![]() |
||
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ | ||
2024 оны 10 сарын 28 Дугаар 03 Улаанбаатар хот
Өмгөөлөгч Г.Г-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа би өмгөөлөгч Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0452 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0482 дугаар магадлалтай захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор/ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасныг буруу тайлбарласан, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн, түүнчлэн маргааны үйл баримтад холбогдуулж нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргах нэхэмжлэл, түүнийг эрх зүйн агуулга, нөхцөлт шинжийг тодорхойлох шаардлагатай талаар шүүх бүрэлдэхүүнд санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх хүлээж аваагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “... /шүүгч/ шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах /эрхтэй/”, 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэж тус тус заасны дагуу тусгай санал бичив.
Маргааны үйл баримтын талаар:
Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Н-д тус дүүргийн .... дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.006 га газар эзэмших эрхийг олгохоор шийдвэрлэсэн, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 130 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, маргаан бүхий газар нь одоогийн Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, .... гудамж, .... өргөн чөлөө, .... үйлчилгээний төвийн урд байршилтай, түүнчлэн тус газар дээр баригдсан 1....,96 м.кв талбайтай нэг давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-....дугаарт бүртгэгдэж, Ш.Н-д үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж, мөн даргын 2018 оны А/417 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг С.Б-д, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар Б.Т-т тус тус шилжүүлсэн байна. Өмгөөлөгч Г.Г-аас “ ... Улаанбаатар хотын төв авто зам дагуух явган хүний зам дээр газар олгосон, тус газар нь цэвэр усны хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсүүд дээр давхцаж нийтийн ашиг сонирхлыг хохироож байна... ” гэх зэрэг үндэслэлээр “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан; Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... өмнө нь энэ маргааныг захиргааны хэргийн гурван шатны шүүх шийдвэрлэсэн, ... /хяналтын шатны шүүхийн/ тогтоолд дүгнэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Б ү” ХХК-аар гуравдагч этгээдийн газар, үл хөдлөх хөрөнгөд үнэлгээний тайланг хийлгэж, газрыг нийтийн эдэлбэрт ашиглах талаар санал гаргах, нөхөх олговор олгох талаар газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах ажиллагааг явуулж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасан үндэслэл байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэх; Гуравдагч этгээд иргэн Б.Т-ээс “... Анх дүрэм, журмын дагуу үл хөдлөхтэй газар болохоор нь худалдаж авсан. Энэ замыг “.... төв” өөрсдөө Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ хийгээд, өөрсдийнхөө хөрөнгөөр замыг нь засаад, явган хүний замыг нь байхгүй болгосон. Маргаан бүхий газарт 2008 онд үл хөдлөх эд хөрөнгө баригдсан, тухайн үл хөдлөх хөрөнгө баригдсанаас хойш явган хүний зам баригдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нотлогдоно. Тиймээс энэ замаар явах явган хүний эрхийг зөрчөөгүй, зам дээрх шонгийн модыг нь зайлуулаад нийтийн эрх ашгийг хамгаалах бүрэн боломжтой /байхад/ ... газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гээд байгааг ойлгохгүй байна” гэх агуулгаар тус тус маргав.
Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасныг шүүх буруу хэрэглэсэн талаар:
Энэхүү маргааны зүйл буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2023 онд “Т....” ГҮТББ-ыг төлөөлж өмгөөлөгч Г.Г шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг гурван шатны шүүхээр хянан хэлэлцсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 001/ХТ2024/0010 дугаар тогтоолоор[1] шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, ингэхдээ дараах дүгнэлтүүдийг хийжээ: - “ ... маргаан бүхий газар нь анхнаасаа явган хүний зам байгаагүй, .... өргөн чөлөөний тэр хэсгийн төв зам нь анх газар эзэмших эрх олгогдох үед 2 эгнээтэй зам байсан, одоо 4 эгнээ болж өргөссөн, сүүлд тохижилтын явцад газар эзэмшигчийн газрыг тойруулан явган зам тавигдсан” үйл баримт тогтоогдсон”[2]; - “ ... явган хүний зам нь маргаан бүхий газарт баригдсан гуравдагч этгээдийн өмчлөлийн барилгын урд талаар тавигдсан, уг явган хүний замын голд шонгийн мод байршиж байгаа нь тогтоогдсон, “уг модыг зайлуулах, зөөвөрлөн өөр газарт байрлуулах ажиллагаа явагдаж байгаа” талаар гуравдагч этгээд, хариуцагч нараас шүүхэд тайлбарласан, нэхэмжлэгчээс уг шонгийн модыг зайлуулсан эсэхээс үл хамаарч “газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хүсэлтэй” ... гэх хэдий ч ... /уг/ 130 м.кв газар эзэмших эрхийг тусгайлан зааж хүчингүй болгуулахаар маргаж буй бодит үндэслэл ... /тодорхойгүй/”[3]; - “ ... Энэ маргааны тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “.... төв”-ийн урд талд байршилтай 130 м.кв газрыг нийтийн эдэлбэрт ашиглах талаар санал гаргах, газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах эсхүл гаргахгүй байх эрхийг хуулиар олгосон гэж үзнэ. Гэтэл шүүхээс “бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтээр ашиглах зам талбайн хэлбэрээр ашиглах шийдвэр гаргах ёстой” гэж, ийнхүү шийдвэр гаргаагүй бол гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүчингүй болох агуулгатай дүгнэлт, шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарласан, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэснийг тайлбарлан хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шүүхийн шийдвэрийн төрлийг буруу хэрэглэсэн”[4]; Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа өмгөөлөгч Г.Г уг асуудлаар буюу “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” ижил нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа /тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах/”-аар заасныг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ талаарх шүүхийн “ ... өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн нэхэмжлэгч нь “Т....” ГҮТББ байсан бөгөөд тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Г оролцсоныг тухайн иргэнийг буюу өмгөөлөгчийг нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй” гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уг зохицуулалт нь “эрх зүйн нэг маргааныг шүүх нэг удаа шийдвэрлэх” зарчмын агуулгатай, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн эрх зүйн нэг маргааны үйл баримтыг дахин тогтоолгож, дахин шийдвэрлүүлэхээр маргах хууль зүйн боломжийг хуулиар хязгаарласан байтал “өмнө нь бусдыг төлөөлж нэхэмжлэл гаргасан, одоо өөрөө нэхэмжлэл гаргаж байгаа” гэх үндэслэлээр хуулийн хязгаарлалтын агуулгыг тайлбарлах нь буруу юм. Тодруулбал, өмнөх тохиолдолд өмгөөлөгч Г.Г нь “Т....” ГҮТББ-ыг төлөөлж шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргаж, “... иргэн Б.Т-т явган хүний зам талбай дээр газар эзэмшүүлсэн, ... тэргэнцэртэй иргэд чөлөөлтэй зөрчих боломжгүй болсон” гэх зэрэг агуулгаар маргасан, энэ тохиолдолд мөн өмгөөлөгч Г.Г гаас ижил нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... иргэн Б.Т-т Улаанбаатар хотын төв авто зам дагуух явган хүний зам дээр газар олгосон, тус газар нь цэвэр усны хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсүүд дээр давхцаж нийтийн ашиг сонирхлыг хохироож байна” гэх зэргээр маргаж буйг “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй” буюу өөр маргаан гэж үзэх үндэслэлгүй байв. Нэг этгээд ижил агуулгатай үндэслэлээр, нэг захиргааны акттай хоёр удаа маргах эрх зүйн боломжгүй байтал ийнхүү шүүх уг маргааныг дахин шийдвэрлэснээр маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар зөрүүтэй дүгнэлтүүд бүхий шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болов. Тухайлбал, өмгөөлөгч Г.Г-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг энэ тохиолдолд хяналтын шатны шүүх хуралдаанаас “ ... Газрын тухай хуульд заасан журам, “холбогдох ажиллагаа хийгдэж байгаа” талаарх хариуцагчийн тайлбар болон хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг харгалзан үзэж, гуравдагч этгээдэд олгох нөхөх олговор юмуу хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэж буй нь өмнө нь хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 001/ХТ2024/0010 дугаар тогтоолоор уг нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар гаргасан “ ... Энэ маргааны тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “.... төв”-ийн урд талд байршилтай 130 м.кв газрыг нийтийн эдэлбэрт ашиглах талаар санал гаргах, газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах эсхүл гаргахгүй байх эрхийг хуулиар олгосон гэж үзнэ. Гэтэл шүүхээс “бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтээр ашиглах зам талбайн хэлбэрээр ашиглах шийдвэр гаргах ёстой” гэж, ийнхүү шийдвэр гаргаагүй бол гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүчингүй болох агуулгатай дүгнэлт, шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарласан, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 ..., 42.2-т ... /заасныг/ тайлбарлан хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шүүхийн шийдвэрийн төрлийг буруу хэрэглэсэн”[5] гэх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй зөрчилдсөн дүгнэлт хийлээ.
