“Г...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хадгаламжийн даатгалын корпораци” сан-д холбогдох

Шүүгчийн нэр Д.Цолмон
Шийдвэрийн огноо 2021.12.22
Шийдвэрийн дугаар 001/ХТ2019/00210
Хэргийн индекс 182/2019/00122/и
Маргааны төрөл Худалдах-худалдан авах
Хуулийн зүйл, заалт 243 дугаар зүйлийн 243.1
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2021.12.22, дугаар: 101/ШШ2018/01885
Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2021.12.22, дугаар: 1893
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар: 001/ХТ2019/00210
Улаанбаатар хот


 

“Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

                                   

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00384 дүгээр шийдвэр,

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 781 дүгээр магадлалтай,

 

“Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Х ” ХХК-д холбогдох 

           

Даатгалын хураамжид төлсөн 434,142,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

                                                                       

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Г ” ХХК нь “Х ” ХХК-д улирал бүр даатгалын хураамж төлдөг. Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй: 7.2.1. банк, 7.2.2. төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага гэж, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Улирлын хураамж нь өмнөх улирлын cap бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна гэж тус тус заасан байна. Энэ зохицуулалтаар төрийн байгууллагын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй төдийгүй хадгаламжийн даатгалын хураамжийг тооцохдоо төрийн байгууллагын хадгаламжийн даатгалын дүнг хасч тооцохоор байна. Хуулийн даатгалд хамаарахгүй байх үйлчлэлд “Г ” ХХК дахь “Хөгжлийн банк” ХХК-ийн мөнгөн хадгаламж хамаарах тул уг хадгаламжаас даатгалын хураамж төлөх ёсгүй байсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Хөгжлийн банк” ХХК нь Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан төрийн байгууллага мөн тул уг банкны хадгаламж нь даатгалд үл хамаарна. Нэхэмжлэгчийн хувьд 100 хувь төрийн өмчийнх, түүний үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газар, Сангийн яам шууд оролцдог бөгөөд Үндэсний аудитын газар хяналт тавьдаг. ТУЗ-ийг Сангийн яамнаас бүрдүүлдэг, үйл ажиллагааны нууц нь төрийн нууцад ордог, бүх албан тушаалтан нь хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлдөг зэрэг шинжээр нь “Хөгжлийн банк” ХХК-ийг төрийн байгууллага мөн гэж үзэж байна. Төр өөрөө өөрийгөө даатгах асуудал байж болохгүйн зэрэгцээ хэрэв даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд хариуцагч нь “Хөгжлийн банк” ХХК-д нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа тул даатгалын үндсэн суурь зарчимд энэ харилцаа нийцэхгүй. Иймд “Г ” ХХК нь “Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжийн үлдэгдлээс 2018.02.18-ны өдрөөс хойш 2019.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 434,142,645.79 төгрөгийн төлбөрийг “Х ” ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд 2018.02.18-ны өдөр орсон өөрчлөлт нь 2018.03.16-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацааны төлсөн хураамжийн дүн 408,729,705.79 төгрөг гарч байгаа тул нэхэмжлэгч 25,412,940 төгрөг илүү шаардсан гэж үзэхээр байна. Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар мэдээлэл авах боломжгүй, мэдээллээс хол байдаг иргэдийн хадгаламжийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тэдэнд учирсан 20,000,000 хүртэлх төгрөгийн хохирлыг банкнуудаас төлсөн хураамжийн хуримтлалаар нөхөн төлөх харилцааг зохицуулдаг. Энэ агуулгаараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс, нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл, нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламжууд даатгалд хамаарахгүй, банк болон төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болон бусад нэрлэсэн этгээдүүдийн хадгаламжууд даатгалд хамаарахгүй байхаар зохицуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаас үзвэл төрийн байгууллага гэдэг нь улсын төсвөөс санхүүждэг байгууллагыг ойлгох бөгөөд “Хөгжлийн банк” ХХК нь ашгийн төлөө, хувьцаа эзэмшигчтэй ХХК тул төрийн байгууллагад хамаарахгүй. Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагын эрх зүйн байдалтай нийцэхгүй. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэх ба мөн хуулийн 14.1 дэх хэсэгт төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэж тодорхойлсон. Иймд хуулиар тодорхойлсон төрийн байгууллага гэх ойлголтод “Хөгжлийн банк” ХХК нь хамаарахгүй, Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13.5 дахь хэсэгт зааснаар “Г ” ХХК нь хураамж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00384 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Х ” сангаас 367,839,434.63 төгрөг гаргуулан “Г ” ХХК-д олгож, “Г ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,303,211.16 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,328,663.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,997,147.17 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 781 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 781 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай:

1. Банкны тухай хуулийн зохицуулалт: Монгол Улсын Их Хурлаас 2010.01.18-ны өдөр баталсан Банкны тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсэн байна. Банкны тухай хуулийн Хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг" ойлгоно гэсэн байна. Түүнчлэн энэхүү нэр томьёоны тодорхойлолт хэсэг “банкны холбогдох этгээд”, “банкны нэгдлийн оролцогч”, "банканд бүтцийн өөрчлөлт хийх", “банкийг өөрчлөн байгуулах”, "банкны актив, пассив, өөрийн хөрөнгө", “банкны нэгдэл", “банкны нэгдлийн оролцогч”, “нэгдсэн хяналт шалгалт", “банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ", “өөрийн хөрөнгийн шаардлага”, “санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага”, “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч”, “банкны нэгж”, “банкны нэгдлийн толгой компани”, “банкны хэвийн бус үйл ажиллагаа” зэрэг ойлголтуудыг хуульчлан тодорхойлсон байна. Эдгээрээс үзэхэд хуульд заасан банк хэмээх ойлголт бидний нэрлэж заншсанаар арилжааны банк буюу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан банкнуудад хамаарахаар байна. Тухайлбал, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, шаардлага, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч түүнд тавигдах шаардлага, банканд бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн байгуулах, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос нэгдсэн хяналт шалгалт хийх зэрэг нь зөвхөн арилжааны банканд хамаарах зохицуулалт бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банканд огт хамааралгүй юм. Банкны тухай хуулийн 3.1.1-д заасан тодорхойлолтоос банк хэмээх ойлголтын үндсэн шинжийг илэрхийлбэл бусад ашгийн төлөө хуулийн этгээдээс ялгарах онцлог нь бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх, санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэх, Монголбанкны тусгай зөвшөөрөлтэй байх зэрэг үндсэн шинжүүдтэй байна. Арилжааны банкнуудын эдгээр үндсэн шинжүүд Монгол Улсын Хөгжлийн банканд байхгүй. Монгол Улсын Хөгжлийн банк нь бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах буюу хадгаламжийн үйлчилгээ огт эрхэлдэггүй, зээл олгож хүү, шимтгэлийн орлого олох арилжааны банкны санхүүгийн үйлчилгээ эрхэлдэггүй, зөвхөн Засгийн газрын чиг үүргийн хүрээнд улс орны томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг, төлбөр тооцоо хийж иргэн, хуулийн этгээдэд данс нээж үйлчилгээ үзүүлдэггүй, санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа буюу бусдаас хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлсэн хөрөнгийг буцаагаад зээл хэлбэрээр гаргах үйлчилгээ явуулдаггүй, Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авдаггүй гэх мэт үндсэн шинжээрээ банк хэмээх ойлголтод хамаарахгүй байна. Банкны тухай хуулийн Банкны эрхлэх үйл ажиллагаа хэмээх 6 дугаар зүйлд: 6.1. Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ: 6.1.1. мөнгөн хадгаламж; 6.1.2.зээл; 6.1.3. төлбөр тооцооны үйлчилгээ; 6.1.4. өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах; 6.1.5. гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах; 6.1.6. үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах; 6.1.7.