![]() |
||||
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ | ||||
Өмгөөлөгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “нийтийн эрх ашгийг хамгаалах”-тай холбоотой захиргааны хэрэгт “харьцангуй байх” зарчмыг тайлбарлан хэрэглэх тухай
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч би, Өмгөөлөгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргааныг шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0452 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0482 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд “итгэл хамгаалах” болон “харьцангуй байх” зарчмыг тайлбарлан хэрэглэх талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх дэмжээгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах”, 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэж тус тус заасны дагуу тусгай санал бичив.
Нэг.Хэргийн үйл баримтын талаар:
1.Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Н-д тус дүүргийн 18 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,006 га газар олгосон. 2.Уг захирамжийг үндэслэн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Д-ны урд, худалдаа үйлчилгээний зориулалтаар 130 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Н-д олгосон байна. 3.2008 онд дээрх газарт 129,96 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгө баригдаж, 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ш.Н-д өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон. 4.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжаар Ш.Н-ын дээрх 130 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгажээ. 5.Ш.Н-аас иргэн С.Б-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/417 дугаар захирамжаар 130 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. 6.Мөн үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-оос энэ хэргийн гуравдагч этгээд иргэн Б.Т-т худалдсантай холбоотойгоор маргаан бүхий 2021 оны А/622 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлжээ.
7.Нэхэмжлэгч өмгөөлөгч Г.Г-аас “... Маргаан бүхий захирамжаар иргэн Б.Т-т Улаанбаатар хотын төв авто зам дагуух явган хүний зам дээр газар олгосон, тус газар нь цэвэр усны хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсүүд дээр давхцаж нийтийн ашиг сонирхлыг хохироож байна. Тухайн газарт баригдсан барилга нь Улаанбаатар хотын төв зам дээр иргэдийн чөлөөтэй, тэгш, хүртээмжтэй, саадгүй зорчих хөдөлгөөнд саад учруулаад зогсохгүй шугам, сүлжээ, хоолойнуудыг эвдлэн гэмтээх, засвар, нэмэлт үйлчилгээ хийх зэрэг онцгой тохиолдлын үед холбогдох ажил хийх боломжийг бүрэн хязгаарласан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 379 дүгээр захирамжаар Ш.Н-д ямар ч байршил заахгүйгээр 60 м.кв газар олгохыг анх зөвшөөрсөн байдаг, гэтэл уг захирамжийг үндэслэн олгосон гэрчилгээнд 130 м.кв газар болгон өөрчилж, тодорхой байршил заасан нь хууль бус, гуравдагч этгээдэд 130 м.кв газар эзэмших эрхийг олгосон нэг ч захирамж байхгүй ...” гэх зэргээр маргасан. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Маргаан бүхий газартай холбоотой “Т и ү х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт өмгөөлөгч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжийн иргэн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ... Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой ...” гэжээ. Гуравдагч этгээд Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Би хууль зөрчөөгүй учраас хохирох ёсгүй. Анх хууль журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй болохоор нь худалдаж авсан. Энэ замыг “Д төв” өөрсдөө Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ хийгээд өөрсдийнхөө хөрөнгөөр засаад, явган хүний замыг нь байхгүй болгосон. Маргаан бүхий газарт 2008 онд үл хөдлөх эд хөрөнгө баригдсан, тухайн үл хөдлөх хөрөнгө баригдсанаас хойш явган хүний зам баригдсан болох нь нотлогдоно. Тиймээс энэ замаар явах явган хүний эрхийг хариуцагч болон миний зүгээс зөрчсөн зүйл байхгүй. Энэ асуудлыг улсад хохиролгүйгээр, нийтийн эрх ашгийг хамгаалаад, зам дээрх шонгийн модыг нь зайлуулах байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой ...” гэсэн тайлбар өгсөн байдаг.
Хоёр.Шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0452 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах гол дүгнэлтүүдийг өгсөн. Үүнд:
-Өмгөөлөгч Г.Г-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “нийтийн өмчийг хамгаалах” объектив эрхийн хяналтын хүрээнд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч нь Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна. -Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар тогтоолоор “Т и ү х” ГҮТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ хэргээс өөр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй. -Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, гуравдагч этгээд Б.Т-ийн эзэмших эрх бүхий газар болон түүн дээр баригдсан барилга нь ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, явган хүний замтай давхцалтай, явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн (ялангуяа тэргэнцэртэй хүн) явахад саад бэрхшээлтэй, сүүлд явган хүний замын наагуур автомашины туслах зам барьсан зэрэг бодит нөхцөл байдлуудаас үзэхэд нийтийн эдэлбэр газрыг нийтээрээ чөлөөтэй ашиглах боломж хязгаарлагдсан болох нь тогтоогдож байна. -Иймд маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.“Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”; Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн (2002 оны) 12 дугаар зүйлийн 12.8.“Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 12.8.2.“орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих”; мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /2011 оны/ 17 дугаар зүйлийн 17.8.“Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 17.8.4.“газар эзэмших, ... эрх олгох” гэж заасныг тус тус зөрчсөн хууль бус акт тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. -Гуравдагч этгээд Б.Т нь газар эзэмших эрхийн хувьд шударга эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шударга өмчлөгч гэж үзэх тул хариуцагчаас газрыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлөх тохиолдолд түүнд нөхөх олговрыг шийдвэрлэх учиртай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0482 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж дүгнэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд үндэслэлтэй гэж үзээд, гуравдагч этгээд Б.Т нь газар эзэмших эрхийн хувьд шударга эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч байх тул хариуцагчаас маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрт авах тохиолдолд Газрын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Иймд уг асуудлыг шийдвэрлэх хүртэл маргаан бүхий актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан.
Гурав.Хэрэглэвэл зохих хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар:
Нийтийн эрх ашгийг хамгаалах “объектив эрх”-ийн маргаанд “субъектив эрх”-ийн хяналт зэрэгцэх тохиолдолд шүүх “харьцангуй байх” зарчмын үүднээс хамгаалагдах эрх ашгийг тодорхойлох учиртай гэж үзэж байна. Учир нь, нийтийн эрх ашгийг төлөөлөн гаргасан нэхэмжлэлийн дагуу үүсгэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зарчмын хувьд захиргааны шүүхийн “объектив эрхийн хяналт”-д хамаардаг боловч энэ нь дараах онцлог шинжтэй. Үүнд:
1.Аливаа шүүх нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байдаг (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.). Энэ утгаараа шүүхийн объектив эрхийн хяналтын үр дүнд ч тэр тодорхой эрх ашиг, тухайлбал “нийтийн эрх ашиг” хамгаалагдах ёстой (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5). 2.Нийтийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэлийг эрх нь зөрчигдсөн этгээд биш, харин өөр (төлөөлөх эрх бүхий) этгээд гаргадаг, мөн шаардах эрхийн үндэслэл нь тодорхой этгээдэд олгогдсон нийтийн эрх зүйн “субъектив эрх” биш, харин нийтийн эрх зүйн “объектив эрх” байдгаараа “объектив эрхийн хяналт”-д хамаардаг. Гэвч энэ нь маргаан бүхий захиргааны үйл ажиллагаа хууль зөрчсөн л бол нэхэмжлэл хангагдана гэсэн үг хараахан биш юм. Учир нь, дээр дурдсанчлан уг нэхэмжлэлийн зорилго нь нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх тул хууль бус захиргааны үйл ажиллагаа болон нийтийн эрх ашгийн зөрчил нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл, захиргааны үйл ажиллагаа хууль бус байсан ч түүний улмаас нийтийн эрх ашиг зөрчигдөөгүй бол нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй юм. 3.Захиргааны хэргийн шүүхийн үндсэн чиг үүрэг буюу тэргүүн зорилго нь тодорхой этгээдийн “субъектив эрх”-ийг хамгаалахад чиглэгддэг тул нийтийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой маргаанд гуравдагч этгээдийн “субъектив эрх” хөндөгдөж байгаа тохиолдолд шүүх нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд ямар нэгэн шалгуургүйгээр гуравдагч этгээдийн эрхийг шууд үгүйсгэж болохгүй. Энэ тохиолдолд шүүх аль эрх ашиг нь илүү хамгаалагдах ёстой вэ (нийтийн эрх ашиг уу, эсхүл гуравдагч этгээдийн эрх үү) гэдгийг эрх зүйт төрийн “харьцангуй байх” зарчмын дагуу шийдвэрлэх учиртай.
