МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

2024 оны 10 сарын 07 өдөр                            Дугаар 05                                                Улаанбаатар хот

 

Э р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын Том татвар

төлөгчийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, М.Батсуурь бид “Э р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдох татварын маргааныг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0243 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/334 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хэргийн оролцогч нараас гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд “Тогтворжуулалтын гэрчилгээ” бүхий хуулийн этгээдээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан Хөрөнгө оруулалтын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонх дэмжээгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах”, 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэж тус тус заасны дагуу тусгай санал бичив.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.Нэхэмжлэгч “Э р” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулах, цаашид уг төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгосон өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолд заасны дагуу тооцуулан ногдуулж, төлж, тайлагнах арга хэмжээ авч өгөх тухай” хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль бус гэж үзэн “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр нэхэмжлэл гарган маргажээ.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “... Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Тогтворжуулах гэрчилгээг олгож, гэрчилгээ олгосон өдөр мөрдөж байсан хууль, тогтоолд зааснаар албан татвар, төлбөрийн хувь хэмжээг тогтворжуулсан. Хариуцагч нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд болон 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 001 дугаартай Тогтворжуулах гэрчилгээ болон Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаад зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал” Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолыг зөрчиж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 252,548,758,243 төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү төлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байхаар, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тус тус зөрчсөн ...” гэж тодорхойлсон.

3.Хариуцагчаас “... ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулиар, харин борлуулалтын үнэлгээ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээг хэрхэн тооцохыг Засгийн газрын тогтоолоор журамлаж, хоёр өөр харилцааг хууль болон журмаар тус тус зохицуулсан, хуулиар тогтоосон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөөгүй ...” гэж маргажээ.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд:

1.Анхан шатны шүүх: “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн нь тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчид хамааралгүй, хариуцагч “тогтворжуулсан хувь, хэмжээ нэмэгдээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтээс татгалзсан нь үндэслэлгүй, Засгийн газрын тогтоолуудаар төлбөрийг тооцсоноор гэрчилгээгээр тогтворжуулсан төлбөрийн хувь, хэмжээг тогтвортой байлгах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2.Давж заалдах шатны шүүх: “... хариуцагч нь тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийн Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан эрх болон нийтлэг баталгааг харгалзан үзэж илүү хэмжээгээр төлөгдсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэлгүй татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байх бөгөөд энэ нь хуулийн 1.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах хуулийн зорилгод нийцэхгүй байна. Хариуцагч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд холбогдох ажиллагааг зохих журмын дагуу явуулж, илүү төлөлт байгаа эсэх, буцаан олгох эсэхийг шийдвэрлэх шаардлагатай ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, илүү төлөлт байгаа эсэхийг зохих журмын дагуу хянаж, шалгахыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгаж, үлдэх шаардлагыг буюу “Э р” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хэрэглэвэл зохих хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх үндэслэл:

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох ... зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргасан.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““татварын орчин” гэж хуульд заасан татварын төрөл, тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ногдуулах, төлөх эрх зүйн зохицуулалтын бүрдлийг”, 3.1.8-д ““татварын хувь, хэмжээг тогтворжуулах” гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 13.4-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулах”-ыг, 3.1.9-д ““татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ” гэж энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг /цаашид “тогтворжуулах гэрчилгээ” гэх/;” ойлгохоор тус тус томьёолжээ.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчинг тогтвортой байлгах баталгаа олгоно”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 13.5-д заасан этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг тогтворжуулна”, 13.3-т “...  татварын хувь, хэмжээг тогтворжуулах асуудлыг зөвхөн энэ хууль болон энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулна”, 13.4-т “Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна”, 20.5-д “500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт бүхий тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь өөрөө хүсэлт гаргавал түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно” гэж тус тус хуульчилжээ.

