Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч нар оролцох Нийт шүүгчийн гуравдугаар чуулган ирэх аравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүн Т.Бадрахтай ярилцлаа.
-Нийт шүүгчийн ээлжит гуравдугаар чуулган болох гэж байна. Уг чуулганыг зохион байгуулахын ач холбогдлын талаар тодотгохгүй юу?
-Шүүхийн тухай хуулийг 2021 онд шинэчлэн найруулахад шүүхийн өөрөө удирдах ёсны дээд тогтолцоо болох Нийт шүүгчийн чуулганыг шинээр бий болгож, хоёр жил тутам зохион байгуулахаар хуульчилсан. Энэ чуулган нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргаж Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг хуваарилах журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах зэрэг чухал бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Энэ удаад болох чуулган нь Нийт шүүгчийн гуравдугаар чуулган бөгөөд шүүх эрх мэдлийн тулгамдсан асуудлыг чуулганы эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, бодлого боловсруулагчид уламжлахад чиглэсэн чухал хэлэлцүүлгүүд өрнөх юм.
-Олон улсын судалгаагаар ч, дотоодын үнэлгээгээр ч шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл сүүлийн жилүүдэд хангалттай түвшинд хүрэхгүй байгаа. Ийм үед Нийт шүүгчийн чуулган болж байгаа учраас дээрх асуудал хэлэлцэх гол сэдвийн нэг байх болов уу?
-Үнэхээр тийм. Шүүхийн нэр хүнд бол зөвхөн шүүгчдийн асуудал биш, ардчиллын тогтвортой байдал, иргэдийн шударга ёсонд итгэх итгэлийн үндэс юм. Нийт шүүгчийн чуулганы нэн чухал ач холбогдол нь бүх шатны шүүхийн шүүгчид хуран чуулж, салбарынхаа тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлээ хамтдаа ярилцдагаараа онцлог. Гэхдээ өдөр тутмын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх арга хэмжээ гэхээс илүүтэйгээр шүүхийн хараат бус байдал, шударга шийдвэр гаргах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын шинжтэй уулзалт байх учиртай. Чуулганы үеэр шүүхийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, иргэдийн итгэлийг сулруулж буй хүчин зүйлсийг нээлттэй хэлэлцэж, бодитой шийдэл, арга зам эрэлхийлэх нь шүүхийн нэр хүндийг сэргээж, шударга тогтолцоог төлөвшүүлэхэд чухал түлхэц болно.
-Шүүх эрх мэдлийн салбарын чадавхыг сайжруулах нь нийгмийн хөгжлийн хамгийн чухал хэмжүүр гэж үзэх нь бий. Энэ утгаараа Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах нь нийгэм, олон нийтэд үр өгөөжөө өгөх үйл ажиллагаа гэх ойлгож болох уу?
-Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахын ач холбогдлын талаар дээр цухас дурдсан. Мэдээж нийгэмд шууд болон шууд бусаар эерэг нөлөөллүүдийг бий болгох нь тодорхой. Юуны өмнө шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх шатны шүүгч нар өөрийн үйл ажиллагааг нээлттэйгээр дүгнэж, шинэчлэл хийх эрмэлзэлтэй байгаа нь Ажлын хэсэгт ирүүлсэн саналуудаас нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, салбартаа тулгамдаж буй асуудлуудыг олон нийтийн өмнө нээлттэйгээр хэлэлцэж, ажил хэрэгч санал шүүмжлэлүүдийг өрнүүлж, гарц шийдлээ хамтдаа олохоор эрмэлзэж байгаа нь сайн хэрэг. Үүний үр дүнгээр ч олон нийтийн шүүхэд итгэх эргэлзээ тайлагдах, асуудлын зангилаа хаана байгааг ойлгох, иргэдийн шүүхийг харах өнцөгт бодит үнэлэлт дүгнэлт өгөх боломж бий болох талтай. Харин шууд бус нөлөө нь илүү гүнзгий бөгөөд урт хугацаанд үр дүн нь гарах юм. Шүүгчид ёс зүй, хариуцлагын асуудлыг хамтдаа хэлэлцэж, илүү өндөр стандарт мөрдөх хандлага төлөвшдөг. Энэ нь шүүхийн дотоод соёл, хандлагад эерэг өөрчлөлт авчирч, шүүгчдийн мэргэжлийн хариуцлага нэмэгддэг. Үүний зэрэгцээ иргэдийн эрхийг хамгаалах хууль хэрэгжилтийн орчин тогтворжиж, нийгэмд шударга ёсны талаарх итгэлцэл, ойлголт нэмэгддэг. Мөн уг чуулган болох гэж буй нь шүүхийн тогтолцоог илүү ардчилсан, ил тод, хариуцлагатай болгоход чухал алхам болох юм.
