Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар Шихихутуг их сургуультай Хамтын ажиллагааны санамж бичигт 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Мэдээллийн аюулгүй байдал, технологийн хэлтсийн дарга Б.Энхтөр, Ерөнхий шүүгчийн зөвлөх доктор, дэд профессор М.Хатанзориг тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд болон Шихихутуг их сургуулийн ректор, профессор Д.Оюунцэцэг, Ахисан түвшний сургуулийн захирал С.Оюунбилэг, Судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Нармандах, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Г.Амаржаргалан, Судалгааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор А.Отгонсүх, Захиргаа, үйл ажиллагаа эрхэлсэн проректор Л.Мөнхдэмбэрэл нар оролцсон юм.
Энэ үеэр Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Улсын дээд шүүх нь МУИС болон Удирдлагын академитай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ удаа Шихихутуг их сургуультай санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар боллоо. Санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, ном товхимол солилцох, хандивлах, цахим номын фондыг баяжуулах, шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо” гэв.

Мөн Шихихутуг их сургуулийн ректор, профессор Д.Оюунцэцэг "Улсын дээд шүүхтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буй нь түүхэн үйл явдал юм. Шүүх нь шүүн таслах ажиллагаа явуулахаас гадна хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудтай хамтран ажиллаж байгаад таатай байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хууль эрх зүйн салбарт тулгамдаж буй судалгааны дутагдлыг нөхөх, оюутнуудын эрх зүйн боловсрол, шүүхийн талаарх ойлголт, мэдээллийг дээшлүүлэхэд хамтран ажиллах, зорилтот сургалт, контент хийх, оюутны хийсэн судалгаанд шүүгчийн судлаач туслахуудаар зөвлөгөө өгүүлэх, сургуулийн оюутны клубтэй хамтран "Улсын дээд шүүхтэй танилцах хөтөлбөр" хэрэгжүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж бүрдэж байна" гэдгийг тодотголоо.
Тэрбээр Их эзэн Чингис хаан Шихихутугийг Их заргачаар томилж байсан түүхийг дурдаж, Улсын дээд шүүхийн үзмэрийн танхимд дурсгал болгон байршуулж буй хөшөө баримлыг 1990-ээд оноос тухайлан хөгжүүлж буй “Шихихутуг судлал”-ын түүхэн шинжилгээнд тулгуурлан МУУГЗ А.Очирболдоор урлуулсан тухай онцолсон юм.
Улсын дээд шүүхийн Үзмэрийн танхим нь шүүхийн түүхийг иргэд, олон нийт, оюутан залуус, сурагчдад таниулан сурталчлах зорилготой билээ.
САНАЛ ХҮСЭЛТ