МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар: 001/ХТ2025/0021
Улаанбаатар хот

Д.Ц******-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны

зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын

яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Ц.Цогт

Шүүгчид:                    Г.Банзрагч               

                                   Д.Батбаатар                        

                                   М.Батсуурь

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0690 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2024/0750 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2025/0057 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Д.Ц***, түүний өмгөөлөгч Т.С***, М.Э*** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Д.Ц***-ээс Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан “... Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолд “Х.О***-т холбогдох хэсгийг хэмээн” өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.3-т заасны дагуу Д.Ц***-ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн (цаашид “Салбар зөвлөл” гэх) 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тусгай шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зарлаж, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад Х.О***, Д.Ц*** нар оролцож, нэгдүгээрт Х.О***, хоёрдугаарт Д.Ц*** эрэмбэлэгджээ.

2.1.Салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор ... хамгийн өндөр оноо авсан Х.О***-ыг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Х.О***-ыг тус албан тушаалд томилжээ.

2.2.Сонгон шалгаруулалтад оролцсон Д.Ц****-ээс Салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд “... тусгай шалгалтад шаардлага хангаагүй этгээдийг бүртгэсэнтэй” холбоотой гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/1061 дүгээр албан бичгээр “ ... албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж заасныг хангаагүй, ... тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ирүүлэх” агуулгатай бичгийг Салбар зөвлөлд хүргүүлжээ.

2.3.Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 5.7, 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” журмын 13.3 дахь заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар: Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцсон Х.О*** нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт “ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж заасныг хангаагүй байх тул Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож;

2 дахь заалтаар: Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг Салбар зөвлөлийн Нарийн бичгийн даргад даалгажээ.

2.4.Тус тогтоолыг Х.О****-аас эс зөвшөөрч гомдол гаргах бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар тогтоолыг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож, тус албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

2.5.Д.Ц***-ээс сонгон шалгаруулалтын Х.О***-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, онооны дарааллаар албан тушаалд нэрээ дэвшүүлэхийг Салбар зөвлөлд даалгуулах агуулгатай гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2434 дүгээр албан бичгээр ... сул орон тоог нөхөх дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн тул албан тушаалд Д.Ц****-ийг дэвшүүлэх боломжгүй талаар хариу хүргүүлжээ.

3.Нэхэмжлэгчээс “... сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүйд тооцсон нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг ноцтой зөрчсөн, миний хувьд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмыг зөрчөөгүй байхад Х.О***-ын дүнг хүчингүй болгохдоо миний шалгалтыг хамтад нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан хөдөлмөр, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх зөрчигдөж тухайн харилцааг нарийвчилсан журамд заасан сул орон тоонд онооны дарааллаар нэр дэвшиж, томилогдох эрхийг ноцтой зөрчсөн, ... шалгалтын онооны дарааллаар албан тушаалд нэрийг нь дэвшүүлэхийг даалгуулах” агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргажээ.      

3.1.Хариуцагчаас “... Төрийн албаны зөвлөлөөс “... бүртгэлд хамруулж шалгалтад оролцуулсан Х.О*** нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж заасныг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ирүүлэх” агуулгатай  2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02/1061 дүгээр албан бичгийг салбар зөвлөлд ирүүлсэн, салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02/1061 дүгээр албан бичгийн дагуу ... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн даргын 2023 оны 12 дугаар тогтоолоор Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т зааснаар тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар салбар зөвлөл нэр дэвшүүлэх боломжгүй, тус албан тушаалын тусгай шалгалтыг зарлахад оролцох эрх нь нэхэмжлэгчийн хувьд нээлттэй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргасан байна.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц****-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 12 дугаар тогтоолд Х.О****т холбогдох хэсгээр гэсэн өөрчлөлт оруулж, Д.Ц***-ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 23 дугаар зүйлийн 23.2.3, 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Цэгмидийн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай” 12 дугаар тогтоолд Х.О***-т холбогдох хэсгээр гэсэн өөрчлөлт оруулж, Д.Ц***-ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг тус Салбар зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***-ийн давж заалдах гомдлыг хангажээ.

6.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2025/0057 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгчээс магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргажээ.

7.1.Х.О*** нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдлээс болж нэхэмжлэгч Д.Цэгмидийн тусгай шалгалтын дүнг хамтад нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдсанд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд шүүхүүд хуулийг өөр өөрөөр зөрүүтэйгээр тайлбарлан хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас зөрүүтэйгээр тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж байна.

