Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй холбогдох албаныхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн төлөөлөгчдийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг болон холбогдох албаныхан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн Ерөнхийлөгч Нгуен Шуан Тху тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр талууд шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар санал солилцож, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн хооронд байгуулсан уг санамж бичиг нь судлаачид болон хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, туршлага солилцох, шинжлэх ухааны судалгаа, шүүгчийг давтан сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм.