Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

МЭНДЧИЛГЭЭ

2025.12.31 10:10

Эрхэм шүүгч, шүүхийн албан хаагч, салбарын хамт олон Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн халуун мэндийг Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувийн зүгээс өргөн дэвшүүлье.


Өнгөрч буй 2025 он Монгол Улсын шүүхийн байгууллагын хувьд бүтээлч өөрчлөлт, дотоод шинэчлэл, чанарын ахиц дэвшлээр дүүрэн, томоохон сорилт, хариуцлагатай шийдвэрүүдийн жил байлаа. Чуулган, хэлэлцүүлгийн зохион байгуулалтаар аливаад хамтын удирдлагыг мөрдлөг болгох, асуудлыг нээлттэй ярилцаж шийдлийг шинжлэх ухаанчаар тунгаан оновчлох, хариуцлага, шударга байдлаа улам дээшлүүлэх бодлогыг эрхэмлэж, олон талбарт бид амжилттай хуучин оноо үдэж байна.


Улирч буй он манай нийгэмд эрх зүйт төр, хууль дээдлэх зарчим, шүүхийн бие даасан байдлын үнэ цэнийг дахин тодотгосон, шалгасан жил байлаа. Нийгмийн хувьсал, мэдээллийн эрчимт урсгал, эдийн засаг, улс төрийн савлагааны дунд шүүхийн байгууллага тогтвортой байдал, шударга шийдвэр, хүний эрхийн баталгааг хадгалж үлдэх үндсэн үүргээ өдөр тутам илүү өндөр түвшинд ахиулан биелүүлэх шаардлагатай тулгарсаар байна. Энэ шаардлагыг хангаж эх орныхоо хөгжлийг баталгаажуулахад Та бүхний мэргэжлийн ур чадвар, ёс зүйн бат суурь, алдаа гаргах эрхгүй хариуцлагатай ажилласан өдөр бүрийн хөдөлмөр чухал нөлөө үзүүллээ.


Айсуй 2026 онд бид тогтолцооны шинэтгэлээ төгөлдөржүүлж, чанарын дэвшлийг бодлогын түүчээ болгох учиртай. Шүүгч нэг бүрийн хараат бус байдал, хариуцлага, шүүхийн ил тод, бие даасан байдлын тулгуураа бататган бэхжүүлж, иргэдийнхээ итгэлийг өргөн дээшлүүлэхэд Та бүхний хүчин зүтгэл, идэвх, санаачилга нэн чухал гэдгийг дахин онцолъё. 

Ирж буй шинэ ондоо Та бүхэнд эрүүл энх, ажил үйлсийн өндөр амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе.


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ
  Д.ГАНЗОРИГ


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