Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

2025.05.23                                                                                                 Улаанбаатар хот

Монгол Улс дахь хүний сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин, хууль тогтоомжийн хэрэглээнд тулгамдсан асуудлыг тодорхойлох, онол практик, харьцуулсан эрх зүйн үүднээс шийдвэрлэх арга замын талаар санал боловсруулах зорилгоор Монгол Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэний хэргийн танхим хамтран “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүх шинжилгээний Ерөнхий газар, анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Монголын Хуульчдын холбоо,  Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн туслалцааны төв, АНУ-ын Спурлок сан, Нээлттэй нийгэм форум, Ханнс-Зайделийн сан, Оюуны-Инноваци ТББ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн төв гэсэн байгууллагын төлөөлөл танхимаар 67 оролцогч, цахимаар орон нутгийн Эрүү, Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 132 оролцогч оролцов.

Хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүд болон оролцогч байгууллагуудаас гаргасан санал, шийдвэрлэх асуудлуудыг тоймлон бэлтгэлээ.

Нэг.Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлийг хэлэлцүүлж, эрх зүйн хийдлийг залруулах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах зорилгоор дараах  саналуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:

1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгээс нэрлэн заасан 85 гэмт хэргийг хасаж, нөхөн төлбөр гаргуулах боломжтой гэмт хэргийн төрлийг өргөжүүлэн бүх төрлийн гэмт хэргийг хамааруулах, ингэхдээ хүний эрүүл мэндийн эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг зэрэг зарим гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхэд хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанараас хамааруулан босго тогтоох аргыг ашиглах;

2.Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заасан 5 төрлийн гэмт хэрэгт шинжээчийн дүгнэлтгүйгээр сэтгэцийн хор уршгийг шийдвэрлэж болох талаарх хоёрдмол агуулгатай зохицуулалтыг хасах;

3.Хүний амь нас хохирсон гэмт хэрэгт амь хохирогчийн ойр дотнын хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ заавал шинжээч томилж, зэрэглэл тогтоохгүйгээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хэмжээний дотор нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс шууд тогтоон төлүүлэх аргачлал, журмыг боловсруулах;

Ингэхдээ Иргэний хуульд заасан нөхөн төлбөрийн дүнг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн эсэх зэрэг шалгууруудыг харгалзан уян хатан тогтоох боломжийг хуульчлах;

Мөн сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр нь гэр бүлийн гишүүн тус бүрд бус, харин ар гэрт нь олгож буй нэг удаагийн шинжтэй сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр болохыг хуульд тодотгох;

Урьдчилан тогтоосон аргачлалын дагуу нөхөн төлбөр тогтоохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрвөл мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулан иргэний журмаар нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх;

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр олгох тухай Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан “гэр бүлийн гишүүн” гэх заалтад аутентик тайлбар нэмж нэг гэр бүлд хамтран амьдардаггүй боловч ойр дотнын харилцаатай байсан бусад хүнийг (хамтран амьдрагч, тэдгээрээс төрсөн, үрчилж авсан хүүхэд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хохирогчийн байнгын асаргаанд байдаг хүн, хамт амьдардаггүй төрсөн, үрчилж авсан хүүхэд, эцэг, эх, төрөл, садангийн хүн) хамруулахаар өргөжүүлэн тайлбарлах;

4.Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225, А/153, А/85 хамтарсан тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-аар тухайн гэмтэл хүний ерөнхий хөдөлмөрийн чадварыг хэдэн хувиар алдагдуулахыг анагаахын шинжлэх ухаанд үндэслэн тогтоосон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, шинж чанарыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлж, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хэргийн шүүхийн заавал шийдвэрлэх асуудалд хамаардаг билээ. Иймд гэмт хэргийн улмаас хохирогч эд эрхтнээсээ хагацсан, ураг зулбасан зэрэг ердийн явцаар нөхөн сэргээгдэх боломжгүй гэмтэл учирсан тохиолдолд тухайн хүний хөдөлмөрийн чадвар хэдэн хувиар тогтонги алдсантай уялдуулан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох аргачлал боловсруулж, сэтгэцийн шинжээчийн дүгнэлт шаардахгүйгээр уг аргачлалын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоон гэм буруутай этгээдээс гаргуулах, харин хохирогч хор уршгийн зэрэглэл, нөхөн төлбөрийн хэмжээг эс зөвшөөрвөл мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулан иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх;

