ноцтой хохирол учруулсан төдийгүй шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл гэж ойлгогдохоор байна” гэсэн үндэслэлээр шүүгч нарыг буруутган шийтгэл ногдуулжээ.

5.22. Хэрэв дээрх байдлаар “Коронавируст халдвар”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийг зөрчсөн гэж шүүгч нарыг буруутгаж байгаа бол уг хуулийн ямар зүйл заалтыг ямар хэмжээгээр зөрсөн нь огцруулах, цалингийн хувь хасах шийтгэл ногдуулах үндэслэл болж байгаа. Мөн ажлын өдөр, ажлын цагаар олноор цугларсан гэх үйл баримтыг ямар нотлох баримтаар нотолсон зэргээр нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зөвхөн нийтэд цацагдсан бичлэгийг нотолгооны хэрэгсэл болгосон хууль нийцээгүй гэж үзэхээр байна.

5.23. Нотлох баримтаар үнэлсэн орцны бичлэг дээр “олноор цугларсан” баримт байхгүй, харин цахилгаан шатанд бөөнөөрөө орж зорчиж байгаа нь “Коронавируст халдвар”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг шууд зөрчсөн зөрчил гэж үзвэл хувь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна.

5.24. Илгэгч гишүүн Б.Сугар нь сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ “шүүгч З.Б-т холбогдох дүрс байдал нь түүний үйлдлийг зохисгүй байдал гаргасан, шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх эргэлзээтэй байгаа болохыг онцгойлон цохон тэмдэглэх нь зүйтэй байна. Учир нь З.Б-ын орж байгаа дүрс бичигдсэн байх боловч гарч байгаа бичлэг байдаггүй. Мөн тухайн бичлэг хийгдсэн гэх өдөр тэрээр өөр газар байсан болохыг батлах өөр нэг бичлэг сахилгын хэрэгт авагдсан байгааг зайлшгүй харгалзан үзэж анхаарах ёстой байгаа болно” гэжээ.

5.25. Дээрх илтгэгч гишүүн Б.Сугар дүгнэлтээр шүүгч З.Б-ын хэргийг нэгтгэн шийдвэрлэхээр дүгнэлт гаргасан бөгөөд Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4-д “Нэг шүүгчид холбогдуулан гаргасан хэд хэдэн өргөдөл мэдээлэл эсхүл хэд хэдэн шүүгчид холбогдуулан гаргасан нэг агуулга бүхий өргөдөл, мэдээлэлтэй хэд хэдэн сахилгын хэргийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэж болно. Нэгтгэн гаргасан эсхүл хэд хэдэн өргөдөл, мэдээлэл гаргасан болон хэд хэдэн шүүгчид холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно” гэж заасанд нийцэх гэсэн санааг илэрхийлсэн байжээ. Тиймээс илтгэгч гишүүний дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцэхдээ хүлээн аваагүй нь шүүгч З.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

5.26. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл Шүүхийн сахилгын хороо шинээр байгуулагдаад шинэ шүүхийн тухай хуулиар уг асуудлыг шийдвэрлээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 3 “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.”, 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэснийг мөн Монгол Улсын Олон Улсын гэрээ, Хүний эрхийн түгээмэл тунхаглал:

2 дугаар зүйл “Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал эд хөрөнгө язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой”,

7 дугаар зүйл “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй”,

8 дугаар зүйл Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй”,

11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй”,

12 дугаар зүйл “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэснийг,

5.27. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт:

14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”,

15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй, түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ”,

17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно” гэснийг тус тус зөрсөн гэж үзэж байна.

5.28. Мөн Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолын тодорхойлох 9 болон 11 дүгээр хуудсанд /Д.Б/ гэж байхгүй хүний нэрийг дурдаж бичсэнээс гадна ТОГТООХ хэсэгт /Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй/ гэж огт болоогүй өдрийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна. Энэ нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй байна.

5.29. Жич: Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолын “Тогтоох нь” хэсэгт Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр “шүүгчийн сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээсүгэй” гэжээ. Гэтэл холбогдогч шүүгч нар нь Сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 04 дүгээр магадлалыг хүчингүй эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа.

