Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй тус танхимын шүүгч нар “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн удирдагч Андреас Штюветэй 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр уулзлаа. 

Уулзалтад  Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн болон шүүгч нар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, референт З.Гэрэлмаа, “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Нэгдүгээр бүрэлдэхүүний хэсгийн ахлагч Др.Арнд Вайшаупт нар оролцов.

Уулзалтын үеэр талууд “Ялын таблиц, ижил гэмт хэрэгт шүүхүүд өөр өөр ял оноодог талаар, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх процесс, ял нэгтгэх зохицуулалт, олны анхаарал татсан хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэвлэл мэдээллийн нөлөөлөл, ийм төрлийн хэргийг олон нийтэд хэрхэн мэдээлдэг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэрхэн тооцоолдог талаар ярилцаж, санал солилцлоо.

 “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн удирдагч Андреас Штюве Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нарын асуултад хариулж, “ХБНГУ-д нийтээр дагаж мөрдөх ялын таблиц байхгүй. Манай улсын Эрүүгийн хуульд ялын интервалыг заасан зохицуулалт үйлчилдэг. Ялын таблицыг дагаж мөрдөх нь нэг талаар шүүгчийн ур чадварт хязгаарлалт тогтоож болзошгүй, иймд зайлшгүй шаардлагатай гэж бодохгүй байна. Ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн хоёр хүнд яагаад ялгаатай ял оноож буй үндэслэлээ шүүгч шүүхийн шийдвэртээ тодорхой тусгаж өгдөг. Түүнчлэн олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор олны анхаарал татсан хэргүүдийг хэзээ хэлэлцэх гэж буй талаар болон шүүх хэрхэн шийдсэн тухай богино хэмжээний мэдээ бэлтгэн түгээдэг” гэдгийг онцолж байв.

Европын холбооноос Монгол Улсын шүүх засаглалыг бэхжүүлэх зорилготой хөтөлбөрийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд төслийн эхний зургаан сарын хүрээнд хийгдэх арга хэмжээг нарийвчлан тогтоохтой холбоотой уулзалтууд үргэлжилсээр байна.