Дээрхээс бусад тохиолдолд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн шүүх шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэх талаар холбогдох хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулах;

5.Бага насны хохирогчийн сэтгэл санаанд хүнд шарх үлдээдэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүнчлэн бие махбодийн гэмтэлтэй холбоогүй боловч гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд ноцтой эмгэг учирч, амьдралын чанарыг илтэд доройтуулсан тохиолдолд гаргуулах нөхөн төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоосон аргачлалыг боловсруулах;

6.Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэх наад захын объектив шалгуурыг мөрдөгч бие даан шалгаж, хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх талаар тусгай мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах эсэхийг бие даан шийдвэрлэх эрхийг хуульчлах;

7.Нөхөн төлбөрийн хэмжээг тооцоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн, эсхүл шүүхийн шийдвэр гарах үеийн, эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх үеийн хэмжээгээр тооцохыг хохирогчийн эрх ашиг, хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцүүлэн хуульд тодорхой заах;

8.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-аас урьдчилан гаргуулж, хохирогчийн эрх ашгийг хамгаалах, нөхөн сэргээх талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах;

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”,  6.12 дугаар зүйлд заасан “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох” зэрэг журмыг хэрэглэхэд “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, “учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн”, “учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан” гэх шалгуурт сэтгэцэд учирсан хор уршгийг хамааруулахгүй байх зэрэг болно.

Хоёр.АНУ-ын Техас мужийн Рөүзбуд хотын шүүхийн Ерөнхий шүүгч Мэтью Г.Райт, Форт Уорт хотын Вановер дүүргийн 8 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүгч Чарлз Чак нар “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах АНУ-ын улсын эрх зүйн тогтолцоо, туршлага” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн. Уг илтгэлд АНУ-д мужийн хууль тогтоох байгууллагаас байгуулсан “Гэмт хэргийн хохирогчдод зориулсан нөхөн олговрын сан”-ын хамрах хүрээ, сангийн хөрөнгийн эх үүсвэр, нөхөн төлбөр авах хэмжээ, хүсэлт гаргах процесс зэргийг тайлбарласан. АНУ-ын бүх 50 муж улс өөр өөрийн хохирогчдын нөхөн төлбөрийн сантай. Эдгээр сангууд нь АНУ-ын Конгрессоос баталсан Холбооны хохирогчдын нөхөн төлбөрийн эсвэл Гэмт хэргийн хохирогчдын тухай хуулийн хүрээнд бий болсон бөгөөд Холбооны Засгийн Газраас санхүүжилт авч, анх эхэлсэн. Тиймээс бүх 50 муж улс энэ хөтөлбөрийн хүрээнд ажилладаг. Харин тухайн санг удирдах төрийн байгууллага болон хамрагдах нөхцөлд бага зэрэг ялгаа байж болно. Хохирогчдод зориулсан нөхөн олговрын сан нь хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө ч нөхөн төлбөр авах боломжтой, шүүхийн шийдвэрээс хамаардаггүй бөгөөд нийт олгох дээд хэмжээ нь ойролцоогоор 50,000 ам.доллар байдаг. Харин бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод нэмэлтээр 25,000 ам.доллар олгохыг хуулиар зохицуулсан. Учир нь, энэ төрлийн гэмт хэргийн сэтгэл зүйн нөлөө удаан хугацаанд үргэлжилдэг тул урт хугацааны туршид сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай байдаг. Энэ нь гэмт хэргийн хохирогчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих гол арга замуудын нэг юм. Хохирогчдын нөхөн төлбөрийн сан нь зөвхөн сэтгэл зүйн үйлчилгээ төдийгүй оршуулгын зардал, эрүүл мэндийн даатгалаар бүрэн төлөгдөөгүй эмчилгээний зардал болон бусад холбогдох зардлуудыг нөхөн төлөх боломжтой байна. Мөн АНУ-д бүх төрлийн эрүүгийн хэрэг, жишээлбэл хурд хэтрүүлсэн торгууль, эсвэл цаазаар авах ялтай хүнд гэмт хэрэг хүртэл, бүгд нэгдсэн улсын хураамжтай буюу торгуультай байдаг. Энэ хураамжийн ойролцоогоор 32 хувь нь Гэмт хэргийн хохирогчдын сан руу шилждэг байна.