Тухайлбал, энэхүү маргааны хувьд олон нийт (тэднийг төлөөлж өмгөөлөгч) “нийтийн өмчийг хамгаалах”, “нийтийн эдэлбэр газрыг чөлөөтэй ашиглах, саадгүй зорчих”[1] гэсэн эрхийн хамгаалалт шаардаж байгаа бол гуравдагч этгээдийн тухайд Газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмших эрхийн хамгаалалт, түүнчлэн “үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/-т заасан “үндсэн эрх”-ийн хамгаалалтыг шаардаж байна. Хэрэв энэ нь “субъектив эрхийн маргаан” байсан бол хэн нэгэн хүн, хуулийн этгээд “нийтийн өмчийг хамгаалах, нийтийн эдэлбэр газарт чөлөөтэй зорчих” гэх зэрэг объектив эрхийг үндэслэн бусдын субъектив эрхийг хүчингүй болгохыг шаардах боломжгүй. Гэвч уг маргаан нь “объектив эрхийн маргаан” тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, мөн нөгөө талаас гуравдагч этгээд ч өөрийн субъектив эрхийн хамгаалалтыг шаардах эрхтэй. Ийнхүү ижил түвшинд хамгаалагдсан эрхийн аль нэгийг нь хамгаалж, нөгөөг нь үгүйсгэхийн тулд шүүхээс төрийн үйл ажиллагааны “хууль ёсны зарчим[2] болон түүнээс үүдэлтэй “харьцангуй байх” зарчмыг баримтлах үүрэгтэй. Хууль ёсны зарчмын дагуу төрөөс (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага) хүний эрхийг хөндсөн/хязгаарласан шийдвэр гаргахдаа тодорхой хуульд үндэслэсэн байхыг шаардах ч тухайн арга хэмжээ нь “харьцангуй байх” ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хууль, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны акт, шүүхийн шийдвэрээр хүний эрхийг хязгаарлах тохиолдолд авч буй арга хэмжээ нь зорилгодоо нийцсэн, зайлшгүй шаардлагатай, бодит нөхцөлд тохирсон буюу тэнцвэртэй байх гэсэн гурван шаардлагыг хангасан байхыг шаардана.[3]
“Зорилгодоо нийцсэн” гэдэг нь төрийн байгууллагын шийдвэр буюу тухайн шийдвэрээр хэрэгжүүлэх арга хэмжээ нь тавьсан зорилгодоо хүрэхүйц байхыг ойлгоно. Хэрэв зорилгод хүрэх ганцхан арга байгаа бол түүнийг, харин хэд хэдэн арга байгаа бол тэдгээрээс хамгийн бага дарамт учруулахуйц (хүний эрхийг хамгийн багаар хязгаарласан)-ыг сонгохыг “зайлшгүй шаардлагатай” гэж үзнэ. Хэрэгжүүлэх арга хэмжээ нь зорилгоосоо давахгүй байх буюу хүрч болох үр дүнгээсээ хэтэрсэн сөрөг үр дагаваргүй байхыг “тэнцвэртэй” гэнэ. Өөрөөр хэлбэл, хамгаалж буй эрх ашиг нь халдаж буй эрх ашгаас дээгүүр байвал эрх зүйт төрийн үзэл санааны үүднээс зөвтгөх боломжтой юм.[4] “Харьцангуй байх” зарчмын агуулгыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тодорхой зохицуулсан байдаг. Хэдийгээр энэхүү хэргийн тухайд захиргаа нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй ч шүүх уг шийдвэрийг гаргах тохиолдолд (захиргааны маргааныг шийдвэрлэхэд) энэхүү зарчмыг хэрэглэх нь Үндсэн хуульд заасан эрх зүйт төрийн “хууль ёсны зарчим”-д нийцнэ.
Хэргийн үйл баримтаас үзвэл, гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө нь 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл байсаар ирсэн, энэ хугацаанд ундны усны эх үүсвэр, цэвэр усны шугамыг эвдэлж гэмтээсэн, бохирдуулсан, ямар нэгэн хохирол учруулсан, засвар үйлчилгээ хийхэд саад учруулсан гэх бодит үндэслэл тогтоогдоогүй, тухайн шугам сүлжээг хамгаалах, засварлах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс ямар нэгэн албан шаардлага, дүгнэлт гарч байгаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, газрыг чөлөөлөхгүй л бол нийтийн өмч хөрөнгө сүйдэж, нийтийн эрх ашигт ноцтой аюул учрах нь тодорхой, иймд учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай, үүнээс өөр арга хэмжээ байхгүй гэх бодит үндэслэл алга байна. Мөн иргэдийн чөлөөтэй зорчих эрхийн тухайд, явган хүний зам нь гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн урд талаар тавигдсан, уг замын голд шонгийн мод байршиж байгааг өөр газарт зөөвөрлөн байрлуулах ажиллагаа явагдаж байгаа талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар тогтоолд дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд бодит байдалд явган зорчигч иргэд чөлөөтэй, аюулгүй зорчих боломжтой, хэрэв тэргэнцэртэй иргэдийн эрх хязгаарлагдаж байна гэж үзвэл[5] явган хүний зам дээрх шонг өөр газарт шилжүүлэх, эсхүл тухайн хэсгийн явган хүний замыг өргөтгөх[6] зэргээр гуравдагч этгээдэд дарамтгүйгээр, нийтийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл тэргэнцэртэй иргэдийн эрхийг хангахын тулд заавал гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийг нурааж, газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өөр арга зам байхгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
Гуравдагч этгээдийн “хамгаалагдах эрх”-ийн тухайд, маргаан бүхий газар нь анхнаасаа нийтийн эдэлбэр газар байгаагүй, одоо ч нийтийн эзэмшилд аваагүй талаар хариуцагч тайлбарладаг. Хэдийгээр уг газарт анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Н-д 0,006 га газар олгосон боловч хариуцагч 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газрын байршил болон хэмжээг (130 м.кв гэж) тодорхой заан газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан, улмаар уг газарт баригдсан үл хөдлөх хөрөнгө шилжсэнтэй холбоотойгоор 2018 оны А/417, 2021 оны А/622 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийг тус тус шилжүүлсэн байх тул гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших эрх огт үүсээгүй, эрх бүхий этгээдээс газар эзэмших эрх олгосон захирамж байхгүй гэж үзэх боломжгүй. Тодруулбал, хариуцагч удаа дараагийн захирамжаараа маргаан бүхий газрыг эзэмших эрхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Харин хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг зөрчсөн байх боловч (шүүхүүдийн дүгнэсэнчлэн) энэ тохиолдолд гуравдагч этгээдийн хувьд “итгэл хамгаалах зарчим” хэрэглэгдэхээр байна. Энэ нь төрөөс иргэний итгэлийг хамгаалах субъектив эрхийг баталгаажуулсан эрх зүйт төрийн зарчим юм. Нийтийн эрх зүйн агуулгаар иргэд өнөөгийн эрх зүйн зохицуулалтад итгэж болох, мөн тэдний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй гэдэгт итгэх тухай ойлголт