МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

Ж.Д, М.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1319 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ДШМ/901 дүгээр магадлалтай Ж.Д, М.М нарт холбогдох 2403 00300 1116 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд Эрүүгийн хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний зарим зүйл, заалтыг тайлбарлан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэвээр үлдээх тухай санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх дэмжээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасны дагуу дараах тусгай саналыг бичив.

Хэргийн агуулга, шүүхийн шийдвэрийн талаар:

2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Айцын давааны хойд замд шүүгдэгч Ж.Д нь 00-00 УЕЕ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасныг зөрчсөний улмаас шүүгдэгч М.М нь 00-00 УБХ улсын дугаартай “Hino” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг тус тус зөрчиж, улмаар урдаа явж байсан 00-00 УНЧ улсын дугаартай “Kia Bongo” загварын тээврийн хэрэгслийг мөргөснөөр тус машин эсрэг урсгалд орон 00-00 УАР улсын дугаартай “Daewoo” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Л.Г-ийн эрүүл мэндэд хүнд, Э.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Д, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдэнд тус бүр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нутаг дэвсгэрийн бүсчлэлд өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч М.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тусгай санал бичих болсон үндэслэл:

Механикжсан тээврийн хэрэгслийн багтаамж буюу суудлын тоо, тээврийн хэрэгслийн болон чиргүүлийн жин, зориулалт зэргийг харгалзан ангилж, тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч жолоочид насанд хүрсэн байхаас гадна тусгай ур чадвар, мэдлэг эзэмшсэн, тодорхой хугацаанд жолоодлогын дадлага хийж байсан туршлагатай байх нэмэлт шаардлага тавигддаг байна.

Тухайлбал, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/171, А/496 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ын 2.3.2-т зааснаар “C” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 3 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх шаардлагатай.

Тээврийн хэрэгслийн зориулалт (суудлын, зүтгүүр г.м), өөрийн болон бүх жин, чирсэн болон ачсан ачаа, түүний жин, чиргүүл, чиргүүлийн урт зэргээс хамаарч тухайн тээврийн хэрэгсэл өгсүүр, уруу, шулуун замд хурд авах, зүтгэх, зогсох хурд, хугацаа харилцан адилгүй байдаг.

Орчин тойрондоо аюултай тээврийн хэрэгсэлд өөрийн хийц, хүчин чадал, ашиглалтын зориулалтаас шалтгаалан хөдөлгөөнд оролцох үедээ бусдад өндөр эрсдэл учруулах чадвартай тээврийн хэрэгсэлд багтдаг. Хэрэв тээвэрлэж байгаа ачаа (шатахуун, шингэрүүлсэн хий, химийн бодис, тэсрэх бодис зэрэг) нь аюултай бол тухайн тээврийн хэрэгслийн учруулж болох аюул илүү нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, тэсэрч дэлбэрэх аюултай ачаа тээвэрлэн яваа тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцсон цагаасаа эхлэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аюултай хэрэгсэлд тооцогдох бөгөөд жолооч цаг ямагт сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ.

Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч М.М нь 00-00 УБХ улсын дугаартай “Hino” загварын тээврийн хэрэгсэлд түлш ачиж, буулгаад буцаж явсан байх ба тус тээврийн хэрэгслийн мөрийн уртыг ашиглан хурдыг тогтооход “75.34 км/цагийн хурдтай явж байсан байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэг зэргээс үзэхэд Л.Г-ийн жолоодон явсан 00-00 УНЧ улсын дугаартай “Kia Bongo” загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.М-ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн урд байрлан, нэг чиглэлд явж байсан байдаг.

Нэгэнт цуваа буюу ард, урдаа орон нэг чиглэлд явж байсан учраас урд талын машин хүндэтгэх шалтгаантайгаар хурдаа хасах, зогсох үед хойноос нь явсан жолооч түүнийг мөргөхгүй байх хэмжээний зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож авч явах үүргийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтаар жолоочид хүлээлгэсэн байна.

Түүнчлэн Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенцийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт жолооч бүхий л нөхцөлд зохих ёсны анхааралтай байж, тээврийн хэрэгслийг бүрэн хяналтдаа авах, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулахдаа газрын нөхцөл, замын байдал, тээврийн хэрэгслийн байдал, ачаалал, цаг агаар, хөдөлгөөний нягтрал зэргийг байнга анхаарч, үзэгдэх орчин болон урьдчилан таамаглаж болох саад бэрхшээлээс хол зайд, тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байдлаар зорчих, шаардлагатай нөхцөлд, ялангуяа үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа хасаж, шаардлагатай бол зогсох боломжтой байхаар явах, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийн ард байрлан явж буй жолооч урд зорчин яваа тээврийн хэрэгсэл гэнэт хурдаа хасах, зогсох тохиолдолд мөргөхөөс зайлсхийхийн тулд тухайн тээврийн хэрэгслээс хангалттай зай барих ёстой” гэж заасан байдаг.

Ийнхүү явж байхад 00-00 УЕЕ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч Ж.Д өөдөөс нь урсгал сөрөн гүйцэж түрүүлэх хөдөлгөөнийг хийх үед хохирогч Л.Г мөргөлдөхөөс зайлсхийж буюу хүндэтгэх шалтгаантайгаар хурдаа хассан байна.

Гэтэл шүүгдэгч М.М-ийн хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурднаас хамааруулан хоорондын зайгаа зөв буюу зохистой хэмжээнд сонгон явж чадаагүйн улмаас хохирогч Л.Г-ийн жолоодон явсан машиныг араас нь мөргөснөөр Л.Г-ийн машин эсрэг урсгалд орж, өөдөөсөө ирж явсан “Daewoo” загварын машинтай мөргөлдөн осол гарчээ.

Субъект үйлдэл, эс үйлдлийнхээ улмаас хохирол, хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, мэдэх боломж бүрэн байсан боловч анхаарал болгоомжгүй, хэнэггүй, үл тоомсорлон хандсанаар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан бол болгоомжгүй гэмт хэргийн хайхрамжгүй хандсан хэлбэрт хамааруулдаг билээ.

Хэдийгээр шүүгдэгч Ж.Д-ийн үйлдэл нь осол гарах шалтгаан болсон хэдий ч энэ нь шүүгдэгч М.М-г Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргээс чөлөөлөхгүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хайхрамжгүй хандсан эс үйлдлийн улмаас хохирол учирсан шалтгаант холбоотой гэж үзнэ.

Хэрэв урд явсан жолооч огцом тоормос гишгэх, огцом буцах хөдөлгөөн хийх, гэнэт урдуур шургалан орох, дохио өгөлгүй эргэлт хийх, эсвэл тоормосных нь гэрэл гэнэт ажиллахгүй болох, ачааг буруу тээвэрлэсний улмаас зам дээр унах, утаа ихтэй, хойд хэсэг харагдах орчин халхлагдсан, эсвэл техникийн гэнэтийн аюул (үйлдвэрлэлийн доголдлын улмаас тоормос гэнэт алдах) бий болсноор хойно яваа жолооч дээрх бүгдийг урьдчилан харах боломжгүй байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх боловч шүүгдэгч М.М-ийн хувьд эдгээр нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Шүүгдэгч М.М-ийн эс үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба шүүгчийн зүгээс дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалын шийдлийг хэвээр үлдээх асуудлаар шүүх бүрэлдэхүүний олонхоос өөр саналтай байсан тул энэхүү тусгай саналыг бичив.

 

 

ШҮҮГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН