МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

 

Б.Бирваабазарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Шүүх бүрэлдэхүүний олонх Б.Бирваабазартхолбогдох хэргийг хяналтын журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг хуулийн үзэл баримтлал, зорилго, зохицуулалтаас зөрүүтэй тайлбарлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргалаа гэж үзэж байна. 

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хэрэглэсэн “энэ гэмт хэрэг” гэсэн томьёолол буюу тухайн хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг тодорхойлох асуудлаар саналын зөрүүтэй байсан нь тусгай санал бичих үндсэн шалтгаан болов.

 

Олонх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд  тусгагдсан “энэ гэмт хэрэг” гэснийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “... хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ...зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” хэрэг гэж үзэж, хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан байх нь мөн зүйлийн 2, 3, 4-т заасан гэмт хэргүүдийн шинж хангагдах урьдач нөхцөл гэж дүгнэсэн. 

 

Тусгай санал бичигчийн хувьд “энэ гэмт хэрэг” гэснийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж ойлгох нь хууль хэрэглээний зөв агуулга болохыг тухайн зүйл, заалтын бүтэц болон хуулийн зорилго, суурь үзэл баримтлалтай уялдуулж тайлбарлав.

 

  Хуулийн тухайн зүйл, заалтын бүтцийн үүднээс:

 Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл нь “энэ гэмт хэрэг” гэсэн үндсэн бүрэлдэхүүн, түүнийг хүндрүүлэн үзэх заалтуудаас бүрдэх ба хүндрүүлэн үзэхдээ үндсэн бүрэлдэхүүнээс гадна зарим заалтыг хүндрүүлж болохоор бүтээгдсэн байна. Сүүлийн тохиолдолд аль заалтад заасан гэмт хэргийг ямар шинжээр хүндрүүлж буйгаа тодорхой зааж өгчээ.

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг: 4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн; 4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол...” гэж найруулснаас үзвэл мөн зүйлийн 2, 3 дахь хэсгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тодорхой нөхцөлд хүндрүүлэн зааж буй бол “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэсэн илэрхийллийг хэрэглэх байсан ба “энэ гэмт хэрэг” гэсэн томьёоллыг оруулснаараа мөн зүйлийн 1 дэх хэсгээс өөр бүрэлдэхүүнийг хүндрүүлж буйг илэрхийлсэн гэж үзэхээр байна.

 

Энэхүү тусгай саналын гол санаа нь “энэ гэмт хэрэг” гэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн ерөнхий нэршилд тусгагдсан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” үйлдэл, эс үйлдэхүйг үндсэн бүрэлдэхүүн гэж ойлгож Эрүүгийн хуулийн уг зохицуулалтыг хэрэг, маргаанд хэрэглэх тухай юм.  

 

Эрх зүйн хэм хэмжээ бүтээх хууль зүйн техникийн үүднээс хуулийн тодорхой зүйлийн аль нэг заалтыг бусад заалтуудад эшилж хэрэглэхдээ дугаарлах, ерөнхийлөх гэсэн хоёр аргыг зэрэг хэрэглэсэн байх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд “хуульд буй нэг илэрхийлэл нэг л санааг илэрхийлэх ба нэг санааг хуульд өөр, өөрөөр илэрхийлж болохгүй” гэсэн тавтологийн эсрэг презумпц зөрчигдөх юм.

 

Хэрвээ “энэ гэмт хэрэг” гэснийг “... хууль, ... зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”-ыг хэлж буй гэж үзвэл 27.10 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтад заагдсан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүн нь зөвхөн мөн зүйлийн 1 дэх заалтад заасан нөхцөлийг хангасны дараа бий болно гэж дүгнэхэд хүрэх ба энэ тохиолдолд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан болон 3 дахь заалтад заасан хүний амь нас хохирсон хэргүүд нь дангаараа гэмт хэрэг биш болох учир зүйн алдаатай дүгнэлтэд хүрэхээр байна.

 

Хуулийн үзэл баримтлал, зорилготой нийцэхгүй байгаа талаар:                                                                Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл буюу “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчиж, нийгэмд хор уршиг учруулах явдал бөгөөд субьектив хандлагыг тайлбарлавал зөрчлийг санаатай гаргаж, харин хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон байдаг. Энэ утгаараа гэм буруугийн хэмжээ нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээс ялгарч, 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрээр тодорхойлогдоно.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн агуулга нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр зөвхөн ноцтой үр дагавар бий болгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангид оруулсан, харин мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгай ангид ялгаатай заасан болохыг илэрхийлдэг. Эндээс хууль тогтоогч гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэмжээг болгоомжгүй гэмт хэргийнхээс илүү ноцтойд тооцох үзэл санааг хуульд суулгасан нь харагдана. Энэ нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, 11.3 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, 11.5 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах”, 17.11 дүгээр зүйл “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” зэрэг хэргүүдэд тогтоосон ял шийтгэлээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, дээрх хохирол, хор уршиг учруулсан тохиолдолд илүү хүнд ял, шийтгэлийг оногдуулахаар зааснаар хэрэгжсэн гэж үзэж болно.

 

Энэ тохиолдолд олонхын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас зөвхөн эд хөрөнгийн хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэсэн дүгнэлт эрх зүй-логикийн зөрчил агуулж байна гэж үзнэ. Тухайлбал, хууль тогтоогч гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон атлаа гэм буруугийн илүү ноцтой “холимог хэлбэр”-ээр үйлдэгддэг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг санаатай зөрчиж эд хөрөнгө устгасан, гэмтээсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй гэж үзэх нь Эрүүгийн хуулийн бүтцийн нэгдмэл байдлын зарчимд нийцэхгүй. 

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүнд хохирлоор зөвхөн хүний эрүүл мэнд, амь насыг тооцсон, харин ослын улмаас бий болох эд хөрөнгийн хохирлыг эрүүгийн эрх зүйн хамгаалалтаас гаргасан гэж үзэж буй бол уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг эд хөрөнгийн хохирлоор хүндрүүлэн зүйлчилсэн ... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэх 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хууль тогтоогч тусгах учиргүй байсан.

 

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн үндсэн буюу энгийн бүрэлдэхүүнд их хэмжээний хохирлоос доош үнийн дүнтэй эд хөрөнгийн хохирлыг оруулаагүй, ноцтой бус гэж тооцож, эрх зүйн хамгаалалт тогтоогоогүй атлаа илүү хүнд ял шийтгэлтэй хүндрүүлэх бүрэлдэхүүнээр энэ хамгаалалтыг бий болгосон гэж үзэх нь эрх зүйн алдаатай дүгнэлт болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд их хэмжээний хохирол нэгэн зэрэг учирсан тохиолдолд уг заалтын шинжийг хангана гэж үзэх нь мөн л буруу дүгнэлт болно. Шинж чанараараа харьцуулагдахгүй төрлийн хохирлууд нь эрх зүйн хэм хэмжээний бүрэн бүтэн, харилцан нөхөлт, дүүргэлтийн шаардлагаар зэрэгцүүлэн шаардагдах гэмт хэргийн бүрэлдэхүүний элемент байх боломжгүй билээ.

 

Эцэст нь Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний бүтцийн онолын үүднээс ч  “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль ... зөрчсөн”, “1. ... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, “2.4. их хэмжээний хохирол учруулж”, “3. хүний амь нас хохирсон” гэсэн гишүүдийг давхцуулан хэрэглэснээс гипотезгүйгээр диспозиц тогтоосон, мөн гипотезгүйгээр давхар диспозицоор эрүүгийн хориг тогтоосон, диспозицыг диспозицоор хүндрүүлсэн гэж үзэхээр хэд, хэдэн алдаа гарч байгааг товчлон дурдъя.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Бирваабазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний олонхын саналыг “хуулийг агуулгад нь нийцэхгүй байдлаар тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа” гаргасан хэмээн үзэж, энэхүү тусгай саналыг гаргав.

           

 

ШҮҮГЧ                                   Ч.ХОСБАЯР