Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн удирдагч Андреас Штюветэй 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт З.Гэрэлмаа, “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн байнгын зөвлөх Кристоф Копецки, Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн ахлагч, шүүгч Др.Арнд Вайшаупт, Германы олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны сангийн ажилтан, Твиннинг төслийн зохицуулагч Катарина Тегедер нар оролцов.
Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүх засаглалын хөгжилд сайн туршлага тогтоосон ХБНГУ тус төслийг хэрэгжүүлж байгаад таатай байна. Бид төслийн хүрээнд сурсан, мэдсэн зүйлээ хуваалцах учраас төслийг хэрэгжүүлж буй байгууллагуудаас гадна бусад хуулийн байгуллагуудад ч тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Улсын дээд шүүхээс төслийн хүрээнд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон Шүүхийн академийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны чанарыг сайжруулах арга хэмжээг үр дүнтэй, өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэхэд анхаарч байна” гэв.
Төслийн удирдагч Андреас Штюве “ХБНГУ эрх зүйт ёс, шүүх засаглалын хувьд тодорхой хөгжилд хүрсэн ч бидэнд тулгарч буй бэрхшээлүүдэд адил төстэй зүйл олон байна. Тиймээс төсөл зөвхөн хэрэгжүүлэгч талд бус оролцогч бүрд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Хүлээн авагч байгууллага төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн хандаж байгаад таатай байна” гэдгийг тодотголоо.
Европын холбооноос Монгол Улсын шүүх засаглалыг бэхжүүлэх зорилготой хөтөлбөрийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд төслийн эхний зургаан сарын хүрээнд хийгдэх арга хэмжээг нарийвчлан тогтоохтой холбоотой уулзалтууд үргэлжилсээр байна.