юм. Тухайлбал, иргэд хууль тогтоогчийн баталсан хууль болон захиргааны гаргасан шийдвэрт итгэсний үндсэн дээр өөрсдийн амьдрал, аж ахуйн үйл ажиллагаагаа төлөвлөх, хөрөнгө мөнгө зарцуулах зэргээр эдийн засгийн үр дагавар бүхий үйлдэл хийдэг тул энэхүү иргэдийн итгэлийг хамгаалах ёстой гэж үздэг. Гэхдээ нөгөө талаас төрийн үйл ажиллагааны зайлшгүй өөрчлөлтийг (хууль, тогтоомж, захиргааны актыг өөрчлөх, хүчингүй болгох зэрэг) харгалзах ёстой тул итгэл хамгаалах зарчмын хүрээ, хязгаарын асуудал зайлшгүй яригдана. Иймд нэг талаас төрийн шийдвэрийн өөрчлөлт зайлшгүй, зүй ёсны юу гэдэг асуудал, нөгөө талаас иргэд төрийн шийдвэрт хэр хэмжээгээр итгэж болох, тэдний итгэлийг хамгаалах үр дагавар үүссэн эсэхийг тодорхойлох шаардлагатай болдог.[7]
Итгэл хамгаалах зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим байхаар заасан, хэдийгээр энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрхийг хүчингүй болгосон захиргааны шийдвэр байхгүй ч шүүх тухайн этгээдэд хамгаалагдах эрх байгаа эсэхийг шалгах шаардлагатай тул уг зарчмыг мөн анхаарч, хэрэглэх нь зүйтэй юм. Захиргааны ерөнхий хуулийн тайлбар хэсэгт: “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.” хэмээн тухайн зарчмын агуулга, хэрэглэгдэх үндэслэлийг тодорхойлсон.
Үүнийг задлан тайлбарлавал: (1) Итгэл “хууль ёсны” байна, өөрөөр хэлбэл “хууль бус итгэл” хамгаалагдахгүй. Жишээ нь иргэн захиргааны зөвшөөрөлгүйгээр хашаа, байшин барьж амьдраад дараа нь газар эзэмших эрх авна гэж итгээд, уг итгэлээ хамгаалахыг захиргаанаас шаардах боломжгүй. Харин захиргаа өөрөө хууль зөрчиж зөвшөөрөл олгосон (хууль бус акт гаргасан) боловч иргэний хувьд тухайн шийдвэрийг хууль ёсны гэж итгэж болно. Гэхдээ иргэн өөрөө хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх зэрэг хууль бус аргаар өөртөө эерэг акт гаргуулсан бол уг зарчим хэрэглэгдэхгүй. (2) Итгэл хамгаалах зарчим нь иргэний хувьд эд хөрөнгө, мөнгөөр илэрхийлэгдэхүйц үр дагавар үүссэн тохиолдолд хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэрийн улмаас тухайн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхүйц үр дагавар учраагүй бол хамаарахгүй. (3) Иргэн, захиргааны хооронд тухайн эрх зүйн харилцаа нь дуусаагүй байх ёстой, иргэнд эерэг үр дагавар үүсгэхээр байсан ч уг харилцаа хэдийн дууссан бол итгэл хамгаалах зарчмыг хэрэглэхгүй. (4) Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдолд хэрэглэгдэхгүй. Хууль зөрчсөн захиргааны акт хандсан этгээдийнхээ хувьд эерэг нөлөөлөлтэй бол зарчмын хувьд түүнийг хүчингүй болгохыг зөвшөөрдөггүй. Учир нь эрх зүйт төрд иргэн захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажилладаг гэдэгт итгэлтэй байх эрхтэй. Иймд эерэг нөлөөлөлтэй хууль бус актыг хүчингүй болгох тохиолдлыг хуулийн уг зохицуулалтаар нарийвчлан (тоочиж) заасан. Үүнээс бусад тохиолдолд эерэг нөлөөлөлтэй хууль бус актыг захиргаа хүчингүй болгох боломжгүй. Харин сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар захиргааны байгууллага хэдийд ч хүчингүй болгож болно. Учир нь тухайн актыг хүчингүй болгосноор сөрөг нөлөөлөл нь байхгүй болж хандсан этгээдийн эрх зүйн байдал дээрдэх тул ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй.
Уг хэргийн тухайд, гуравдагч этгээдийн хувьд “хууль ёсны итгэл хамгаалагдах” онцгой нөхцөл бий болсон гэж үзэхээр байна. Учир нь, тэрбээр маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас худалдан авснаар өмчлөх эрхтэй болсон, тухайн үл хөдлөх хөрөнгийн суурийн газрыг эзэмших эрхийг хариуцагчийн шийдвэрээр шилжүүлэн авсан тул захиргааны шийдвэр хууль ёсны гэдэгт итгэх эрхтэй, мөн үл хөдлөх хөрөнгө (байшин)-өө аж ахуйн зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байх тул мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзнэ. Нэгтгэн дүгнэхэд, энэхүү хэргийн бодит нөхцөл байдлыг “харьцангуй байх” зарчмын үүднээс хөндөгдөж буй эрх ашгуудыг харьцуулан үзвэл, нийтийн эрх ашиг гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоос “илүү хамгаалагдах ёстой” гэх бодит үндэслэл тогтоогдсонгүй. Иймд шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь зөрчигдсөн гэж үзэж буй нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгод нийцэж болох ч, энэ нь “зайлшгүй шаардлагатай”, “тэнцвэртэй” арга хэмжээ гэж үзэхээргүй байна. Цаашид шүүхээс нийтийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд “харьцангуй байх” зарчмыг онолын үндэслэлтэйгээр тайлбарлан хэрэглэж, шүүхийн практик тогтооход ач холбогдолтой болов уу гэх үүднээс энэхүү тусгай саналыг бичив.
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ [1]Өргөн агуулгаараа энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/-т заасан “эрүүл, аюлгүй орчинд амьдрах эрх” байж болно. [2]Хүний эрхийг хөндсөн төрийн байгууллагын шийдвэр нь тодорхой хуульд үндэслэсэн байх тухай эрх зүйт төрийн үндсэн зарчим. Хууль ёсны зарчим нь “хууль дээдлэх” болон “хуульд үндэслэх” гэсэн хоёр зарчмаас бүрдэнэ. Шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа нь хуульд, хууль нь буюу хууль тогтоох эрх мэдлийн үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн байхыг “хууль дээдлэх зарчим” гэх бөгөөд агуулгын хувьд доод эрэмбийн хэм хэмжээ нь дээд эрэмбийн эрх зүйн эх сурвалжийг зөрчихгүй байхыг ойлгоно (уг зарчим нь Ү.Х§1-ийн 2, §45-ийн 1, §49-ийн 1, §50-ийн 3, §70-ийн 1-д тусгалаа олсон). Харин “хуульд үндэслэх зарчим” нь төрийн байгууллагаас хүний эрхийг хөндсөн шийдвэр гаргах бол заавал хуулийн тодорхой заалтыг үндэслэсэн байх гэсэн агуулгыг илэрхийлдэг (Ү.Х§5-ийн 3, §16-ийн 3, §16-ийн 4, §16-ийн 13, §19-ийн 2). [3]Creifelds, Rechtswoerterbuch, 16.хэв., х.1424-1425, Эрх зүйн онолын ерөнхий, тусгай зарчмууд, түүний хэрэглээ, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, 2024, х.101 [4]Creifelds, Rechtswoerterbuch, 16.хэв., х.1424-1425, Эрх зүйн онолын ерөнхий, тусгай зарчмууд, түүний хэрэглээ, х.61 [5]Энэхүү хэрэгт нотлох баримтаар авагдсан “Т и ү х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийн материалд авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... явган хүний зам дээр барилгын зарим хэсэг орсон, барилгын хажууд үлдсэн явган хүний замыг хэмжиж үзэхэд өргөн нь 2 м 20 см, ... барилгын урд байрлах гэрлийн шон барилга хоорондын зай 1 м 08 см зайтай байв...” гэсэн байдаг. [6]Явган хүний замаас төв авто зам хүртэл хангалттай өргөн талбай байгаа нь хэрэгт авагдсан зургуудаас харагддаг. [7]Итгэл хамгаалах зарчмын хоёр дахь агуулга нь хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт байдаг. Гэвч энэ маргаанд хамааралгүй тул дэлгэрэнгүй тайлбарласангүй. |