МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар: 001/ХТ2025/0061
Улаанбаатар хот

 

“Т******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хот байгуулалт, хотын стандартын газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     Г.Банзрагч

Танхимын тэргүүн:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                   Ц.Цогт

                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:          М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0082 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2025/0240 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ШХТ2025/0241 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б**** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Т******” ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “1.Т******” ХХК-д ****** дүүргийн **** дугаар хороо ****** гудамж, ***** дүгээр хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын (шинэ нэрээр Хот байгуулалт, хотын стандартын газар) Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И****-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/****, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/*** дүгээр албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох;

2.Нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох;

3.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх;

4.Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/**** дүгээр захирамжийг үндэслэн **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт, үйлдвэрийн төвийн бүс-2 (16020) бүсчлэлд, нийслэлийн 100 дугаар цэцэрлэгийн хойд талд “худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл”-ийн зориулалтаар “Т******” ХХК-д эзэмшүүлсэн ********* нэгж талбарын дугаартай ***** м.кв газарт Хот байгуулалт, хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ********* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгожээ.

2.1.2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийслэлийн Ерөнхий архитектур Ц.Т**** дээрх байршилд “Т******” ХХК-ийн үйлчилгээний барилгын эскиз зургийг баталж, Барилгын хөгжлийн төв 2023 оны 08-09 саруудад “Т******” ХХК-ийн “худалдаа, үйлчилгээний” зориулалттай барилгын ажлын зураг төсөлд “Барилга байгууламжийн зураг төслийн магадлал” хийж, дүгнэлтийн нэгтгэлүүдийг гаргасан нь хэрэгт авагджээ.

2.2.“Т******” ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх тухай” 3***** дугаар албан бичгээр холбогдох бичиг баримт (53 хуудас, барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төслийн хуулбар)-ын хамт Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан бөгөөд тус газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И****-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** дүгээр албан бичгээр “... Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй” гэсэн агуулга бүхий хариуг “Т******” ХХК-д хүргүүлжээ.

2.3 Дээрх 09/*** дүгээр албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23/*** дугаар албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт гомдол гаргасан байх бөгөөд хариу өгсөн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 50/*** дүгээр албан бичгээр дахин барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох агуулга бүхий хүсэлтийг “Т******” ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот байгуулалт хяналтын хэлтэст гаргажээ.

2.4.“Т******” ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 54/*** дүгээр албан бичгээр ... барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэд хариу өгөхгүй байгаа тухай гомдлыг Хот байгуулалт, хотын стандартын газарт гаргаж, тус газраас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/****дүгээр албан бичгээр “... Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй талаарх хариуг мөн хүргүүлжээ.

3.Нэхэмжлэгчээс барилгын ажил эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн үйл ажиллагааг эс зөвшөөрч, дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... барилгын ажил эхлүүлэх энгийн зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох баримтын хамт захиргааны байгууллагад гаргасан боловч Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой заасан хугацаанд шийдвэрлээгүй, эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан, ... хүсэлт шийдвэрлэхийг хүлээсэн бөгөөд хариуцагчид дахин хандахад нөхөж олгохтой холбоотой баримтуудаа бүрдүүлээд дахиад ханд гэдэг, ... хариуцагчаас анх бодит нөхцөл байдлыг шалгаагүй буюу барилгын ажил эхэлсэн эсэхийг очиж шалгаагүй, барилгын ажил эхлээгүй, ... манай өргөдөл, хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуулиар шийдвэрлэхээр байхад эрх зүйн үйлчлэлгүй болсон Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолыг баримтлан хариу өгсөн нь хуулийг илтэд зөрчсөн, Зөвшөөрлийн тухай хуульд эрх бүхий этгээд хугацаандаа энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэж заасан, энэ нь эрх зүйн шинэ ойлголт, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 01/**** дугаар албан бичигт “... барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь Барилгын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдөж байна ...” гэж үзэх үндэслэлтэй талаар мөн дурдсан, сүүлд батлагдсан хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл олгох хүсэлтийг шийдвэрлэх ёстой байтал хариуцагч хүсэлтийг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн ...” гэж тодорхойлон маргасан.