үнэт зүйл хадгалах; 6.1.8. гадаад төлбөр тооцоо хийх; 6.1.9. үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах; 6.1.10. санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа; 6.1.11. зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах; 6.1.12. хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ. 6.2. Банк Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ: 6.2.1. санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх; 6.2.2. итгэлцлийн үйлчилгээ; 6.2.3. даатгалын зуучлагч; 6.2.4. андеррайтерын үйлчилгээ; 6.2.5. кастодиан; 6.2.6. факторингийн үйлчилгээ гэсэн байна. Үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл банк нь дээр дурдсан үйл ажиллагааг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг бол Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1.1-8.1.10 дах хэсэгт заасан өөр төрлийн үйл ажиллагааг хэн нэгнээс тусгай зөвшөөрөл авахгүйгээр эрхэлж байна. Банк нь санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа буюу бусдаас хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлсэн хөрөнгийг удирдах, зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдгийн улмаас харилцагчийн хөрөнгийг хамгаалах зорилгоор Монголбанкны онцгой хяналтад байдаг тул банканд хориглох үйл ажиллагааг хуулиар тодорхойлсон. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд Банканд тавих шаардлага, 17 дугаар зүйлд Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг хуульчилсан. Эдгээр шаардлага хязгаарлалтын хүрээнд Монголбанкнаас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дүрэм, журам баталж мөрдүүлдэг бөгөөд эдгээрийн аль нь ч Хөгжлийн банканд хамаарахгүй буюу мөрдөгдөхгүй юм. Мөн Банкны тухай хуулийн гуравдугаар бүлэгт заасан Банк байгуулах, банкийг өөрчлөн байгуулах бүлгийн банк үүсгэн байгуулах зохицуулалт, үүсгэн байгуулагчид тавих шаардлага, үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичиг, банкны дүрэм, банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох, татгалзах, хүчингүй болгох, банкны бүртгэл, нэр, өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл зэрэг зохицуулалт нь зөвхөн арилжааны банканд хамаарсан зохицуулалт юм. Банкны тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал, Монголбанкны санаачилгаар хувьцаа эзэмшигчид хуралдах, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын зохицуулалт нь зөвхөн арилжааны банкны онцлогт хамаардаг. Монгол Улсын Хөгжлийн банк нь Засгийн газраас үүсгэн байгуулагдсан, түүний харьяа төрийн байгууллага болохын хувьд Монголбанкны хяналтад огт хамаардаггүй бол банк нь Банкны тухай хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу өөрийн хөрөнгийн хүрэлцээ, шаардлага, санхүүгийн тайлан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, банкны хувьцаа эзэмшихэд Монголбанкнаас зөвшөөрөл авах, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хуулиар шалгуур тавигдах, санхүүгийн тайланг мэдээлэх, аудитаар оруулах зэрэг онцлог зохицуулалттай. Төв банк буюу Монголбанкнаас арилжааны банканд Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд буюу өөрийн хөрөнгийн шаардлага, банкны активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах талаар тусгай журам тогтоох, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журам тогтоох, холбогдох шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, банкны үйл ажиллагаанд цаашид алдагдал учруулах эрсдэлтэй банкны нэгжийг татан буулгах, банкны эрсдэлийн төвшинг бууруулах арга хэмжээ авах, цэвэр ашгаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, төлбөр түргэн гүйцэтгэх чадварт тусгай шаардлага тавих, тогтоосон хугацаанд шаардлагатай тайлан, мэдээ, мэдээллийг ирүүлэх, тайлагнах, хууль, журамд заасан нөхцөл шаардлага, шалгуурыг хангаж ажиллах, Монголбанкнаас тогтоосон банкны зохистой засаглалын журмын хэрэгжилтийг хангах, банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, эсхүл чөлөөлөх талаар төлөөлөн удирдах зөвлөлд хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлөх, шаардлагатай тохиолдолд банкны активт чанарын үнэлгээ, эрсдэлийн сорил хийж, тэдгээрийн үр дүнд үндэслэн өөрийн хөрөнгө, эрсдэлийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Монголбанк нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох, хуульд заасан албадлагын арга хэмжээ авах, хяналт шалгалт хийх зэрэг маш өргөн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Харин Монгол Улсын Хөгжлийн банк нь “банк” гэсэн ойлголтод хамаарахгүй тул Монголбанк нь дээр дурдсан хяналт шалгалтын нэгийг нь ч Хөгжлийн банканд хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Монголбанк нь Санхүүгийн зохицуулах хорооны хамтаар өөрсдийн олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хуулийн дагуу банканд нэгдсэн хяналт шалгалт хийх эрхтэй байдаг бол Хөгжлийн банканд тусгай зөвшөөрөл олгодоггүйн улмаас шалгалт хийх боломжгүй байдаг. Түүнчлэн, Банкны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасны дагуу Монголбанкнаас банканд бүтцийн өөрчлөлт хийж банкны хувьцаа эзэмшигчдийг өөрчлөх онцгой эрх хадгалагдахын зэрэгцээ албан шаардлага тавих, сануулах, зөрчил, дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх, тогтворжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон түвшинд хүргэхийг даалгах, банкны өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулж, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах, банкны удирдах албан тушаалтны цалин, урамшууллыг хязгаарлах, банкны нэгж байгуулахыг хориглох, татан буулгах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх, банкны гүйцэтгэх шаардлага, ТУЗ-ийн гишүүнийг албан тушаалаас түдгэлзүүлэх, чөлөөлөх, нөлөө бүхий Хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах эрхтэй байна. Зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр Монголбанк нь арилжааны банканд бүрэн эрхт төлөөлөгч томилох, бүтцийн өөрчлөлт хийж хувьцаа эзэмшигчдийг солих, банкны хөрөнгийг удирдах, үйл ажиллагааг түдгэлзүүлэх, шаардлагатай гэж үзвэл татан буулгах замаар хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн дуусгавар болгох бүрэн эрх хэрэгжүүлдэг. Энэ нь банк нь санхүүгийн зуучлагчийн хувиар харилцагч нараас хадгаламж, харилцах дансны эх үүсвэр төвлөрүүлдэг тул Монголбанк төрийг төлөөлөн харилцагч  нарын эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой нь холбоотой юм. Банкны өөрийн хөрөнгө буюу хувьцаа эзэмшигч эздийн хөрөнгө банкны нийт активын 10 орчим хувь байдаг бөгөөд бусад хөрөнгө нь харилцагчийн хөрөнгө тул хуулиар тусгайлан хамгаалсан зохицуулалттай байдаг. Дээр дурдсан Банкны тухай хуульд заасан банк хэмээх ойлголт, түүний үндсэн шинж, үйл ажиллагаа, хуулиар зохицуулсан харилцаанд Монгол Улсын Хөгжлийн банк нь хамаарахгүй.

