Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг их, дээд сургуулиудтай хамтран “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Энэхүү өдөрлөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулиас эхлүүлээ.
Өдөрлөгт Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй холбогдох албаныхан, Шүүхийн академи, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа, Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа болон багш, оюутнууд оролцов.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “МУИС-ийн Хууль зүйн сургууль Улсын дээд шүүхтэй 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг зохион байгуулж буй нь цагаа олсон үйл явдал боллоо” гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ цаг төлөвлөлт, хамт олны уур амьсгал, нийслэл болон хөдөө орон нутгийн шүүхэд ажиллахын сул болон давуу тал, шүүгчийн хараат бус байдлын талаарх оюутнуудын асуултад хариулж, “Шүүгч бол нийгмийн эмч. Хуульч, тэр тусмаа шүүгч хүнд мэдлэг чадвараас гадна ёс зүй чухал” гэдгийг тодотгож байв.
Өдөрлөгийн үеэр Улсын дээд шүүхийн Хүний нөөц, сургалтын албаны дарга А.Батдэлгэр Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Шүүгчийн судлаач-туслах, Шүүгчийн туслах-шинжээчийн ажлын байрны чиг үүрэг, цалин хөлс, эдгээр албан тушаалд ажиллахад тавигдах шаардлага, сул орон тоонд томилогдон ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөв.
Мөн Шүүхийн академийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан Шүүхийн академийн ажлын байр, тавигдах шаардлагын талаар танилцуулж, “Шүүхийн академи онол, практик, бодлогын болон харьцуулсан өргөн хүрээний судалгаа хийдэг. Үүнээс гадна дотоодын болон гадаадын шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэн нийтэлж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийдэг. Шүүхийн академид ажилласнаар байнга суралцах боломжтой” гэдгийг тодотгосон юм.
Өдөрлөгийг хааж Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Улсын дээд шүүх бүх талаар нээлттэй бодлого баримтлан ажиллаж байна. Нээлттэй бодлогын цаана шударга ёс, итгэл үнэмшил бий болно. Тийм ч учраас Монгол Улсын дээд шүүх “Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх”-ийг гол зорилгоо болгосон. Газар хатуу, тэнгэр хол болсон үед эрхийг нь хамгаалах шүүх нь шударга, хаалга нь нээлттэй байлгахын төлөө бид бүхэн хичээн ажиллаж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр мэдлэг, ур чадвартай бол ажлын туршлагаас үл хамааран Улсын дээд шүүхийн үүд үргэлж нээлттэй гэдгийг харуулахыг зорьлоо” гэв.