АНУ-ын муж бүр харилцан адилгүй ч ихэнхдээ хохирогчдын хохирлыг барагдуулах нөхөн төлбөрийн асуудлаар мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид ажилладаг бөгөөд энэ шүүх хурлууд маргаантай явагддаг. Энэ нь прокурорын зүгээс эмнэлгийн баримтууд, сэтгэцийн эрүүл мэндийн зардлын баримтууд, мөн уг хүн урт хугацааны асаргаа, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж шаардлагатай гэж дүгнэж буй шинжээчийн мэдүүлгийг танилцуулж, нийт хэдий хэмжээний зардал гарахыг тооцоолж танилцуулдаг гэсэн үг. Тэд бүх баримтыг баталж чадсан ч, яллагдагчийн өмгөөлөгч нөхөн төлбөрийг няцаах боломжтой. Тэд уг яллагдагч нөхөн төлбөр төлөх чадваргүй гэдгийг нотлох замаар маргаж болно. Жишээлбэл, өмгөөлөгчөөр ажиллаж байх үед би нэг удаа нөхөн төлбөрийг төлөхөөс эсэргүүцэж, үйлчлүүлэгчийнхээ татварын баримтыг гаргаж, мөн гэр бүлийнх нь гишүүдийг гэрчээр оролцуулан, хэдэн хүүхэдтэй, ямар орлоготой зэргийг нотолж харуулсан. Нөхөн төлбөр оноовол уг гэр бүл холбооны ядуурлын түвшнээс доогуур орлоготой болж, улмаар нийгмийн халамжид хамрагдах шаардлагатай болохыг харуулсан. Үүний үр дүнд нөхөн төлбөр оноохгүй гэж шийдвэрлэсэн маргаанууд байдаг.

Гурав.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах зохицуулалт, тулгамдсан асуудал” илтгэлийг хэлэлцүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах зорилгоор дараах  саналуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:

1.Эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхтэй холбоотой маргаан хохирогчийн субьектив шаардах эрхийн мөн чанар бүхий асуудал тул үндсэн агуулга нь иргэний эрх зүйн маргаан юм. Гэвч энэ гэм хор эрүүгийн гэмт хэргээс болж учирсан бол эрүүгийн гэмт хэрэгтэй хамт шийдвэрлэх нь маргаангүй практик хэрэгцээ. Гэвч энэ тохиолдолд дараахыг анхаарах:

    • ямар тохиолдолд эрүүгийн хэрэгтэй хамт эдийн бус гэм хорын маргааныг шийдвэрлэх шалгуурыг тодорхой болгох нь чухал. Энэ асуудлаар дараах шалгуур байж болно: эдийн бус гэм хор нь анагаах ухааны үндэслэлтэй эргэлзээгүй, нийтэд илэрхий үйл баримтын шинжтэй байж болно. Жишээ нь хохирогч гэмт хэргийн улмаас нүдгүй, гаргүй болсон г.м жишгийг гаргаж, энэ үйл баримт илэрхий байвал гэм хорыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдэх. Энэ нь нотолгооны үүргийн ачааллыг хэн нэгэнд үүрүүлэхгүй байх тодорхой нөхцөлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл хохирогчид нотолгооны үүргийн ачаалал үүсэхгүй. Түүнчлэн шүүгдэгч эсэргүүцэж чадахааргүй тодорхой бусад шинж илэрхий бүрдсэн, эсхүл шүүгдэгч гэм хор учирсанд маргаагүй бол гэм хорын асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдэж болно. Ингэснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол цөм ажиллагаа нь удаашрахгүй, мөн иргэний хэргийн субьектив эрхийг маргааныг шийддэг талуудын зарчим зөрчигдөхгүй.
    • Харин маргааныг иргэний хэрэг хэлбэрээр дангаараа явах бол нотолгооны үүргийн хуваарилалт талуудын зарчмаар хийгдэнэ. Иймд нотолгоонд ашиглах институтыг төр хуулиар хязгаарлаж болохгүй.

