Д.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр Л.Атарцэцэг
Шийдвэрийн огноо 2015.01.26
Шийдвэрийн дугаар 18
Хэргийн индекс 006/2014/0041/з
Маргааны төрөл Төрийн алба
Хуулийн зүйл, заалт Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.6, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1
Шийдвэрлэсэн байдал

None

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2014.09.15, дугаар: 49
Анхан шатны шүүх Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2014.11.13, дугаар: 432
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2015 оны 01 сарын 26 өдөр
Дугаар: 18
Улаанбаатар хот


Д.Ариунболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, О.Зандраа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Ариунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга,  нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 432 дугаар магадлалтай, Д.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ариунболд нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хонгор сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажилласан. Тухай албанд томилогдоход Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар Засаг дарга албан тоотоор санал тавьж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандаж зөвшилцсөний үндсэн дээр томилогдсон. Гэтэл хууль бусаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баярмөнх нь Ж.Бүрэнбаттай хуйвалдан ажлаас нь чөлөөлж Ж.Бүрэнбатыг томилсон нь хууль бус гэж үзэж байна. Б.Баярмөнх, Ж.Бүрэнбат нар энэ албан тушаалаас болж Д.Ариунболдод хүндэвтэр гэмтэл учруулан эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан. Ж.Бүрэнбат нь Хонгор дахь Төрийн банкинд эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 18 иргэний 2011 оны ноосны урамшууллын мөнгийг ашиглан шамшигдуулсан хэргээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа.

Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд хууль зөрчсөн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй. Иймд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эргүүлэн томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сумын Засаг даргын 2014 оны  127 дугаар захирамж нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдээс 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08 тоот албан бичиг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаартай албан бичгийн дагуу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/358 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Тухайн албан бичгийн хариуд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 111 дугаартай албан бичгээр 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар сумын Засаг даргын орлогчийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон 6 тэргүүлэгч болон албан бичгээр саналаа өгсөн 1 тэргүүлэгч нийт 7 тэргүүлэгч санал өгснөөс Д.Ариунболд 0 саналтай, Ж.Бүрэнбат 7 тэргүүлэгч дэмжсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу "Сум дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөж томилж чөлөөлнө" гэж заасан байдаг. Тухайн үед сумын иргэдийн хурлаар Д.Ариунболд, Ж.Бүрэнбат нарыг авч хэлэлцээд Ж.Бүрэнбат олонхийн санал авсан тул Ж.Бүрэнбатыг сумын орлогч даргаар томилж захирамж гаргасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Бүрэнбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ариунболд нь 2012 оны 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд Засаг даргын орлогчоор нэр танилцуулагдаад дэмжлэг аваагүй байхад хууль зөрчиж тухайн үеийн Засаг дарга Гантулга томилсон. Д.Ариунболд ажиллаж байхдаа удаа дараа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууддээр алдаа дутагдал гаргаж, геологийн дүгнэлт хүртэл худлаа гаргуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж байсан. Мөн Баярмөнх бид 2-ыг зодсон гэж эхнэр нь Гантулга ярьсан мэтээр худлаа өргөдөл баримт бүрдүүлэн эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байсан.

Намайг Төрийн банкинд ажиллаж байх үед миний адуу малыг хэсэг хүмүүс хулгайлж зарсан юм. Тэдгээр хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж ял шийтгэл оногдуулсан боловч бүгд нийлж намайг гүтгэж өргөдөл өгөн шалгуулсан байдаг.

Хонгор сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь олонхи суудал авсан намын харьяаллын суудал бөгөөд МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх үүргийг удирдлага болгон сонгож томилдог албан тушаал билээ. Засаг даргын гаргасан захирамж,шийдвэр хуулийн дагуу намын удирдлагууд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай ярилцаж гаргасан шийдвэр гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ариунболдыг түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ариунболдын хууль бусаар ажилгүй байсан 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх цалинг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу  тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 432 дугаар магадлалаар: Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 21 дүгээр зүйлийн 21.1, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Ариунболдын “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жаргалсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ээлжийн амралтаа аван нутаг руугаа ээжийнхээ чандарыг аваачиж залахаар очсоных нь маргааш хариуцагч түүнийг ажлаас нь халж, энэ тухай утсаар мэдэгдэн өрөөнийхөө түлхүүрийг өгөхийг шаардсан явдал нь ажилтныг ээлжийн амралттай байгаа үед нь ажил, албан тушаалыг нь хэвээр нь хадгалах тухай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дах хэсгийн заалтыг зөрчсөн явдал юм.

Хариуцагч ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчиж ажилтнаа халсан явдал нь хариуцагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, улмаар нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ньхэрэглэвэл зохих хуулийг огт хэрэглээгүй, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсгийг зөрчсөн тухай" өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Ариунболдыг сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Ж.Бүрэнбатыг уг албан тушаалд томилжээ.

 

Нэхэмжлэлийн агуулга болон хууль хэрэглээний асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үндэслэн хяналтын шатны шүүх төрийн улс төрийн албан тушаалтан түүний дотор “Засаг даргын орлогч”-ийн эрх зүйн байдлын талаарх хуулийн зохицуулалтыг тухайн маргаанд хэрхэн зөв ойлгож,  хэрэгжүүлэхийг дараах байдлаар тайлбарлан дүгнэж байна. 

 

Маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэл болсон “Засаг дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн сумын Засаг даргын орлогчийг  томилж, чөлөөлөх эрхтэй” талаарх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэг нь Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон заалтаас гадна улс төрийн албан хаагчийн хувьд Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх “журам”-ыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөрөөр тусгайлан заасан, нарийвчилсан зохицуулалт юм. 

