Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон АНУ-ын Элчин сайдын яам хамтран 2025 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд АНУ-ын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв”-өөс (COIL – Congressional Office for International Leadership) шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн дор зохион байгуулж байна.

Тус хуралд АНУ, Армени, Эстони, Индонези, Казахстан, Киргиз, Молдав, Серби, Узбекистан зэрэг 10 гаруй орны 40 шүүгч, эрх зүйч танхим болон цахимаар,  Монгол Улсын 80 орчим шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд зэрэг 120 орчим хүн оролцож, “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь’’, “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw) ашиглах нь”, “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх", "Кибер аюулгүй байдлын асуудлууд”, “Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл", "Дижитал эрин үе дэх шүүхийн сургалт: цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцож байна.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хурлыг нээж “Шүүхийн цахимжилтад хиймэл оюун ухаан чухал нөлөөтэй. Хиймэл оюун ухааныг шүүхийн салбарт нэвтрүүлэхэд зөвхөн технологийн бус эрх зүйн хувьд ч анхаарах цаг болжээ. Нийгмийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шаардлага шүүхийн салбарт тулгараад байна” гэдгийг онцолж, орон орноос хүрэлцэн ирсэн эрхэм шүүгч нар болон хурлын оролцогч нарт  амжилт хүслээ.

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган “Цахим эрин үед шүүхийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал. Дэлхий дахин шүүхийн салбарыг нээлттэй, ил тод байлгахын төлөө эрмэлзэж байна” гэдгийг тодотгоод энэ их үйлсэд эв санаагаа нэгтгэн хамтдаа урагшлахыг уриалсан юм.

Түүнчлэн АНУ-ын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв”-ийн гүйцэтгэх захирал Жейн Саргус “Хууль дээдлэх ёс нь ардчилалын тулгуур багана. Дэлхий даяар шүүх эрх мэдлийн салбарт цахимжилтын шилжилт явагдаж байна. Энэ чухал үед туршлага солилцохоор цуглаад буйд баяртай байна. Шүүх цахимд шилжихийн хэрээр боломж бий болж байгаа ч сорилт мөн тулгарч буй. Бидний хэлэлцүүлэг зөвхөн технологийн дэвшлийн талаар биш, байнга хувьсан өөрчлөгдөж буй дэлхийтэй хөл нийлүүлэн алхах тухай юм” гэв.

Хурлын үеэр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүх эрх мэдлийн ирээдүйн чиг хандлага:Шүүхийн цахимжилт ба хиймэл оюун ухаан” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Шүүхэд цахимжилтыг нэвтрүүлснээр хэргийн оролцогчид, өмгөөлөгчид, шүүхийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна шүүхэд биеэр ирэх тохиолдлын тоог цөөлөх, зардал багасгах, хугацаа хэмнэх, нээлттэй уян хатан болох зэрэг олон давуу талтай. Дэлхий дахинд хиймэл оюун ухааныг бүхий л салбарт тэр тусмаа шүүхийн салбарт хэдийнээ нэвтрүүлээд байна. Гэхдээ шаардлага хангасан хиймэл оюун ухаан бүхий технологийг нэвтрүүлэх нь чухал. Тиймээс шүүхийн салбарт цахимжилт болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхдээ харилцан туршлага солилцох, хүний эрхэд суурилсан цахим шүүхийг цогцлоох нь чухал. Хиймэл оюун ухааныг ашиглах ёс зүйн болон эрх зүйн орчинг бүрдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага тулгараад байна” хэмээв.

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цахимжилт ба хэргийн оролцогчийн эрхийг хангах зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж “Цахим баримт, цахим гарын үсгийг үнэлэх, шүүхэд хэрэглэх нь тулгамдсан асуудал болоод байна. Шүүхийн цахимжуулалттай холбоотой зохицуулалт нь практикт бодитоор хэрэгжихгүй байгаа нь иргэдийн шүүхэд мэдүүлэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахад сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хэргийн оролцогчийн шүүхэд хандах эрхийг хангах, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахад  чиглэсэн, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн шүүхийн цахимжилттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Тиймээс шүүхийн цахим платформын хөгжүүлэлтийг цаг алдалгүй хурдан шуурхай хийхэд төрийн бодлогын хэмжээнд анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт “Хууль хэрэглээний нэгдмэл байдалд хэрэг судлал ашиглах нь” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж “2021 онд шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж,  Улсын дээд шүүхийн чиг үүрэгт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг тодотгож өгсөн. Тодруулбал, хяналтын шатны замаар гомдол гаргах үндсэн шалгуурыг тогтоосон. Ингэснээр хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл нь шүүхийн хэрэг судлалын гол судлагдахуун болох юм. Хэрэг судлал гэдэг ойлголтгүйгээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах боломжгүй. Манай улсын хувьд шүүхийн хэрэг судлал хөгжлийнхөө эхний шатанд явж байна. Үйл баримтаас ангид хэрэг судлал байх боломжгүй. Хэрэг судлалд хэрэг судлалын дата сан хангалтгүй, шүүхийн шийдвэрийг ач холбогдлоор ангилсан жишиг байхгүй, хүний нөөц болон хэрэг судлах арга зүй байхгүй, хэрэг судлалын талаарх нэгдсэн ойлголтод хүрээгүй, хяналтын гомдол гаргах нэгдсэн стандарт байхгүй нь тулгамдсан асуудал болоод байна” гэдгийг онцолж, дээр дурдсан асуудлуудыг дэлгэрүүлж тайлбарласан юм.

Олон улсын бага хурлын үеэр АНУ-ын Холбооны Магистрат шүүгч, Холбооны шүүхийн төвийн УЗ-ийн гишүүн Сузань Митчэл, Эстони улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Кай Куллеркупп нар “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь’’, Серби улсын Нови сад дахь анхан шатны шүүхийн шүүгч Душан Дакич, Армени улсын Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Карен Зарикьян нар “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw) ашиглах нь”, АНУ-ын Холбооны Магистрат шүүгч Аллисон ГоддардКазакстан Улсын Дээд шүүхийн шүүгч Максюта Елена Тагировна, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нар “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх" Молдова улсын Бэлць дүүргийн шүүхийн шүүгч Пуи Эдуард, Индонез улсын Уэйтс дүүргийн шүүхийн дэд дарга Хуснул Хатима Бахтиар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Даваадорж нар "Кибер аюулгүй байдлын асуудлууд” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн орны туршлагыг хуваалцсан юм.

Бага хурал маргааш үргэлжлэх бөгөөд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурь “Шүүхийн үйл ажиллагаан дахь олон нийтийн мэдэх эрхийг хангахад Монгол Улсаас хэрэгжүүлж ирсэн туршлага” сэдвээр  Киргиз улсын Ош хотын шүүхийн шүүгч Бактыбек Сыдыгалиев,   Молдав улсын Дрочиа дүүргийн шүүхийн шүүгч, даргын үүрэг гүйцэтгэгч Лилия Туркан нар “Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл", Холбооны шүүхийн төвийн Олон улсын шүүхийн харилцааны газрын захирал Мира Гүр-Ари, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, БНУУ-ын Ташкент хотын шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Фаррук Тураходжаев нар "Дижитал эрин үе дэх шүүхийн сургалт: цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