Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хоёрдугаар шатны төслийн нээлтийн үйл ажиллагааг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг болон Шүүхийн судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
Үйл ажиллагааг нээж Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн мэндчилгээг Тамгын газрын дарга С.Заяадэлгэр уламжилсан юм.
Мэндчилгээнд,
“Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид
Эрхэмсэг Элчин сайд,
Эрхэм хүндэт, хатагтай, ноёд оо,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Өнөөдөр бид “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь шатны албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцож байна. Уг төсөл нь Монгол Улсад хүний эрх, шударга ёс, хуулийн засаглалыг бэхжүүлэх хамтын хүчин чармайлтын маань чухал хэсэг бөгөөд жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах, хохирогч төвтэй шударга шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Шүүхийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд бид хохирогчийн эрх, аюулгүй байдалд онцгой анхаарах, хууль зүйн тусламжийг хүн бүрд ижил тэгш, шуурхай, хүртээмжтэй олгох, нийгмийн хамгийн эмзэг бүлэгт хүрч ажиллахыг эрхэмлэдэг. Эрх зүйн хөгжлийн олон улсын байгууллагатай бид өмнө нь шүүхийн ил тод байдал, хамтын ажиллагаа, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх зэрэг цөөнгүй чиглэлээр хамтран ажиллаж байлаа. Энэхүү төсөл хууль зүйн салбарын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, хохирогч төвтэй жендерийн мэдрэмжтэй хандлагыг төлөвшүүлэх үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.
Ялангуяа шүүхийн салбарт ирэх 2026 оноос үйл ажиллагаа явуулж эхлэх нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн бэлтгэл ажил, цаашдын төлөвшилд төслийн үр өгөөж өндөр байна гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөө талаас, уг төсөл хөдөө орон нутгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн тогтолцоонд хүүхдийн эрхийг хамгаалах ажилд тухайлан үнэтэй хувь нэмэр оруулах алхам мөн.
Энэхүү төслийн хүрээнд хамтран ажиллаж, Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалахад хөдөлмөр, зүтгэлээ зориулж буй. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Канад Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад түнш та бүхэнд Монгол Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Төслийн хүмүүнлэг зорилтыг хэрэгжүүлэх ажилд өндөр амжилт, та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баярлалаа” хэмээсэн юм.
Үйл ажиллагаанд үндсэн илтгэгчээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн оролцсон бөгөөд “Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүн таслах ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээл, бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр илтгэлийнхээ үеэр “2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Тиймээс энэ удаагийн төслийн үйл ажиллагаа цаг үеэ олсон ажил юм” гэдгийг тодотгож, “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахад анхаарах хэд хэдэн асуудал бий. Үүнд, гэр бүл, хүүхдийн асуудлаар мэргэшсэн шүүгч, прокурор, өмгөөлөгч ажиллах, шүүхийн дэд бүтэц, зохион байгуулалт хүүхдэд ээлтэй байх, хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэргэжилтнүүдийг оролцуулдаг байх зэрэг шаардлагууд байгаа нь судалгаанаас гарсан” гэдгийг онцоллоо.
Ташрамд дурдахад төслийн хоёр дахь шатыг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд иргэний нийгмийн байгууллага, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэн, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан, хүний эрхэд суурилсан хариу арга хэмжээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.
Мөн Монгол Улсад анхны Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.