3.1.Хариуцагчаас “... Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасныг зөрчиж, барилгын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзээд зөвшөөрөл олгохоос татгалзсан, маргаан бүхий акт нь хууль, журамд нийцсэн, ... нэхэмжлэгч өмнө хандсан асуудлаар дахин өргөдөл, гомдол гаргасан учраас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу хүсэлтийг дахин хянаж үзээгүй ...” гэх агуулгаар эс зөвшөөрөн хариу тайлбар гаргасан байна.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, **** дүүргийн **** дугаар хороо **** гудамж, *** дүгээр хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын (шинэ нэрээр Хот байгуулалт, хотын стандартын газар) Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И***-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/*** дүгээр албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/***дүгээр албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгаж шийдвэрлэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0082 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т******” ХХК-ийн “нэхэмжлэгчид ***** дүүргийн ******* дугаар хороо, **** гудамж, *** дүгээр хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын (шинэ нэрээр Хот байгуулалт хотын стандартын газар) Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И****-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** дүгээр албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/**** дүгээр албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д “хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох” гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Барилын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А****-ын давж заалдах гомдлыг хангажээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ШХТ2025/0241 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:

Нэг.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд:

7.1.Анхан шатны шүүх Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан, 27 дугаар зүйлийн 27.3.1-27.3.3-т заасан зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагч зөвшөөрөл олгохоос татгалзсан нь тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасныг зөрчсөн гэж шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-д тодорхой дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн хүсэл зориг биелж байгаа учраас Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д дурдсан “хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно” гэсэн зохицуулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

7.1.1.Давж заалдах шатны шүүх Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу зөвшөөрөл хүссэн баримт бичгүүд ирүүлсэн боловч барилгын ажлыг эхлүүлсний дараа ийм зөвшөөрөл хүсэж байгаа нь хууль бус гэж магадлалын 12-т дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолыг үндэслэл болгосон ба Зөвшөөрлийн тухай хуульд “зөвшөөрлийг нөхөн олгох” тухай зохицуулалт байхгүй гэж дүгнэсэн боловч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д дурдсан зохицуулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан. Түүнчлэн тус шүүх нэхэмжлэгч талын тайлбар, үндэслэлийг харгалзахгүйгээр хариуцагчийн гомдолд дурдсан Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолыг гол үндэслэл болгосон хирнээ Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь заалтыг огт хэрэглээгүй байна.

7.1.2.Өмнө дурдсанаас үзэхэд, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолыг зөрүүтэй хэрэглэж, нэхэмжлэлийг өөр өөрөөр шийдвэрлэсэн байна.

7.1.3.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон, харин давж заалдах шатны шүүхийн магадлалд талуудын маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийсэн, хэрэглэх хуулийг хэрэглээгүй, хуулийн үндэслэлгүй шийдэл гаргасан байна. Шүүхийн хэрэглээний энэхүү зөрүүтэй байдлыг арилгах үүднээс Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Хоёр.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд:

7.2.Улсын дээд шүүх энэхүү захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх нь 2022 оны Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.5 дугаар зүйлийн 17, 8.2 дугаар зүйлийн 3.3, 5.2 дугаар зүйлийн 5.2 ба 8 дахь заалтууд, 2016 оны Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.3, мөн Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоол, тэдгээрийн харилцан хамаарал, хэрэглээг зөв тогтооход нийтлэг чухал ач холбогдолтой.

7.2.1.2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасан. Үүний улмаас 2021 оны Засгийн газрын 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм” нь хуультай зөрчилдөж эрх зүйн үйлчлэлгүй болсон ба энэ талаар Засгийн газрын Хяналтын хэрэгжүүлэх газраас Хот байгуулалт, хотын стандартын газарт хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Асуудал шийдвэрлэх тухай” 01/*** дугаар албан бичигт хүлээн зөвшөөрч дурдсан байдаг. Гэтэл хариуцагч нь Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолыг баримтлан нэхэмжлэгчид татгалзсан хариу өгсөн, мөн давж заалдах шатны шүүх уг тогтоолыг үндэслэл болгосон нь хуулийг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Иймд хууль зөрчсөн тогтоолыг хэрэглэхгүй байх жишгийг Улсын дээд шүүхээс тогтоох нь хууль дээдлэх зарчмыг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