Хоёр. Материаллаг хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ “... гуравдагч этгээд Б.Тэнгисийн эзэмших эрх бүхий газар болон түүн дээр баригдсан барилга нь ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон цэвэр усны шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай ..., ... явган хүний замтай давхцалтай, явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн (ялангуяа тэргэнцэртэй хүн) явахад саад бэрхшээлтэй, сүүлд явган хүний замын наагуур автомашины туслах зам барьсан зэрэг бодит нөхцөл байдлуудаас үзэхэд нийтийн эдэлбэр газрыг нийтээрээ чөлөөтэй ашиглах боломж хязгаарлагдсан болох нь тогтоогдож байна” гэх дүгнэсэн, давж заалдах шатны шүүх үүнийг үндэслэлтэй гэж үзсэн байна. Хяналтын шатны шүүхээс “ ... маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн (2002 оны) 12 дугаар зүйлийн 12.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.8.2-т “орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих”; мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /2011 оны/ 17 дугаар зүйлийн 17.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 17.8.4-т “газар эзэмших, ... эрх олгох” гэж заасныг тус тус зөрчсөн ... /гэж үзсэн шийдвэр, магадлал үндэслэлтэй/” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтуудад холбогдуулж хуулийн эдгээр заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг /ойлгоно/” гэж зааснаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “.... төв”-ийн урд талд байршилтай маргаан бүхий газарт дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй байна. Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай (2011) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж" гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг /ойлгох/”-оор, 17 дугаар зүйлийн 17.4.1-д “хот, суурины төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалалтын бүсийг 200 метрээс багагүй зайд /тогтоох/”-оор, 17.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна ... /газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох/-ыг хориглох”-оор зааснаас үзвэл эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс нь цэвэр ус хангамжийн эх үүсвэр болох “цэвэр усны худаг”-т хамааралтай, харин цэвэр усны болон ариутгах татуургын шугам хоолой тавигдсан газар бүрд уг шугам хоолойноос хоёр тийш 50 метрт эрүүл ахуйн бүсийг, 200 метрээс багагүй зайд хамгаалалтын бүсийг тогтооно гэж ойлгох үндэслэлгүй байхад Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “.... төв”-ийн урд талд байршилтай гуравдагч этгээд, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө нь “ ... ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон цэвэр усны шугамын хамгаалалтын бүс /-... тэй давхцалтай, энэ нь нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа” гэх агуулгаар дүгнэсэн нь дээр хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төвийн /төв зам дагуух/ барилгажсан газар доогуур нийтдээ инженерийн шугам сүлжээ байрлаж байгаа нь илэрхий бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар цэвэр болон бохир усны шугам хоолой тавигдсан зурвас газрын хоёр талыг бүхэлд нь 50 болон 200 метрээр хамгаалалтын бүс тогтоож, уг хуулиар газар эзэмшихийг хориглосон гэж үзэхгүй, дээрх хуулийн зохицуулалтаар эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг “цэвэр усны худаг” байршиж байгаа газарт тогтоохоор хуульчилсан, “.... төв”-ийн урд талд иргэн Б.Тэнгис газар эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, инженерийн шугам сүлжээг нийтээрээ эзэмшиж ашиглах нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байв.
