“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр М.Батсуурь
Шийдвэрийн огноо 2022.10.03
Шийдвэрийн дугаар 001/ХТ2022/0056
Хэргийн индекс 221/2022/0012/З
Маргааны төрөл хэм хэмжээний акт
Хуулийн зүйл, заалт Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэрт өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.05.30, дугаар: 17
Анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.05.30, дугаар:
Давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар: 001/ХТ2022/0056
Улаанбаатар хот


“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Харилцаа холбооны зохицуулах хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Х.Батсүрэн

Шүүгчид:                 П.Золзаяа

                                П.Соёл-Эрдэнэ

           Ц.Цогт 

Илтгэгч шүүгч:        М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-т “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгуулах тухай”,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ц.О, Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Т.У нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Радио долгионы тухай хуулийн 5дүгээр зүйлийн 51.1.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-т “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах журмаар гаргасан гомдол

 

2.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н гомдолдоо: “... Нэг. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн тухайд: а/Шүүх шаардлагатай нотлох баримтыг буруу үнэлсэн. Харилцаа холбооны тухай хуулийн (ХХтХ)-ийн 3.1.15-д “зохицуулалт” гэж мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шилжүүлэх болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоохтой холбоотой журам батлах, гэрээ байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг” гэж тодорхойлсон. “О” (О) ХХК нь тус хуулийн 25.2.10-т зааснаар “зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх” үүрэгтэй ба 8.10-т зааснаар “Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс санхүүждэг”, үндсэн чиг үүрэг нь Харилцаа холбооны салбарт зохицуулалт хийх чиг үүрэг болно. Тухайн салбарыг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан бүхий л дүрэм журмыг дагаж мөрдөх чиг үүргийг О хүлээдэг.

2.1. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-той тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж, ХХЗХ болон О нь гэрээний талууд болж эрх, үүрэг хүлээсэн. Мөн тус гэрээний 4.1-д “Зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомж, өөрийн үйл ажиллагаанд хамаарах салбарын дүрэм, журам, зохицуулалтын баримт бичиг болон ХХЗХ-оос баталсан эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөнө”, 4.2-т “Зохицуулах хороо нь энэхүү гэрээний 4.1-т заасан өөрийн баталсан дүрэм, журам, зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагын нэрсийн зөвшөөрлийн төрөл, ангиллаас хамааруулан энэхүү гэрээний хавсралт 1-ээр батлах бөгөөд Зөвшөөрөл эзэмшигч нь дагаж мөрдөнө” гэж заасан, гэрээний 1 дүгээр хавсралтаар баталсан “Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дагаж мөрдөх дүрэм, журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичгийн жагсаалт”-д “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам” буюу маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт багтсан. Өөрөөр хэлвэл, ХХЗХ-оос баталсан бүхий л дүрэм, журмаар О-гийн ашиг сонирхол хөндөгдөж болзошгүйг шүүхээс анхаарч тодорхойлоогүй нь ЗХХШтХ-ийн 121.2-т “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

2.2. б/Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс тодруулаагүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.2-т “... 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын заалт харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, найруулгын алдаатай, талуудын маргаагүй асуудлаар гаргасан дүгнэлт байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг хязгаарласан гэж маргаагүй бөгөөд тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалт явуулах зохицуулалт нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (ААҮАТЗТХ)-ийн 7.3, ХХтХ-ийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1, 60.1.6-д нийцэхгүй байгаа тухай буюу журмын зохицуулалт нь өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох боломжийг хаасан зохицуулалт байна гэсэн нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс тодруулаагүй болохыг нотолж байна.

2.3. в/Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.3-т Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 гэж заасан. Өрсөлдөөний тухай хуульд 7.3 дахь хэсэг огт байхгүй. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1-д ““ХХЗХ ... Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8-д “хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг” гэж дүгнэсэн. Харин уг маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын нэхэмжлэгчийн маргаж буй хэсэг нь ААҮТЗтХ-ийн 15.16.1-д заасан “радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл”-тэй хамааралгүй, харин ААҮТЗтХ-ийн 15.16.2-т заасан “харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн хүрээнд хамааралтай. Иймд уг маргаанд Радио долгионы тухай хуулийг хэрэглэх нь үндэслэлгүй.

2.4. г/Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.5-д “Нөгөөтэйгүүр, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах асуудлыг ХХтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ХХтХ-ийн 14.1-д “Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна”, 14.2-т “Зохицуулах хороо дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана” гэж гэрээ байгуулах болон татгалзах асуудлыг тус хуулийн 14.1, 14.2-т тус тус заасан. Харин ХХтХ-ийн 14.3-т “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэсэн зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах асуудлыг зохицуулаагүй, сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг тодорхойлсон зохицуулалт болно.

2.5. д/Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчээс маргаж буй хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1, 60.1.6, ААҮАТЗТХ-ийн 7.3, 11.2, ХХтХ-ийн 14.3-т заасныг зөрчсөн гэж маргасан ба шүүхээс зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 60.1.6 дахь заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Бусад хуулийн зохицуулалт буюу Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1, ААҮАТЗТХ-ийн 7.3, 11.2, ХХтХ-ийн 14.3-т заасныг зөрсөн эсэх талаар шүүх дүгнээгүй нь ЗХХШтХ-ийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн. ХХтХ-ийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ХХЗХ ажиллана” гэж заасан. ХХЗХ дээрх чиг үүргээ холбогдох журмыг батлах замаар хэрэгжүүлж байгаа ба үүний нэг нь 34 дүгээр тогтоол болно. Харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаагийн илрэл болох 34 дүгээр тогтоолоор хэний ч эрх ашиг хөндөгдөж болохыг тус хуулийн 8.1-д заасан байхад шүүхээс эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

2.6. Хоёр. Ашиг сонирхол хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй байгаа талаар буюу шүүхээс нотлох баримтыг дутуу цуглуулсан тухайд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” 01/2115 дугаар албан бичгийг ХХЗХ-нд хүргүүлсэн ба уг албан бичигт “...“Ю” ХХК, “С” ХХК-иас ХХЗХ нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтаар “А Э М Н” ХХК-д хууль, журамд байхгүй Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ гэсэн тусгай зөвшөөрөл олгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д заасныг зөрчиж байна гэж гомдол ирүүлснийг хянан үзлээ. ... ХХЗХ нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтаар “А Э М Н” ХХК-д Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ гэсэн тусгай зөвшөөрөл олгохдоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ыг зөрчиж, тус журамд заагаагүй эрхлэх үйлчилгээний төрлөөр, сонгон шалгаруулалтгүйгээр олгосон нь ... Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул холбогдох зөрчлийг арилгаж, ХХтХ-ийн 8.1-д заасан харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана уу” гэж ХХЗХ хууль зөрчиж манай компанид тусгай зөвшөөрөл олгосон байна гэх агуулгатай албан бичигтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ыг зөрчсөн буюу тус журмын зохицуулалтыг хууль зүйн үндэслэл болгосон.

2.7. Манай компаниас уг албан бичиг нь ямар төрлийн баримт бичиг болох талаар тодруулахад ШӨХТГ-аас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/574 дугаар албан бичгээр “... тус хороо нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн талаарх Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд гаргасан дүгнэлт..” гэсэн хариу ирүүлсэн. Улмаар манай байгууллага дээрх дүгнэлтэд гомдол гаргахад ШӨХТГ-ын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 01/942 дугаар албан бичгээр “ХХЗХ-ны 2021 оны 34 дүгээр тогтоолоор Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ыг баталсан байх бөгөөд тус журмын хавсралт 1-ийн 4 дэх хүснэгтэд зааснаар үүрэн холбооны тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт явуулахаар зохицуулсан байгаа нь Харилцаа холбооны тухай хуулийн дээрх заалттай зөрчилдсөн гэж үзэхээр байна. ШӨХТГ нь тус журмын хуульд нийцсэн эсэх талаар эцсийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага биш тул уг журмыг тодорхой, ойлгомжтой, түүнийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар батлах шаардлагатай талаар албан бичгийг хүргүүлсэн болно” гэсэн хариуг ирүүлснийг шуудангаар 2022 оны 05 дугаар сарын 30-нд хүлээн авсан. Мөн 2022 оны 02 дугаар сарын 22-нд “Ю” ХХК-иас ШӨХТГ-т “Тус байгууллагын дүгнэлтийг ХХЗХ биелүүлэхгүй байгаа нь ... Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг дахин зөрчлөө. “О” ХХК-д олгосон холбогдох тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан ба энэхүү асуудал хэрхэн шийдэгдсэн нь одоогоор мэдэгдээгүй байна.

