Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Улсын дээд шүүхэд шинээр томилогдсон шүүгч Ц.Очийг Эрүүгийн хэргийн танхимд, шүүгч Э.Золзаяаг Иргэний хэргийн танхимд тус тус хуваарилж, шүүгч Д.Батбаатарыг Захиргааны хэргийн танхим руу шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
Улс төрийн нам үүсгэн байгуулагдсаныг болон намын шинэчилсэн дүрэм бүртгэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу улс төрийн намуудаас Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр ирүүлж буй намын дүрэм, хөтөлбөрийг Улс төрийн намын тухай (2023) хуульд нийцсэн эсэх, шинээр нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөл, ирүүлсэн материалыг мөн хуульд нийцсэн эсэхийг шалгах шалгуурыг дотоод ажлын хүрээнд нэг мөр ойлгомжтой тогтоох зорилгоор “шалгах хуудас” үүсгэх, намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх, шинээр улсын төрийн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөл хүлээн авсан шүүгч, холбогдох Бүртгэлийн алба уг шалгах хуудсын дагуу өргөдөл, материалыг хянан шалгаж, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын дагуу шийдвэрлэж байхаар тогтлоо.
Мөн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд нэмэлт тайлбар хүргүүлэхээр тогтов.
Үүнээс гадна Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгээс ирүүлсэн “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д өгөх саналыг хэлэлцэж санал хүргүүлэх, мөн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн “Үндэсний шударга байдлын тогтолцооны үнэлгээний “Улс төрийн нам” хэсгийн тайланд санал, дүгнэлт авах тухай” албан бичигтэй танилцаж, хариу хүргүүлэхээр тус тус тогтов.
Харин Монголын ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээс татгалзлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн албан бичгүүдийг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргав.
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Цахим шүүх 2.0” системийг туршин нэвтрүүлэхтэй холбоотойгоор тоон гарын үсэг ашиглахтай холбоотой хүсэлттэй танилцаж, албан бичгээр хариу хүргүүлэхээр боллоо.
Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай хүссэн албан бичигт шүүгчдээс гаргасан саналыг нэгтгэн хариу албан бичиг явуулахаар болов.
Түүнчлэн Улсын дээд шүүх нь Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналтай холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооноос ирүүлсэн хариу албан бичигтэй танилцаж, Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяаг нэр дэвшүүлэхээр, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.12-т заасан Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох тооллогын комиссын бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч болон шүүгч Э.Золзаяа нар нэрээ дэвшүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт зааснаар Танхимын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр шүүгч Д.Мөнхтуяа улиран сонгогдлоо.
Зөвлөгөөний төгсгөлд Шүүх бүрэлдэхүүн, хуралдаан даргалагчийг томилох цахим систем ашиглах журмын тухай асуудлыг хэлэлцэж, Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг баталлаа.
САНАЛ ХҮСЭЛТ