Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх байгуулахтай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Ханнс-Зайделийн сан хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Хурлын нээлтийн өмнө үндсэн модератор Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г. Алтанчимэг хэлэлцүүлгийн үндсэн сэдвийг танилцуулсан юм.

Хурлыг нээж, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах нь хүүхдийн хууль ёсны эрх ашгийг зохих ёсоор хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцлогт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ачааллыг зөв хуваарилах, гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх, эвлэрүүлэн зуучлалын үр нөлөөг ахиулах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг харж болно” гэдгийг онцолж байв.

Хурлын I хэсэгт Нагояагийн их сургуулийн профессор, Хууль зүйн доктор Харада Аяако “Япон улсын Гэр бүлийн шүүхээс гэр бүл салалт, асран хамгааллын маргааныг хянан шийдвэрлэх нь”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Хууль зүйн доктор Н.Баярмаа “Монгол Улсын гэр бүлийн хөрөнгийн зохицуулалтын онцлог, шүүхийн практик”, БНТУ-ын дээд шүүхийн Иргэний хэргийн 2-р танхимын шүүгч, Гэр бүлийн эрх зүйн үнэлгээний зөвлөлийн дарга Севил Картал “БНТУ-ын Гэр бүлийн тухай хууль дахь хүүхдийн асрамж ба хүүхдийн эрхийн тухай”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн “Монгол Улс дахь хүүхдийн асрамжийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нар “Хүүхэд үрчлэлтийн талаарх зарим зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Хууль зүйн доктор Н.Баярмаа илтгэлийнхээ үеэр “2024 онд иргэний хэргийн шүүхүүд  70 мянган хэрэг шийдсэнээс 6300 орчим нь гэр бүлийн хэрэг байна. Шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийн 7-8 хувийг гэр бүлийн хэрэг эзэлдэг. Гэхдээ энэ тоо жил бүр өссөөр байна. Түүнчлэн гэр бүлийн хөрөнгийг хуваах үндэслэлийг хуульд ойлгомжгүй тусгасан. Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйл логикийн хувьд  зөрчилдөж байна” гэдгийг тодотголоо.

БНТУ-ын дээд шүүхийн Иргэний хэргийн 2-р танхимын шүүгч, Гэр бүлийн эрх зүйн үнэлгээний зөвлөлийн дарга Севил Картел “Гэр бүлд төрийн оролцоо зайлшгүй чухал. Туркийн эрх зүйн системд эцэг эхийн хэн нь  хүүхдээ асран хамгаалах хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргахдаа хүүхдийн дээд эрх ашгийг эрхэмлэдэг. Тодруулбал, хүүхдийн асран хамгаалах эрхийг хэнд үлдээхийг шийдэхдээ эцэг эхийн нас болон эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдал, гэртээ зарцуулдаг цаг зэргийг харгалзан үздэг” гэв.

Хурлын II дахь хэсгийн хүрээнд  Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Монгол Улс дахь өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, АНУ-ын Хавай мужийн Хонолулу хотын анхан шатны шүүхийн шүүгч Маттю Ж. Виола “Гэр бүл, хүүхдийн хэргийн нэгдсэн шүүх: Хавай мужийн хэтийн төлөв”, ХБНГУ-ын Бамберг хотын Ерөнхий прокурорын газрын прокурор, орлогч дарга Стефан Сшал “ХБНГУ дахь насанд хүрээгүй хүний эрүүгийн эрх зүй” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Улсын хэмжээнд өнгөрсөн гурван жилд 639 өсвөр насны хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Өсвөр насны хүн хулгай, дээрэм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зөрчил, танхайрах, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол түгээмэл байна. Дэлхийн улс орнуудад өсвөр насны хүнд ял оноохыг урьтал болгодоггүй. Өндөр хөгжилтэй орнуудад засан хүмүүжүүлэх арга хэмжээ авах, ял оноох харьцаа 30/70 байдаг бол манайд 50/50 байгаа нь өсвөр насныханд зориулсан шударга ёсны тогтолцооны зорилтод нийцэхгүй байна” хэмээв.

ХБНГУ-ын Бамберг хотын Ерөнхий прокурорын газрын прокурор, орлогч дарга Стефан Сшал “ХБНГУ-д гэр бүлийн болон хүүхдийн хэргийн тусгай прокурор байдаг. Түүнчлэн Хүүхдийн сайн сайхны төлөө байгууллага гэж бий. Уг байгууллага багш, эцэг эхтэй уулзаж, тухайн хүүхдийг тодорхойлох баримт бичгийг цуглуулж, гэмт хэрэгт холбогдсон хүүхдэд ямар шийтгэл оногдуулах  талаар санал өгдөг”  гэв.

Хэлэлцүүлгийн гурав дахь хэсэгт Хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн профессор, ЮНИСЕФ-ийн Хүүхдийн эрхийн асуудлыг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн, Лейдений их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хүүхэд ба Эрүүл мэндийн салбар хариуцсан тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн доктор Тон Лиефаард Олон улсын хүүхдийн эрх: Хүүхэд, гэр бүл, шүүхийн үүргийн талаарх эргэцүүлэл”, Сөүлийн Гэр бүлийн шүүхийн Ерөнхий шүүгч Ким Хён Рюл “БНСУ-ын Гэр бүлийн шүүхийн түүх ба орчин үеийн чиг хандлага”, Сэтгэл судлаач, “Human Ethos” байгууллагын захирал, Баруун Австралийн их сургуулийн Хуулийн тэнхимийн дэд профессор Карли Шревер, Гэр бүлийн сэтгэл засалч, “Human Ethos” байгууллагын захирал болон Австралийн сэтгэл судлалын нийгэмлэгийн гишүүн Салли Раян нар  Гэр бүлийн шүүхийн шүүгчийн сэтгэлзүйн эрүүл мэндсэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Сөүлийн Гэр бүлийн шүүхийн Ерөнхий шүүгч Ким Хён Рюл илтгэлийнхээ үеэр “БНСУ-д хүүхдийн тэтгэмж орон нутгаас шалтгаалан өөр байсан нь тэнцвэргүй байдал үүсгэсэн учир 2014 онд хүүхдийн тэтгэмжийн жишиг хүснэгтийг бий болгож, амьжиргааны өртгөөс шалтгаалан 3-4 жил тутамд шинэчилж байна.  Одоогоор тэтгэмжийн хэмжээ 450-2130 ам.доллар байна. Түүнчлэн салалтын дараа хүүхэд асрах эрхгүй хүний хүүхэдтэйгээ уулзах эрхийг хангах төв байгуулсан. Бүх шүүх ийм төвтэй болоод байна” гэдгийг тодотголоо.

Хуралд Монгол, Австрали, ХБНГУ, Япон, Нидерланд, БНСУ, БНТУ, АНУ зэрэг найман орны төлөөлөл танхим, цахим хосолсон байдлаар оролцсон юм.