3.1.Хуулийн аутентик тайлбар, зохицуулалтын харилцан уялдаанд авч үзэхэд, “Тогтворжуулах гэрчилгээ”-г энэ хуульд заасан албан татвар, төлбөрийн буюу хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан аж ахуйн нэгжийн орлогын, гаалийн, нэмэгдсэн өртгийн албан татвар ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор шалгуур хангасан хуулийн этгээдэд олгох бөгөөд зөвхөн татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээнд заасан хугацаанд тогтворжуулах агуулгатай.

Харин “Татварын орчин” гэх агуулгад дээр дурдсан татвар, төлбөрийн хувь хэмжээг тогтворжуулах төдийгүй түүнийг тодорхойлох, ногдуулах, төлөх талаар хууль болон хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг зэрэг эрх бүхий бусад этгээдээс тогтоосон эрх зүйн зохицуулалтын иж бүрдэл хамаарах ба татварын хувь, хэмжээг багтаасан илүү өргөн агуулгатай учир ялгаатай нэр томьёоны тайлбар хийжээ.

Мөн хөрөнгө оруулагчийн Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч, өөрөө хүсвэл Засгийн газартай хэлэлцээ хийх замаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж татварын хувь, хэмжээ, түүнийг тооцох аргачлал, татвар ногдуулалт, төлөх эрх зүйн орчин зэргийг бүхэлд нь, эсхүл Тогтворжуулах гэрчилгээ авснаар хуульд заасан татварын хэмжээг тогтворжуулахаар байна.

3.2.“Татварын орчин” ба “Тогтворжуулах гэрчилгээ” гэх хуулийн нэр томьёоны агуулга, хүрээ, хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаарх хууль тогтоогчийн үзэл баримтлалыг тодруулах үүднээс (түүхчилсэн аргын хүрээнд) хуулийн төслийг хэлэлцэж баталсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны тэмдэглэлийг үзэхэд:

“Сайд Н.Б: ... гэрчилгээ авчихсан 5-10 жилийн хугацаанд шинэ татварын хууль гарч болно, хувь хэмжээ өөрчлөгдөж болно, гэхдээ та нэгэнт л гэрчилгээ авчихсан бол ямар ч шинэ хууль гарсан гэсэн нөхцөл байдлыг дордуулах байх юм бол танд хамаарахгүй харин сайжруулах бол хамаатай гэсэн зохицуулалт хийгдэж байгаа юм ...”[1] гэж;

“УИХ-ын гишүүн Д.З: “... татварын орчныг гэж оруулахгүй бол ганцхан татварын хувь, хэмжээг гэж оруулж болохгүй болчихоод байгаа юм. Яагаад гэвэл татварын хувь, хэмжээг тооцохын тулд тэр чинь хасагдах зардал, тооцох аргачлалын иж бүрдэлтэй нь гэж орчин гэж хамааруулж томьёолж байгаа байхгүй юу. Хувь хэмжээ гэж татварын хууль дээр байдаг ...”[2] гэж;

УИХ-ын гишүүн Д.З: “... Энэ 13.4-ийн зааж өгснөөр бол тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй хугацаанд Татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй  ...”[3] гэж тус тус хуулийн төслийн үзэл баримтлалыг тайлбарлажээ.

Тодруулбал, “татварын орчин”, “татварын хувь хэмжээ” гэх ойлголтыг тусад нь хуульчлах шаардлагатай, татварын орчин гэдэгт татварын хувь хэмжээнээс гадна хасагдах зардал, тооцох аргачлал зэрэг иж бүрдэл хамаарах бөгөөд харин татварын хувь, хэмжээ нь хууль дээрх ойлголт болох; хууль батлагдан гарах замаар татварын хувь, хэмжээнд өөрчлөлт орж, нэмэгдсэн тохиолдолд тогтворжуулах гэрчилгээтэй этгээд өмнөх хуульд заасан татварын хувь, хэмжээгээр тогтворжих, харин хуульд заасан татварын хувь, хэмжээ багассан тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарах талаар хууль санаачлагч болон хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсэг хуулийг хэлэлцэн батлах явцад тодорхой дурдсан байна.

3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна:” гээд 47.3.1-д “олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь” гэж, 47.3.3-т “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэж, 47.15-д “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ногдуулна” гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээний тодорхой хувиар ногдуулахаар, өөрөөр хэлбэл тухайн төлбөрийг төлөгчийн төлөх татварын хувь, хэмжээ борлуулалтын үнэлгээнээс хамаарч өөр байж болохоор, Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр төлбөрийг төлөхөөр тус тус хуульчлагдсан бөгөөд нэхэмжлэгчид хамаарах хуулиар тогтоосон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.

Харин “Э р” ХХК-д “Тогтворжуулалтын гэрчилгээ” олгосноос хойш Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу гаргасан Засгийн газрын тогтоолоор борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал өөрчлөгдсөөр иржээ.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 1.1-д “Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хууль тогтоомж” гэж ойлгохоор, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй:” гээд 4.1.1-д “хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах”-аар заажээ.

Нэхэмжлэгчийн тухайд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1,169,593,391 төгрөг буюу 500 тэрбум төгрөгөөс дээш бөгөөд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах боломжтой байсан боловч энэ талаар Засгийн газарт хүсэлт гаргаж гэрээ байгуулаагүй, харин Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/98 дугаар тушаалаар олгосон 001 дугаартай Тогтворжуулалтын гэрчилгээнд “... татварыг гэрчилгээ олгосон өдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоолд зааснаар тооцох”-оор тусгажээ.

Тодруулбал, “Э р” ХХК “Тогтворжуулалтын гэрчилгээ” авснаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасан төлбөрийн хувь хэмжээнд хөрөнгө оруулалтаа баталгаажуулсан, харин “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулаагүй учир мөн зүйлийн 47.6 гэх заалтыг үндэслэн гарсан Засгийн газрын тогтоолын хүрээнд татварын орчинг тогтворжуулаагүй байна.

Дөрөв. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд, хууль тогтоогчоос хөрөнгө оруулагчийн татварын орчныг тогтвортой байлгах баталгааг хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч нэгдүгээрт, “Тогтворжуулах гэрчилгээ” олгох замаар түүний хүчинтэй хугацаанд хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах, хоёрдугаарт, Засгийн газартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах замаар татварын төрөл, тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ногдуулах, төлөх эрх зүйн зохицуулалтын бүрдлийг тогтвортой байлгах байдлаар ялгаатай зохицуулсан байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээний тодорхой хувиар ногдуулахаар тогтоосон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн зохицуулалт нь “Тогтворжуулах гэрчилгээ”-ээр тогтворжуулахаар заасан хуулиар тогтоосон татварын хувь хэмжээнд;

харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан Засгийн газрын тогтоол нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан татварын хэмжээг тодорхойлох, ногдуулах, төлөх эрх зүйн зохицуулалтын бүрдэлд хамаарна.

Нэхэмжлэгчийн хувьд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулаагүй; Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасан нэхэмжлэгчид хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр “5.0” гэх хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй;  харин “Татварын орчин”-д хамаарах Засгийн газрын тогтоолын дагуу төлөх төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн энэ тохиолдолд “Э р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлтэй гэж шүүгч бид үзсэн болно.

Ижил төстэй хэргийг хянан шийдвэрлэхэд хуулийн өрсөлдөх тайлбар байлгах үүднээс тусгай саналыг бичив.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                 М.БАТСУУРЬ

 

[1] Эдийн засгийн байнгын хорооны 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны гар тэмдэглэл. https://www.parliament.mn/nn/12641/

[2] МУИХ-ын 2013 оны ээлжит бус чуулганы 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдааны гар тэмдэглэл https://www.parliament.mn/nn/13150/

[3] МУИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдааны гар тэмдэглэл https://www.parliament.mn/nn/12649/