2.Дээрх байдлаар хуулийг боловсронгуй болгохын тулд гэм хорыг мөнгөнд хөрвүүлэх обьектив суурьтай байх ёстой. Өөрөөр хэлбэл тодорхой гэмтлийн төрлийг нэрлэн зааж түүнийг хөдөлмөрийн хөлстэй жиших, түүнчлэн хэмжигдэхүйц үзүүлэлтэд суурилсан, жишээ нь тодорхой нарийн мэргэшлийн чиглэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, тийм эм тариаг гэрээр хэрэглэсэн өдөр, хоног, цаг гэх мэт, эсвэл илэрхий тодорхой онц ноцтой хэргүүд дээр шууд тогтоох боломжтой гэх мэт. Эрүүгийн хэрэгтэй хамт шийдэхэд дөхөм болох эргэлзээгүй, талууд маргахааргүй, эрүүгийн мөрдөн шалгах зарчимд нь тохирсон аргачлал батлах хэрэгтэй. Энэ асуудалд Дээд шүүх анхаарлаа хандуулбал зохино.

3.Шууд бус хохирогчийн асуудал:

    • Цагаатгалын нөхөн төлбөртэй адилтгахуйц шууд тогтоосон мөнгийг олгох, эсхүл хохирогч бүрийн сэтгэл санааны хямралыг тогтоож тохирсныг олгох алин болох нь хуулиас тодорхойгүй.
    • Цагаатгалын нөхөн төлбөр мэт хэрэглэхэд үүсэж байгаа хүндрэл нь хүн нас барсан хор уршиг бүхий гэмт үйлдэл янз бүр, гэм буруугийн хувьд болгоомжгүй, санаатай гэх мэт өөр хэргүүдэд нөхөн төлбөрийн хэмжээ ялгаатай байх нь шударга. Гэтэл одоогийн зохицуулалт энэ боломжийг олгохгүй, уян хатан биш байна.
    • хүн нас барсан гэмт хэргийн хохирогчид нэг удаагийн мөнгөн төлбөр олгохдоо гэмт хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалах нь зөв тул энд минимум стандарттай, эсхүл дээд доод интервалтай байж болох эсэхийг анхаарах. Мөн огт сэтгэл санааны гэм хор учраагүй хүн ч шууд бус хохирогчоор тогтоогдохыг үгүйсгэхгүй.
    • Хохирогч нь амьд байгаа хэдий ч бусад шууд бус хохирогчид давхар сэтгэл санааны гэм хор учрах бол хэрхэх нь тодорхойгүй байна. Жишээ нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд эцэг, эх гэх мэт ойр дотнын бусад хүмүүс шууд бус хохирогч байх бүрэн үндэстэйг анхаарах.

4.Бага насны хүүхэд/хүүхдүүд хохирогч байх тохиолдолд сэтгэл санаанд учирсан гэм хорд нэг удаагийн тодорхой тогтсон мөнгөн төлбөрийг хүүхэд тус бүрд гэмт хэргийн хүнд хөнгөнөөс хамаарч дээд доод интервалтайгаар шууд олгох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй. Энэ тухайд хууль тогтоогч үзэл баримтлалаа тодорхой болгох нь чухал байна.

Дөрөв.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүн П.Сайнзориг хэлэлцүүлэгт хэлсэн санал, дүгнэлтдээ:

“Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд тулгуурлан хүнийг хүн гэх мөн чанараар нь бие махбодоос нь гадна түүний сэтгэцийн эрүүл мэндийг хуулиар хамгаалах ёстой гэж үзэж, хуулийн зохицуулалтуудыг хийхийг чармайсан болохыг онцолсон. Сэтгэцийн эрүүл мэндийг хуулийн хамгаалалтаар буюу ямар нэгэн байдлаар сэргээхдээ мөнгөн хэлбэрээр нөхөн олгодог болсон. Гэхдээ хүнээ алдсан тохиолдол хэцүү асуудал. Гэвч ямар нэгэн байдлаар тус хохирол нөхөн төлөгдөх ёстой гэж үзсэн. Бусад улс орны туршлага буюу бодлогын баримт бичгүүдэд харьцуулсан судалгаа хийхэд хохирол төлөгдөхүйц байх гэх зарчим тусгагдсан байсан. Иймд Иргэний хуульд тодорхой босго тавьсан. Гэвч энэ асуудлыг сайжруулах шаардлагатай болох нь харагдаж байна. Бага насны хүүхэдтэй холбоотой хуулийн зохицуулалтад найруулга, эсхүл томьёоллын алдаа байгаа боловч энэ асуудал нь хуулийн үзэл баримтлал, түүний танилцуулгад маш тодорхой буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тогтоох тухай асуудал байсан. Эцэст нь, шүүгч Б.Батцэрэн, Н.Баярмаа нарын илтгэлд дурдагдсан саналуудыг дэмжиж байна. Миний бие Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл хүргүүлсэн. Та бүхэн хэлэлцээд саналаа өгөхийг хүсэж байна. Миний бие эхлүүлсэн ажлаа дуусгах хүсэлтэй байх тул Улсын дээд шүүхийн нэгдсэн санал ирвэл та бүхний гаргасан саналд тулгуурлан хуулийн төслийг засаж, сайжруулах боломжтой болохоо илэрхийлж байна.” гэжээ.

Тав.Нагояа Их сургуулийн профессор, доктор Күрита Масархиро “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах Япон улсын эрх зүйн тогтолцоо, туршлага” илтгэлийн цахимаар хэлэлцүүлсэн. Уг илтгэлд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн ач холбогдол, зөрчигдсөн эрх, ашиг сонирхол болон хохирлын мөн чанар, харилцан хамаарал, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг тооцох аргачлал, хамрах хүрээг тодорхойлсон.

Япон Улсын Иргэний хуулийн 710 дугаар зүйлд хүний бие, эрх чөлөө, нэр төр зөрчигдсөн бол гэх байдлаар жагсаалтаар зохицуулсан байдаг боловч жагсаалтаар хүний хамгаалагдах эрх ашгийг хязгаарладаггүй. Иргэний хуулийн 709 дүгээр зүйлд бүх төлийн гэм хорын асуудал хамаардаг.

Япон Улсын Иргэний процессын хуульд нотлоход бэрхшээлтэй хохирлыг заавал бүрэн нотлох албагүй, шүүгч өөрийн итгэл, үнэмшлээрээ тогтоох боломжтой талаар хуульчлагдсан. Гэхдээ хуулийн энэ зохицуулалтыг сэтгэл санааны хохиролд заавал хэрэглэх ёстой гэх шаардлага тавигддаггүй. Учир нь, сэтгэл санааны хохирол нь заавал бүрэн нотлох шаардлагагүй хохирлын төрөлд хамаардаг. Хэрэв заавал нотлох ёстой гэх шаардлага тавивал, бага насны хүүхэд эцэг, эхээ нас барсныг ухамсарлах чадваргүй тул сэтгэл санааны шаналал зовуурийг мэдрэхгүй байх боломжтой байдаг. Хуулийн этгээдийн хувьд ч сэтгэл санааны шаналал, зовуурийг мэдрэхгүй боловч эдийн бус хохирлыг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс үзвэл, хохирогч ямар хэмжээний шаналал, зовуурь мэдэрсэн нь гол асуудал биш, биет байдлаар ямар хэмжээнд хохирсон, тус хохирол нь хэзээ эргэн сэргэх боломжтой гэх объектив шинж чухал байдаг. Дүгнэхэд, Япон Улс сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн шаналал, зовуурь их, бага байх асуудлыг чухалчлахгүйгээр бодит буюу биет хохирол нь хэр хэмжээнд байгаа эсэх, тухайн хохирол хэр хугацаанд сэргэх эсэх асуудлыг чухалчилдаг. Хэрэв өвдөлтийн хэмжээг тогтооно гэвэл өвдөлтийг мэдэрч амжилгүй нас барж байгаа хүний сэтгэл санааны хохирлыг буруутай этгээдээс гаргуулах боломжгүй болж, шударга бус байдлыг бий болгоно. Иймд ямар гэмтэл учирч, тус гэмтлийг сэргээхэд хэр хэмжээний зардал, хугацаа шаардагдахыг тооцож эрх зүйн хэмжээнд хэлбэржүүлж байна.

