Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ле Минь Чий тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Ц.Цогт, Д.Батбаатар, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, ГХХАА-ны дарга Д.Тулга, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг болон БНСВУ-ын Ардын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, шүүгч Ле Тиен, шүүгч Дао Ти Минь Туй, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хянах, хянан хэлэлцэх газрын дарга До Ти Хай Иен, Аж ахуйн нэгж, бизнес болон худалдаа, хөдөлмөр эрхлэлт, дампуурал, гэр бүл, насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх, хянан шалгах газрын дарга До Те Бинь тус шүүхийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Ван Ту, Эрх зүй, судалгааны газрын дарга Ле Те Фук, Мэдээлэл, технологийн газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Нго Хай Тыөнг, Тамгын газрын мэргэжилтэн Ле Ван Донг, Хочиминь хотын Ардын шүүхийн Ерөнхий шүүгч Ле Тань Фонг, Вьетнамын Хэвлэл мэдээллийн агентлагийн Бээжин дэх Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Чу Гонг Дүйен нар оролцов.
Уулзалтын үеэр талууд шүүх засаглалын шинэчлэл, түүнийг дагасан өөрчлөлтийн талаар хэлэлцсэнээс гадна Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Ардын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ле Мин Чий-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны анхны айлчлалыг тохиолдуулан хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдсэн шинэчлэл, шүүхийн цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд харилцан туршлага судлах, сургалт, судалгааг хөгжүүлэх, мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохирсон юм.