Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр болон шүүгч М.Пүрэвсүрэн нар Нээлттэй нийгэм форум, “Фиделитас партнерс” ХХН-ийн хамтран зохион байгуулсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” судалгааны тайлангийн хэлэлцүүлэгт 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр оролцлоо.
Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монголын хуульчдын холбоо болон Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн ил тод, нээлттэй байдал голлох үүргийг гүйцэтгэж байгаа явдал нь дэлхийн улс орны жишгүүдэд ямар түвшинд байгаа талаар судалгаанд дурдагдсаныг онцолж, Монгол Улсын хэмжээнд шүүх хуралдааныг шууд дамжуулж буй одоогийн үйл ажиллагаанд юунд анхаарч, сайжруулах боломжтой талаар судлаачдаас тодруулсан юм.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан, зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой гэдгийг зохион байгуулагчид дурдлаа.
Түүнчлэн судлаачид АНУ, БНСУ, ХБНГУ, Австри болон Япон улсын эрүүгийн процессын ил тод байдлыг хангах платформ, технологийн шийдэл болон эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан нь энэ чиглэлээр цаашид бодлогын шийдэл эрэлхийлэхэд хувь нэмэр оруулна гэдгийг онцлов.