Зургаа.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны газрын дарга, цагдаагийн хошууч А.Амгаланболд “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийлээ. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, орон тоог нэмэх, багаж аппаратыг нэмэгдүүлэх үэрэгтулгамдсан асуудлыг дурдаад цаашид авч хэрэгжүүлэх дараах саналуудыг хэлэлцүүллээ.

1.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан болон хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн холбогдолтой гэмт хэргийн хохирогчдын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох тусгайлсан аргачлалыг боловсруулах;

2.Хүний эрүүл мэндэд хохирол учирч, эргэшгүй өөрчлөлтөд орж, хөдөлмөрийн чадвараа тогтонги алдсан, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн холбогдолтой гэмт хэргийн хохирогчдод сэтгэцэд учирсан хор уршгийг хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хүснэгтийг ашиглан олгох нөхөн олговрын хэмжээг тогтоох;

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн өмчийн эсрэг болон хүний нэр, алдар хүндийн эсрэг гэмт хэргийн хохирогчид мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан хохирогчдын сэтгэцэд учирсан хор уршгийг эрүүгийн хэргийн шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хянан шийдвэрлэх;

4.Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл хохирогч тухайн хохирлын нөхөн олговрын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу Шүүх шинжилгээний байгууллагад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг хийлгэх гэсэн саналтай байна.

Долоо.Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар:Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан журмаар 5 төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч хүснэгтээр тогтоож, тус хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэх, хэрэв хүснэгтийг зөвшөөрөхгүй бол гомдол гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудал зохицуулагдсан. Эдгээр 5 төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 40 гаруй хувийг эзэлдэг, 2025 оны 05 дугаар сарын байдлаар 30 гаруй хувийг эзэлсэн байна. Дээрх 5 төрлийн гэмт хэргийг тухайлан зааж, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байна. Мөрдөгч зөвхөн хүснэгтэд заасны дагуу хор уршгийн зэрэглэлийг тогтоож байна гэж ойлгож байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол гомдол гаргаж, улмаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой. Тиймээс журамд заасан хүснэгтийг агуулгаар нь дахин авч үзэж, боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна. Мөн Улсын дээд шүүхийн аргачлалд өөрчлөлт оруулах, Улсын дээд шүүх Шүүх шинжилгээний тухай хууль, бусад холбогдох хуулийг зохицуулалтуудад тайлбар хийх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох шаардлагатай байна.” гэжээ. 

Найм.Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Оюунбилэг: “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хэзээ ч нөхөгдөхгүй тул дээрх төрлийн хэргүүдийг шинжээчийн дүгнэлтгүй шийдвэрлэх саналтай байна. Эрүүл мэндийн хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан хүмүүсийн тухайд, тухай бүрдээ эмчлүүлэх боломжтой бол шинжээчийн дүгнэлт гаргах нь зөв. Харин насаараа тахир дутуу буюу эмчилгээ хийгээд ч нөхөн сэргээгдэх боломжгүй гэмтэл учирсан болохыг шинжилгээний байгууллага тогтоосон тохиолдолд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгүйгээр шүүх шийдвэрлэх боломжтой. Түүнээс гадна хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой иргэний хэргийн хувьд, тухайн нэр төр, алдар хүнд нь хэр хэмжээнд хохирч, улмаар хохирогчийн сэтгэцэд хэр хэмжээнд хор уршиг учирсан болохыг хэрхэн тогтоож байгаа нь тодорхойгүй байна.” гэсэн байна.