7.2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах тухайд: Анхан шатны шүүхээс “... Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 13.3-т заасанчлан Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэл, зөвлөмжийн дагуу ажиллах үүрэгтэй хэдий ч тухайн байгууллагаас ирүүлсэн чиглэл, зөвлөмж нь хууль журамд нийцэхгүй, эсхүл ойлгомжгүй байх тохиолдолд түүнийг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн асуудлыг дахин тодруулах шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий 12 дугаар тогтоол гаргаж улмаар нэхэмжлэгч Д.Ц***-ийг хууль журамд заасны дагуу өгсөн шалгалтын оноог хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгчээс хууль журамд заасны дагуу шалгалтад тэнцэж авсан оноог тооцуулж, улмаар нэрээ дэвшүүлэх эрхийг нь зөрчсөн гэж шүүх дүгнэв.

7.2.1.Иймд маргаан бүхий захиргааны акт болох Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоол бүхэлдээ хууль бус, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул тогтоолд “Х.О***-т холбогдох хэсгээр хүчингүй болгох” өөрчлөлт оруулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, ингэснээр нэхэмжлэгчийн, төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн болон тухайн шалгалтад авсан оноогоо хадгалах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжтой гэж үзлээ ...” хэмээн зөв дүгнэсэн.

7.2.2.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай” 12 дугаар тогтоолоор Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр оноо авсан Х.О***-ыг ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон, захиргааны байгууллагаас гаргасан энэхүү тогтоол үндэслэлтэй эсэхээс үл хамаарч түүнд шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулах эрхгүй ...” хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.

7.2.3.Нэхэмжлэгч Д.Ц*** нь маргаан бүхий хууль бус 12 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийн хүчингүй болгуулахын тулд захиргааны актад өөрчлөлт оруулахаас өөр боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь Х.О***-ын шалгалтын дүнг хүчингүй болгосон үйлдэлтэй маргаагүй бөгөөд маргах боломжгүй юм. Иймд Х.О***-ын шалгалтын дүнг хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, өөрийн шалгалтын дүнг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулахын тулд хууль бус захиргааны актад өөрчлөлт оруулах шаардлагатай билээ. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох нэхэмжлэгчийн хүсэлт, шаардлагаар засах эрхтэй хэмээн үзэж байна.

7.3.Захиргааны ерөнхий хуулийг зөрүүтэйгээр тайлбарлан хэрэглэсэн тухайд: Учир нь нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны актын илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй ...” хэмээн үзэж байна.

7.3.1.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас удаа дараа утга агуулга, бичиглэлийн илэрхий алдаатай захиргааны актаа засахыг хүсэж гомдол, хүсэлт гаргаж байсан бөгөөд хариуцагч тухайн захиргааны актын алдаагаа засаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Анхан шатны шүүхээс тухайн захиргааны акт нь утга, агуулгын илэрхий алдаатай, хууль бус захиргааны акт тул өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн.

7.3.2.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай” 12 дугаар тогтоолын дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох нэхэмжлэгч Д.Ц*** нь захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй юм.

7.3.3.Гэвч нэхэмжлэгч захиргааны байгууллагаас удаа дараа шаардсан боловч хариуцагч захиргааны актад өөрчлөлт оруулаагүй эс үйлдэхүйг удаа дараа гаргасан тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж, шүүх хууль бус, утга агуулга, бичиглэлийн алдаатай актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

7.3.4.Х.О*** нь “... Бүртгэлд хамруулж шалгалтад оролцуулсан Х.О**** нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж заасныг хангаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ц***-ийн хууль журамд заасны дагуу өгсөн шалгалтын оноог хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгчээс хууль журамд заасны дагуу шалгалтад тэнцэж авсан оноог тооцуулж, улмаар нэрээ дэвшүүлэх эрхийг нь зөрчсөн. Үүнээс үзвэл маргаан бүхий 12 дугаар тогтоол нь утга агуулгын илэрхий алдаатай тул шүүхээс тухайн утга, агуулгын илэрхий алдааг засаж, захиргааны актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв болсон хэмээн үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... шийдлийн хувьд буруу ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

7.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхээс: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-106.4-т заасны дагуу маргаан бүхий тогтоол хууль бус болох нь тогтоогдвол хүчингүй болгох, илт хууль бус болохыг болон хууль бус байсан болохыг тогтоох, эсхүл захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын хүрээнд л шийдвэр гаргах учиртай ...” хэмээн тайлбарласан.

