“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн хүрээнд хууль боловсруулах үйл явцыг дэмжих, хуулийн уялдаа холбоо, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор туршлага солилцох уулзалтыг 2025 оны 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд танхим, цахим хосолсон байдлаар зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсын дээд шүүхийн Эрүү болон Иргэний хэргийн танхимын шүүгчид, ХБНГУ-ын Вуппертал хотын Бүсийн шүүхийн 1-р Иргэний танхимын тэргүүн асан, шүүгч Хельмут Лейтхаузер, Дусселдорф хотын Бүсийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгч Др. Мартин Вомхоф нар оролцов.
Туршлага солилцох уулзалтын хүрээнд шүүгч Хельмут Лейтхаузер иргэний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг, ял оноох удирдамж, насанд хүрээгүй яллагдагчийн эрх зүйн зарим асуудал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хялбаршуулсан ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, туршлага солилцсон юм.
Түүнчлэн шүүгч Др. Мартин Вомхоф “Сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр тооцох аргачлал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ХБНГУ-д сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг, сэтгэл санааны хохирлыг тогтооход харгалзах хүчин зүйлс, хөөн хэлэлцэх хугацаа, процессын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шүүгчдийн асуултад хариуллаа.
Шүүгч Хельмут Лейтхаузер “Монгол Улсын дээд шүүхээс ял оногдуулах жишиг аргачлалын төслийг боловсруулж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээд хаана шүүлгэснээс үл хамааран ижил төрлийн гэмт хэрэгт ижил ял оноох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Уулзалтын үеэр Монгол Улсын дээд шүүхээс боловсруулж буй төслийг хамтдаа хэлэлцэж, сайжруулах боломжтой зарим саналыг дэвшүүллээ. Бидний өрнүүлсэн яриа, санал хэлэлцүүлэг Монголын шүүх эрх мэдлийн байгууллагуудад тодорхой хувь нэмэр болно гэдэгт найдаж байна” гэдгийг онцолж байв.
Европын холбооноос Монгол Улсын шүүхийн тогтолцооны шинэчлэлд үр дүнтэй хувь нэмэр оруулах замаар хууль дээдлэх ёс, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор 1.5 сая еврогийн санхүүжилт бүхий “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийг 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Төслийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хэмжээнд хэрэгжүүлж байгаа юм.
САНАЛ ХҮСЭЛТ