Ес.Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа: Хохирлын тогтолцоог бэхжүүлэх тухай асуудлыг санал, зөвлөмждөө давхар тусгах нь зүйтэй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн сэтгэл зүйч нарын оролцоог бэхжүүлж, тэдгээрийг мэргэшүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг илэрхийллээ.

Арав.Судлаач Б.Ариунзаяа: “Хүний сэтгэцэд учруулсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн олон заалтад өөрчлөлт оруулахгүйгээр, олон журам боловсруулахгүйгээр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-ын найруулгыг сайжруулах замаар энэ олон асуудлуудыг өөрчлөх боломжтой байсан гэж үзэж байна. Мөн хуулийг өөрчлөхөөс илүү Иргэний хуулийн зохицуулалтыг ашиглаж, шүүгч шүүхийн шийдвэртээ хуулийг тайлбарлах замаар онолын тайлбар гаргаж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлнө гэж хатуу хуульчилбал хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд хүндрэл үүснэ. Бодит байдалд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг болгон өөр өөр нөхцөл байдалтай байдаг. Иймээс хэргийн нөхцөл байдалд тохирсон байдлаар хохирлын үнийн дүнг ялгаатай гаргах нь зүйтэй.” гэв.

Арван нэг.Судлаач А.Түвшинтөгс: “Тухайлсан гэмт хэргүүдийн хохирогчдын сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулах асуудлыг зохицуулсан журамд тусгагдсан 5 төрлийн гэмт хэрэг нь бодит байдалд сэтгэл санааны хохирол гаргуулах боломжит гэмт хэрэг биш байна. Нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйлээ хулгайд алдсан бол хохирогч сэтгэл санааны хохиролд өртөх боломжтой. Гэхдээ энгийн зүйлээ алдсан хүмүүсийн сэтгэцэд хор уршиг учрах боломжтой эсэх асуудлыг харахгүйгээр бүх зүйлийг хялбарчлан журамлах нь эсрэг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Иймээс Улсын дээд шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохдоо баримтлах шалгуурыг тогтоож өгөхийг хүсэж байна.

Хохирол, хор уршгаа төлөөгүй тохиолдолд хэргийг хэрхэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсэх тухай асуудал практикт гарч байна. Гэмт хэргийн хохирогчид учирсан гэмтлийн хувьд, шинжээч хүнд, хөнгөн гэх зэргээр зэрэглэл тогтоож байгаа. Шүүх уг дүгнэлтийг харгалзан үзэж үнэлгээний зэрэглэлээ тогтооно. Тэгэхээр шүүхийн үнэлгээ тогтоосон асуудал ойлгомжгүй бол талууд хэрхэн тохиролцох, хэр хэмжээний хохирол төлөх боломжтой зэрэг асуудал ойлгомжгүй байна. Эдгээр ойлгомжгүй байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, талуудын хохирлын талаар зохицох боломжийг хааж байна гэж үзэж байна. Улсын дээд шүүх 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу хууль батлагдахаас өмнө нэг хэргийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т сэтгэл санааны хохирлыг гаргуулах агуулга бичигдсэн” гэж шийдвэрлэсэн. Судлаачийн зүгээс Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтаар хязгаарлахгүй нээлттэй орхиж, төсөөтэй эрхийг хэрхэн хөгжүүлэх талаар анхаарах хуулийн зүйн боломжийг бүрдүүлж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд тусгагдсан хохирлыг хэрхэн төлөх асуудлыг нарийвчлан зохицуулах саналтай байна.” гэсэн байна.

Арван хоёр.Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Баттулга: “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэл зүйчийн үүргийг тусгаж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн DSM шалгуурыг баримтлан дүгнэлт гаргаж, тус дүгнэлтээ шүүхэд нотлох баримтаар тооцуулах эрхээр хангаж өгнө үү. Хэрэв сэтгэл зүйч нарт дүгнэлт гаргаж, дүгнэлтээ нотлох баримтаар тооцуулах боломж олдвол шүүх шинжилгээний байгууллагад ирэх ачаалал багасна.” гэв.