-Шүүгчийн ёс зүй, хариуцлагын асуудал олон нийтийн дунд ихээхэн хөндөгддөг. Нийт шүүгчийн гуравдугаар чуулганаар энэ тал дээр ямар өөрчлөлт авчрах вэ?
-Шүүгчийн ёс зүй бол шударга ёсны тогтолцооны гол тулгуур бөгөөд олон нийт энэ асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Чуулганы үеэр шүүгчид өөрсдийн алдаа, дутагдал, ёс зүйн хэм хэмжээг нээлттэйгээр хэлэлцэх тул шүүх байгууллага дотоодоосоо өөрийгөө шинэчилж, хариуцлагаа ухамсарлаж чаддаг гэдгийг харуулж байгаа юм. Мөн ийм хэлэлцүүлэг нь иргэдийн дунд “Шүүх зөвхөн бусдыг дүгнэдэг биш, өөрийгөө ч дүгнэж чаддаг” гэсэн ойлголт, итгэлийг бий болгож, шүүхийн ил тод байдал, хариуцлагын соёлыг төлөвшүүлэхэд нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
-Нийт шүүгчийн чуулган гэх ойлголт манай улсад харьцангуй шинэ хэвээрээ байна. Бусад улсад шүүхийн өөрөө удирдах ёсны дээд тогтолцоо гэгдэх энэ төрлийн чуулган хэр тогтворжсон байдаг юм бол?
-Хөгжингүй улс орнуудад аль хэдийн хөгжил төлөвшлөө олсон байдаг. Тухайлбал Герман, Франц зэрэг оронд шүүгчдийн үндэсний хурал тогтмол зохион байгуулагддаг бөгөөд тэнд зөвхөн шүүхийн бодлого төдийгүй иргэдийн санал асуулга, нийгмийн судалгааны дүнг өргөн хүрээнд хэлэлцдэг. Монгол Улсад Нийт шүүгчийн чуулган эдгээр асуудлыг тодорхой хэмжээнд хөндөж эхэлсэн ч олон улсын жишигт хүрэхийн тулд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, судалгаанд тулгуурласан системтэй бодлого боловсруулах шаардлага бий. Тиймээс ч гурав дахь удаагийн Нийт шүүгчийн чуулганд хараат бус судлаачид, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа нь энэ чиглэлд ахиц гаргах алхам юм.
-Аливаа хурал чуулганыг зохион байгуулах нь нэг хэрэг. Хамгийн гол нь үр дүнд хүрэх нь чухал. Энэ чуулганаас хүрэх үр дүнгийн талаар юу хэлэх вэ?
-Юуны өмнө чуулганы шийдвэрүүдийг бодит ажил болгох хэрэгтэй. Иргэд зөвхөн үг сонсох бус өөрчлөлтийг амьдрал дээр мэдэрмээр байна. Мөн чуулганы хэлэлцүүлгийг илүү нээлттэй явуулж, хэвлэл мэдээллээр шууд дамжуулах, олон нийтийн асуултад нээлттэй хариулах хэлбэрийг туршвал олон нийт шүүхийг ойлгоход нэмэртэй. Нийгэмд ийнхүү нээлттэйгээр асуудлаа ярилцах нь шүүх эрх мэдлийн салбар дахь хариуцлагын тогтолцоо сайжрахад түлхэц болно гэж итгэж байна.
-Ярилцлагын сүүлийн асуултыг танд үлдээе?
-Нийт шүүгчийн гуравдугаар чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн зүгээс хүлээж буй үр дүн бол шүүхийн байгууллага “Бид өөрөө өөрсдөдөө хяналт тавьж чаддаг, шударга ёсыг хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэдгээ нийгмийн өмнө харуулах явдал юм. Нэг ёсондоо, Нийт шүүгчийн чуулган бол шүүхийн байгууллагын үнэт зарчим, ардчиллын баталгаа, шударга ёсны илэрхийллийг илтгэх шүүхийн өөрөө удирдах ёсны дээд тогтолцоо юм гэдгийг харуулахад оршино.
Эх сурвалж: IKON.MN
САНАЛ ХҮСЭЛТ