Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих зорилготойгоор Хамтын ажиллагааны санамж бичгийг 2024 оны 04 дүгээр сард байгуулсан билээ.
Тус санамж бичгийн хүрээнд Улсын дээд шүүхийн Тамгын газраас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад зориулсан дадлагын ажлын төгсөлтийн хөтөлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Улсын дээд шүүхийн Хэргийн хөдөлгөөн, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга А.Батдэлгэр болон холбогдох албан хаагчид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн ахлах багш Н.Энхцэцэг, дадлагажигч оюутнууд оролцсон юм.
Арга хэмжээний үеэр Хэргийн хөдөлгөөн, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга А.Батдэлгэр оюутнуудад төрийн байгууллагын үйл ажиллагаа, захиргааны албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, ажлын чиг үүрэг болон албан бичиг хэрэг хөтлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимд мэргэжлийн дадлага хийсэн оюутнуудын тайланг сонсож, танилцан тэдний сонирхсон асуултад холбогдох албан тушаалтнууд хариулт, зөвлөгөө өгөв.
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд оюутнуудыг Улсын дээд шүүх болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд дадлагажуулах, судалгааны ажил хийлгэх, эрх зүйн боловсрол, шүүхийн талаарх ойлголт, мэдээллийг дээшлүүлэхэд хамтран ажиллах, зорилтот сургалт, контент хийх, тус сургуулийн Практик сургалтын төвтэй хамтран хэргийн судалгаа танилцуулга, хэлэлцүүлэг хийх, оюутны хийсэн судалгаанд шүүгчийн судлаач туслахуудаар зөвлөгөө өгүүлэх, “Улсын дээд шүүхтэй танилцах хөтөлбөр”-ийг шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна.
САНАЛ ХҮСЭЛТ