МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар: 001/СХХШТ2024/0002
Улаанбаатар хот

....... аймгийн Эрүү, Иргэний

хэргийн давж заалдах шатны

шүүхийн шүүгч Б.Н-д

холбогдох сахилгын хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  П.Золзаяа

Шүүгчид:                                М.Батсуурь

                          М.Пүрэвсүрэн

                          Б.Цогт

Илтгэгч: Танхимын тэргүүн   Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга:          Л.Содномдорж

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХТ/2024/0001 дүгээр хяналтын тогтоолтой,

......... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н-д холбогдох сахилгын хэргийг, хэргийн оролцогч Б.Н-ийг (цахимаар) оролцуулан илтгэгч гишүүн Ц.Д-ын гаргасан эсэргүүцлээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХМ/2023/0114 дүгээр магадлалаар: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасныг тус тус баримтлан ........ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н-д “6 сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.   

2. Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХТ/2024/0001 дүгээр хяналтын тогтоолоор: ........ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н-ийн гаргасан гомдлыг хангаж,Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХМ/2023/0114 дүгээр магадлалыг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

3. Илтгэгч гишүүн Ц.Д Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан эсэргүүцэлдээ:

3.1 “... иргэн Ц.Я-ийн ........ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н-д холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгаж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 23 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 114 дүгээр магадлалаар хүлээн авч, ........ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н-д “6 сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан.

3.2. Шүүгч Б.Н-ийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан үзэх хуралдаанаар хэлэлцэн, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “... өргөдөл шийдвэрлээгүй шалтгаан, нөхцөл нь өмнөх Шүүхийн ёс зүйн хорооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой байх боловч энэ нь хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэх үндэслэл болохгүй. Иймээс тус өргөдлийг ... Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан үеэс зөрчлийг тооцно ... зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан гэж үзнэ. Тус хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй нь холбогдох шүүгчээс шалтгаалсан нөхцөл байдал биш бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл болохгүй ...” гэж дүгнэжээ.

3.3. Тус тогтоол дараах эрх зүйн үндэслэлийг үйл баримттай холбогдуулан дүгнэсэнгүй. Үүнд:Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон түр зогсох ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан бол Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх ... шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд” хөөн хэлэлцэх хугацаа түр зогсооно. Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно ...” гэж зохицуулсан.

3.4. Иргэн, Шүүхийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаанд хэрхэн нөлөөлөхийг дүгнээгүйн дээр Шүүхийн захиргааны тухай хууль /2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүчингүй болсон/-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Ёс зүйн хороо ... 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ...” ажиллахаар зааж, тухайн үед Шүүхийн ёс зүйн хороо нь 2-6 гишүүний бүрэлдэхүүнтэй сахилгын хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, хуралдаанаар хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн байхгүйгээс үйл ажиллагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрдээгүй байсныг ч дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд үнэлэлт хийсэнгүй. Энэхүү нөхцөл байдал нь холбогдогч шүүгч болон тухайн үеийн Шүүхийн ёс зүйн хорооноос ч үл шалтгаалах асуудал юм. Энэ талаар илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд тухайн үед Шүүхийн ёс зүйн хороонд ажиллаж байсан холбогдох хүмүүсээс гэрчийн тайлбар авч, Шүүхийн ёс зүйн хороо нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй талаар тодруулж, өргөдөл хүлээн аваад өргөдлийг шүүгчид гардуулахаас өөр ажиллагаа хийдэггүй байсныг нотолсон.

3.5. Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолд /Шүүхийн тухай хууль 2002 он/ “Хуулийн 54.2-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар ... өнгөрсөн ...” гэдэгт тухайн шүүгчид холбогдуулан гомдол, хүсэлт гаргаснаас хойш, уг хэргийг Сахилгын хорооны анхан шатны хуралдаанаар хэлэлцэх хүртэл, шүүгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус тус зургаан сарын хугацаа өнгөрсөн байхыг хамааруулж ойлгоно ... ” гэж тайлбарласан байдаг.

3.6. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 2002002270239 дүгээр тогтоолоор тухайн шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан, иргэн Ц.Я 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл гаргасныг Ёс зүйн хороо 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авчээ.

3.7. Энэ хүртэл хугацааг тооцвол, өргөдөл өгснөөс хойш 4 сар, 24 хоног болж байхад эрүүгийн хэрэгт тухайн шүүгч нь яллагдагчаар татагдсан, цаашлан тус эрүүгийн хэргийг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 425 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсанаар Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн бүхий л өргөдлийг шилжүүлэн авч гишүүдэд хуваарилсан, илтгэгч гишүүний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 482 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗБ/2023/0546 дугаар захирамжаар сэргээсэн байна. Уг сахилгын хэрэг үүсгэх, шалгах ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг /2021 он/ баримталсан.

