МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

“Монголтравел сервис” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Иргэний хуулийн

зарим зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх тухай

 

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг би “Монголтравел сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Золчимэгт холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/03531 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204/МА2024/02145 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч С.Золчимэг, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын хяналтын шатны 2025.02.18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэн гомдлыг хангах үндэслэлтэй тухай санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх дэмжээгүй тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах”, 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэж тус тус заасны дагуу тусгай санал бичив.

Хэргийн агуулга, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын талаар

1.Нэхэмжлэгч М ХХК хариуцагч З-д холбогдуулан 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан үндэслэлээ талуудын хооронд 2008 онд байгуулсан Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээгээр 3 өрөө орон сууцыг 91,258 ам.доллароор худалдан авахаар тохиролцсон боловч 21,000 ам.долларыг төлж өнөөдрийг хүртэл  үлдэх  70,258 ам.долларыг төлөөгүй гэж, хариуцагч З нь тухайн орон сууцны төлбөр 73,594 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхгүй гээд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан;

Анхан шатны шүүх хариуцагч З-г 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг нэхэмжлэгч М” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагч З орон сууцны үлдэгдэл 52,655 ам.долларыг М ХХК-ийн захирал Б-д , 21,000 ам.долларыг О-д төлсөн, 1 м.кв талбайн хэмжээг бууруулан тооцоо нийлж дууссан, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар О нь гэрээ байгуулах үед М ХХК-ийн захирал байсан боловч Б-г гүйцэтгэх захирал, өөрийгөө борлуулалтын менежер гэж ойлголт төрүүлсний улмаас З нь Б, О нарт орон сууцны үнийг төлсөн, М ХХК-д орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй, хариуцагч З-д өмчлөх эрх үүссэн, шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн;

Давж заалдах шатны шүүх О-г М ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2008.05.12-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснээс дүгнэвэл Б нь З-гээс 2009-2011 оны хооронд орон сууцны үнэд төлсөн 52,594 ам.долларыг компанийн нэрийн өмнөөс хүлээн авах эрхгүй, З нь гэрээнд заасан М ХХК-ийн дансанд төлөх үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, М ХХК-аас З-д гэрээнээс татгалзсан тухай 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн, З нь мэдэгдэлд заасан төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй тул М ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй, энэ эрхээ зөв хэрэгжүүлсэн, хариуцагч З нь гадаадад удаан хугацаагаар оршин сууж байсан тул гэрээнээс татгалзах эрхээ түүнийг Монгол Улсад ирсэн хугацаанаас эхэлж хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй, худалдагч тал гэрээнээс татгалзсан тул гэрээ дуусгавар болсон учир З-гийн эзэмшил хууль бус болжээ гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 өрөө орон сууцыг З-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай З-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.Хяналтын журмаар гаргасан гомдлын зарим үндэслэл

Хариуцагч С.Золчимэг болон түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нар хяналтын журмаар  гомдол гаргахдаа З нь гэрч Б-г тус компанийн захирал гэж ойлгосон, О-гийн үйлдэл ийм ойлголтыг  төрүүлсэн,  захирал Б болон борлуулалтын менежер нараар дамжуулан орон сууцны үнийг төлж дуусгасан, анхан шатны шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн, гэрээний үнийг компанийн дансанд шилжүүлээгүй хэмээн хариуцагчийг буруутгасан атлаа 21,000 ам.долларыг тухайн дансанд төлөөгүй байдалд зөв дүгнэлт хийгээгүй, тооцоо нийлсэн актыг үйлдсэн тухайн үед М ХХК нь төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг хүлээн зөвшөөрснийг шүүх анхаараагүй гэсэн гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлтэй.

 

2.1.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв байна.  

Учир нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Батзориг нь М ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 2007.05.09-ний өдөр, 2008.01.31-ний өдөр хувьцаа эзэмшигчээр, 2008.02.01-ний өдрөөс 2008.05.12-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэгдсэн байдлаас үзэхэд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар О нь гэрээ байгуулах үед М ХХК-ийн захирал байсан боловч Б-г гүйцэтгэх захирал, өөрийгөө борлуулалтын менежер гэсэн ойлголт төрүүлсний улмаас З нь Б, О нарт орон сууцны үнийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

2.2.Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй алдааг залруулах

М ХХК нь 2011 онд шаардах хуудас, алданги тооцох, гэрээ цуцлах зэрэг 3 удаагийн мэдэгдэл хүргүүлсний дараа 2011.12.21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг актад “...С.Золчимэг 3 өрөө байрыг манай компанид захиалж бариулсныг хүлээлгэн өгч, төлбөрийн тооцоо нийлж, тооцоо дууссаныг харилцан батлав, төлсөн төлбөр 21,000 ам.доллар” гэсэн бичгийн баримт авагдсан ба уг баримтад хүлээлгэн өгсөн гүйцэтгэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал О гарын үсэг зурж тамга дарагдсан байна.

Иймээс З нь 52,655 ам.долларыг М ХХК-ийн захирал Б-д төлсөн, уг  үүргийг гүйцэтгэсэн болохыг О хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт “Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ.” гэж заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэн дүгнэж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдлийг хэвээр үлдээх асуудлаар шүүх бүрэлдэхүүний олонхоос өөр саналтай байсан тул  энэхүү тусгай саналыг бичлээ. 

 

 

ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