5.30. Холбогдох шүүгч нартай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан дээрх үйл баримт нь шүүхийн байгууллагын талаар буруу ойлголт төрүүлсэнд миний бие маш их харамсаж байгаа. Тиймээс надад ногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүсэж байна. Иймээс сахилгын хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

6. Илтгэгч гишүүн Б.Сугар хяналтын шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар миний бие ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б, Х.И, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О нарт холбогдох сахилгын хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, нэр бүхий шүүгчид сахилгын зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэж дүгнэлт бичсэн.

6.1. Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуульд журамлан заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, эсхүл сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэх үүргийг хүлээдэг.

6.2. Гишүүний хувиар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу зөрчил гаргасан байж болзошгүй байна гэж үзэж дүгнэлт бичсэн ба Сахилгын хорооны хуралдаан, хянан үзэх хуралдаан бүрэн эрхийнхээ хүрээнд магадлал, тогтоолыг бүрэлдэхүүнээрээ гаргасан тул магадлал, тогтоолд холбогдуулан өгөх тайлбар байхгүй болно.

6.3. Сахилгын хэрэг үүссэн байсан, хуучнаар Шүүхийн ёс зүйн хорооны болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанууд хийгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй дахин хэлэлцүүлэхээр шийдэгдсэн хэрэг байсан ба Шүүхийн сахилгын хорооны удаа дараагийн хуралдаанд өмнө нь өгсөн өөрийн тайлбаруудаа болон дүгнэлтээ бүрнээ дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа болно” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

7. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр хяналтын тогтоолыг хянан хэлэлцээд Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар уг тогтоолыг хүчингүй болгох, дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8. Үйл баримтын тухайд:

 

8.1. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б, Х.И болон ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О нар нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны лхагва гарагт ажлын цагаар, коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ... хотхоны ... дугаар байрны ... тоотод найз гэх өмгөөлөгч Б.Б, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Ч нартай архидан согтуурч, улмаар шүүгч Д.О, Х.И нар нь өмгөөлөгч Д.Б-болон нэг эмэгтэйн хамт цахилгаан шатанд зүй бус байдал гаргаж буй дүрс бичлэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтэд мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

8.2. Энэхүү үйлдэл нь ёс зүйн болон гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг шалгаж тогтоолгохоор “...” төрийн бус байгууллага болон иргэн О.С- нар Шүүхийн болон Хуульчдын холбооны ёс зүйн хороонд гомдол гаргаж, тухайн үед мөрдөгдөж байсан хууль, дүрмийн дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос дээрх нэр бүхий шүүгч нарт 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сахилгын хэрэг үүсгэж, улмаар Шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн хэмээн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлагыг хүлээлгэжээ.

 

9. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагааны тухайд:

 

9.1. Маргааны оролцогч болох шүүгч нарын Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

 

9.2. Энэ хугацаанд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан дагуу Шүүхийн сахилгын хороо байгуулагдмагц Шүүхийн ёс зүйн хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж байсан хэрэг, маргааныг шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо руу шилжүүлжээ. 

 

9.3. Шүүхийн сахилгын хороо нь эрх, үүрэг нь хуулиар дуусгавар болсон Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, гомдол, хянан шийдвэрлэж байсан сахилгын хэрэг, маргааныг шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан дагуу хянан шийдвэрлэхээр Улсын Их хурал болон Нийт шүүгчийн чуулганаас томилогдож бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн гишүүдэд хуваарилсан нь хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй байх зарчмыг хангах, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэрэгжүүлсэн ажиллагаа болно. 

 

9.4. Илтгэгч гишүүн нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” үйлдэж, нэр бүхий 3 шүүгчийг зохисгүй байдал гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар нотлох дүгнэлтийг хэлэлцүүлэх, Хугацаа сунгах тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 189, 198 дугаар захирамжийг гаргаж, Сахилгын хорооны хуралдааны даргалагч болон бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

 

9.5. Мөн Сахилгын хорооны хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлажээ.

 

9.6. Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг сахилгын зөрчилд холбогдсон шүүгч З.Б, Х.И, Д.О нарт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулж, Сахилгын хорооны хуралдааны товыг сахилгын хэргийн оролцогчид 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан болно.

 

9.7. Шүүхийн сахилгын хорооны хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 12-нд шүүгч Х.И-ийн хүсэлтээр, 2022 оны 01 дүгээр сарын 14-нд шүүгч З.Б-ын хүсэлтээр нийт 2 удаа хойшилсон байна.

 

9.8. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 04 дүгээр магадлалаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хэлэлцэж, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.И, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О нарт “шүүгчийн албан тушаалаас огцруулах”, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б-т “зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.

 

Хууль зүйн үндэслэлийн хувьд:

 

10. Сахилгын хорооны илтгэгч гишүүн урьд нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу сахилгын хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан сахилгын хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг шинээр мөрдөгдсөн хуульд нийцүүлэн үргэлжлүүлэн явуулахдаа хэд хэдэн шүүгчид холбогдуулан өөр өөр этгээд буюу “...” төрийн бус байгууллага болон иргэн О.С- нарын гаргасан ижил утга, агуулга бүхий гомдлуудыг нэгтгэн шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

11. Нэгэнт үүсгэчихсэн байсан сахилгын хэрэгт шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахдаа үүсгэсэн хэрэгтэй ижил утга, агуулга бүхий гомдлыг нэгтгэж хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дахин тусад нь сахилгын хэрэг үүсгэх шаардлагагүйн дээр Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолд “...” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагыг “өргөдөл гаргагч гэж үзээгүй” гэж тэмдэглэснийг дурдах нь зүйтэй.

 

12. Иймд оролцогч Д.О-ын өмгөөлөгч Д.Батсүхийн “... С-гийн гомдолд сахилгын хэрэг үүсгээгүй”, “... илтгэгч гишүүнд сахилгын хэрэг хэрхэн хуваарилсан нь тодорхой биш”, “... шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

13. Танхим харгалзахгүйгээр санамсаргүй байдлаар, тохиолдлын журмаар сонгогдсон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн нь шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр буюу Сахилгын хорооны хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй, эсхүл сахилгын хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй эсэхийг хянах хязгаарлагдмал эрхийг хуульчилжээ.

 

14. Нэр бүхий 3 шүүгчид холбогдуулан “...” ТББ, иргэн О.С- нарын гаргасан өргөдлийг Шүүхийн ёс зүйн хороо /Шүүхийн сахилгын хороо/-ны ажлын албанаас шүүгч нарт гардуулан, тайлбар ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

 

15. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “... Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах” чиг үүрэгтэй гэж тодорхойлсон тул гэмт хэрэг үйлдсэн болон бичлэг хууль бусаар олж авсан гэх гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

16. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай”  тогтоолоор “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүх аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан” байна.

 

17. Сахилгын хэргийг хянан хэлэлцэх хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд сахилгын хэргийн үйл баримтыг нотолж буй баримт, мэдээллийг шалгаж үнэлэх, нотлогдсон байдал, нотолгооны ач холбогдол, нотлох баримтын эх сурвалжийг тодорхойлж дүгнэлт хийх эрхийг Шүүхийн тухай хуулиар хязгаарласан тул сахилгын хэргийн оролцогч шүүгч нарын гаргасан “... тухайн байрны орц болон цахилгаан шатанд болж буй үйл явдлыг харуулсан бичлэгийг хэн, ямар зорилгоор олон нийтийн сүлжээгээр цацсан асуудлыг шалгаж тогтоогоогүй нь амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхийн хүрээнд нотлох баримт шалгуулах эрхийг зөрчсөн” гэх гомдолд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.

 

18. Шүүгч Д.О-ын сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн гэх гомдлын хувьд сахилгын хорооны хуралдаанд оролцогч нь биечлэн болон цахимаар оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрх, үүргээ хэрэгжүүлэхийг шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд тодорхой заажээ.

 

19. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд шүүгч Д.О-ыг цахимаар, түүний өмгөөлөгчийг биечлэн оролцуулсан явдал нь оролцогчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэхэд учир дутагдалтай гэж үзнэ.