2.8. Дээр дурдсан ШӨХТГ-ын дүгнэлт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ю” болон “С” ХХК-ууд нь манай компанийн тусгай зөвшөөрөл, түүнд холбогдох зарим эрхийг хүчингүй болгуулах агуулга бүхий 3 нэхэмжлэлтэй хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Ийнхүү өрсөлдөгч компаниудаас гаргаж байгаа тусгай зөвшөөрөл болон түүнд холбогдох эрхүүдийг хүчингүй болгох нэхэмжлэл, ШӨХТГ-аас хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон гэх дүгнэлтийн хууль зүйн үндэслэл нь 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох гэсэн хүснэгтийн 4-т “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох гэсэн хэсэг болно. Энэхүү ШӨХТГ-ын дүгнэлтээр манай компанид холбогдох журмыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон гэж дүгнэсэн нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлж, эрх бүхий байгууллагаас ААҮАТЗТХ-ийн 13.1-д зааснаар зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 6.4-т зааснаар түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

2.9. Мөн өрсөлдөгч компаниудаас гаргасан нэхэмжлэлээр үүссэн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 783 дугаар давж заалдах шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн ба тус тогтоолд сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэх асуудал нь шүүхийн шийдвэрээр дүгнэлт өгч шийдвэрлэх асуудал байна гэж дүгнэн, ашиг сонирхлыг хөндөгдөж байна гэж үзэж, захиргааны хэрэг үүсгэсэн. Шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулах чиг үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан нь ЗХХШтХ-иин 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” гэсэн шүүхийн чиг үүргийг биелүүлээгүйг илтгэж байна.

2.10. Ийнхүү дээр дурдсан ШӨХТГ-ын дүгнэлтийн хууль зүйн үндэслэл, ШӨХТГ-ын албан бичигт дурдсан “шүүхийн шийдвэрээр дүгнэлт өгч шийдвэрлэх сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон” гэх асуудлууд нь манай компанид тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх нь илтэд тодорхой, энгийн хүнд ч ойлгомжтой байна. Мөн шүүхийн маргаантай гэсэн үндэслэлээр “Ю” болон “М” ХХК-ууд нь харилцан холболт хийхгүй одоог хүрсэн ба манай компанийн хэрэглэгчдийг буюу нийтийн эрх ашгийг хохироож байна. Мөн Үндэсний дата төв дан системд холбохоос татгалзаж байгаа нь мөн манай компанийн эрх ашгийг хөндөж байна” гэжээ.


ХЯНАВАЛ:


3.  Нэхэмжлэгч “О” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-т “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

4.  Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй байхын зэрэгцээ, хоёрдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол шүүх нэхэмжлэлийг хангах зохицуулалттай.

 

5.  Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын хувьд тодорхой этгээдэд хаяглагдаж шууд эрх зүйн үр дагавар үүсгэж байдаг бол мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт (үүний зэрэгцээ мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан төлөвлөлтийн адил) нь тодорхой этгээдэд шууд хаяглаж чиглэдэггүй, байнга давтагдах шинжээрээ эрх зүйн үр дагавар нь тухайн эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтын харилцаанд орсон тохиолдолд илэрдэг тул уг харилцаанд орж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн төдийгүй тухайн харилцаанд орж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд шүүхээс “урьдчилсан хамгаалалт (хяналт)” хийх зорилгоор нэхэмжлэл гаргах эрхийг хууль тогтоогч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар баталгаажуулжээ (Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар тогтоолын 22-23 дугаар заалт).

 

6.  Нэхэмжлэгч “О” ХХК нь “Өргөн зурвасын өндөр хурдны интернэтийн үйлчилгээнд” радио давтамж ашиглах 536/WIMAX39 дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, “Нийтийн хэрэгцээнд үүрэн холбооны дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн 4 дэх технологид”  радио давтамж ашиглах 23710009 дугаартай тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн 5G технологийн сүлжээний туршилт хийх зориулалтаар” радио давтамж ашиглах эрхийн бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, “4G LTE сүлжээ байгуулах” радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус авч, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “Радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ”-г мөн тус тус байгуулсан; түүнчлэн, энэ үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны үйлчилгээ /Ярианы үйлчилгээ/ эрхлэх, Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр авч үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ.

 

7.  Нэхэмжлэгчийн хувьд сүүлийн тусгай зөвшөөрлийг маргаан бүхий журмыг үндэслэж авсан хэдий ч “... /түүнээс/ өмнө тусгай зөвшөөрлөө авах хүсэлт гаргасан. Явц дунд журам батлагдсан. Манайх руу сонгон шалгаруулалт явуулна гэдэг байдлаар бичиг явуулсан ...” (Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тэмдэглэлийн 7 дахь тал), уг журмын заалт “...  харилцаа холбооны зах зээлд шинээр орж ирэх үйлчлэгч нарт хуулиас дээгүүр нөхцөл шаардлага тавьсан ..., харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй ... /манайд олгосон тусгай зөвшөөрлийг/ хүчингүй болгуулахаар харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжээс ... шүүхэд гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн ... компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж болзошгүй ...” (хавтаст хэргийн 3 дахь тал) гэсэн үндэслэлээр маргаж, энэ хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж хэм хэмжээ тогтоосон актыг хянуулахаар хандсан байхад давж заалдах шатны шүүх “... тухайн өөрт эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгуулахаар хандсан нь ойлгомжгүйн зэрэгцээ уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

8.  Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс “О” ХХК-д үүрэн холбооны тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ тусгай зөвшөөрлийг авахаар хүсэлт гаргаагүй. 2021 оны 04 дүгээр сард “О”  ХХК ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлтээ Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан ... тийм учраас үүрэн холбоо гэх асуудал үүнд яригдахгүй ...” (хавтаст хэргийн 139-140 дэх тал) гэж тайлбарлан, “... “О” ХХК-ийн хувьд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх хүсэлтийг огт гаргаж байгаагүй. Журмын хавсралтад байгаа үүрэн холбооны тусгай зөвшөөрлийг өөрийн компанитай уяж ойлгож байгаа нь үндэслэлгүй ...” (Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тэмдэглэлийн 4 дэх тал) гэж тайлбарын үндэслэлээ дэмжжээ.

 

9.  Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтэд дангаараа “Ярианы үйлчилгээ” гэх хэсэг байхгүй; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэг нь багц тусгай зөвшөөрөл ... ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрөл, ... дамжуулах тусгай зөвшөөрөл, боолтын тусгай зөвшөөрлүүд нь нийлж байж үүрэн холбооны тусгай зөвшөөрөл олгогддог ... “О” ХХК-ийн авсан тусгай зөвшөөрөл нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх дотор багтдаг нэг төрлийн ярианы үйлчилгээ ...” (Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тэмдэглэлийн 4 дэх тал) гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгчээс журмын хавсралт дахь хүснэгтийн 4-т буюу “Үүрэн холбоо” гэж заасанд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэнэ.

 

10.   Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... захиргааны хэм хэмжээний актын хавсралтад заасан мэдээллүүд нь харилцаа холбооны салбарт олгох тусгай зөвшөөрлийн ангилал, төрлийг тогтоосон баримт бичиг биш бөгөөд тусгай зөвшөөрөл хүсэгч нь анх тусгай зөвшөөрөл хүсэхэд эрхлэх үйлчилгээнээс хамааруулан ямар төрлийн баримт бичгийг ирүүлэхийг тодорхойлсон агуулгатай хүснэгт, ... мэдээллийг тодорхойлсон мэдээллийн агуулга шинжтэй хялбаршуулсан хүснэгт гэж ойлгох нь зүйтэй” (хавтаст хэргийн 95 дахь тал) гэж хариу тайлбартаа дурдаж, шүүх хуралдаанд  энэхүү үндэслэлээ мөн дэмжсэн байна.

 

11.   Маргаан бүхий “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 1.1-д “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, дуусгавар болгох, шилжүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна”, 1.8-д “Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, ... болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр эсхүл хүсэлт гаргагч этгээдийн ирүүлсэн хүсэлт нь энэ журамд заасан нөхцөл, шаардлагын аль нэгийг хангахгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба татгалзсан тухай үндэслэлийг тодорхой дурдсан хариуг тусгай зөвшөөрөл хүсэгчид бичгээр хүргүүлнэ”, 2.1-д “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журамд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно”, 2.2-т “Тусгай зөвшөөрөл хүсэгч нь ... хуульд заасан, энэхүү журмын хавсралт 1-ээс 4-т дурдсан мэдээллийг ирүүлнэ”, 3.1-д “Тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ журмын 2.2-т заасан баримт бичгийг бүрэн, үнэн зөв бүрдүүлж, хуудас бүрийг дугаарлан Зохицуулах хороонд хүргүүлнэ”, 3.2-т “Зохицуулах хорооны ажлын алба нь энэ журмын 3.1-д заасан баримт бичгийн иж бүрдлийг шалгах, бүртгэл хөтлөх, хүлээн авах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх бөгөөд баримт бичиг дутуу иж бүрдлийг, баримт бичиг бүрдүүлэхтэй холбоотой зааварчилгааны хамт хүсэлт гаргагчид буцаан хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

 

12.   Үүнээс үзэхэд, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан бол энэхүү журмын дагуу шийдвэрлэх бөгөөд хүсэлт гаргагч нь журмын хавсралтад заасан баримт бичгийн бүрдэл хангах үүрэгтэй, баримт бичгийн бүрдэл дутуу бол хүсэлтийг буцааж, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, өөрөөр хэлбэл, хүснэгт нь хэм хэмжээний актын бүрдэл хэсэг бөгөөд гадагш чиглэж, эрх зүйн үр дагавар (тусгай зөвшөөрөл олгох болон олгохгүй байх)-ыг үүсгэж байна.

 

13.   Үүний зэрэгцээ, маргаан бүхий журмын 1.5-д “Зохицуулах хороо нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлогыг баримтлан тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн сонгон шалгаруулалтаар олгож болох ба сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэхүү журмаас тусад нь баталж мөрдөнө” гэж заасан ч нэхэмжлэгчээс “сонгон шалгаруулах журам”-тай холбогдуулж бус, харин “Үүрэн холбоо”-ны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор тогтоосон нөхцөл, шаардлагатай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, маргаан бүхий хүснэгтэд үүнийг тодорхой заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй.

 

14.   Гурав. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “зохицуулалт” гэж мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шилжүүлэх болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоохтой холбоотой журам батлах, гэрээ байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж тус тус зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох, уг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, түүнтэй холбоотой журам батлах бүрэн эрхтэй байна.

 

15.   Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид  “Зохицуулах хороо" гэх/ ажиллана”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралт “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4-т “хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд холбогдох дүрэм, журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуульд нийцсэн байх”, 60.1.6-д “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж тус тус зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь өмнө дурдсан бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгох харилцааг журамлахдаа (хэм хэмжээ тогтоох) эрх шилжүүлсэн хуулийн зорилго, агуулга, зохицуулалтад нийцүүлж, хуулиар тогтоосон хориглолтын хязгаарыг дагаж мөрдөхийн зэрэгцээ өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зарчимдаа нийцүүлж, уялдуулах учиртай.

 

16.   Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой  нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна”, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж тус тус зааснаар харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг олгоход баримтлах нарийвчилсан журмыг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулсан, ингэхдээ ямар тохиолдолд сонгон шалгаруулалтаар олгохыг тодорхойлжээ.