7.4.1.Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасны тус тус үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд үүнээс үзвэл шүүх “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-106.4-т заасны дагуу шийдвэрлэсэн байхад 106.3.12-т заасныг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгаж буй нь үндэслэлгүй юм. Иймд хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасны тус тус үндэслэн шийдвэр гаргаж болох эсэх талаар дүгнэлт хийж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах нь зүйтэй гэж үзэж байна.

7.4.2.Дээрхээс үзвэл, анхан болон давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа хууль хэрэглээний зөрүүг арилгаж өгнө үү.

7.5.Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан, зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхээс “... Зөвлөлийн 2023 оны 461 дүгээр тогтоолоор дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн тул уг албан тушаалд түүний нэрийг дэвшүүлэх боломжгүй ...” болохыг тодорхой дурдсан байна ...” хэмээн дүгнэсэн үндэслэлгүй юм.

7.5.1.Анхан шатны шүүхээс “... Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 13.3-т заасанчлан Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэл, зөвлөмжийн дагуу ажиллах үүрэгтэй хэдий ч тухайн байгууллагаас ирүүлсэн чиглэл, зөвлөмж нь хууль журамд нийцэхгүй, эсхүл ойлгомжгүй байх тохиолдолд түүнийг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн асуудлыг дахин тодруулах шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий 12 дугаар тогтоол гаргаж улмаар нэхэмжлэгч Д.Ц***-ийн, хууль журамд заасны дагуу өгсөн шалгалтын оноог хүчингүйд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгчээс хууль журамд заасны дагуу шалгалтад тэнцэж авсан оноог тооцуулж, улмаар нэрээ дэвшүүлэх эрхийг нь зөрчсөн...” гэж дүгнэсэн.

7.5.2.Энэхүү дүгнэлт нь үндэслэл бүхий болсон. Учир нь Төрийн албаны тухай хуульд зааснаар салбар зөвлөл нь төрийн албаны зөвлөлийн “...хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй талаар заасан болохоос шийдвэр болгоныг нь заавал дагаж мөрдөх үүрэгтэй талаар заагаагүй ...”. Үүнээс үзвэл Салбар зөвлөл хууль бус тушаал, шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй гэж иргэн миний бие үзэж байна.

7.5.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч ... Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ...ажиллана” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч нь Үндсэн хууль болон бусад хуулийг баримтлан ажиллах ёстой. Тус шаардлагаас хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үүрэг үүснэ. Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтууд төрийн жинхэнэ албан хаагчийг тушаал үг дуугүй биелүүлдэг цэрэг, эсвэл үүрэг даалгавар биелүүлдэг “робот” биш, хараат бус байж хуулийн дагуу ажиллах учиртайг илтгэж байна. Үүнээс үзвэл хууль бус тушаал шийдвэрийн үндэслэлийг өөр нэг хууль бус тушаал, шийдвэрээр зөвтгөж болохгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг зөвтгөж тайлбарлахдаа “... дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлсэн ...” гэсэн үндэслэлээр зөвтгөж буй нь үндэслэлгүй юм.

7.6.Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмыг буруу тайлбарлан зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Салбар зөвлөл нь “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.7-д заасанчлан Х.О****-ыг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэйг нэгэнт шүүх тогтоосон гэж үзэж энэ үндэслэлээр “Зөвлөл, салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ” гэж заасныг баримтлан онооны дарааллаар Х.О***-ын дараа жагсаж буй Д.Ц***-ийг нэр дэвшүүлэх үүрэгтэй байсан.

7.6.1.“Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 13.2-т заасны дагуу “... Энэ журамд заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн худал мэдүүлсэн бол тухай оролцогчийг шалгалтыг хүчингүй болгоно ...” хэмээн заасан. Үүнээс үзвэл тухайн оролцогчийн буюу Х.О***-ын шалгалтыг хүчингүй болгох ёстой байтал шалгалтыг бүхэлд нь хүчингүй болгосон хууль бус юм.

7.7.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд: Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолд зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй ...” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаагүй асуудлаар дүгнэлт хийсэн бөгөөд талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, тухайн дүгнэлт нь хэргийн магадлалын гол үндэслэл болсон.