 

20. Учир нь техник, технологийн дэвшлийн үр дүнд хүний хөдөлмөрийг хөнгөвчилж бүтээмжийг дээшлүүлэх үйл явц хурдацтай хөгжиж байгаагийн нэг илрэл нь цахимжих үйл явц бөгөөд шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулиар хуралдаанд “цахимаар оролцох”, “цахимаар хүсэлт гаргах”-ыг хуралдаанд биечлэн оролцох, бичгээр тайлбар, хүсэлт гаргахтай адилтган ойлгохоор хуульчилсныг тайлбарлах нь зүйтэй.

 

21. Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж тодорхойлсон бөгөөд 2012 онд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дэх хэсэгт “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ ...” гэж шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэхээр зохицуулжээ.

 

22. Сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан дүрс бичлэгийг үнэлж, дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нар дүрс бичлэгт гарч буй үйл явдлыг үгүйсгэн маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн ба Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 106 дугаар зүйлийн 106.9 дэх хэсэгт заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг үндэслэн дахин нотлох шаардлагагүй, хууль зөрчөөгүй гэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

23. Мөн шинээр мөрдөгдөж байгаа Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “... сахилгын хэргийн оролцогч нь хуралдаан товлохоос өмнө өргөдөл, мэдээлэлтэй холбоотой нотлох баримттай танилцах эрхтэй” гэж заасан бөгөөд оролцогч Д.О-ын сахилгын хэргийн баримттай танилцах эрхийг хязгаарлаагүй тул “хэрэгтэй танилцах эрхээ эдлээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

24. Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 09 цагт хийхээр товлон хойшлуулсан нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор нотлогдож байна.

 

25. Сахилгын хорооны ажлын албанаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сахилгын хэргийн оролцогч нарт хуралдааны товыг сануулж утсаар мэдэгдсэн явдлыг  хуралдаан болохоос нэг хоногийн өмнө хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан шүүгч З.Б, Д.О, Х.И нарын гомдол үндэслэлгүй болно.

 

26. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр зарлигаар Д.О нь шүүгчээр томилогдсон тул түүнд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл бий болжээ.

 

27. Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолоор нэр бүхий 3 шүүгчийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.18-д заасан “шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ, 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж заасныг зөрчсөн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

 

28. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зохицуулснаар тус хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх тул “Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.17 дахь хэсэгт “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасан бөгөөд нэр бүхий 3 шүүгчийн холбогдсон 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зөрчилд “...” ТББ, иргэн О.С- нар өргөдөл гаргаж Шүүхийн ёс зүйн хороо /хуучин нэрээр/-нд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сахилгын хэрэг үүсгэн, Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт хэргийн оролцогч нар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 485 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, уг магадлалд дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэн илтгэгч гишүүн нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “нэр бүхий 3 шүүгчийг зохисгүй байдал гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэн, Сахилгын хорооны хуралдаанаар нотлох дүгнэлтийг хэлэлцүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дүгээр захирамж гарган, Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

29. Оногдуулсан сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх тухай шүүгч З.Б, Х.И нарын гомдлын агуулга хяналтын шатны шүүхийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарахгүйг тэмдэглэх нь зүйтэй. 

 

 30. Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гаргасан гомдол, маргааныг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу Шүүхийн сахилгын хороо нь Д.О, З.Б, Х.И нарын гаргасан сахилгын зөрчлийг Шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон нийгмийн харилцаанд шүүгчийн баримтлах ёс зүйг зөрчиж зохисгүй байдал гаргасан гэж дүгнэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхдээ хууль хоорондын зөрчлөөс сэргийлж сүүлд батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа процесын хуулийг хэрэглэсэн зөв болно.

 

31. Сахилгын хэргийн оролцогч болох шүүгч З.Б, Д.О, Х.И нар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.18, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон, зөрчлийн шинж байдал, оролцоо, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн сахилгын хорооны магадлалыг хэвээр үлдээсэн Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

32. Иймд Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, шүүгч З.Б, Х.И, Д.О болон түүний өмгөөлөгч Д.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.1-д заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр хяналтын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгч З.Б, Х.И, Д.О болон түүний өмгөөлөгч Д.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

          

 

 

          ДАРГАЛАГЧ                                                              Г.БАНЗРАГЧ

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Д.МӨНХТУЯА

 

          ШҮҮГЧИД                                                                  Б.БАТЦЭРЭН

 

                        Б.МӨНХТУЯА

 

                                   Б.ЦОГТ