3.8. Хугацаатай холбоотой эдгээр үйл баримттай холбож дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн тоологдох, үүнтэй холбогдон аль хуулийг ямар үндэслэлээр дагаж мөрдөх асуудал шийдвэрлэх атал хөөн хэгэлцэх хугацаа тасалдах, зогсох нөхцөл байдал байсан эсэхэд ерөнхийлсөн дүгнэлт хийж, энэхүү түр зогсох, тасалдах ойлголтыг бүрэн дүгнэлгүй “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

3.9. Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. ........ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н илтгэгч гишүүний эсэргүүцэлд гаргасан тайлбартаа:

4.1. “... Би Сахилгын хорооны магадлалд дурдсан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа ба энэ талаараа маргаагүй. Юуны өмнө Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаан надад холбогдох сахилгын хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шударга ёсны зарчимд тулгуурлан, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Миний асуудал нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн үйл баримт юм. Үүнээс хойш даруй 04 жил 02 сарын хугацаа өнгөрлөө. Надад холбогдох зөрчил нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхлээгүй байх хугацаанд гарсан юм.

4.3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ...Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс, өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийг хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаагаар надад холбогдох Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

4.4. Иймд Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХТ/2024/0001 дүгээр хяналтын тогтоолыг хэвээр үлдээж, илтгэгч шүүгч Ц.Дын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХТ/2024/0001 дүгээр хяналтын тогтоолыг хэвээр үлдээв.

6. Шүүгч Б.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр /ажлын өдөр/ бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон үед гэртээ хүмүүс цуглуулж ажлын цагаар архидан согтуурсан, энэ үед хамт байсан Ц.Н гэж хүн шүүгч Б.Н-ийн гэрийн цонхоор унаж нас барсан, тухайн өдөр шүүгч Б.Н цагдаагийн байгууллагад хүргэгдэж эрүүлжүүлэгдсэн үйл баримтууд тогтоогдсон, сахилгын хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

7. Шүүхийн сахилгын хорооны тогтоол, магадлалд шүүгч Б.Н нь шүүгчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, түүнчлэн “зөрчил гаргасан эсэх” талаар Б.Н маргаагүй,  харин сахилгын хэргийн оролцогч нар сахилгын зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар маргажээ.

8. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. ...” гэж заасан,  Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХМ/2023/0114 дүгээр магадлалд:

 9. “... Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан үйл баримт нь 2020.04.03-ны өдөр болсон бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарч байна. Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. ... Иргэн Ц.Я нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020.05.05-ны өдөр анх өргөдөл гаргасан байх боловч Шүүхийн ёс зүйн хороо бүрэлдэхүүнгүй байсан тул тухайн үед ямар ч ажиллагаа хийх боломгүйн улмаас шүүгч Б.Н-д сахилгын хэрэг үүсэх эсэхийг шийдвэрлээгүй байжээ. Тодруулбал тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгч Б.Н-д сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлээгүй байх тул зөвхөн өргөдөл гаргасан үйлдлээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлгүй” гэж;

10. Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХТ/2024/0001 дүгээр тогтоолд:

10.1. “... /дээрх хуульд заасны/ дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр зохицуулагдах ... /тул/ Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэж, шүүгчийн гаргасан зөрчилд энэ хуульд заасан шийтгэл ногдуулах боломжгүй. ... Иргэн Ц.Я Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл гаргасан үеэс зөрчлийг илрүүлсэнд тооцно. ... Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 1/08 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан, ... шүүгч Б.Н-ийн гаргасан дээрх зөрчлийг илрүүлснээс хойших 1 сарын хугацаа 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан гэж үзнэ” гэж тус тус өөр өөрөөр дүгнэжээ.

11. Үүнээс үзвэл, “хөөн хэлэлцэх хугацаа”-ны эрх зүйн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрхэн тайлбарлаж хэрэглэх, хоёр өөр цаг хугацаанд үйлчилж буй хуулийн зохицуулалтыг хэрхэн сонгож хэрэглэх талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний санал дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, уг асуудлаар илтгэгч гишүүнээс хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийн үндэслэлд, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хяналтын шатны шүүх дараах асуудлаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.  

12.  Нэг. Эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэх асуудал нь материаллаг болон процессын эрх зүйд өөр өөрөөр тайлбарлагдаж, хэрэглэгдэх бөгөөд тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлын эрх зүйн үр дагаврыг тогтоохдоо тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтын баримтлах, эрх зүйг хэм хэмжээг өөр өөр цаг хугацаанд өрсөлдүүлэх тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг сонгож хэрэглэх “lex severior poenali retro non agit”[1], энэ хүрээнд хуулийг буцаан хэрэглэх “ex post facto”[2] зэрэг зарчим нь материаллаг эрх зүйн хүрээнд үйлчилнэ.