7.2.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.3 дахь заалтын дагуу “барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” нь энгийн зөвшөөрөлд хамаарах бөгөөд мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2 болон 8-д “энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 5 өдөрт багтаан хүсэлтийг магадлан шалгаж, магадлан шалгах ажиллагаа дууссаны дараа 5 өдөрт багтаан олгох эсэх шийдвэр гаргах”-аар тус тус заасан. Гэтэл хариуцагч байгууллага хуульд заасан хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаж, нэхэмжлэгчид хариу өгөөгүй. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д “Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрлийн хариу өгөөгүй бол зөвшөөрөл өгсөнд тооцно” гэж заасан. Тодруулж хэлбэл, “энгийн зөвшөөрөл” ба ийм зөвшөөрөл хүссэн өргөдөлд хугацаанд нь хариу өгөөгүй бол “зөвшөөрөл өгсөнд тооцох” тухай эрх зүйн шинэ ойлголт гарсан бөгөөд эдгээр ойлголтыг зохицуулсан хуулийн зөв хэрэглээг тогтоох нь захиргааны болон бизнесийн практикт нийтлэг ач холбогдолтой байна. Үүнд:

А.2022 оны Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1.2-т “энгийн зөвшөөрөл” гэдэг ойлголтыг анх удаа оруулж түүнийг хялбар, энгийн нөхцөлөөр олгох, хугацаандаа хариу өгөөгүй бол энгийн зөвшөөрөл олгосонд тооцох шинэ зохицуулалтыг бий болгосон.

Б.Дээрх хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж анх удаа заасан байдаг.

7.2.3.Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “барилгын ажлын зөвшөөрөл олгосон” эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоох боломжтой. Энэ тохиолдолд, энгийн зөвшөөрөл нөхөн олгохыг эрх бүхий этгээдэд даалгах үр дагавар үүснэ. Гэвч давж заалдах шатны шүүх Зөвшөөрлийн тухай хуульд тусгагдсан эрх зүйн шинэ ойлголт, зөвшөөрлийг хөнгөвчлөх, хүнд суртлыг багасгах эрх зүйн бодлогыг ойлгохгүй байгаа нь тун харамсалтай юм.

7.2.4.Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар эрх бүхий этгээд зөвхөн дараах 3 үндэслэлээр барилгын зөвшөөрөл олгохоос татгалзахаар байна. Үүнд: 1-д Хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, 2-т Зураг төсөлд магадлал хийгдээгүй, 3-т Олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон. Нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөл олгоход шаардлагатай хуульд заасан бүх баримтыг хариуцагч байгууллагад гаргасан өргөдөлдөө хавсарган өгсөн ба 2 шатны шүүхүүд баримт бичгийн бүрдлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч хариуцагч нь өмнө дурдсан хуулийн заалт болон Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр удаа дараа татгалзсан хариу өгч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т дурдсан “эс үйлдэхүйн” бүрдэл шинжийг хангаж байна. Иймээс хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхийг хамгаалахад Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах явдал чухал ач холбогдолтой байна.

7.3.Иймд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль зөрчсөн тогтоолыг хэрэглэх жишиг тогтоох, Зөвшөөрлийн тухай хуульд тусгагдсан “энгийн зөвшөөрөл” ба “зөвшөөрөл өгсөнд тооцох” эрх зүйн шинэ ойлголтыг зөв хэрэглээг хэвшүүлэх зорилгоор нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2025/0240 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэг.“Хот байгуулалт, хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын Хотын байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/*****, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/***дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

10.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Т******” ХХК нь 2023 оны 03 дугаар сард ******** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр барилгын эскиз зургийг тус тус батлуулж, мөн Барилгын хөгжлийн төвөөр “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлүүд болон холбогдох ус, дулааны техникийн нөхцөлүүд, геологийн судалгааны ажлын дүгнэлтүүдийг батлуулж, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажиллагааг хийж гүйцэтгэн, “М******” ХХК-тай “Гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулж, улмаар 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 38/**** дугаар албан бичгээр холбогдох дээрх бичиг баримтыг хавсарган “Барилгын зөвшөөрөл олгох тухай” хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргаж, тус газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** дүгээр албан бичгээр “... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй” гэсэн агуулга бүхий хариуг хүргүүлжээ.

