Монгол Улсын шүүхийн тухай хуульд Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулахаар заасны дагуу ээлжит гуравдугаар чуулганыг энэ оны 10 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар товлоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүнээр сонгогдон ажиллаж буй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүнээс тодруулга мэдээлэл авлаа.
-Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчид оролцдог нийт шүүгчийн III чуулган удахгүй болох юм байна. Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганаар ямар ямар асуудлуудыг хөндөж хэлэлцэхээр болоод байна вэ?
-2021 оны нэгдүгээр сард шинэчлэн найруулагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Нийт шүүгчийн чуулган зохион байгуулагдахаар хуульчлагдсан. Энэ онд гурав дахь удаагийн чуулганыг зохион байгуулахаар Ажлын хэсгийг дөрөвдүгээр сард байгуулан ажиллаж байна. Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх тулгамдсан асуудлуудын саналыг шүүгчид болон нийт шүүхүүдээс авсан. Нийт 530 гаруй саналыг ирүүлсэн. Үүнээс хамгийн олон давтагдаж буй асуудлуудыг Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тулгамдаад буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгчдийн нийгмийн асуудал, шүүхийн төсөв, байр, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц гэх мэт асуудлуудыг хэлэлцэнэ. Тулгамдаж буй дээрх асуудлуудад тодорхой шийдэл гарах байх. Үүнийг эрх бүхий байгууллагууд руу уламжлах асуудлыг ярина. Мөн өмнөх хоёр удаагийн чуулганаас гарсан шийдвэрүүдийн биелэлт хэдэн хувьтай, гүйцэтгэл ямар байгааг дүгнэн ярилцахаар чуулганы хэлэлцэх асуудалд оруулсан.
-Энэ удаагийн Нийт шүүгчийн чуулган нь өмнөх хоёр чуулганаас ямар онцлогтой вэ?
-Нийт шүүгчийн чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны гишүүнийг сонгох, огцруулахтай холбоотой асуудал, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсдог. Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганы онцлог асуудал бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн бүрэн эрх дуусаж буйтай холбоотойгоор тус байгууллагын шүүгч гишүүдийг сонгох сонгууль зохион байгуулах явдал юм.
-Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахын ач холбогдол юу вэ?
-Бүх шатны шүүхүүдэд харилцан адилгүй тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Монгол Улсын нийт шүүгчид цуглаж, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, тодорхой шийдлүүд гарах агуулгаараа чуулганы үйл ажиллагаа ач холбогдолтой юм.
ЭХ СУРВАЛЖ:GOGO.MN
САНАЛ ХҮСЭЛТ