13. Материаллаг эрх зүйн зохицуулалтыг хэн, ямар цаг хугацаанд, хэрхэн ямар байдлаар хэрэгжүүлэх нь процессын эрх зүйгээр тодорхойлогдох бөгөөд материаллаг эрх зүйг хэрэгжүүлэх процесс нь “lex retro non agit”[3] буюу “хүчин төгөлдөр үйлчилсэн цаг хугацаатайгаа хөдөлгөөнгүй уягдах” зарчмаар явагддаг тул процессын эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэхгүй, материаллаг эрх зүйг хэрэгжүүлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг баримтална. 

14. Эрүүгийн эрх зүйн харилцаанд “хөөн хэлэлцэх хугацаа тоолох” журам нь  процессын эрх зүйн хэм хэмжээнд хамаарна, энэ талаар Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай, “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар”[4] тогтоолд тодорхой заасан, бусад нийтийн эрх зүйн харилцаанд, тодруулбал, шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхтэй холбоотой эрх зүйн харилцаанд “хөөн хэлэлцэх хугацаа тоолох” зохицуулалтын процессын шинж чанарыг дээрх тогтоолд зааснаар нэг мөр ойлгож хэрэглэнэ.

15. Шүүхийн сахилгын хороо  шүүгч Б.Н-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн зөрчилд холбогдуулж сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааг зөрчил үйлдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 1/08 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-д заасан Ёс зүйн хороо, уг дүрэмд заасан журмаар бус, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо уг хуулийн Арванзургадугаар бүлэгт заасан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтын дагуу холбогдох эрх зүйн актуудыг гаргасан, түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн шүүх хуралдаанаар илтгэгч гишүүний эсэргүүцлийг хэлэлцэж буй зэрэг нь дээр дурдсан процессын эрх зүй дэх “хууль буцаан хэрэглэхгүй” зарчим бодит байдалд хэрэгжиж байгаагийн нотолгоо болно.

16. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. ...” гэж заасныг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шүүгчийн гаргасан “ёс зүйн зөрчил” болон түүнд оногдуулах хариуцлага зэрэг материаллаг эрх зүйн ойлголтыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлж, Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэхийг ойлгоно.

17. Иймд, Шүүхийн сахилгын хороо 2014 онд батлагдсан Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх процессын шинжтэй хэм хэмжээг энэ тохиолдолд хэрэглэнэ гэж үзсэн нь буруу, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа”-ны зохицуулалтыг хэрэглэх байжээ.

18. Энэ талаарх, илтгэгч гишүүний гаргасан эсэргүүцлийн “ ... хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн тоологдох, үүнтэй холбогдон аль хуулийг ямар үндэслэлээр дагаж мөрдөх асуудал шийдвэрлэх атал хөөн хэгэлцэх хугацаа тасалдах, зогсох нөхцөл байдал байсан эсэхэд ерөнхийлсөн дүгнэлт хийсэн” гэх агуулгатай хэсэг үндэслэлтэй байна.

 19. Хоёр. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй”, 56.1.5-д “огцруулах” гэж тус тус заасан, Шүүхийн сахилгын хорооны  2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХМ/2023/0114 дүгээр магадлалаар шүүгч Б.Н-д “6 сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” сахилгын шийтгэл оногдуулснаас үзэхэд шүүгч Б.Н-ийн үйлдсэн сахилгын зөрчилд “зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил” гэсэн хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохоор байна.

20. Хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох “зөрчил гаргасан”, “зөрчлийг илрүүлсэн” гэх хоёр нөхцөл нь өөр өөр хууль зүйн агуулга, үр дагавартай бөгөөд зөрчил гаргасан нь тухайн үйл явдал болсон хугацаагаар, зөрчлийг илрүүлсэн нь зөрчилд хариуцлага оногдуулах эрх бүхий этгээд мэдсэн эсхүл өөр бусад байдлаар зөрчил гаргасан нь илэрхий болсон цаг хугацаагаар тус тус тодорхойлогдоно.

21. Хуульд заасан “зөрчил гаргаснаас хойш 2 жил” гэх нөхцөлийн хууль зүйн агуулга нь зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 2 жилийн үргэлжилсэн хугацааг ойлгох бөгөөд, энэ хугацааны дотор сахилгын зөрчилд холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээгүй, сахилгын хэрэг үүсээгүй, уг хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж ойлгоно. Энэхүү хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хязгаарлалт нь хуулиар тусгайлан тогтоосон, заавал биелэгдэх шинжтэй зохицуулалт тул уг хугацаа нь хуульд заасан тохиолдолд тасалдана, харин түүнийг дахин эхлүүлж тоолох хууль зүйн боломжгүй.    

22. Иймд, “зөрчлийг илрүүлсэн”-ээр уг “2 жил”-ийн хугацаа шинээр тоологдохгүй, “зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил” гэх нөхцөл нь “зөрчил гаргаснаас хойш 2 жил”-ийн хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хязгаарлалтад багтах агуулгатай гэж үзнэ.

23. Тухайлбал, хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсний дараа зөрчлийг илрүүлсэн тохиолдолд “зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” хуулийн зохицуулалт үйлчилнэ. Харин зөрчил үйлдсэнээс хойш 2 жилийн хугацааны дотор зөрчлийг илрүүлсэн бол “илрүүлснээс хойш 1 жил”-ийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож, энэ хугацаа дуусахаас өмнө сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

24. Энэ тохиолдолд,  шүүгч Б.Н нь “бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон үед гэртээ хүмүүс цуглуулж ажлын цагаар архидан согтуурсан,  цагдаагийн байгууллагад хүргэгдэж эрүүлжүүлэгдсэн” үйл явдал 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болсноор “зөрчил гаргасан” цаг хугацаа, энэ талаар иргэн Б.Я-аас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эрх бүхий этгээдэд гомдол гаргаснаар “зөрчлийг илрүүлсэн” цаг хугацааг тус тус тоолно, шүүгч Б.Н-ийн энэ зөрчилд хариуцлага оногдуулах “зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил”-ийн хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон, үүнээс хойш 7 сарын дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХМ/2023/0114 дүгээр магадлалаар сахилгын шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болов.

25. Иймд, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХТ/2024/0001  дүгээр тогтоолоор шүүгч Б.Н-д сахилгын шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХМ/2023/0114 дүгээр магадлалыг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахааргүй байна.

26. Гурав. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 482 дугаар захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, энэ талаар илтгэгч гишүүн эсэргүүцэлдээ дурдаж, “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” хууль зүйн ойлголттой хамааруулж үзэх талаар тайлбар гаргажээ.

27. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж заасан тул мөн хуулийн 56.2-т заасан хугацааны дотор сахилгын хэрэг үүссэнээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно. Нэгэнт хуульд заасан хугацааны дотор сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа тул сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эсэхэд нөлөөлөхөөргүй байна.

28. Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 105 дугаар зүйлийн 105.6.4-т “холбогдох шүүгчид үүсгэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө сахилгын хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” тохиолдолд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасныг шүүгч эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бүх тохиолдлыг хамааруулан ойлгохгүй, Шүүхийн сахилгын хорооноос шалгаж буй “сахилгын зөрчил байж болзошгүй шүүгчийн үйлдэл” нь уг шүүгчийн шалгагдаж буй гэмт хэрэг /үйлдэл, үйл явдлын хувьд/ нэг агуулгатай тохиолдолд хэрэглэгдэнэ.

29. Тодруулбал, энэ маргааны тохиолдолд, шүүгч  Б.Н-ийн гаргасан “бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон үед гэртээ хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн, ажлын цагаар архидан согтуурсан” үйлдэл нь түүний гэрийн цонхоор хүн унаж амь хохирсоны улмаас “хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэрэгт холбогдсон үйлдэлтэй шууд хамааралгүй буюу шүүгчид үүсгэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө түүнд холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэхгүй, энэ тохиолдолд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй байжээ.

30. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн үр дүн нь энэ тохиолдолд сахилгын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй, шүүгч гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.8.2-т “гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон”-оор тухайн шүүгчийн огцорсонд тооцох хууль зүйн үр дагавар үүсэх юм.

31. Иймд, Шүүхийн сахилгын хороо цаашид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дээрх үндэслэлээр түдгэлзүүлэхдээ хуулийг нэг мөр зөв хэрэглэх нь зүйтэй болохыг дурдаж байна.

32. Эдгээр үндэслэлээр сахилгын хэргийн илтгэгч гишүүн Ц.Д-ын  Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

33. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.1-д заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХТ/2024/0001 дүгээр хяналтын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ЗОЛЗАЯА

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

 

              ШҮҮГЧИД                                                               М.БАТСУУРЬ

 

      М.ПҮРЭВСҮРЭН 

 

      Б.ЦОГТ



[1]Хүндрүүлсэн хууль буцаж үйлчлэхгүй лат.

[2] Өмнөх үйл баримтад хууль хэрэглэгдэх буюу хууль буцаж үйлчлэх лат.

[3]Ямар ч хууль буцаж үйлчлэхгүй лат.

[4] https://supremecourt.mn/files/20223/0_1649057428.pdf