7.7.1.Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 3.3-т зааснаар “... Шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүйн зэрэгцээ шаардлагын үндэслэл, зүйлээс өөр үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрх шүүхэд байхгүй болно ...” хэмээн тайлбарласныг зөрчсөн хэмээн үзэж байна.

7.7.2.Тодруулбал талууд тогтоолын 2 дахь хэсэгтэй огт маргаагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдаан, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр талууд мэтгэлцээгүй, маргаагүй билээ. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд маргаан бүхий тогтоолын 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулснаар 2 дахь хэсэг хэрэгжих боломжгүй болох юм. Иймд “... тогтоолын 2 заалт хоорондоо утга агуулгын хувьд зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэхээр байна ...” хэмээн үзсэн давж заалдах магадлал үндэслэлгүй бөгөөд талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн хэмээн үзэж байна.

7.7.3.Улсын дээд шүүхийн 2006 оны өдрийн 21 дүгээр тогтоолын 2.1 дэх хэсэгт “... Тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэнэ. Нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь тухайн асуудалтай холбоотой тохиолдол бүрд хамаарна ...” хэмээн хэрэглэх хуулийн талаар тодорхой тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүхээс тус тогтоолыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх тухайн маргаан бүхий харилцааг зохицуулсан нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэсэн хэмээн үзэж байна.

7.7.4.Иймд анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийг давж заалдах шатны шүүхээс хэрэглээгүй, яагаад хэрэглэх ёсгүй талаар дүгнэлт өгөөлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгаж, Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын холбогдох заалтуудыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх эсэх, анхан шатны шүүхийн хэрэглэсэн хууль үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт хийж өгнө үү.

7.8.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж болохыг тогтоож өгнө үү гэжээ.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй.

ХЯНАВАЛ:

9.Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

          Хууль хэрэглээний хувьд:

Энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад (тусгай шалгалт) шаардлага хангаагүй оролцогч оролцсон нь сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй эсэх;

 -Сонгон шалгаруулалтад тэнцсэн бусад оролцогчдыг сул орон тоон дээр нэр дэвшүүлэх боломжтой эсэх;

 -Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхэд дүгнэлт өгөх тухай байна.

10.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж тус тус зааснаар Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын албан тушаалд “хуульд заасан шаардлага хангаагүй” албан хаагчийг томилсон нь тогтоогдож, Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар тогтоолоор уг зөрчлийг арилгажээ.

11.Дээрх 12 дугаар тогтоол нь Х.О***-т чиглэсэн агуулгатай буюу сонгон шалгаруулалтад оролцох үед “ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх” шаардлага хангаагүй нь хуульд нийцээгүй үндэслэлээр түүнд холбогдох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 198 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 337 дугаар магадлалаар уг тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэн шийдвэрлэсэн байна.

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

13.Тодорхой шийдвэр гаргуулахыг “даалгах” нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус “эс үйлдэхүй”, эсвэл “татгалзсан шийдвэр” байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон; мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байх учиртай.

14.Нэхэмжлэгчээс “Салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолд “Х.О***-т холбогдох хэсгийг хэмээн” өөрчлөлт оруулж, ... Д.Ц***-ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч тус нэхэмжлэлийн үндэслэл, түүний хүсэл зориг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “даалгах” нэхэмжлэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

15.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “... Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж, мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын[1] 3.5 дахь хэсэгт “Төрийн албаны шалгалт зохион байгуулах хүрээнд”, 3.5.4-т “албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлэх”, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 8.3-т “... хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар Зөвлөл, Салбар зөвлөл нэр дэвшүүлнэ”, 12.7-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд, сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр оноо авсан этгээд өөрөө томилогдохоос татгалзсан, эсхүл хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн буюу хууль, журмыг зөрчиж томилогдсон тохиолдолд, тус сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэх зарчим хэрэгжихээр байна.

16.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74[2] дүгээр тогтоолоор “... сул орон тоонд сонгон шалгаруулалтын онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэх”-тэй холбоотой хууль зүйн агуулгыг тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна.

17.Энэ тохиолдолд, хариуцагч Салбар зөвлөлөөс сул орон тооны сонгон шалгаруулалтад онооны дарааллаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг дээрх зарчимд нийцүүлээгүйн зэрэгцээ сонгон шалгаруулалтад шаардлага хангаагүй этгээд оролцож, түүнд чиглэсэн эрх зүйн үр дагаврын нөлөөг Д.Ц***-д мөн адил үүсгэж, дахин сонгон шалгаруулалт явуулах үндэслэлээр сул орон тоонд түүний нэрийг дэвшүүлэхээс татгалзжээ.

