Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор намууд Улсын дээд шүүхэд намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх ёстой. Тэгвэл улс төрийн намын дүрмийн шинэчилсэн бүртгэлийн явцын талаар Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэртэй ярилцлаа.
–Улсын дээд шүүх намтай холбоотой ямар төрлийн бүртгэл хийж буй талаар ярилцлагаа эхлүүлье?
-Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасныг ярилцлагын эхэнд онцлон дурдья. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталсан. Уг журмаар улс төрийн намыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах болон татан буулгах, намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон намын даргыг томилсон шийдвэрийг бүртгэх, бүртгэлээс хасах, намыг идэвхтэйд, эсхүл идэвхгүйд тооцох, түүнчлэн намын нэрийн сан хөтлөх, тамга тэмдгийн хяналтын дугаар олгох зэрэг хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг нарийвчлан зохицуулсан.
Энэ дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын Бүртгэлийн алба намуудаас ирсэн материалыг хүлээн авч, бүрдлийг шалгаж хуваарилагдсан шүүгч, танхимд танилцуулах, Нийт шүүгчийн хурлын бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд мэдээлэх, холбогдох лавлагаа, мэдээллийг олгох зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэж байна.
-Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш намуудаас Улсын дээд шүүхэд хэчнээн өргөдөл ирүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх тоон мэдээг өгнө үү?
-Улсын дээд шүүх намын бүртгэлтэй холбоотой 2024-2025 онд 66 өргөдөл хүлээн авсан байна. Үүнээс нам үүсгэн байгуулагдсаныг бүртгүүлэх 7, намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх 43 (дагаж мөрдөх журмын тухай хуулиас өмнө ирсэн 7, дагаж мөрдөх журам хэрэгжиж эхэлснээс хойш ирсэн 36 өргөдөл), нам өөрчлөн байгуулагдсаныг бүртгүүлэх 2, намын даргыг бүртгүүлэх 13, намын нэр өөрчлөгдсөнийг бүртгүүлэх 1 өргөдөл ирүүлсэн байна.
Энэ дундаас хуулийн хугацаа тулсан, тодотгож анхаарах асуудлыг ярилцлагын эхэнд би дурдсан. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуультай холбогдуулан энэ онд багтааж, намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр ирүүлэх тал дээр намууд онцгой анхаарах шаардлагатай байгааг дээрх тоон мэдээлэл харуулж байна. Өдгөө Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. Түүнээс одоогийн байдлаар 15 намаас намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр давхардсан тоогоор 36 өргөдөл ирүүлжээ. Үүнээс:
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас 11 өргөдлийг буцаасан, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас 19 өргөдлийг бүртгэхээс татгалзсан байна. Иргэдийн Оролцооны Нэгдэл намыг бүртгэсэн. 5 өргөдлийн хувьд ажиллагаа хийгдэж байна.
-Дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр намуудаас ирүүлсэн өргөдлийг хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр Улсын дээд шүүхээс ихэнхдээ буцааж буй талаар намуудын төлөөлөл хэлж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хуулинд заасан үндэслэл, шаардлагыг хангуулах талаар анхааран ажиллаж байна. Улс төрийн нам бол иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл. Намууд зөвхөн хуульд заасан шаардлагыг нэг удаадаа хэлбэрийн төдий хангахад зорих бус, цаашид намын хөгжил, төлөвшилд өндөр ач холбогдолтой шинэчлэлт гэж харж, хуулийн агуулгыг тусгах, улмаар маргаан гарахгүй, маргаан гарсан ч шүүхээр шийдвэрлүүлэхэд баримтлах дүрмийн зохицуулалт тодорхой байхад анхаарлаа хандуулж хариуцлагатай хандах шаардлагатай байна.
Өргөдлийн хувьд баримт бичгийн бүрдэл хангахаас гадна намын бүтэц, зохион байгуулалтын талаар дүрэмд тусгах ёстой хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал, намын дүрэмд заавал тусгах ёстой 10 нийтлэг зүйлийг[1] хуулийн 15.2 дахь хэсэгт тогтоосон. Эдгээрийг орхигдуулваас хийдэл үүсч, шийдвэрлэх боломжгүй маргаантай асуудлууд бий болохоор байна. Нэгдмэл ойлголт тогтоох үүднээс Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаанаар “Шалгах хуудас” бий болгосон. Тодруулбал, “Шалгах хуудас 1” намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан үйл ажиллагаа нь тухайн намын хүчин төгөлдөр дүрэмд нийцсэн эсэхийг, “Шалгах хуудас 2” намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцсэн эсэх, “Шалгах хуудас 3” нам үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцсэн эсэхийг хянах зорилготой.
