МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

Д.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан би Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1208 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1168 дугаар магадлалтай, Д.Т-д холбогдох 2208000000655 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын шатны журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцож, дараах тусгай саналыг гаргав.

 

Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Н-ийн гэрт 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн Б.М-той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Т-ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Т-ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй шүүгдэгч Д.Т-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна” гэж дүгнэн, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталж,  2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-иар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг хүчингүй болсноор давж заалдах шатны шүүх тухайн эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурор, шүүхэд буцааж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1208 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Улсын дээд шүүх шүүгдэгч Д.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээн, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,              эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол ...”  ял оногдуулахаар хуульчилсан.

 

Аливаа болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохын учир нь субъект анхаарал болгоомжтой байх үүргийг зөрчсөний улмаас хуулиар хамгаалсан эрх ашигт их хэмжээний хохирол учруулсан  байдаг.

 

Ийм гэмт хэрэг нь дийлэнхдээ эс үйлдэхүйгээр үйлдэгдэх нь түгээмэл бөгөөд шүүгдэгч өөрт нь хууль болон зүй ёсны дагуу оногдуулсан үүргийг хайнга тоомжиргүйн улмаас зөрчсөнөөр эрүүгийн хариуцлага оногдуулах үр дагавар үүсэх үндэс болдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан үндсэн зарчим, эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь ухагдахуунуудтай уялдуулан гэмт хэргийн зүйлчлэлийг зөв хийх нь хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль бусаар хэлмэгдүүлэхээс сэргийлэх, шударга ёсыг хангах Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтын хангахад ач холбогдолтой юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” хэмээн тодорхойлсон.

 

Өөрөөр хэлбэл, болгоомжгүй гэм буруугийн үед санаатай үйлдсэн гэмт хэргээс оюун санааны мэдэх элементээр ялгаатай буюу гэмт этгээд өөрийн үйлдлийн үр дагаврыг бүрэн, шууд ухамсарласан шинж агуулдаггүй.

 

Харин энэ тохиолдолд мэдэх боломжийн тухай ойлголтыг авч үздэг. Тодруулбал, тухайн субъект өөрийн үйлдлийн улмаас хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд хохирол, хор уршиг учрах эрсдэлийг урьдчилан мэдсэн ч түүнд хүргэхгүй байх боломжийн талаар буруу буюу дутуу тооцоолсон, эсхүл тийм эрсдэл учрах боломжийг урьдчилан харах ёстой байсан боловч хараагүй байхыг ойлгоно.

 

Иймээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь субьектын анхаарал болгоомжтой байх үүргийн асуудлыг хөнддөг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт шалтгаант холбоог болгоомжтой байх үүрэг болон үр дагаврын хоорондын холбоо хамаарлаар тодорхойлдог.

 

Аливаа материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт шалтгаант холбооны асуудлыг субъектын Эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл болон учруулсан хохирол, хор уршиг хоорондын объектив хамаарлаар тодорхойлдог. Энэ объектив хамаарлыг тогтооход байгалийн болон логикийн хууль дүрмүүдийг хэрэглэж зөв цэгцтэй оюун дүгнэлтэд хүрэх нь чухал.

 

Шалтгаант холбооны объектив хамаарлыг тодорхойлоход юун түрүүнд шалтгаан буюу субъектын үйлдэл нь үр дагавар буюу хохирлоос цаг хугацааны хувьд түрүүлж болсон байх; үйлдэл нь тухайн хохирлыг учруулах, бий болгох бодит боломж, тийм чадварыг өөртөө агуулсан байхыг шаардана. Хоёрдугаарт, тухайн үйлдэл болон хохирлын хооронд гаднын ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгүй шууд буюу зайлшгүй холбоо хамаарал байна.

 

Шүүгдэгч Д.Т нь хохирогчийг зодож зүүн чамархайн хуйхны шархнаас цус тогтохгүйгээр бага бусаар алдаж байгаа болон түүнийг бага бус хэмжээгээр согтуурсны улмаас биеэ хамгаалах чадвар сул байгааг нэгэн зэрэг мэдсэн атлаа өөрөөс нь айж гэрээс зугтахад хүргэсэн үйлдэл нь дангаараа хохирогчийн амь нас хохирох үр дагаварт хүргэх бодит боломж, чадварыг өөртөө агуулаагүй нь шинжээчийн 450 дугаартай “... Б.М-ын биед учирсан зүүн чамархайн хуйхны шархнаас цус алдсан нь ерөнхий цус багадалт үүсгэж осголт түргэн явагдах нөхцөл болжээ ...” гэх дүгнэлт, мөн шинжээч эмчийн  “... Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой, ухамсарт ухаангүй болсноос болж, хуйхны шархнаас гарсан цуснаас болж цус багадалтад орж, амархан осгож нас барсан байна ... Осгохоос өмнө тусламжийг цаг хугацаанд нь тохируулж үзүүлсэн бол амь нас аврагдахыг үгүйсгэхгүй ... Эд эсийн шинжилгээг давтан хийгээд энэ дээр осголтын шинж тэмдгүүд нь тогтоогдоод, цус алдалтын шокийн шинж тэмдгүүд гараагүй ... Хүн осгож нас барахад биеийн дулаанаа алдаж байна гэсэн үг. Биеийн дулаанаа алдах нь осголтод нөлөөлж буй хүчин зүйлс болж байгаа юм. Хоёрдугаарт цаг агаарын нөхцөл байдал. Дараагийнх нь өмссөн хувцас, идсэн хоол унд, архаг хууч өвчин, дараа нь цус алдсан байдал зэрэг нь осголтод нөлөөлөх хүчин зүйлүүд юм ...” гэсэн мэдүүлгэр тогтоогддог.

 

Тодруулбал, шүүгдэгч нь тухайн хохирогч согтуурсны улмаас хяналтаа алдаж унах буюу унтах улмаар тухайн шөнийн цагт осгож магадгүй гэдгийг урьдчилсан мэдэх боломжгүй гэж үзэх үндэслэл бүхий болно. 

 

Болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэргийн үед болгоомжтой байх үүрэгтэй холбоотойгоор субъектын үйлдэл нь хохирол учрах үндэс болсон хэдий ч субъектэд тухайн нөхцөл байдалд үүргийн тухай ойлголт дутагдаж байвал шалтгаант холбооны объектив хамаарал байхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, болгоомжтой байх үүрэг яригдах боломжтой нөхцөлд л тухайн субъектын үйлдэлд үр дагаврыг шууд хамаатуулж үзнэ гэсэн үг юм.

 

Дээр дурдсан нөхцөл байдлаас шүүгдэгчийг хаврын улирлын шөнийн цагт хохирогчийн амь нас эрсдэх эрсдэлийг урьдчилан тооцоолох ёстой буюу боломжтой хэмээн үзэх нь эргэлзээтэй.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины шилээр хохирогчийн толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйхны шарх, зүүн шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.

 

Харин энэ үйлдлийн улмаас хохирогчийн чамархай хэсгээс цус алдсан, мөн хохирогчийг хаврын улирлын шөнийн цагаар айлгаж зугтахад хүргэснээс хохирогч нь осголтод орж амь насаа алдсан гэх буюу хэд хэдэн цуварсан үйлдлүүдийг нэгтгэж бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН