Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сингапур Улсын дээд шүүхэд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Сингапур Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Сундареш Менонтой хоёр талын уулзалт хийж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Гэр бүл, хүүхдийн шүүх болон Жижиг хэргийн шүүхэд зочилж, үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтын эхэнд Ерөнхий шүүгч Д.Ганзориг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, хоёр улсын шүүх эрх мэдлийн дээд байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв. Тэрбээр шүүхийн шинэтгэлийг урагшлуулахад хийж хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагааны талаар мэдээлж, талуудын хамтын сонирхолд нийцсэн зарим асуудлаар санал солилцов.
Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг 2026 онд байгуулах бэлтгэл хангаж байгаа энэ үед Гэр бүлийн шүүхийн дагнасан тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, гэр бүлийн эрх зүйн хөгжлийн асуудлаар дуу хоолойгоо олон улсын түвшинд хүргэж буй Сингапур Улсын дээд шүүхээс туршлага солилцож, хамтран ажиллахаар тохирсон нь цаг үеийн чухал алхам боллоо. Сингапур Улс 2014 оноос Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн Гэр бүл, хүүхдийн шүүхийн тогтолцоонд “сэтгэл заслын эрх зүй (therapeutic justice)”-н үзэл баримтлалыг нэвтрүүлж, гэр бүлийн нандин, эмзэг харилцааг хэрхэн оролцогч бүрт хохирол багатай, ирээдүйд харилцан эв зүйтэйгээр хадгалан үлдэхэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд анхааран ажиллаж буй талаараа танилцуулав.
Айлчлалын үеэр Сингапур Улсын дээд шүүхийн Шилжилт, инновацын газрын дарга Тан Кен Хви шүүхийн цахимжилтын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Тус шүүх нь иргэний шүүхэд хандах эрхийг хангах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх, шүүхийн үйлчилгээг хялбаршуулах, зардлыг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор технологийн хөгжилд анхаарал хандуулдаг бөгөөд удаан хугацааны туршилт, программын сайжруулалтын үндсэн дээр үйл ажиллагаагаа цахимжуулсан байна. Түүнчлэн шүүхээр шийдвэрлүүлэхээр гаргаж буй хэрэг маргааны голлох хувийг эзэлдэг жижиг хэрэг буюу 20,000 сингапур доллар хүртэлх маргаантай хэргийг хянан шийдвэрлэдэг Жижиг хэргийн шүүхийн үйл ажиллагааг цахимжуулж, шүүхийн шийдвэр гаргах процессыг хиймэл оюуны тусламжтайгаар хэсэгчилэн цахимжуулсан тухайгаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэв.
Уулзалтын төгсгөлд талууд шүүгчийн сургалт, шүүхийн технологи, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохирч Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
САНАЛ ХҮСЭЛТ