Гурав. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргах нэхэмжлэл, түүнийг эрх зүйн агуулга, нөхцөлт шинжийг тодорхойлохдоо шүүх алдаа гаргасан талаар:
1. Өмгөөллийн тухай хуулийн .... дүгээр зүйлийн .....3-т “өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан, өмгөөлөгч нь “нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор” захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, харин уг нэхэмжлэлийн “нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго” нь, түүнчлэн нэхэмжлэл хангагдснаар “нийтийн эрх, ашиг сонирхол хамгаалагдсан байх” үр дагавар нь илэрхий, маргаангүй тодорхой байх нөхцөлт шинжийг шаардана. Нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хувь хүний субьектив эрхийг хөндөх, хязгаарлах, хасах үндэслэл нь “обьектив”, бодитой, тодорхой байх шаардлагатай, энэ тохиолдолд өмгөөлөгчийн “нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилго” тодорхойгүй буюу иргэн Б.Т “.... төв”-ийн урд талд 130 м.кв газар эзэмшиж байгаа нь нийтийн ямар эрх, ашиг сонирхлыг хэрхэн хөндөж, зөрчсөн, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нийтийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй, өмгөөлөгчийн нэхэмжлэлд ийм бодитой, тодорхой үндэслэл дурдагдаагүй, нэхэмжлэлийн үндэслэлдээ “.. маргаан бүхий захирамжаар иргэн Б.Т-т Улаанбаатар хотын төв авто зам дагуух явган хүний зам дээр газар олгосон, тус газар нь цэвэр усны хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсүүд дээр давхцаж нийтийн ашиг сонирхлыг хохироож байна” гэх ерөнхий агуулгыг дурдаж маргажээ. Зүй нь өмгөөлөгч нийтийн эрх, ашиг сонирхлын үүднээс авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс зэрэг инженерийн шугам сүлжээний газрын хамгаалалтын бүсийг барилга байгууламж, бусдын эзэмшлээс чөлөөлөх зорилготой эсэх, уг бүсэд баригдсан барилга байгууламж, газар эзэмших эрхийг бүхэлд нь цуцлуулахаар маргаагүй, тодорхой нэг байршилд, зөвхөн 130 м.кв талбайтай газар эзэмших эрхийг нэрлэн зааж хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэл, шалтгаан нь “нийтийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа” бодитой нөхцөл байдал, тодорхой баримтаар тогтоогдож буй эсэх, үндэслэл нь “обьектив” эсэх, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар зөрчигдсөн гэх нийтийн эрх, ашиг сонирхол хэрхэн ямар байдлаар сэргэх эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой байв. 2. “Т....” ГҮТББ-ыг төлөөлж өмгөөлөгч Г.Г-ийн гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй хэргийг өмнө нь шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 126 дугаар тогтоолын хавсралтаар “Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, .... өргөн чөлөө, .... үйлчилгээний төвийн урд талын талбай хэсгийн 3187.82 м.кв газар”-ыг Нийтийн эдэлбэр газраар тогтоосон байх хэдий ч 2006 оноос газар эзэмших эрх олгогдож уг байршилд 2008 онд нэг давхар сэндвичин барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байх тул маргаан бүхий газрын эзэмших эрх нийтийн эдэлбэр газраар тогтоож, явган хүний зам тавигдахаас өмнө хэдийн үүссэн” болохыг тогтоосон, талууд энэ талаар маргаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Засаг дарга нь “нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргах” этгээд бөгөөд 2006 оноос эзэмшил үүссэн, 2008 онд үл хөдлөх хөрөнгө баригдаж, өмчлөх эрх хуулийн дагуу баталгаажсан газрыг нийтийн ашиг сонирхлын үүднээс “хураан авах”-тай холбоотой харилцааг тусгайлсан журмаар зохицуулсан бөгөөд ийм шийдвэр гаргах эсэх нь захиргааны сонгох боломжид хамаарна. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж тус тус заасан нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эсхүл нийтийн эдэлбэрт авах асуудлаар “санал гаргах”, “газар эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах”-аар шийдвэр гаргах эрхийг захиргаанд олгосон агуулгатай буюу захиргааны байгууллагын өөрийн шийдвэрлэх, шийдвэр гаргах эрх хэмжээ /сонгох боломж/-нд хамаарах бөгөөд нийтийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор бусдын эзэмшил, өмчлөлд халдах /эд хөрөнгийг хурааж авах, эрхийг цуцлах гэх мэт/ захиргааны шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрийн нөлөөлөлд өртсөн этгээд шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан тохиолдолд уг шийдвэр нь “бодит нөхцөлд тохирсон”, “харьцангуй”, “үр нөлөөтэй байх” зарчмуудад нийцсэн эсэхийг шүүх зайлшгүй шалгах юм. Гэтэл энэ тохиолдолд шүүх өмгөөлөгч Г.Г-ийн гаргасан “нийтийн эрх ашгийг төлөөлсөн” нэхэмжлэлээр хариуцагчийг “ямар нэг байдлаар газар чөлөөлөх” агуулгатай акт гаргахыг даалгаж, ийнхүү шийдвэр гаргаагүй бол гуравдагч этгээдийн газар эзэмших эрх шууд цуцлагдсанд тооцох агуулгатай шийдвэр гаргаж буй Газрын тухай хуульд тусгайлан заасан “санал гаргах”, “газар эзэмшигчтэй харилцан тохиролцох” зэрэг эрх зүйн харилцаа үүсгэх боломжийг хааж, хэрэв “тохиролцоогүй” тохиолдолд газар эзэмших эрх шууд цуцлагдах, ингэснээр гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө шударгаар эзэмших, өмчлөх Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсэхээр байна. Түүнчлэн, энэ маргааны тухайд захиргааны байгууллагаас ирээдүйд газар чөлөөлөхтэй холбоотой гарсан шийдвэрийн үндэслэлт байдлыг шүүх дахин хянах боломжгүй болох үр дагавар үүсэв.
Дөрөв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг шүүх буруу хэрэглэсэн талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” гэж, 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус заажээ. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь обьектив эрх бодитой хөндөгдсөн эсэхийг тогтоох буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох нэхэмжлэлийн агуулгад хамаарах бөгөөд “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” бодитой нөхцөл байдлыг шүүх тогтоох үүрэгтэй, хэрэв энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгох үр дагавар үүсэх юм. Энэ тохиолдолд “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” нөхцөл байдал байхгүй, маргаан бүхий газар эзэмших эрхийг иргэн С.Б-оос Б.Т-т шилжүүлэн эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн улмаас “нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэх нөхцөл байдал тогтоогдож буй эсэхийг шүүх өөрөө шууд тогтоож шийдвэр гаргах ёстой байхад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэв. Шүүгч би дээрх байдлаар шүүх бүрэлдэхүүний олонхын дүгнэлттэй санал нийлээгүй тул ижил төстэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, шүүхээс хуулийг тайлбарлах онол, шинжлэх ухааны арга зүйг зөв хэрэглэж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад цаашид нэмэртэй гэж үзэж, өөрийн тусгай саналаа бичив.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
[1] УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0010 дугаар тогтоол https://shuukh.mn/single_case/3217?daterange=2024-01-01%20-%202024-01-30&id=3&court_cat=3&bb=1 [2] Тогтоолын Хянавал хэсгийн 24 [3] Тогтоолын хянавал хэсгийн 22 [4] Тогтоолын хянавал хэсгийн 25,26 [5] Тогтоолын Хянавал хэсгийн 27 |