Засаг даргад дээрх хуулиар олгогдсон эрх нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж зааснаар хэрэгжих учиртай.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтанд аливаа хуулиар олгогдсон “бүрэн эрх”-ийг “хязгааргүйгээр эдлэх  эрх хэмжээ” гэж ойлгох ёсгүй,  ийнхүү ойлгох нь “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд харш болно.

Түүнчлэн “өөр захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр захиргааны акт гаргах” асуудал нь уг захиргааны актыг гаргахад тавигдах эрх зүйн тусгай шаардлагын нэг бөгөөд үүнийг төрийн улс төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн бүхий л харилцаанд хамруулж, “ ...зөвшилцөх, ...Засаг даргын бүрэн эрх...” гэх хуулиар тавигдсан шаардлагаар тэдний эрхийг хязгаарлаж ойлгох нь Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтооход чиглэгдсэн Төрийн албаны тухай хуулийн зорилгыг үгүйсгэхээр байна.  

Үүнээс гадна маргаан бүхий сумын Засаг даргын 2014 оны 127 дугаар захирамж нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянах захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээг зөвхөн захиргааны байгууллагын дээрх хуульд заасан эрхийн хэмжээнд хязгаарлах нь захиргааны актын алдааг зөвтгөх боломжийг алдагдуулахад хүргэх үр дагаварыг бий болгохоор юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төрийн  улс төрийн албан тушаалтан түүний дотор бүх шатны Засаг даргын орлогч нарыг томилох, чөлөөлөх журмыг дээрх байдлаар зохицуулснаас өөрөөр тэдний хөдөлмөрийн харилцаатай холбоотой зохицуулалт үгүй байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт зааснаар сумын Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “ Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаас үзвэл уг асуудалд Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт хэрэглэгдэнэ гэж ойлговол зохино.

Мөн маргааны үндэслэл, үйл баримтыг зөв тодорхойлж, тухайн харилцаанд хамааралтай хуулийг оновчтой сонгож, зөв тайлбарлаж хэрэглэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх гол нөхцөл тул шүүхээс маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь холбогдох хуулиудад нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зайлшгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ариунболд нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээ “...хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн буюу албан үүргээ хэвийн гүйцэтгэж,  хөдөлмөрийн хууль зөрчөөгүй байхад ажлаас чөлөөлж гаргасан захирамж нь хууль бус...” гэж тодорхойлсон, харин хариуцагч нь “...Д.Ариунболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчдийн санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн албан бичгийг үндэслэн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн хуульд заасан журмын дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн...” гэж тайлбарлажээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхаарахгүйгээр “...улс төрийн албан тушаалтны бүрэн эрхэд хамааралтай асуудлыг шүүх хянах эрхгүй, улс төрийн намын дотоод асуудал ...” гэх зэргээр ..., энэ маргаанд хамааралгүй, огт өөр төрлийн харилцааг зохицуулсан Улс төрийн намын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэр гаргасан нь буруу байна. 

Мөн магадлалд “албан тушаалтны бүрэн эрх” гэх асуудлыг гол болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан иргэний зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, сэргээлгэхээр шүүхэд хандах үндсэн эрхийг хязгаарласан  гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч захиргааны актыг гаргах болсон шалтгааныг “... Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдээс олонхийн санал аваагүй байхад түүнийг 2012 онд албан тушаалд томилж, “зөвшилцөх” тухай хуулийн заалтыг зөрчсөн, үүрэгт  ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх 2 үндэслэл заажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Д.Ариунболдыг 2012 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулан зөвшилцөж, тухайн албан тушаалд томилсон шийдвэр хүчинтэй, энэ шийдвэрийн улмаас эрх зөрчигдсөн талаар тухайн үед сонирхогч хэн нэгнээс гомдол гараагүй байна. 

Захиргааны акт анхнаасаа хууль зөрчиж гарснаас, эсхүл үүнтэй холбоогүй өөр бусад үндэслэлээр албан тушаалтныг ажлаас чөлөөлөх тухай асуудал нь агуулга, үр дагаврын хувьд өөр өөр болно.

Хэргийн 42 дугаар талд авагдсан Сумын Засаг дарга Н.Лхагвасүрэнгийн “Сумын Засаг даргын орлогчоор Д.Ариунболд, Ж.Бүрэнбат нарыг дэвшүүлэх саналыг хүргүүлж байна” гэсэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/358 дугаар албан бичгийн агуулга нь хариуцагчийн “...Д.Ариунболдыг чөлөөлөх асуудлыг ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн ...” гэх өөрийнхээ тайлбарыг үгүйсгэж байна. 

Учир нь, дээр дурдсанаар Д.Ариунболдыг Засаг даргын орлогчоор томилсон захирамж хүчинтэй байхад дахин түүнийг томилуулах саналыг хэлэлцүүлж байгаа нь ойлгомжгүй, энэ нь захиргааны актын агуулга, түүнийг батлан гаргах үндэслэл тодорхой байх материаллаг эрх зүйн шаардлагад нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болжээ.

Маргаан бүхий захиргааны актыг гаргасан нөхцөл байдал тодорхой бус талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласнаас гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, төрийн улс төрийн албан тушаалтан болох Засаг даргын орлогчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуулийг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь зөв байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн олонхийн саналаар шийдвэрлэлээ. 

Мөн “...ажилтныг ээлжийн амралттай байгаа үед албан тушаалыг хэвээр хадгалах талаарх Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн гомдол нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэгдээгүй тул хяналтын шатны шүүх үүнийг дүгнэх шаардлагагүй  гэж үзэв.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 432 дугаар магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны  өдрийн 49 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан олгосугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

               ШҮҮГЧ                                                                  Л.АТАРЦЭЦЭГ