18.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаар сул орон тооны (тусгай шалгалтад) сонгон шалгаруулалтад хууль ёсны дагуу оролцсон оролцогч буюу Д.Ц***-д Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын дагуу “сонгон шалгаруулалтад тэнцсэн онооны дарааллаар сул оронд тоонд нэр дэвшигдэх” эрх нь үүссэн байхад хариуцагчаас түүний нэрийг дэвшүүлэхгүй байгааг “хууль бус татгалзал” гэж үзэхээр байна.

19.Тодруулбал, төрийн албан хаагчийн тусгай шалгалтын (сул орон тоог нөхөх) сонгон шалгаруулалтад 2 хүн оролцож, хамгийн өндөр оноо авсан этгээд хууль, журам зөрчиж томилогдсон тохиолдолд Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 13.3-т “Холбогдох хууль, журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж зааснаар сонгон шалгаруулалтыг хэсэгчлэн хүчингүй болгох зохицуулалттай байхад хариуцагч Салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь бусад оролцогчдын эрхийг зөрчсөн, онооны дарааллыг баримтлан дараагийн нэр дэвшигчийг нөхөн дэвшүүлэх шийдвэр гаргах үүргийг хэрэгжүүлээгүйн (хууль бус татгалзлын) улмаас нэхэмжлэгчийн төрийн албанд шатлан дэвших буюу сул орон тоонд нэр дэвших эрх нь зөрчигдсөн, энэ талаар анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийг нэр дэвшүүлж томилуулах үүргээ биелүүлээгүй нь хууль бус” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

20.Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д зааснаар Төрийн албаны зөвлөл (салбар зөвлөл) нь төрийн албаны ерөнхий, тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, холбогдох журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан тэгш байдал, хууль дээдлэх зарчмаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т тусгайлан заасан хуульд үндэслэх, ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчмуудад нийцүүлэх учиртай.

21.Өөрөөр хэлбэл, иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох ... асуудлыг шийдвэрлэхдээ тус хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд буюу чадахуйн зарчимд /мерит/ тулгуурлаж, уг зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшүүлж, томилох талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тодорхой зааж, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд Төрийн албаны тусгай шалгалтын зорилго орших талаар Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 1.2 дахь хэсэгт журамласан байх тул сонгон шалгаруулалтын оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэх нь дээрх хууль, журамд заасан зарчимд нийцэж, сонгон шалгаруулалт үр нөлөөтэй байх зорилго хангагдах боломжтой.

22.Харин давж заалдах шатны шүүх “... онооны дарааллыг буюу туслах түшмэлийн албан тушаалын сул орон тоог нөхөх талаарх журмын зохицуулалт хэрэглэгдэхгүй, ... Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийг биелүүлж маргаан бүхий тогтоол гаргасан нь хууль, журамд нийцсэн, нөхөх сонгон шалгаруулалт явуулахыг даалгаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд маргааны үйл баримтад холбогдох Төрийн албаны тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс гадна Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

23.Иймд хариуцагч Салбар зөвлөлийн нэхэмжлэгчийн нэрийг дэвшүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний нэрийг сул оронд тоонд дэвшүүлэх шийдвэр гаргаснаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэж, эрх зүйн хамгаалалт үүсэхээр байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлэхийг хариуцагчид даалгасан энэ агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх аргын тухайд:

24.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “... Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана”, 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол хүчинтэй болсон хугацаанаас (2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс) эхлэн хариуцагч Салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийг тус сул орон тоонд нэр дэвшүүлэх шийдвэр гаргах замаар энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2024/0750 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0690 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн нэхэмжлэгчийн нэрийг дэвшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд Д.Ц***-ийг нэр дэвшүүлэхийг даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц***-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.ЦОГТ

             ШҮҮГЧИД                                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                            Д.БАТБААТАР

                                                                                                            М.БАТСУУРЬ

                                                                                                            Х.БАТСҮРЭН

 

 

[1] Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан.

[2] Ц.Б**** ба Төрийн албаны зөвлөл,  128/2021/0888/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2022/0074, х.7, мөр.2-5.