Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчдад Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц, бичиг хэргийн бүртгэл болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтэн өгсний дараа Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар  Их танхимд  хүлээн авсан юм.

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ сурагчдын сонирхсон асуултад хариулж, “Хүн өдөр тутамдаа эрх зүйн харилцаанд орж байдаг. Тиймээс хууль хэрхэн батлагддаг, хэрэгждэг талаар хүн бүр тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Ямар ч мэргэжил эзэмшсэн тууштай хичээнгүй байхаас гадна эрх зүйн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй” гэдгийг тодотголоо.

Мөн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр Үндсэн хууль, гурван шатны шүүх тэр тусмаа Улсын дээд шүүхийн чиг үүрэг, Шүүхийн академи, шүүх хуралдааны шууд дамжуулалтын талаар сурагчдад мэдээлэл өгч, “Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж хэлсэн байдаг. Алганд багтахуйц жижиг буюу цөөхөн зүйл, заалттай хуулиар 3.5 сая хүн амын амьдралыг шийдэж болдог. Бусад салбар хууль Үндсэн хуульд үндэслэдэг.  Азийн улс орнуудаас Монгол Улс анх Үндсэн хуулиа тунхагласан” гэдгийг онцоллоо. Сурагчдын зүгээс шүүх эрх мэдэл, шүүхийн тогтолцоо болон мэргэжил сонгоход ач холбогдолтой мэдээлэл авлаа гэдгээ илэрхийлж байв.