“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (Equal Justice for all in Mongolia) төслийн ээлжит хурлыг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхийн байранд зохион байгууллаа.
Хурлыг Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа ахалж, Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, гишүүн Л.Өлзийжаргал, Шүүхийн Сахилгын хорооны дарга С.Энхтөр, гишүүн Х.Хашбаатар, тус байгууллагын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Ө.Бат-Эрдэнэ, Шүүхийн академийн Сургалтын албаны дарга Г.Халиунаа, “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл, мөн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Төрболд болон “EJAM” төслийн удирдагч С.Билгүүн, зохицуулагч Ч.Чинхүслэн нар оролцов.
Хурлын эхэнд “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн Шүүхийн байгууллагуудын ажлын хэсгийн гишүүдэд орсон өөрчлөлт, хэлэлцэх асуудлыг хурал даргалагч Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа танилцуулах үеэрээ “Энэхүү төслийн хүрээнд таван байгууллага бодлогын түвшинд нэгдэж, шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах юм. Ингэснээр шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрхийг хангаад зогсохгүй, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч, иргэн төвтэй төрийн үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бий болгохоор зорьж байна” гэдгийг онцоллоо.
Энэ удаагийн хурлаар Шударга ёсны хүртээмжийн ажлын хэсгээс гаргасан “Монгол Улс дахь шударга ёсны хүртээмж” судалгааны тайлантай танилцав. Энэхүү судалгааг “Оюуны-Инноваци”, “Монголын ахмадын холбоо”, “Монфемнет үндэсний сүлжээ”, “Бодлогод залуусын хяналт”, “Judilagy”, “Хөөрхөн зүрх”, “Баруун бүсийн хөгжлийн төв”, “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” зэрэг найман төрийн бус байгууллага хамтран хийжээ.
Тус судалгаанд шударга ёсны хүртээмжийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээлийг бүтцийн, хууль зүйн болон процессын, санхүүгийн, нийгмийн болон соёлын, захиргааны, хандлагын, мэдээллийн хүртээмжийн, технологи цахимжилт дагасан шинжтэй зэрэг найман агуулга сэдвийн хүрээнд бүлэглэн, дүгнэлт зөвлөмж гаргасан байна.
Хурлын үеэр талууд энэхүү судалгааны зөвлөмжтэй нэг бүрчлэн танилцаж, хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцэн, өмнөх уулзалтаас гарсан ажлын үйл явц хэрхэн өрнөж байгаа мэдээллийг төслийн зохицуулагчаас авлаа.
Хурлын төгсгөлд дараагийн хурлын товыг тогтон, хэлэлцэх асуудлын талаар нэгдсэн ойлголтод хүрэв.
Ташрамд дурдахад, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийг Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхэлсэн Комиссарын газар хариуцан Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Монголын Шүүгчдийн холбоо, Шүүхийн академи иргэний нийгмийн болон эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.
САНАЛ ХҮСЭЛТ