Арван гурав.Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн С.Дондов: “Хохирогч судлалын тухай хэлэлцүүлгийг түлхүү өрнүүлэх шаардлагатай байна. Мөн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй учраас иргэдэд өөрсдийн бодит хохирлыг төлүүлэх, хохирол төлөхдөө боломжит сангуудыг ашиглах ойлголтыг өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсад Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын фактыг хэрэгжүүлэх хүндрэлтэй болсон. Ядуурал ихэссэнтэй холбоотойгоор энэ асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй байдал бий болж байна. Иймд уг асуудлыг тогтолцооны хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэх саналтай байна.” гэсэн саналыг хэллээ.

Арван дөрөв.Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Өнөржаргал: “Шүүхийн шийдвэрээр тогтоосон боловч төлөгдөх боломжгүй төлбөрийг сангаар дамжуулан төлөх боломжтой хохирогчид зориулсан нөхөн төлбөрийн санг судалж, хохирогчийн эрхийг сэргээх чиглэлээр сангийн зохицуулалтыг зохих түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж байна. Хуульчийн зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хохирол гэх ангилалд авч үзэхийг, энэ асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэж иргэний журмаар нэхэмжлэх байдал руу түлхэхгүй байхыг хүсье. Энэ нь хохирогчийн эрхийг сэргээх гэхээс илүү цаг хугацаагаар хохироож, сэтгэлийн шаналал учруулж байна.

Арван тав.Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын хэлтсийн дарга Н.Жамъяанхүү хэлэлцүүлэгт дараах асуудлыг дэвшүүлэв.

Зарчмын хувьд, хор уршиг, нөхөн төлбөр хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Өөр шалтгаанаас болж сэтгэцэд нь хор уршиг учирсан асуудлыг энэ хуулиар шийдвэрлэхгүй. Хоёрдугаарт, нөхөн төлбөр нь төлөгдөхүйц байх ёстой. Гуравдугаарт, шинжилгээнд үндэслэсэн байх ёстой. Энэ зарчмаас үүдэж таблицаа хэрэглэж чадахгүй байдал үүсэж байгаа. Хэлэлцүүлэг оролцогчид “Таблицаар тогтоосон зэрэглэл шинжилгээгээр тогтоосон зэрэглэлээс өөр байна” гэж тайлбарлаж байна. Энэ зарчмын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох ажиллагааг явуулахад хүний нөөцийн асуудлаас шалтгаалж зөрчил үүсээд байна. Дөрөвдүгээрт, хүрэлцэхүйц байх ёстой. Гэм хорын нөхөн төлбөрийг мөнгөөр төлүүлж байгаа шалгаан нь учруулсан гэм хорыг арилгах буюу эмчилгээний зардлыг төлүүлэх юм. Түүнээс биш ашиг олох зорилгоор нөхөн төлбөр авах учиргүй. Иймээс холбогдох хуулийг сайжруулж, боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай.

Мөн нөхөн төлбөрийн сангийн үйл ажиллагааг тодорхой болгох хохирогчийн сэтгэл санааны хохирлыг сангаас олгож болох талаар, шүүгдэгчийн гэм буруу шийдвэрлэгдэхээс өмнө хохирогчид учирсан хохирлыг сангаас олгох боломжтой талаар ярилцаж байна. Жишээлбэл, хүнд гэмтэл учирсны улмаас яаралтай эмчилгээ хийлгэх шаардлага гарсан үед сангаас эмчилгээний зардлыг санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр буцаан төлүүлэх боломжтой. Хүнд гэмтэл учирсан хүнд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол нас барах эрсдэлтэй. Энэ нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх буюу хүндрүүлэх асуудлыг дагуулдаг. Тэгэхээр тодорхой үйл баримтад тулгуурлаж шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээс өмнө хохирогчид учирсан хохирлыг барагдуулах тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Энэ мэт өөрчлөлтүүдийг цаашид хийж, Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааг бодит болгох шаардлагатай.

                Хэлэлцүүлэг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагт эхэлж, 13 цагт дууслаа.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