11.Мөн тус компаниас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 54/*** дүгээр албан бичгээр “... барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэд хариу өгөхгүй байгаа тухай” гомдлыг Хот байгуулалт, хотын стандартын газарт гаргаж, тус газраас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/**** дүгээр албан бичгээр “... Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй талаарх хариуг хүргүүлсэн байна.

12.Анхан шатны шүүх дээрх албан бичгүүд нь илт хууль бус захиргааны актын шинжийг хангаагүй талаар “... эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан илэрхий эрх зүйн алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно ...” гэж дүгнэсэн атлаа “... албан бичгүүд нь хэрэгжиж дууссан одоо хууль зүйн үйлчлэлгүй болсон хэдий ч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа учраас ...” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар ... албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцээгүй байна.

13.Харин давж заалдах шатны шүүх уг албан бичгүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй талаар дурдсан боловч тодорхой дүгнэлт өгөөгүй байна.

14.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь хуульд заасан ямар ч үндэслэлд тулгуурлаагүй, эсхүл хуульд огт байхгүй үндэслэл заасан, эсхүл гаргасан актыг бодит байдалд хандсан этгээд нь биелүүлэх боломжгүй нь дүгнэлт хийх чадвартай жирийн дундаж иргэн харахад илэрхий тодорхой[1] байгаа тохиолдолд захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ.

15.Энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон хариуцагчийн 2023 оны 09/**** дүгээр албан бичиг нь “барилгын зөвшөөрөл олгох хүсэлтэд”, харин  2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/*** дүгээр албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагын шийдвэрийг дээд шатны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хянуулахаар гаргасан гомдолд хариу өгсөн  захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангасан гэж үзэхээргүй байна.

16.Иймд нэхэмжлэгчийн “... 2023 оны 09/***, 2024 оны 12/*** дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д “хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох” гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шаардлагын тухайд:

17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн шаардлагын төрлүүд, 106 дугаар зүйлийн 106.3-т шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг тус тус ялгамжтай заасан.

18.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолд “... “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлээр нэхэмжлэлийн бусад төрлийг үгүйсгэхгүйн үүднээс захиргааны процессын эрх зүйд энэ төрлийн нэхэмжлэл гаргах боломжийг субсидиар зарчим (хоёрдогч байх)-аар тодорхойлно ... өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд л энэ нэхэмжлэлийг гаргах боломжтой”...”[2] гэж үндэслээд Тайлбарлах нь хэсгийн 3-т “... Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна”[3] гэж тайлбарласан.

19.Энэ тохиолдолд, “Т******” ХХК-аас хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасны дотор “барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, даалгах” шаардлагын хүрээнд “нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагаар маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөх боломжтой тул тусад нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхгүй, шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

20.Өөрөөр хэлбэл, барилгын зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зөвшөөрөл олгохыг даалгах шаардлагын хүрээнд хариуцагчийн татгалзал Барилгын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа эсэх, татгалзах болон олгох хууль зүйн үндэслэлд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх боломжтой тул нэхэмжлэлийн “эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

21.Гэтэл анхан шатны шүүх “... хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн хүсэл зориг биелж байгаа” гэж дүгнэсэн атлаа “нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй” гэж үзэн шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу, харин давж заалдах шатны шүүхээс энэхүү шаардлагад дүгнэлт өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй нь мөн буруу байна.

Гурав.“Нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлагын тухайд:

22.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

23.Тодорхой шийдвэр гаргуулахыг “даалгах” нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус “эс үйлдэхүй”, эсвэл “татгалзсан шийдвэр” байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон; мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл бүрдсэн байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах, шүүх эдгээр үндэслэл тогтоогдсон тохиолдолд энэ нэхэмжлэлийг хангаж, хариуцагчид тодорхой үйл ажиллагаа хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргадаг.

24.Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагаас өнгөрсөн цагт буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр нөхөж шийдвэр гаргахыг шаардах хууль зүйн үндэслэлгүй, тиймээс тус агуулгаар гарсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шууд хангах хууль зүйн боломжгүй юм.