2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалт: Монгол Улсын Их Хурлаас 1995.10.31-ний өдөр баталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн үндсэн зохицуулалт нь уг хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө хадгалуулах, хоорондын төлбөр тооцоогоо банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэснээр тодорхойлогдоно. Энэ хуулиар банкны үйл ажиллагааны үндсэн 3 төрөл болох мөнгөн хадгаламж (1), төлбөр тооцоо (2), зээлийн үйл ажиллагаа (З)-ны нарийвчилсан зохицуулалтыг тодорхойлсон. Нэгэнт Монгол Улсын Хөгжлийн банк нь банк гэсэн ойлголтод хамаарахгүй буюу иргэн, хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж авахгүй, тэдгээрийн хүсэлтээр данс нээж төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэхгүй, мөн зээл олгохгүй (зөвхөн УИХ-аас баталсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ) тул энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

3. Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн зохицуулалт: Монгол Улсын Их Хурлаас 2013.01.10-ны өдөр баталсан Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкан дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн байна. Улмаар хуулийн 8 дугаар зүйлд “Даатгалын тохиолдол бий болоход Х  хадгаламж эзэмшигчийн тухайн банкан дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө” гэсэн байна. Ингэснээр Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нь бага үнийн дүнтэй хадгаламжтай боловч тооны хувьд олонх болсон хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалах, ийнхүү хамгаалах замаар зах зээл дээр банк татан буугдахад үүсдэг тогтворгүй байдал /шок/-ыг бий болгохгүй байх зорилготой хууль юм. Мөн хуулийн 2.1-д “Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн аргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ." гэсэн байна. Улмаар тус хуулийн Хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсэн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: “банк” гэж Банкны тухай хуулийн 3.1.1-д заасан хуулийн этгээдийг болон мөн хуульд заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл авч, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбарыг; “хадгаламж” гэж банкан дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг гэсэн байна. Ингэснээр Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд дурдагдаж буй “банк” гэсэн нэр томьёо нь Банкны тухай хуулийн 3.1.1-д тодорхойлсон “банк” гэсэн ойлголттой адилхан буюу хуулийн ишилсэн заалт /бланкет/ тул энэхүү ойлголт нь арилжааны банк гэдэг нь тодорхой болж байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.2.1-д заасан “банк” гэсэн ойлголтод Монгол Улсын Хөгжлийн банкийг хамруулж ойлгон дүгнэлт хийснээр хуулийг буруу хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 4.1-д “Банкан дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гээд 4.1.3-д “Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламжийн даатгалд хамрагдах” гэсэн нь мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх эрх бүхий арилжааны банк энэ хуульд хамаарна гэдэг нь тодорхой байна. Хэрэв давж заалдах шатны шүүхийн үзсэнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк нь “банк” гэсэн ойлголтод хамаарах бол Хөгжлийн банкны хадгаламжийг мөн даатгах тухай асуудал үүсэх байсан. Гэхдээ Хөгжлийн банк нь банк биш тул хуулиараа хадгаламж татахгүйн зэрэгцээ данс нээж төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгууллага юм. Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нь Банкны тухай хуулийн 16.1.1-д заасны дагуу иргэдээс мөнгөн хадгаламж авсан арилжааны банк нь татан буугдах тохиолдолд тэдгээрийг 20 сая хүртэлх хадгаламжийг даатгах тухай хууль болох нь тодорхой байна. Уг хуульд дурдагдсан банк гэх ойлголт нь Банкны тухай хуулийн банк гэсэн ойлголттой ижил болохыг хууль тогтоогч хуульчилсан байтал давж заалдах шатны шүүх Монгол Улсын Хөгжлийн банкийг арилжааны банктай андуурч дүгнэлт хийснээр магадлал нь хуулийн үндэслэлгүй болсон байна.

4. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн зохицуулалт: Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банканд хийсэн активын чанарын үнэлгээ, бусад холбогдох хяналт шалгалтын үр дүнд гарсан өөрийн хөрөнгийн дутагдлыг банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар хангуулах, шаардлагатай бол төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх, оруулсан хөрөнгийг удирдах, төсөвт буцаан төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, мөн хуулийн 3.1-д “Банкны системд нөлөө бүхий, дунд хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулах, Монголбанкнаас банкийг дахин хөрөнгөжүүлэхтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн байна. Уг банкны салбарын буюу арилжааны банкнуудаас системд нөлөө бүхий банкийг татан буулгахгүй байх, үүний тулд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчаар өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхүүлэх, шаардлагатай гэж үзвэл төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлж, хөрөнгийг удирдах тухай буюу товч дүгнэвэл нөлөө бүхий банкийг татан буугдах, дампуурахаас сэргийлсэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах хууль юм. Энэ хууль нь банк буюу арилжааны банканд хамааралтай хууль болохын хувьд “банкны активын чанарын үнэлгээ”, “өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх”, “банкны системд нөлөө бүхий банк” зэрэг ойлголтыг тодорхойлсон нь Банкны тухай хуулийн зохицуулалттай адил байна.

Хяналтын журмаар гаргасан гомдлыг нэгтгэн дүгнэвэл: Монголын банкны салбарт дээр дурдсан Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль гэсэн 4 салбарын хууль үйлчилж байна. Эдгээр хуульд дурдагдсан банк гэх ойлголт нь хоорондоо ижил бөгөөд Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлсноор нэг мөр ойлгогдож байна. Хууль тогтоогчид дээрх 4 хуулийн хүрээнд банк гэх ойлголтыг Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан арилжааны банк гэдгээр тодорхойлсон. Харин хуулиар “банк” гэх нэршил авсан 2 байгууллага болох Төв банк буюу Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк нар нь тусдаа бие даасан хуультай бөгөөд өөрсдийн хуулиудаар статус нь тодорхойлогдож байна. Энэ 2 байгууллага дээр дурдсан 4 хуульд заасан банк гэх ойлголтод огт хамааралгүй болно. Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Хөгжлийн банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд “банк" “ХХК” гэсэн ангиллаар бүртгэснийг үндэслэж банк хэмээн дүгнэсэн байна. Гэтэл нэршил болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн алдааг харгалзан үзэх нь өнгөц тул хуулийн зохицуулалт, агуулга, үйл ажиллагаа, үндсэн шинж зэргийг харгалзан үзэж шүүхээс хууль хэрэглэн шийдвэрлэх нь илүү үндэслэлтэй байсан. Засгийн газрын агентлаг болох улсын бүртгэлийн байгууллагад Монгол Улсын Хөгжлийн банкийг 4 ашгийн төлөө ХХК, банк хэлбэртэй хэмээн алдаатай бүртгэсэн /бүртгэлийн ангилал нь явцуу хүрээтэй/ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм. Хэрэв ингэж үзвэл Хөгжлийн банкан дахь хадгаламжийн даатгалын тухай асуудал наад зах нь яригдах байсан. Монгол Улс өнөөдөр банк гэх ойлголтоор 13 арилжааны банк (Г , Хаан банк, Худалдаа, хөгжлийн банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Чингис хаан банк, Тээвэр, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг  банк, Кредит банк, Богд банк)-ийг хамруулж ойлгодог. Харин банкны тогтолцоо талаас авч үзвэл 2 шатлалт банкны тогтолцоо болох Төв банк (эмисс банк) буюу Монголбанк, мөн банк буюу арилжааны банк (арилжааны банк гэдэг нь албан ёсны нэршил биш бөгөөд нийтэд хэвшсэн ойлголт) гэсэн системээс бүрдэж байна. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.7-д заасан  “мөнгөний бодлогыг тодорхойлох” онцгой эрхийнхээ хүрээнд Монголбанкийг УИХ-аас байгуулдаг бөгөөд Төв банк нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг, ингэхдээ арилжааны  банкнуудад бодлогын хүүгээр нөлөөлж, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг тэлэх, хумих бодлогыг хэрэгжүүлдгээрээ дээрх 2 шатлалт банкны тогтолцоо илрэлээ олдог. Харин сүүлийн 30 жил хэрэгжүүлсэн энэхүү мөнгөний бодлого, түүнийг хэрэгжүүлдэг банкны тогтолцоонд Монгол Улсын Засгийн газрын харьяанд хожим байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банк огт хамаарал, нөлөөлөл байхгүй болно. Хуулиар тогтоосон нэршил (Төв банк, Монголбанк, Хөгжлийн банк)-д үндэслэх эсхүл улсын бүртгэлийн алдааг үндэслэн хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр гаргах үндэслэлгүй гэж Г ны зүгээс үзэж байна. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 21 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ гэсэн хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн нь мөн үүний илрэл болж байна. Монголбанк нь Засгийн газраас хараат бусаар ажиллаж төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг, үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтыг хэрэгжүүлдэг. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн Монголбанкнаас Засгийн газартай харилцах хэмээх 31 дүгээр зүйлийн 2-т “Монголбанк Засгийн газраас хараат бус байна.”, 3-т “Засгийн газрын шийдвэр төрийн мөнгөний бодлогод харшилж байвал Монголбанк энэ талаар Засгийн газарт мэдэгдэнэ.”, 16-д “Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанканд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно.” гэсэн зохицуулалтаар энэ нь илрэлээ олдог. Харин Монгол Улсын Хөгжлийн банк нь 100 хувь Засгийн газраас байгуулагддаг түүний харьяа байгууллага бөгөөд зөвхөн улс орны томоохон бүтээн байгуулалтын шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт өгдөг болохын хувьд мөнгөний бодлого, банк, банкны тогтолцоонд хамааралгүй болно. Монгол Улсын Их Хурлаас 2017.02.10-ны өдөр баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан Хөгжлийн банкны хууль тогтоомжоос үзэхэд банкны салбарын хуулиуд хамаарахгүй болох нь тодорхой харагдана. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн Хөгжлийн банкны эрх зүйн байдал гэсэн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна”. 5.2-т “Хөгжлийн банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана.” гэсэн байна. Хуульд заасан эрх зүйн байдлаас үзэхэд ямар ч банк, эсхүл ХХК гэсэн ангилал, тодорхойлолт байхгүй байхад давж заалдах шатны шүүх улсын бүртгэлийн алдаанд үндэслэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан байна. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд банк, банкны салбар, банкны тогтолцооны ойлголт байхгүй харин эсрэгээр Засгийн газрын хөтөлбөрт хамаарах “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “дунд хугацааны хөгжлийн бодлого” зэрэг ойлголтууд туссан. Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлд мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай дурдагдаагүй. Зээлтэй төстэй байж болох үйл ажиллагаа нь төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж байгаа боловч улс орны бүтээн байгуулалтын ажлын хувьд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хэрэгждэгээрээ онцлогтой /зам, гүүр, дэд бүтэц, тухайлбал гудамж төсөл гэх мэт/. Мөн хуулийн 8.1.2-т дурдсан төлбөр тооцоо хийх үйл ажиллагаа нь гадагшаа иргэн, хуулийн этгээдэд данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдээгүй харин өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн мөнгийг шилжүүлэхтэй холбоотой харилцаанд хэрэглэгддэг. Бусад үйл ажиллагаа нь банкны үйл ажиллагаатай хамааралгүй болно. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.3-т “Хөгжлийн банк нь иргэдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гээд хадгаламжийн төрлийн үйл ажиллагааг бүрмөсөн хуулиар хориглосон. Ингэснээр банкны үндсэн шинж болох санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа буюу хадгалуулсан мөнгийг зээлдүүлэх замаар хадгаламж, зээлийн хүүгийн зөрүүнээс ашиг олох санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх боломж хуулиар байхгүй болсон. Мөн хуульд заасан Хөгжлийн банкны үйл ажиллагаа, удирдлага, бүтэц зохион байгуулалт, төрийн байгууллагын оролцоо, бусад 4 зохицуулалтаас үзэхэд Банкны тухай хууль, түүнд хамаарах хуулийн зохицуулалтаас тэс ондоо болох нь тодорхой харагдана. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 781 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 181/ШШ2020/00384 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь хариуцагч “Х ” санд холбогдуулан 2018.02.18-ны өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжаас даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан.

 

Тэрээр “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан хадгаламжийн даатгалд хамаарахгүй этгээд гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч нь “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК төрийн байгууллага гэх ойлголтод хамаарахгүй учир түүний хадгаламжаас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар даатгалын улирлын хураамж тооцож авах үндэслэлтэй, харин даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр төлөхгүй” гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар 2013.01.10-ны өдөр батлагдаж, мөн өдрөөс мөрдөгдөж эхэлжээ.

 

Нэхэмжлэгч нь “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-аас “Г ” ХХК-д хадгалуулсан мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор албан журмын даатгалын улирлын хураамжид 2018.02.18-ны өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд 434,142,645 төгрөгийг хариуцагч “Х ” ХХК-д төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хадгаламжийн даатгалын хураамж тооцох тайлан, хадгаламжийн даатгалын улирлын хураамжийн тооцоолол, гүйлгээний шийдвэр зэрэг баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх “ ...“Хөгжлийн банк” ХХК нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд батлагдсан дунд хугацааны төрийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан онцгой субъект буюу Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага гэх ойлголтод хамаатуулан үзэх нь хуулийн зорилтод нийцнэ..., ” гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Х ” сангаас 367,839,434.63 төгрөг гаргуулан “Г ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,303,211.16 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Түүнчлэн “Улирлын хураамжийг тооцох хадгаламжийн дундаж дүнд төрийн байгууллагын хадгаламжийг хамаатуулахгүй байхаар тогтоосон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018.02.08-ны өдрийн хууль нь 2018.03.16-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул “Г ” ХХК нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2019.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжаас төлсөн улирлын хураамжийг буцаан шаардах эрхтэй” гэж дүгнэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх “... “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-аас нэхэмжлэгч банкинд хадгалуулсан хадгаламжийн болон харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллагын хадгаламжид хамаарна гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. ...”Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрийг ашгийн төлөө зорилго бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу /банк/ гэсэн статусаар улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэргийн 114 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. Түүнчлэн, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус банкны зорилгыг үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж, мөн хуулийн 8.1 дэх хэсэгт үйл ажиллагаа эрхлэх банк байх талаар тодорхой заасан. “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын Засгийн газар бүртгэгдсэн байгаа нь уг банкийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага гэж дүгнэх үндэслэл болохгүй. Тодруулбал, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хуулийн дээрх заалтын 7.2.1-д заасан банк гэсэн төрөлд хамаарна. Иймд “Г ” ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хадгаламжийн даатгалын хураамж төлснийг үндэслэлгүйгээр төлбөр төлсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Г ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Нэхэмжлэгч нь “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан хадгаламжийн даатгалд хамаарахгүй этгээд гэж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг гаргасан бөгөөд энэ хуулийн 7 дугаар зүйлээр даатгалд үл хамаарах нөхцөлийг тодорхойлохдоо 7.2.2-т “төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага”-ын хадгаламж уг даатгалд хамаарахгүй” гэж зохицуулсан байна.

 

Талууд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарах “төрийн байгууллага” мөн  эсэх талаар маргасан байх бөгөөд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018.02.08-ны өдрийн хуулиар энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “...энэ хуулийн 7.2.2, 7.2.3 ...” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон нь нэхэмжлэл гаргах үндэслэл болжээ. 

 

Маргааны зүйлийн үндэслэл болж буй “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн эрх зүйн байдлыг хоёр өөрөөр буюу “...төрийн байгууллага” гэж анхан шатны шүүх, “..ашгийн төлөө компани буюу банк” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 “Хөгжлийн банкны дүрмийг батлах” гэж зохицуулсан байх бөгөөд хэрэгт энэ дүрэм авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх “...Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор байгуулагдаж, 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор дүрэм, бүтэц, зохион байгуулалт нь батлагдсан” гэж дүгнэсэн боловч энэ дүрэм хэрэгт авагдаагүй, давж заалдах шатны шүүх улсын бүртгэлийн лавлагаанд тулгуурласан нь учир дутагдалтай, “Хөгжлийн банк”-ны эрх зүйн байдал тодорхойгүй байхад хууль хэрэглээний дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн олонхийн саналаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00384 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 781 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 1,997,147.17 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ

           

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧИД                                                Б.МӨНХТУЯА

 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                    Д.ЦОЛМОН