Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар Улс төрийн намын бүртгэлийг Нийт шүүгчийн хуралдаанд танилцуулах асуудлыг Захиргааны хэргийн танхимд хуваарилах болон маягтуудын нэр хуульд нийцсэн эсэх талаар хэлэлцээд холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтлоо.
Мөн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Нийт шүүгчийн хуралдаанаар хойшлуулсан Монголын социал демократ намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд шийдвэр гаргах үйл ажиллагаа нь зөрчилтэй, дүрэм хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв. Монголын социал демократ намаас тухайн өргөдлийг Улсын дээд шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлсэн бөгөөд дээрх алдаа зөрчлөө зассаны үндсэн дээр дахин нэг удаа, тодруулбал, энэхүү нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг гардан авснаас хойш 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хандах эрхтэй болохыг мэдээлж байна.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн 2026 оны 01/124 дүгээр албан бичигтэй танилцан, нэмэлт мэдээлэл авахаар хойшлуулав.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, шүүхийн үйл ажиллагааны чанар, үр нөлөө, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн 2026 оны 01/140 дүгээр албан бичигтэй танилцаж санал хүргүүлэхээр тогтов.
САНАЛ ХҮСЭЛТ