 

17.   Тодруулбал, тодорхой нэг нутаг дэвсгэрт адил төрлийн үйлчилгээ үзүүлэхээр хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан тохиолдолд (сонирхож буй аж ахуйн нэгжүүдээс өргөдөл гаргах боломжийг тэгш хангасны үндсэн дээр) сонгон шалгаруулалтаар, харин бусад тохиолдолд (өөр адил төрлийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөхгүй, тухайн тохиолдолд шударга өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй бол) өргөдлөөр шийдвэрлэх боломжийг хууль тогтоогч нөхцөл (гипотез)-д ялгамжтай зааж, үүний үр дүнд өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөл хангагдсан байх тусгай зөвшөөрлийн журмыг нарийвчлан тогтоох бүрэн эрхийг хариуцагчид шилжүүлжээ.

 

18.   Гэтэл “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-т “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж зааж, үүрэн холбооны бүхий л үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах замаар олгох агуулгаар журамласан нь Харилцаа холбооны тухай хуулийн дээрх заалт болон Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” шаардлагад нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

19.   Түүнчлэн, тухайн мөрөнд “хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт” гэж заасан нь дугаарлалт, радио давтамжид хамааралтай гэсэн хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Үүрэн холбооны тусгай зөвшөөрөл (багцаар) авах хүсэлтэй бол тусгай зөвшөөрлөөр олгодог, тус тусдаа дугаарлалт, ярианы тусгай зөвшөөрөл авах бол өргөдлөөр шийдвэрлэдэг ...” (Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тэмдэглэлийн 5-7 дахь тал) гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд маргаан бүхий зохицуулалт нь өмнө дурдсан хуулийн “нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэсэн агуулгад бүрэн тохирсон гэж дүгнэх боломжгүй.

 

20.   Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан /захиргааны байгууллагын эрх хэмжээ/-ыг үндэслэл болгож байгаа ч мөн зүйлийн 7.3-т “Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой  нарийвчилсан журмыг тус тусын  хуулиар зохицуулна” гэж тусгасан; Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т дээрх байдлаар илүү нарийвчлан тодорхой зохицуулсан тул уг тайлбар няцаагдана.

 

21.   Ийнхүү маргаан бүхий журмын холбогдох хэсэг хуульд заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан байдал тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх “... тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах асуудлыг Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан... Нэхэмжлэгчээс Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулсан үйл ажиллагаатай маргаагүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй ...” гэж хуулийг буруу тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... ХХтХ-ийн 14.3-т ... тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах асуудлыг зохицуулаагүй, сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрөл олгох нөхцөлийг тодорхойлсон зохицуулалт болно, ... Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1, ААҮАТЗтХ-ийн 7.3, 11.2, ХХтХ-ийн 14.3-т заасныг зөрсөн эсэх талаар шүүх дүгнээгүй нь ЗХХШтХ-ийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн ...” гэх гомдол үндэслэлтэй.

 

22.   Үүний зэрэгцээ, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар явуулах нөхцөлийг хязгаарласан гэж маргаагүй, харин бүхий л тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор журамласан нь харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарласан гэсэн үндэслэлээр маргаж байхад давж заалдах шатны шүүхээс “... “харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг хязгаарласан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Радио долгионы тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

 

23.   Хэдийгээр нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч хуульд заасан “нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл” гэдэгт ямар төрлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл хамаарахыг шүүх тогтоохгүй бөгөөд үүнийг захиргааны байгууллагын өмнөөс нөхөн хэрэгжүүлэх эрх хэмжээгүй, Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн журмын заалтаа өөрчлөн батлах боломжтой, энэ нь шүүхийн дүгнэх хүрээнээс хэтэрсэн байх тул холбогдох заалтыг хуульд нийцүүлж дахин гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-т “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэсэн хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.” гэж, Тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг хэм хэмжээний актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн агуулга бүхий заалт нэмж; “2” дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                                 П.ЗОЛЗАЯА

                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                          Ц.ЦОГТ

                                                                                                          М.БАТСУУРЬ