**** дүүргийн **** хэргийн анхан шатны шүүхийн шүүгч -д холбогдох сахилгын хэрэг

Шүүгчийн нэр Х.Батсүрэн
Шийдвэрийн огноо 2022.11.01
Шийдвэрийн дугаар 001/СХХТ2022/0001
Хэргийн индекс 2022/СХ
Маргааны төрөл Нээлттэй сануулах
Хуулийн зүйл, заалт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 57 дугаар зүйлийн 57.1.4
Шийдвэрлэсэн байдал

Сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.04.26, дугаар: 165
Анхан шатны шүүх Сахилгын хороо
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.06.15, дугаар: 09
Давж заалдах шатны шүүх Сахилгын хороо

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар: 001/СХХТ2022/0001
Улаанбаатар хот


 

 

****  дүүргийн **** хэргийн анхан


шатны шүүхийн шүүгч ***-д


холбогдохсахилгын хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:       Ч.Хосбаяр

Танхимын тэргүүн:                          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                          Б.Амарбаясгалан

                                    Н.Баярмаа

Илтгэгч шүүгч:                                 Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр хяналтын тогтоолтой,

**** дүүргийн **** хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ***-д холбогдох сахилгын хэргийг, хэргийн оролцогч *** нарыг оролцуулан сахилгын хэргийн хяналтын тогтоолд холбогдох шүүгчээс гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар магадлалаар: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан **** дүүргийн **** хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ***-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.


2. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр хяналтын тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгч ***-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.


3. Сахилгын хэргийн оролцогч ***-ийн Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо:

3.1. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар магадлал, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр хяналтын тогтоол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.4 дэх хэсэгт заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

3.2. Мөн хуулийн 106.4-т “сахилгын хэргийн оролцогч өргөдөл, мэдээлэлтэй холбоотой нотлох баримттай хуралдаан товлохоос өмнө танилцах эрхтэй” гэснийг зөрчиж, хуралдаан товлосон захирамж гарснаас хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр надад “нотлох дүгнэлт”-ийг гардуулах ажиллагаа явуулсан. Тухайн өдөр өөрийн санаачилгаараа хэргийн материалтай танилцсан.

3.3. Сахилгын хэрэгтэй танилцаад, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сахилгын хороонд хандаж гэрч асуулгах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 108 дугаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Хуралдааны явцад “Хуралдаан товлогдсон учраас хүсэлт гаргахгүй“ гэж тогтоолын агуулгыг тайлбарласан боловч тогтоолын “Үндэслэх” хэсэгт “гэрч нараас юу асууж тодруулах, юуг гэрчлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус, мөн Шүүхийн тухай хуулийн 102.1-д заасан хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан” гэжээ.

3.4. Бодит байдалд сахилгын хэрэгт нотлох баримт цуглуулах ажиллагаа дууссан эсэх, эсхүл сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд байгаа талаар огт мэдэгдээгүй, мэдэх бололцоо олгоогүй атлаа “боломжтой байсан” гэж дүгнэсэн нь зөрчилтэй байна. Гишүүний нотлох дүгнэлтийг гардуулах үед “Сахилгын хэргийг хэлэлцэх тухай” хуралдаан товлосон гишүүний шийдвэр гарсан явдлыг анхаарна уу.

3.5. Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг гардуулах хүртэл Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлд заасан “эрх”-ээр огт хангаж өгөөгүй атлаа, хуралдаан товлохоос өмнө сахилгын хэрэгтэй танилцах нь чиний үүрэг гэж дүгнэснийг миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул энэ талаар хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.

 

3.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.1, 120.2, 167.1.1, 167.1.3, 176.1.2, 176.1.2 дахь хэсгүүдэд заасан ойлголт нь “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа”-г тодорхойлсон зохицуулалт болохоос сахилгын хэргийн хяналтын тогтоолын агуулгад дурдсанчлан “оролцогчийн эрх зүйн байдал”-ыг зохицуулсан хэм хэмжээ огт биш гэж үзэж байгаа тул дүгнэлт хийж өгнө үү.

 

3.7. Иймээс Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр хяналтын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

4. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас сахилгын зөрчилд холбогдох шүүгч ***-ийн гаргасан гомдлоор сахилгын хэргийг хянан хэлэлцээд, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2022 оны 09 дүгээр хяналтын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн сахилгын хорооны хуралдаанд буцааж шийдвэрлэв.


5. Үйл баримтын тухайд:

5.1. *** дүүргийн **** хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ***  нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК, М.Н нарт тус тус холбогдох **** хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

5.2. Хариуцагч “О” ХХК-ийн төлөөлөгч Н.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нараас хэргийг шийдвэрлэсэн шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгүүлэхээр:

1. Өмгөөлөгч Э.Д-ээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “... хэргийн оролцогчидтой харьцах харилцаа хандлага, шүүгчийн ёс зүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэгийг зөрчсөн, өмгөөлөгчийн нэр төр, итгэл үнэмшилд ноцтой халдсан ...” гэх өргөдөл (иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад буюу хэрэг шийдвэрлэхээс өмнө),

2. “О” ХХК-ийн төлөөлөгч Н.А-аас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “ ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.23-т заасныг зөрчсөн үйлдэл гаргасан ...” гэх өргөдөл,

 

3. Өмгөөлөгч Э.Д-ээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “... шүүгчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл гаргасан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.19-т гэж заасныг зөрчсөн  ...” гэх агуулга бүхий өргөдлүүдийг Шүүхийн сахилгын хороонд (цаашид “Сахилгын хороо” гэх) гаргажээ.

 

5.3. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, сахилгын зөрчилд холбогдох шүүгч нь ... 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ****  дүүргийн **** хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах нарын нээлттэй өрөөнд шүүгчийн туслахыг байлцуулан “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-тай харилцсан, тус үйл явдлын үеэр хэргийн нөгөө талын оролцогч гар утсаар зураг авсантай холбогдох баримтууд авагдсан байна.

 

6. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

 

6.1. Сахилгын хорооноос дээрх өргөдлүүдийг үндэслэн тус тусад нь сахилгын хэрэг үүсгэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4-т заасны дагуу илтгэгч гишүүн нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 801 дүгээр захирамжаар хэргүүдийг нэгтгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

 

6.2. Илтгэгч гишүүн нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох” 16 дугаар дүгнэлт үйлдэж, дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20, 50.1.23-т заасан заалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэн, уг нотлох дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, Сахилгын хорооны хуралдааны даргалагч болон бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

 

6.3. Мөн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 826 дугаар захирамжаар нотлох дүгнэлтийг хэлэлцүүлэх Сахилгын хорооны хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад товлон зарлажээ.

 

6.4. Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг сахилгын зөрчилд холбогдох шүүгчид 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гардуулж, Сахилгын хорооны хуралдааны товыг сахилгын хэргийн оролцогчид 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн байна.

 

6.5. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сахилгын зөрчилд холбогдох шүүгчээс ““Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК, М.Н нарт холбогдох **** хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Д.А, Г.Г, шүүгчийн туслах Н.У нарыг гэрчээр асуулгах тухай” хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргажээ.

 

6.6. Түүнчлэн, холбогдох шүүгч нь сахилгын хэргийн баримттай 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр танилцсан талаар баримт авагджээ.

 

6.7. Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 108 дугаар тогтоолоор “... илтгэгч гишүүнийг шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд сахилгын хэргийн оролцогч, шүүгч *** нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан эрхийнхээ дагуу дээрх хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан байна. Мөн гэрч нараас юу асууж тодруулах, юу гэрчлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус” гэсэн үндэслэлээр зөрчилд холбогдох шүүгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн.

 

6.8. Сахилгын хорооны хуралдаанаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”-ыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэн, мөн хуулийн 57.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан **** дүүргийн **** хэргийн анхан шатны шүүгч ***-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

Хууль зүйн үндэслэлийн хувьд:

7. Хуульд заасан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах, сахилгын хэрэг үүсгэх эсэх, мөн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох сахилгын хорооны гишүүн буюу илтгэгч гишүүний саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг шийдвэрлэж гаргасан захирамжид сахилгын хэргийн оролцогч гомдол гаргах эрхгүй, харин бусад асуудлаар гаргасан захирамжид гомдол гаргах эрхтэй талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.9-д тусгайлан зохицуулсан байна.

8. Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэсний дараа ямар шалгах ажиллагаануудыг хэрхэн явуулах талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т нэрлэн зааж, сахилгын хэргийн оролцогч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэг хүлээн оролцох талаар мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.2-т тус тус тодорхойлон заажээ.

9. Мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан эрхийн хүрээнд сахилгын хэргийн оролцогчоос сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “гэрч асуулгах тухай” хүсэлт гаргах эрхтэй бөгөөд сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж буй гишүүн нь уг эрхийг хангуулах учиртай.   

10. Энэ тохиолдолд, Сахилгын хорооны хуралдаанаас “...  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан эрхийн дагуу хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан, мөн гэрч нараас юу асууж тодруулах, юу гэрчлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус” хэмээн дүгнэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

11. Сахилгын хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт нь сахилгын хэрэгт ямар ач холбогдол, нөхцөл байдлыг тодруулах байсан эсэхээс үл хамааран Сахилгын хороо нь сахилгын хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийг нэн түрүүнд хэрэгжүүлэх, эрхийг нь зөрчилгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой байсан тул Сахилгын хорооны хуралдаан болон Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны процессыг зөвтгөх үндэслэлгүй, иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.2-т зааснаар Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас дүгнэв.

12. Иймд сахилгын хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийг эдлүүлээгүй зөрчлийг арилгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах учиртай тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.3-т зааснаар сахилгын хэргийг Сахилгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 115.8.3-т заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр хяналтын тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаасугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Ч.ХОСБАЯР


   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       Д.МӨНХТУЯА


    ШҮҮГЧИД                                                                           Б.АМАРБАЯСГАЛАН


                                                                          Н.БАЯРМАА


                                                                                                Х.БАТСҮРЭН