МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар: 2024/ХШТ/88
Улаанбаатар хот

 

 

                                              Ө.Т-д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, Б.Ганчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Ө.Т-д холбогдох 2319000000228 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, Б.Ганчимэг нарын гаргасан гомдлоор 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө.Т, 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт **** аймаг, **** сумын **** баг, **** тоотод оршин суух хаягтай, РД: ****,

урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2 жил 1 сар 27 хоног тэнсэн суллагдсан.

 

Шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр **** аймгийн **** сумын **** багт Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүнийг санаатай алсан буюу прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Т-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-ийн цагдан хоригдсон 256 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Т-ээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 4,978,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, сэтгэцэд учирсан хохирол 212,164,062 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн нэхэмжпэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь төрийн банкны цалингийн зээл 22,726,477 төгрөг, “Инвесткор” ББСБ-ын зээлийн үлдэгдэл 13,335,452 төгрөгийн хохирол, оршуулгын зардал 4,219,074 төгрөг нийт гэм хорын хохирол 40,281,003 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.Т-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн.

Сумын эмнэлгийн дарга их эмч Б.Бямбасүрэн хохирогчийн гэдсээр хүчтэй өвдөж буй өвчтөний зовиур нь хэвлийн битүү гэмтэл байх магадлалтай гэж мэдсэн атлаа Мөрөнгийн Нэгдсэн эмнэлэг рүү яаралтай хагалгаанд явуулаагүйн улмаас цаг хугацаа алдаж амь нас хохироох шалтгаан болсон нь илтэд нотлогдож байна. Хохирогчид цаг алдалгүй хагалгаанд оруулж тусламж үзүүлсэн бол хохирогчийн амь насыг аврах боломж байсныг үгүйсгэхгүй ба амь насыг аврах боломжтой байсан талаар ч шүүх эмнэлгийн дүгнэлтэд, шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлгэнд дурдсан байна.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6207 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 минутад нас барсан гэсэн байна. Гэтэл амь хохирогчид гэмтэл авснаас хойш яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас нас барсныг энэ цаг хугацаанаас харж болно. Яаралтай тусламж үзүүлээгүй эмч нарт хуулийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүй, шалгаагүй ба хохирогчийн амь нас хохирсонтой шууд шалтгаант холбоотой гэж үзэж байгаа.

Ө.Т нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хурлын мэтгэлцээний явцад тавьсан байр суурь, хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтээ шийдвэрт 2 шатны шүүх тусгаагүй. Нотолбол зохих байдал гэмт хэргийн сэдэлт, зорилго нь хүнийг алах гэмт хэргийн шинжтэй тохирохгүй байх бөгөөд шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчийг алах санаа зорилго агуулаагүй байдаг. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэргээс гэмт хэргийн обьектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулснаар, хохирогч нас барснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг. Шүүгдэгч Ө.Т нь хохирогчийг алах санаа зорилго байхгүй байсан бөгөөд хохирогч хэвлийн битүү гэмтэл авснаас хойш гэрч Д.Т-нд очиж тусламж хүссэн, сумаас бага эмч Н.Аззаяа ирж эмнэлгийн анхны тусламж үзүүлж буй үйл явдал, сумын эмнэлгийн их эмч Б.Бямбасүрэнд хүлээлгэж өгсөн, сумаас Мөрөнгийн Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасагт шүүгдэгч Ө.Т тээврийн хэрэгсэл олж хүргэсэн, Мөрөнгийн Нэгдсэн эмнэлэгт ирсний дараа хагалгаанд орсон зэрэг үйл явц зэргээс үзэхэд амь хохирогч нь хүнд гэмтэл авснаас хойш хэдий хугацааны дараа нас барсан нь харагдаж байна.

Шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчид тусламж үзүүлж сумаас Мөрөнгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгч, шаардлагатай эм тариа болон бусад тусламжийг үзүүлж байсан нь хэрэгт авагдсан түүний мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтдаар тогтоогддог ба энэ нь түүний хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг нотлоно. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбар, хохирлыг сайн дураараа төлсөн болон бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч Ө.Т нь оршуулгатай холбоотой хохирлыг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан байдал, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгчид 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлэх ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмшиж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирлыг барагдуулахын төлөө чармайсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б оршуулгатай холбоотой зардалд 73,945,063 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг хуульд зааснаар хоёр дахин нэмэгдүүлж 165,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байдаг. Шүүгдэгч Ө.Т нь сайн дураараа хохиролд 40,000,000 төгрөгийг төлсөн. Шүүх хохирогчийн 73,945,065 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримтаар 32,164,062 төгрөгийн хохирол тогтоогдож байна гэж үзсэн. Өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардлаас 4,219,074 төгрөгийг хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй, оршуулгатай холбоотой баримт болох нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр үнэлээгүй болно. Мөн амь хохирогчийн цалингийн зээл 22,726,477 төгрөг, “Инвестер” ББСБ-ын зээлийн үлдэгдэл 13,335,452 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.Т-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй.

Сэтгэцэд учирсан хор уршгийг хэрхэн тооцох аргачлал, хэмжээг зохицуулсан Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн гэж давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж тайлбарласан нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг Ө.Т нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг өөрчлилж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Мөн гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол шүүгдэгч Ө.Т-ийн хувьд амь хохирогчийн амь насыг хохироох ямар нэг санаатай үйлдэл гаргаагүй, харин хохирогчийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байдаг. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэрэгтэй объектив талын шинж болох хохирол, субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субъектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн уг тайлбарыг хоёр шатны шүүх шийдвэр гаргахдаа баримтлалгүй зүйлчлэлийг зөвтгөлгүйгээр түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хоёр шатны шүүхээс Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ө.Т-ээс сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 220,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.

Нэгэнт хууль буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө буюу шүүгдэгч Ө.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байх ба уг гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй, хууль буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмыг хоёр шатны шүүх зөрчиж шийдвэрлэсэн. Иймд хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хянан үзэж, зүйчлэлийг зөвтгөн, ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1[И1] .1-д заасан үндэслэлээр гомдол гаргасан. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Ө.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийдвэрлэсэн. Ө.Т нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2[И2] .5-д зааснаар зүйлчлэх санал илэрхийлсэн боловч хоёр шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдлууд хангалттай тогтоогдоогүй, нотолбол зохих гэмт хэргийн сэдэлт зорилго нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй тохирохгүй байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй.

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн шинжээч эмч М.Батмөнх “амьд хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж буюу гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинжээрээ ялгаатай. Хүнийг алах гэмт хэргийн хувьд тухайн этгээд хохирогчийн амь насыг шууд хөнөөх зорилгыг хэрэгжүүлдэг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний амь насыг хохироох зорилгогүйгээр хүнд гэмтэл учруулснаар төгсдөг. Ө.Т-д[И3]  хохирогчийг алах санаа зорилго байгаагүй. Харин согтуугаар, таарамжгүй[И4]  харилцааны улмаас зодож, хэвлийн хүнд гэмтэл учирч нас барсан нь шинжээч[И5]  дүгнэлт, мэдүүлгүүдээр тогтоогддог.

Тухайн үйл явдал 2022 оны 07 дугаар сарын 17-ны орой болсон ба хохирогч 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нас барсан баримт бий. Өөрөөр хэлбэл, 3 хоногийн хугацаанд сумын эмнэлгийн эмч Бямбасүрэн хэвлийн битүү гэмтэл байх магадлалтайг мэдсэн атлаа яаралтай тусламж үзүүлээгүй. Хэрэв яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан. Шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчид тусламж үзүүлэх, Мөрөнгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэх, шаардлагатай эм тариа авч өгөх, тусламж үзүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл хоёр шатны шүүх хэргийн зүйлчлэлд нөлөөлөх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийсэнгүй. Шүүгдэгч хүнд гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянах учир хэргийн үйл баримтын талаар тодорхой тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ.

Хохиролтой холбоотойгоор Иргэний хуулийг буцааж хэрэглэсэн нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1[И6] .4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулж[И7]  өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хэргийн үйл баримтын талаар гомдолдоо нэг бүрчлэн дурдсан. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан буюу гэмт үйлдэл амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Түүнчлэн гэм буруутай этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг мэдсээр байж бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн, санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг. Гэтэл шүүгдэгч Ө.Т нь хохирогчийн амь насыг хохироох ямар нэгэн санаатай үйлдэл гаргаагүй буюу хохирогчийг зодож хүнд гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүх Ө.Т-д[И8]  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Учир нь тухайн үед амь хохирогч эмнэлгийн тусламж авсан байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2[И9] .5-д зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Т-ээс 212,164,062 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан ба сэтгэцэд учирсан хор ургийн үнэлгээ хийхтэй холбоотой бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заагаагүй. Тэгэхээр Иргэний хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хянаж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, ялыг хөнгөргүүлж, сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсан хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү амь хохирогч Б.Д тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ямар нэгэн ужиг хууч өвчингүй, эрүүл саруул байсан гэдэг нь хэрэгт баримтаар авагдсан. Эрүүл саруул дүүг минь үхтэл нь зодсонд маш их гомдолтой байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл хүндэдсэн гэж ярилаа. Миний зүгээс харин ч хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн. Би гомдолтой байгаа гэдгээ хэлье. Сэтгэл санааны хохирол, хор уршиг одоо ч үргэлжилж байгаа. Учир нь дөрвөн бүтэн өнчин хүүхэд үлдсэн” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангасан. Шүүгдэгч Ө.Т-ийн үйлдэл нь хүний амь насыг хохироосноор төгс үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1021 дугаартай дүгнэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтийн 5 дугаар хавсралтаас бусад нь үндэслэлтэй болохыг тогтоосон. Тэгэхээр амь хохирогчийн биед учирсан нарийн гэдэсний чацархайн урагдал, цочмог цус алдалтаас үхэлд хүрснийг дүгнэсэн байна. Нөгөө талаар хохирогчийг алахдаа олон тооны шарх үлдээсэн буюу онц хэрцгий аргаар үйлдсэн. Мөн гэмт этгээдийн үйлдлийн улмаас хохирогч 24 цаг тарчлан зовсон буюу нарийн гэдэсний чацархайн урагдлаас болж өтгөн биеэр нь тарж шаналсан. Тэгэхээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нөхцөл байдал харагддаг. Түүнчлэн бага насны хүүхдийнх нь дэргэд хэрцгийгээр зодсон, шүүгдэгч амь хохирогч нар тухайн үед хамт амьдарч байсан зэрэг үйл баримт нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож алсан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байна.

Насанд хүрээгүй хүүхдийн хажууд эхийг нь зодож, улмаар үхэлд хүргэсэн. Таван настай хүүхдийн хувьд сэтгэл зүйн гүн хямралд орсон байгаа. Бага насны хүүхэд болсон үйл баримтын талаар өөрийн хэллэгээр мэдүүлсэн. Бага насны дөрвөн хүүхэд өндөр настай эмээгийнхээ хамт амьдардаг. Ө.Т бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхдүүд нь хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг дагаж мөрдөж эхэлсэн хуулийн дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нөгөө талаа эмч, сувилагчийг буруутай мэт зүйл ярьдаг. Харин ч Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг хагалгааг маш сайн хийснийг шинжээж эмч мэдүүлсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хэрэгт нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тодруулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хэвлийн тус газарт өшиглөснөөр амь насанд аюул учирч болзошгүй, хүнд бэртэнэ гэдгийг энгийн ухамсрын түвшинд ойлгох боломжтой. Мөн тэрээр хохирогчийн машины дугуйг хоёр удаа цоолж хагалан машинаараа холдон явах, эмнэлгийн болон бусад тусламж цаг алдалгүй авах боломжид саад учруулсан. Эмнэлгийн байгууллагаас хохирогчийн хэвлийн битүү гэмтэлд шаардлагатай мэс заслыг зохих түвшинд хийж гүйцэтгэсэн боловч бусад зүйлээс шалтгаалахгүйгээр хүндэрч хохирогч амь насаа алдсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр хохирогчийг алсан гэж үзэж үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг 13 жил хаалттай хорих байгууллагад хорих ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, гэм бурууд тохирсон байна. Харин 2022 оны 07 дугаар сарын 17-нд үйлдэгдсэн хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бий болсон харилцаанд хамааралтай зохицуулалтыг буцаан хэрэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөрт 212,164,062 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, Б.Ганчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 421 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч, Ө.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.  Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Т-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

3. Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, дээд шатны прокурорын гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцдэг билээ.

 

Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг, эсвэл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөр өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэснийг ойлгоно.

 

4. Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

 

Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг.

 

Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог юм.

 

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

 

Гэмт хэрэг нь хүний идэвхтэй, идэвхгүй зан үйлээр дамжин илэрдэг төдийгүй хор уршигт сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан буюу ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой бөгөөд энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлон хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргүүдийг ялган зүйлчлэх зэргийг шийдвэрлэхэд нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

 

5. Энэхүү хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, хуулийг зөв оновчтой тайлбарлан хэрэглэхэд гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн авч хэрэгжүүлээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол хүндрүүлэх шинжид хамаарахаар хуульчилжээ.

 

5.1. Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг билээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Г.Б-ийн “...Т ах ээжийг гэртээ зодсон. Ээжийн толгойг модон шүүрээр, архины шилээр цохиж хагалсан. Бас ээжийн үснээс зулгаагаад халзан болгох гээд байсан. Ээжийн толгойноос цус гарсан. Гэдэс рүү хөлөөрөө удаан өшиглөөд байсан. Би болиоч гэж хэлээд уйлсан. ... Т ах ээж бид хоёрыг хөөсөн. Ээж гүйж чадахгүй, ээжийн хөлийг Т ах модоор цохисон. ...Эмч ээжийн хөлд оёдол тавьж өгсөн. ...Т ах гараараа миний хацар луу нэг удаа цохисон. ...ээж намайг миний охин чи ганцаараа зугт. Мод руу зугт. Модон дотор амьдраарай, хол яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 158, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтүүдэд “амь хохирогч Б.Д-ын цогцост нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдлаас гадна хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэнд сарвуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж тус тус тусгагдсан нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагчгэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заасан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга буюу гурав, түүнээс дээш удаагийн давталтын шинж нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэх гэмт хэргийн, тухайлбал хүнийг алах гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх заалтын диспозитив нөхцөл болохгүй, өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг гол шинж болох байнга үйлдэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж биш юм. 

 

Гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд учруулж буй бол уг хор уршигт суурилан гэмт хэргийг зүйлчлэх нь зөв бөгөөд хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг бус харин уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болдог онцлогтой.

 

Шүүгдэгч Ө.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч Б.М нарын мэдүүлэгт Ө.Т, Б.Д нар 2021 оноос хайр сэтгэл, эр эмийн харилцаатай болсон, хамтран амьдарч байсан талаар мэдүүлсэн байхад хоёр шатны шүүх гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, амь хохирогч нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан гэж үзэхүйц нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

 

6. Дээрхээс үзвэл шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүй орхигдуулсан, зөвхөн хэргийн төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар хэргийн үйл баримтыг буруу тогтоосон прокурорын шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан журмын дагуу зөвтгүүлэх байтал хоёр шатны шүүх гэмт хэргийн шинжийг гүйцэд тогтоолгүйгээр хэргийг хөнгөн ялтай зүйл, хэсгээр зүйлчилж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Хоёр шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйлдэл буюу үүссэн харилцаанд хэрэглэхээр заасан холбогдох хуулийн заалтыг тайлбарлан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолуудыг сайтар судалвал зохино.

 

8. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан “...зүйчлэл, ялыг хөнгөрүүлэх...” агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, Б.Ганчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                      

                            ДАРГАЛАГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                       С.БАТДЭЛГЭР

 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                  

                                                                                          Д.ЦОЛМОН