Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бодит амьдралд хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсад хууль зүйн өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүн нар болон шүүгчид, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг тэргүүтэй албан хаагчид 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолыг нээж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, төр, нийгмийн зүтгэлтэн, академич С.Нарангэрэл танд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэнд Монгол Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс баяр хүргэе.  С.Нарангэрэл академичийн гэр бүл Монгол Улсын хууль зүйн салбарт үе дамжин зүтгэж ирсэн хуульч хүмүүс билээ. Түүний аав Бадамын Содовсүрэн нь Монголын анхны хуульч, эрдэмтдийн нэгээс гадна шинжлэх ухаан, боловсролын салбарт хичээл, зүтгэлээ зориулж ирсэн хуульч, багш хүн байсныг дурдах нь зөв болов уу.

Академич С.Нарангэрэл нь Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулж буй нь төрийн дээд шагнал хүртээх нэг үндэслэл болсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ  дурдсан.

Таны судалгаа  бүтээл, үзэл санаа, хөдөлмөр зүтгэлийн үр нөлөө манай улсын төдийгүй, хууль зүйн салбарын түүхийн өнөөдрийн өрнөл, ирээдүйн хөгжлийн салшгүй хэсэг болохыг цохон тэмдэглэе. Эх оронч, эрдэмтэн таны хичээл зүтгэлд талархал илэрхийлэхийн сацуу дахин баяр хүргэе” хэмээлээ.

“Чингис хаан” одонт, МУИС-ийн эмерит профессор, академич С.Нарангэрэл “Миний энгэрт гялалзаж буй Монгол төрийн хамгийн эрхэм дээд, тэргүүн зэргийн одонг хүртэхэд маш олон зүйл нөлөөлсөн. Үүний нэг манай шүүхийн тогтолцоо, үе үеийн шүүгчид” гэдгийг онцлоод  улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг судалж, олон мянган хэргийн материал, хууль зүйн баримтуудтай танилцсаны дүнд аливаа улс орон бүхэлдээ аль нэг гүрний дагалдагч улс байж болдоггүй юм байна гэдгийг ойлгож ухаарснаа ярьсан юм. Мөн тэрбээр “Олон жилийн турш эцэг, өвгөдийнхөө эрдэнэсийн санг судалсны үр дүнд  хуулийн амин сүнс нь ёс суртахуун юм байна. Хуулийн дээр ёс суртахуун байдаг юм байна гэдгийг ойлголоо”  гэдгийг тодотгож байв.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