Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню
A A

“ДАГНАСАН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО: ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ БА ГЭР БҮЛ”

олон улсын эрдэм шинжилгээний хурал

ХУРЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

 

Удиртгал:

Дэлхийн улс орнууд гэмт хэрэг, зөрчил үйлдсэн эсхүл хохирсон, өөр бусад байдлаар шүүх үйл ажиллагаанд татагдан оролцож буй насанд хүрээгүй хүний хувьд тэдний нас, бие, сэтгэл зүйн онцлогт тохирсон, цаашид бие хүн болон төлөвшихөд нь онцгой анхаарсан хэрэг хянан шийдвэрлэх эерэг орчин, тусгай журам шаардагддагийг харгалзан үзэж, хүүхдийн хэргийн шүүх, гэр бүлийн шүүхийг дагнан байгуулаад цөөнгүй жил болж байна. Тухайлбал Австрали, АНУ-ын зарим муж, ХБНГУ, Канад, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон, Бельги зэрэг улсууд гэр бүлийн дагнасан шүүхтэй бол, Англи, Австри, Хонконг, Тайван зэрэг улсын шүүхүүд гэр бүлийн хэргийн танхимтай байна.[1]

Монгол Улсын хувьд шүүхийн журмаар гэрлэлт цуцлалт, тэтгэлэг гаргуулах хэрэг маргааны тоо жил тутам өсөж байгаа бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэгдэж байгаа хэргийн 10-12 хувийг Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг эзэлдэг байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг баталсан бөгөөд тус хуульд заасны дагуу Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгуулахаар болсон юм.

Энэхүү олон улсын хурлаар Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдахтай холбогдуулан “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” ерөнхий сэдвийн хүрээнд Монгол болон ХБНГУ, Нидерланд, Япон, БНСУ, Бүгд Найрамдах Турк улс, АНУ-ын эрдэмтэн, шүүгч нар илтгэл танилцуулж, харилцан туршлага солилцоно.

 

Хурлын зорилго:

Шүүхээс гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шударга, үр дүнтэй,  хэрэгжүүлэх үүднээс энэ төрлийн хэргийг харьяалан шийдвэрлэх мэргэшсэн тогтолцоо бүрдүүлсэн улсын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зохист тогтолцоог бий болгох  тодорхойлох бэлтгэл ажлыг хангахад чиглэх юм.

Иймд “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” ерөнхий сэдвийн хүрээнд бусад улсын онол, практик туршлагын талаар дотоодын болон гадаадын эрдэмтэн, судлаач болон шүүгч нар илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд оршино.

 

Сэдэв:

Тус хурал нь “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” гэх ерөнхий сэдвийн хүрээнд явагдах бөгөөд гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, энэ салбарт үйл ажиллагаа явуулах дагнасан шүүхийн харьяалах маргаан, процесс ажиллагаа болон бүтцийг нарийвчлан тодорхойлоход шаардлагатай дараах үндсэн чиглэлээр илтгэгчид илтгэл танилцуулна.

  • Гэр бүл ба хамтын амьдрал, үрчлэлт, гэрлэлт цуцлалт, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхол, асран хамгаалалт, дундын эд хөрөнгийн харилцаан дахь тулгамдсан асуудал;
  • Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа;
  • Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн хэрэг хянан, шийдвэрлэх ажиллагаа ба шүүхийн бүтэц, зохион байгуулалт.

 

Хурлаас хүлээгдэж буй үр дүн:

Эрдэм шинжилгээний хурал нь салбарын эрдэмтэн, судлаач, шүүгчдийн цуврал илтгэлээс бүрдэх бөгөөд илтгэлийн сэдэвтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулна. Уг эрдэм шинжилгээний хурал нь бусад улс, орны сайн туршлагад үндэслэн гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн бүтэц, зохион байгуулалт, тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохист хувилбарыг эрэлхийлэхэд чиглэгдэнэ. 

 


[1] Шүүх байгуулах тухай хуулийн үзэл баримтлал, https://lawforum.parliament.mn/project/492/.