“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Удирдах хорооны анхны хурал 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралд Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй холбогдох албаныхан, Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелмут Кулиц, төслийн Герман талын төлөөлөгчид, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо, Шүүхийн академийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Твиннинг буюу Хосолмол түншлэл шүүх засаглалын салбарт хэрэгжиж байгаад таатай байна. Өнгөрсөн 04 дүгээр сараас хойш төсөл хэрэгжүүлэх байгууллагууд төслийн багийнхантай шат дараалсан уулзалтуудыг хийсний үр дүнд төслийн эхний зургаан сарын хугацаанд есөн ажил хэрэгжүүлэхээр тогтсон юм” хэмээв.
Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Европын холбоо Монголын шүүхийн тогтолцоог дэмжиж байгаа нь олон шалтгаантай. Шүүхийн сайн систем ардчиллын суурь болдог. Энэхүү Хосолмол түншлэлийн хөтөлбөр нь Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрүүдэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.
Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелмут Кулиц “Монгол Улсад анх удаа Хосолмол түншлэлийн хөтөлбөрийг ХБНГУ хэрэгжүүлж байгаад баяртай байна. ХБНГУ Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт хамгийн ойрын түнш байсаар ирсэн. Төсөл зөвхөн шүүхийн салбарын тогтолцоонд бус Монголын иргэн бүрд үр дүн өгнө гэж харж байна” хэмээсэн юм.
Түүнчлэн хурлын үеэр Төслийн байнгын зөвлөх Кристоф Копецки гурван бүрэлдэхүүн хэсэг /Улсын дээд шүүх болон Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо/ тус бүрд төслийн эхний зургаан сард хэрэгжүүлэх есөн ажлын болон олон нийттэй харилцах төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Тэрбээр төслийг олон нийтэд танилцуулах талаар оролцогчид байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудыг үе шаттайгаар зохион байгуулна гэдгийг тодотгоод “Төслийн нээлт ирэх 07 дугаар сарын 1-нд болно” гэдгийг онцолж байв.
Хурлын төгсгөлд оролцогчид төслийн эхний зургаанд сард хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож, ажлын төлөвлөгөөг албан ёсоор баталсан юм.
САНАЛ ХҮСЭЛТ