Эдгээрийг Улсын дээд шүүхийн цахим хуудаст нээлттэй байршуулсан. Хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал анзаарагдаж байгаагаас жишээ дурдвал: Дүрэмд тусгахаар хуульд заасан агуулгыг орхигдуулах, хуульд заасан агуулгаас өөрөөр тусгах, дүрмээр намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд байхаар заасан асуудлыг бүтцийн өөр байгууллагад шилжүүлэх, давхардуулан заах зэрэг алдаа зөрчлүүд түгээмэл байна.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар (§17.3) Нам нь намын удирдах дээд байгууллагын чөлөө цагт ажиллах намын төлөөллийн төв байгууллагатай байна. (§17.4) Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй хэмжээнд дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Иймд намын их хурлаар дүрмээ батлуулсан ч хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд багтах хэмжээний бага зэрэг өөрчлөлтийг заавал намын их хурлаа дахин хуралдуулахгүйгээр шийдвэрлэх боломжийг олгосныг мөн дурдах нь зүйтэй.
–Улс төрийн намууд шинэ хуулийн үзэл баримтлал, шаардлагад нийцүүлэн намын дүрмээ шинэчлэн бүртгүүлэх үүргийн талаар та, бид хоёр багагүй ярилаа. Харин энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах нэгж нь Улсын дээд шүүхийн Тамгын газар гэж ойлгож болох уу. Тийм бол та бүгд өнгөрсөн хугацаанд ямар ажлыг хийж хэрэгжүүлэв?
-Хуулийн хэрэгжилтийг хууль батлагдснаас хойш УИХ-аас 1 удаа сунгасан нь намууд бэлтгэл дутуу байсантай холбоотой. Бид СЕХ-той хамтран 2024 оны 2 дугаар сард “Улс төрийн намын бүртгэл” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн зохицуулалтын онцлог, анхаарах асуудал, бүртгэл хөтлөх журмын төслийн талаар намуудын төлөөллийг оролцуулж, санал солилцон нэгдмэл ойлголт өгснөөс эхлээд тогтмол мэдээллээр ханган ажиллаж байна. Улсын дээд шүүхийн Тамгын газраас Улс төрийн намын бүртгэлийн программыг хөгжүүлж, “Хур” системтэй холбож, бүртгэл мэдээллийн үйл ажиллагааг боловсронгуй болгосон. Үүнээс гадна “Нам хэрхэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа шинэчилж бүртгүүлэх вэ” сэдвийн хүрээнд мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх контент бэлтгэн цахим хуудастаа байршуулсан. Улс төрийн намын тухай хуулийн 14.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн Supremecourt.mn цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсэгт намуудын мэдээллийг тухай бүр ил тод байршуулан олон нийтэд нээлттэй хүргэн ажиллаж байна. Өнгөрсөн 11 дүгээр сарын 7-ны өдөр “Улс төрийн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт (Шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэхэд анхаарах асуудал” уулзалтыг намуудын төлөөллийг оролцуулан Сонгуулийн ерөнхий хороотой хамтран зохион байгууллаа.
–Хуулийн хугацаанд багтаж, намууд дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй бол тухайн намын эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ?
-Улс төрийн нам төрийн эрхийг барих сонгуульд өрсөлдөхийн тулд хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангасан байх ёстой. Ийм шаардлагыг хангаагүй байх нь намын үйл ажиллагаа хязгаарлагдах эрх зүйн үр дагавартай. Үүнд төрөөс улс төрийн намд олгох санхүүжилтэд нөлөөлөх, цаашлаад сонгуульд нэр дэвшүүлэх, өрсөлдөх боломжгүй ч болох эрсдэлтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь намын дүрмийн маргаанаас намын үйл ажиллагаа доголдоход хүрдэг бөгөөд сонгууль дөхөх тусам засаж залруулахад хүндрэлтэй байдалд ордог болохыг анхаарах нь зүйтэй.
Эх сурвалж:NEWS.MN
САНАЛ ХҮСЭЛТ