25.Гэхдээ хариуцагчийн зөвшөөрөл олгохгүй байгаа татгалзал дараах байдлаар хуульд нийцэхгүй байх тул хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

26.Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг баталж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд тус хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан доор дурдсанаар ангилна:” гээд 1.1-д “тусгай зөвшөөрөл”, 1.2-т “энгийн зөвшөөрөл” гэж, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий этгээд дараах үүрэг хүлээнэ:” гээд 2.1-д “хуульд заасан зарчмыг баримтлах”, 2.2-т “хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох”, 2.4-т “зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах”, 2.7-д “зах зээлд чөлөөтэй өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй байх, түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх” гэж тус тус заажээ.

27.Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу зөвшөөрөл нь энгийн ба тусгай гэсэн хоёр төрөлтэй, эрх бүхий этгээд нь зөвшөөрөл олгох асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрөл олгохоос татгалзахыг хориглосон байна.

28.Түүнчлэн, мөн хуулийн 5.2 дугаар зүйлд зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэхийг журамласан бөгөөд тус зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т “энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор” эрх бүхий этгээдээс зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлан шалгаад, эрх бүхий этгээд (барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хувьд Хот байгуулалт, хотын стандартын газар) магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах талаар, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гээд 3.3 дахь заалтад заасан “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх” зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор тус тус хуульчилжээ.

29.Тодруулбал, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл (төвөгшилгүй) нь энгийн зөвшөөрлийн төрөлд хамаарах бөгөөд тухайн зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдрийн дотор магадлан шалгаж, мөн ажлын таван өдрийн дотор зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх” зөвшөөрөл олгох, ...” эрхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт бүхэлд нь шилжүүлжээ.

30.Нэхэмжлэгч компанийн хувьд, өөрсдийн эзэмшлийн газар болох Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нийслэлийн 100 дугаар цэцэрлэгийн хойд талд “худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл”-ийн зориулалтаар эзэмшсэн ******* нэгж талбарын дугаартай ****** м.кв газарт “үйлчилгээ зориулалттай барилга” барихаар төлөвлөж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, техникийн нөхцөл, барилга байгууламжийн барилгын зураг төслийн магадлалын дүгнэлтүүд зэргийг хавсарган, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газарт “барилга барих энгийн зөвшөөрөл” олгох хүсэлтийг гаргасан, нэхэмжлэгчийг барилгын зөвшөөрөл олгох хүсэлт гаргах цаг хугацаанд Зөвшөөрлийн тухай хууль үйлчилж, мөрдөгдөж эхэлсэн байжээ.

31.Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн “барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл” авах хүсэлтийг Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т заасныг үндэслэн татгалзсан нь дээрх хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.7-д “... өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах ...” гэж заасанд нийцэхгүй байхын зэрэгцээ мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д “Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно” гэж заасныг анхаараагүй нь буруу, нэхэмжлэгч талын “... дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн хүссэн “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” нь энгийн зөвшөөрөлд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн “энгийн зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй ...” гэх гомдол үндэслэлтэй байна.

32.Нэгэнт хариуцагчаас “энгийн зөвшөөрөл” авах тухай хуулийн этгээдийн хүсэлтийг 10 хоногийн дотор шийдвэрлэх, гагцхүү хуульд заасан үндэслэлээр татгалзах үүргийг хуулиар хүлээсэн атал энэ үүргээ хэрэгжүүлэлгүй “хууль бус татгалзал” гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан барилгын ажлаа эхлүүлэх, үргэлжлүүлэх хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байх тул “барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож”, харин Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно” гэж зааснаар баримт бичгийн бүрдэл бүрэн эсэх, хуульд заасан шаардлага хангаж буй эсэхийг нягталж үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчид зөвшөөрөл олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

33.Иймд хяналтын шатны шүүхээс дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0082 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2025/0240 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.7, 5.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Т******” ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Т******” ХХК-д барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.” гэж өөрчилж;

2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан “Т******” ХХК-ийн ““Хот байгуулалт, хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын Хотын байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/***, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/*** дүгээр албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.”,

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, ТОГТООХ нь хэсгийн 2,3 дугаарыг 4,5 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                          Ц.ЦОГТ

                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                           М.БАТСУУРЬ

 

 

 

[1] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, анхны хэвлэл, х.216, (2017).

[2] Улсын дээд шүүхийн тайлбарын эмхэтгэл, Хууль хэрэглээний нэгдмэл байдал, 2024, тогтоол №30 х.189

[3] Мөн тайлбар, х.203