Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Твининг төслийн Удирдах хорооны IV хурлыг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхийн байранд зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтаар хурлын хөтөлбөр, өмнөх Удирдах хорооны хурлын тэмдэглэлийг баталж, бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт болон III улирлын тайлан, төлөвлөгөөтэй танилцаж, ирэх улирлын ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, удирдах хорооны хурлын дараагийн товыг тогтсон юм.

Төслийн байнгын зөвлөх Кристоф Копецки III улирлын буюу өнгөрсөн жил хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулж, “Төсөл хэрэгжих хугацаа талдаа орж, төлөвлөгөөний дагуу экспертүүд ирж ажилласан. Үр шимийг хүртэгч байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж, бодит түншлэл тогтоогоод байна”  гэв.

Мөн тэрбээр шинэчлэгдсэн төлөвлөгөөний дагуу шүүгч нар болон судлаачдад зориулсан холбогдох сургалтуудыг зохион байгуулж, Улсын дээд шүүхийн хэрэг судлалын өгөгдлийн санг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулах, шүүхийн ачааллыг бууруулах чиглэлд хамтран ажиллана.

Түүнчлэн шүүгчийн шалгалтын одоогийн нөхцөл байдал, шүүгчийн дагаж мөрдөх ёс зүйн дүрэм болон цахимжилттай холбоотой хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловруулах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөж буйгаа тодотголоо.

Энэ үеэр Төслийн байнгын зөвлөхийн түнш, шүүгч Ц.Цогт “Төслийн хэрэгжилт, үр дүнтэй холбоотой  мэдээллийг Улсын дээд шүүхийн цахим хуудаст тогтмол байршуулж, мөн шүүхүүдийн Тамгын газарт хүргүүлж байна. Ингэснээр төслийн үр шим хүртэгч байгууллагаас гадна шүүх эрх мэдлийн салбарынхан төслийн хүрээнд гаргасан ажлын тайлан, зөвлөмжийг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Шүүхийн академиар дамжуулан зохион байгуулах сургалтууд ихээхэн ач холбогдолтойгоос гадна оролцогчдод бодит үр өгөөж өгсөн, үлдэцтэй сургалт болох юм” гэдгийг онцолж байв.

Хуралд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах, Шүүхийн Сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Европын холбооны төлөөлөгчийн  газрын Хамтын ажиллагааны газрын дарга  Адриен Моург, Герман талын төслийн удирдагч Андреас Штюве, Төслийн байнгын зөвлөх Кристоф Копецки, Хөтөлбөрийн менежер Арно Апприу, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд нар оролцов.

Европын холбооны санхүүжилтээр ХБНГУ-ын хэрэгжүүлж буй Монгол Улсын шүүх засаглалыг бэхжүүлэх зорилготой Хосолмол түншлэлийн уг төслийг 2025 оны 04 дүгээр сарын 01-нээс Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд  2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм.


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