Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих зорилготой Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.
Уг санамж бичгийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төвийн солилцооны өвлийн сургалтад хамрагдсан БНСУ-ын Күүкмин их сургуулийн оюутнууд удирдагч багш Пак Жон Воны хамт Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр танилцлаа.
Оюутнууд танилцах уулзалтын эхэнд Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц болон шүүхийн үндсэн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхим, зохион байгуулалт, шууд дамжуулалтын талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдээс авсан юм.
Үүний дараа Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр оюутнуудыг хүлээн авч уулзаж, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлууд, шүүхийн бүтэц, чиг үүргийн талаар мэдээлэл өгөв.
Оюутнууд Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож буйтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд юуг тодотгон дурдсан байдаг, 34 жил болж буй Үндсэн хуулиас өмнө шүүн таслах ажиллагааг хэрхэн явуулдаг байсан, ямар хууль журам мөрддөг байсан талаар болон бусад сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Уулзалтын төгсгөлд Улсын дээд шүүхийн Үзмэрийн танхимаар болон Номын сангаар зочиллоо.
САНАЛ ХҮСЭЛТ